8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Багш нар ажил хаяхаа мэдэгдэж, Дархан аваргаа Алтан-Өлгийд нь залсан өдөр

2018-04-13 18:45:00

Хүн бүр л хаврыг мөрөөдөж, мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээж байгаа мэт. Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа өнгөрдөг юм байна. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн хүн бүрийн сэтгэл тэнийнэ. Арга ч үгүй биз. Хүн байгаль хүн байгаль хоёр хүйн холбоотой болохоор тэр. Хаврын улирал олон ааштай салхи шуурга нь төвөгтэй шүү гэж ярих хүмүүс бий. Гэтэл тэр сэвэлзэх салхи нь энэ ертөнцөд хавар ирж буй тод илрэл. Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид та бүхэнд хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

С.Баярын хэлснээр Монгол улсын нэр хүнд олон улсад унах уу эсвэл . . .

Монголын шүүх нэг Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг 30 хоног баривчилж, цагдан хорих шийдвэр гаргасан явдал өчигдөр болов. Энэ үйл явдал монголын төр, монголын шүүхэд өмнө нь болж байгаагүй түүхэн үйл явдал гэж тодотгоход болох юм. Тодруулбал,  өчигдөр буюу энэ сарын 12-н өдөр Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баяр, 28 дэх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг үргэлжүүлэн хорих эсэх асуудлын шүүх хурал Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж шийдвэрээ гаргасан юм. Шүүхэд хоёр Ерөнхий сайд үргэлжүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан билээ. АТГ-аас дээрх хүмүүсийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж улмаар прокурор саналыг хүлээн авч С.Баяр, Ч.Сайханбилэгт нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэнээр шүүх хүсэлтийг хангасан юм. 

 Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг үндэслэн үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. Тус зүйл заалтад гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа хэмээн заажээ. 

Тэгвэл хоёр Ерөнхий сайд шүүх хуралд онлайнаар сууж өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн гэдгийг өмгөөлөгчид нь дамжуулав. Ерөнхий сайд С.Баярын хувьд  "Өнөөдөр би 30 хоног хоригдох, баригдах нь сонин биш. Харин Оюулгойн гэрээтэй холбоотой асуудлаар Монголын Ерөнхий сайд байсан хоёр хүнийг хорилоо. Энэ нь  олон улсын хэмжээнд хэрхэн нөлөөлөх үү. Монгол улсын нэр хүнд олон улсад унах вий. Оюутолгойн хувьцаа унах асуудал, улмаар монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх вий" гэж байр сууриа илэрхийлсэн гэдгийг өмгөөлөгч нь дамжуулав.

Тэгвэл С.Баярын хэлснээр монгол улсын нэр хүнд унах уу эсвэл. . .  Оюутолгойн гэрээ байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл асуудал, маргаан дагуулж ирсэн. Монголд төдийгүй олон улс энэ гэрээ болон түүнээс олох ашгийг ихэд сонирхож байгаа. Дээрх хоёр ерөнхий сайд энэ гэрээг нөгөө талд ашигтай байхаар давуу тал олгосон буруутай юу, эсвэл үнэхээр гэм буруугүй юу гэдгийг шүүх эцэслэн тогтооно. 

Гэхдээ энэ үйл явдлаас Оюутолгойн гэрээг тойрсон улс төр, авлигалчидтай монгол улс тэмцэж эхэлсэн гэж харж болохоор байна. 

Учир нь бусад улс орны жишгээс харахад авлигалчидтай тууштай тэмцэж, хэн байсан ч хариуцлага хүлээлгэдэг хатуу тогтолцоо, системтэй. Хятадууд удаа дарааллан хэдэн арван авлигалчдыг эх орондоо авчирсан, Өмнөд Солонгос улс Ерөнхийлөгч байсан Пак Гын-Хэ-д 24 жилийн ял оноосон гэх мэтчилэн олон улс авлигалчидтайгаа хатуу тэмцэж чаддаг гэдэг нь олон улсад харагддаг. 

Тиймээс манай улс ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг цагдан хорьж шалгахад олон улсад сөрөг нөлөөтэй гэхээс илүүтэй, монгол улс авигалчидтайгаа хатуу тэмцэж эхэлж байгаагаа харуулж буй хэрэг юм. Үүнээс харахад Оюутолгойн гэрээтэй холбоотой, гэрээг байгууллах үеийн эрх мэдэх бүхий бүх албан тушаалтныг энэ мэтчилэн толгой дарааллан шалгаж, хариуцлага хүлээлгэх цаг нь болсон гэдгийг харуулж байна. Харин ч эсрэгээрээ монгол улсын нэр хүнд өсөх магадлалтай.  Анх 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдаж байхад тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр “Би энэ гэрээг хар толгойгоороо хариуцна” гэж хэлж байсан удаатай.  

Тэгвэл өнөөдөр хариуцлага хүлээлгэхэд буруудах зүйлгүй гэлтэй.

Д.Гантулгын өргөдлийг хэрхэхийг Д.Лүндээжанцан мэднэ

УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэх өргөдлөө өгсөн. Түүнийн өргөдлийг УИХ-аар хэлэлцэх хуулийн заалтгүй байгаа учраас уг асуудал хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулиа тодорхой болгох шаардлагатай байгаа билээ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслээд хуучин үйлчилж ирсэн "Гишүүн гэмт хэрэгт холбогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэсэн заалт", "УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэсэн хоёр заалтыг хэрэгжүүлэх зохицуулалт хийж өгсөн. Энэ хоёр нийлээд бүрэн зохицуулалт болно гэж бид үзэж байна. Хүмүүс "хэргийн газар нотлох баримттай баривчлагдсанаас бусад тохиолдолд” гэдэг хүчингүй заалтыг буцааж оруулж ирлээ гэж хардаж байгаа. Тийм зүйл байхгүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй ямар нэг байдлаар зөрчилдөхгүй" гэлээ. 

АНХААР: Хорихоос оргосон хоригдлыг хайж байна

Хорихоор оргосон хоригдлыг хайж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харъяа хорих 413 дугаар ангиас хүмүүжигч З нь энэ сарын 8-нд оргон зугтаасан байна. Хоригдол өнөөдрийг хүртэл сураггүй байгаа аж. Тэрбээр хорихын гадуур талбайд  гахай маллаж байгаад оргожээ.

Хүмүүжигч З-ийн содон шинж тэмдэг нь мурий хамартай, зууван бор царайтай, хоёр хөмсөгний дунд сорвитой, үүдэн шүдгүй, давхраагүй бор нүдтэй. Тиймээс түүнийг харсан үзсэн хүн байвал цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдээлэл өгч, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг анхааруулжээ.

Ус бохирдуулсны төлбөрийг багасгажээ

Чуулганы хуралдаанаар Засгийн газраас  өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа  Нийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлагатай байгаа талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулгадаа дурдлаа. 

Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн  хуралдаанаараа хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй  гэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, О.Содбилэг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, М.Оюунчимэг нар  Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авч, санал хэллээ. Гишүүдийн зүгээс ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулсны шалтгаан нөхцөл,  хуулийн төсөлд усаа цэвэршүүлж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах, зохицуулалт тусгасан эсэхийг илүүтэй тодруулсан. 

Ажлын хэсгийнхэн хариултдаа, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд  батлагдсан хэдий ч хэрэгжиж эхлээгүй өдийг хүрсэн. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгжид оногдох татварын дарамтыг багасгахын тулд ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулсан. Төлбөрийг тооцохдоо ус бохирдуулсан бодис, хэмжээг нь нарийвчилан тооцсон аргачлалыг гаргасан. Энэ аргачлалд заасны дагуу аж ахуйн нэгжийн усны хэрэглээ, цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа усны бохирдлын хэмжээ, бодисны орцоос хамаарч төлбөр нь харилцан адилгүй байгаа. Тухайлбал, энэ аргачлалаар тооцоход нэг аж ахуйн нэгжид 3.3 сая төгрөгийн төлбөр ногдуулна. Түүнчлэн цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа бохир усаа цэвэршүүлэх шинэ техник, технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг тодорхой хэмжээгээр татвараас чөлөөлөхөөр тусгасныг онцолж байлаа. 

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,4 хувь нь дэмжив. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. 

Ж.Мөнхбат: Хадгаламж банкны мөнгөөр казино тоглоогүй

Өнгөрсөн долоо хоногт "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байх үедээ “Мобиком” корпорацид давуу эрх олгосон, Хадгаламж банкны мөнгөөр казино тоглосон гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дөнгөж сая мэдээлэл хийж Иргэдийн шударга шүүх ТББ-аас хийсэн дээрх мэдээллийг үгүйсгээд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж буйгаа мэдэгдлээ. 

Тэрбээр мэдээллийн эхэнд "Миний бие ЗГХЭГ-ын дарга байхдаа Монгол Улсад тулгамдаад байгаа нэг асуудлыг шийдсэн нь Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан явдал юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд зориулсан эрх зүйн орчныг сайжруулах зорилготой байсан. “Мобиком” корпорацитай холбоотой үүссэн асуудал бол Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх транзит тээврийн зөвшөөрөл авсан “Мэдээлэл холбооны сүлжээ” компани, “Мобиком нэтворкс”, “Жем нэт” гэсэн гурван аж ахуй нэгж байсан. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Мэдээлэл холбооны сүлжээ” компани, “Мобиком нэрворкс” компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Энэ талаар 2017 оны гуравдугаар сард УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад айлчлах үед Японы талаас гомдол тавьсан. Мөн Японы Элчин сайдын яамнаас Харилцаа холбооны зохицуулах хороог хууль зөрчсөн гэх гомдлыг Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд ирүүлсэн.  Дээрх асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам болон ШӨХТГ-аас шалгаад, Харилцаа холбооны зохицуулах хороог эрх мэдлээ давуулсан гэх дүгнэлт гаргасан байдаг. Энэ бүх асуудлыг үндэслээд Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмж хүргүүлнэ гэдэг бол албан даалгавар, тогтоол, тушаал биш. Зөвлөмжид Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эргэн нягталж үзэх, хуульд нийцсэн арга хэмжээ авахыг Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдэд зөвлөсөн. Цаашдаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх, үйл ажиллагааг нь сайжруулах талаар зөвлөмж өгсөн. “Мобиком нэтворкс” компанид Харилцаа холбооны зохицуулах хороонд хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох баримтууд цуглуулахад дэмжлэг үзүүлээгүй, баримт бичгүүдээ гаргаж өгөх утгатай зөвлөмж хүргүүлсэн. Мөн манай зөвлөлийн үеэр хуралдаанаас гарсан шийдвэр бол зөвхөн зөвлөмж гаргах эрхтэй байгууллага. Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурал улс төрийн шинж агуулгатай байна гэж бодож байна. Хаврын улс төр эхэлж байгаа үед Ж.Мөнхбатыг хууль зөрчсөн болгож харагдуулах гэсэн улс төрийн дайралт гэж дүгнэж байгаа. Хэвлэлийн хурлынхаа үеэр Х.Бат-Ялалт болон М.Наранбаатар нар буруу мэдээлэл иргэдэд өгсөн. Тодруулбал, энэ зөвлөмжөөр мобикомын хэрэглэгчдийн нууц, баримт материалыг Засгийн газарт гаргаж өгөхийг шаардсан гэсэн буруу мэдээлэл өгсөн. “Мобиком” компани Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгалт хийхэд баримтуудаа дутуу гаргаж өгсөн. Тэр баримтуудаа л гаргаж өгнө үү гэсэн зөвлөмжийг өгсөн" гэлээ. 

Үүгээр ч зогсохгүй Хадгаламж банкны мөнгөөр казинод тоглосон, улсад 60,70 сая ам.долларын хохирол учруулсан гэж гүтгэн доромжилсон. Тиймээс би иргэнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэхээр, энэ мэдээллийг хийсэн хүмүүсийг холбогдох хуулийн байгууллагад өгч байна гэв. 


Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Таны зааварчилгаагаар Шүүхийн шийдвэр, Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр хоёр нэг өдрийн дотор гарсан гэж байсан. Зөвлөмж өгчихөөд ямар үр дүн гарсныг эргээд мэдээлэх үүргийг та өгсөн үү? 

-Шүүхийн шийдвэр хэдэн сарын хэдний өдөр гарсныг, аль дүүргийн хэн гэдэг шүүгч ямар шийдвэр гаргасныг би мэдэхгүй. Тэр шийдвэрийг гаргасан шүүгч нартай амьдралдаа холбоогүй байж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хуралдаад хамтын шийдвэр гаргадаг. Энэ бол хамтын шийдвэр. Хамтын шийдвэр гаргаад, зөвлөмж хүргүүлдэг. Заавал энийг биелүүл, хэрэгжүүл гэдэг даалгавар өгөөгүй гэсэн үг. 

-Мэдээлэл дээр төвлөрч байгаа хувийн хэвшлийн компаниудтай та ашиг сонирхол нэгдэх үү?

- “Мобиком” корпорацийн удирдлагууд ямар хүмүүс байдгийг би мэдэхгүй. Надад бол Японы элчин сайдын яам албан ёсоор хандсан. Мөн Японы Элчин сайд өөрийн биеэр уулзаж байсан. УИХ-ын даргыг өнгөрсөн оны гуравдугаар сард Японд айлчлах үеэр Японы талаас энэ асуудлыг нэлээд өндөр төвшинд тавьж байсан. Үүний үр дүнд зөвхөн “Мобиком” корпораци бус Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр нь Мэдээлэл холбооны сүлжээ компанийн эрхийг сэргээсэн. 

Багш нар ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаяхаа мэдэгдлээ

Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ. Тэд  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт багш нарын цалинг нэмүүлэх асуудлаар шаардлага хүргүүлэхээр болжээ. Шаардлагын хариуг энэ сарын 20-ны дотор өгөх ёстойг тэд санууллаа. Хэрвээ шаардлагын хариуг заасан хугацаанд өгөхгүй бол ирэх сарын 1-ээс хугацаагүй ажил хаяхаа мэдэгдэв. Тэд 2019 он гэхэд багш нарын цалинг 1.6 сая төгрөг болгохыг шаардаж байгаа. Харин 2018 онд багтан 800 мянган төгрөгөөр цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж буй. 

Тус хорооноос хэлэхдээ “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо тэмцлээ эхлүүлээд найман сар өнгөрлөө. Энэ хугацаанд маш олон яам тамгын газарт шаардлага хүргүүлсэн. Мөн гурван талт хэлэлцээр хийсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл багш нарын үндсэн цалин нэмэгдээгүй байна. Бид хамгийн сүүлд таван газарт шаардлага хүргүүлсэн. БСШУ-ны үйлдвэрчний хороо болон Нийгмийн хамгааллын яамнаас хариу ирүүлсэн. Шаардлагын хариу өгөх хугацаа өнгөрчихөөд байхад гурван ч газар хариу өгөөгүй байгаа учраас бид дараагийн арга хэмжээг авч ажиллахаар боллоо” гэлээ.

Харин Боловсролын ухааны доктор н.Санжмятав “ Багшийн цалин нэмэх гарцууд байна. 2018 оны эдийн засгийн үзүүлэлт нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд багшийн цалинг нэмэх боломжтой. Сангийн яам, Боловсролын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр багш нарын улирлын урамшуулалыг 45 хувь байсныг 60 хувь болгосон. Гэтэл бодит байдал дээр 60 хувь ч биш 45 хувиас доош урамшуулалыг багш нар авч байна. Боловсролын яам эхлүүлсэн ажлаа нэг улирал ч үргэлжлүүлж чадахгүй байна. 60 хувийн өгөх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Цаасан дээр буусан бодлого хэрэгжихгүй байгаа учраас бид дараагийн эсэргүүцлийн арга хэмжээгээ авна. Багш нар улиралд 100-200 мянган төгрөгийн урамшуулал авч байхад уул, уурхайн компанийн захирууд жилд нэг тэрбум төгрөгийн урамшуулал авч байна. Монголын хөгжлийн гарц уул, уурхай биш боловсрол. Боловсролыг олгогч, Монголын ирээдүйг бэлтгэдэг багш нартаа хөрөнгө оруулах шаардлагатай" гэв.

Тэд мөн Өмнө нь биднийг ажил хаяхад “Та бүхний цалинг  30 хувиар нэмэх боломж байна. Та бүхэн ажлаа хийж байгаа ч. Хугацаа өгөөч гэж хэлээд болиулсан. Гэтэл өнөөдөр тэр хугацаа нь өнгөрчихсөн байхад асуудлыг мартсан байна” гэлээ.

С.Чинзориг: Бүх нийтийн амралт бямба ням гарагт таарвал ажлын өдөр нөхөн амраана

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг нийт гишүүдийгн 75.6 хувийн саналаар дэмжлээ. Энэ үеэр гишүүд саналаа хэлж, хууль санаачлагаас асуулт асууж хариулт авсан юм. 

Хөдөлмөр эрхлэлтэй холбоотой эрх зүйн заалтууд цаашлаад цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, амралт гээд бүхий л харилцааг энэ хуулиар зохицуулж өгөх юм. 

"Хамгийн явдалтай хууль бол Хөдөлмөрийн хууль" 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Хөдөлмөрийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулаагүй байвал хариуцлага тооцохоор байгаа. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олноор нь ажиллуулсан бол хэрхэн дэмжих юм гэдэг дэмжлэг байхгүй байна. Бид цагийн хөдөлмөрийн хөлсийг хуулиар тогтоож яагаад болохгүй гэж. Цагийн ажлын систем рүү орох цаг нь болсон гэж бодож байна. Тиймээс энэ асуудлыг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Хөдөлмөрийн хуульд ажлын байрны тогтвортой байдлын хамгаалалт тусгагдаагүй байна. Харин ч бөөнөөр нь ажлаас халах зохицуулалтыг нэмээд оруулчихсан байх юм. Ингэхээр чинь аж ахуйн нэгжүүд жаахан хүнд байдалд орохоороо л ажилчдыг бөөнөөр нь ажлаас нь халахаар байна" гэлээ.

Ажлын хэсэг "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар тогтоодог. Засгийн газар дангаараа тогтоож ирсэн. Сүүлд 2011 онд ажил олгогчдын төлөөлөлтэй олгож байгаа. Хуульд тодорхой тоо тогтоож болдоггүй. Тодорхой хүчин зүйлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоодог. Энэ хавар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох асуудлыг ярилцана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахтай холбоотой тухай албан байгууллагын ажлын нөхцлийг сайжруулах төсөл явж байгаа" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Хамгийн явдалтай хууль бол Хөдөлмөрийн хууль байдаг.  Ажил олгогч, ажилтны эрх ашгийг тэнцвэржүүлэх вэ гэдэг анхаарлын төвд байдаг учраас маргаан дагуулж байгаа. Монголд үйлдвэрчний хөдөлгөөн 1920-иод онд байгуулагдсан ч өнөөгийн МҮЭХ-г төлөвшүүлж чадаагүй байгаа бид. Энэ парламент зөв тэнцвэрийг зохицуулах шаардлага байна. Ажил амралтын цагийн нийлбэрийн харьцааг бусад орны жишигтэй ижил байна уу. Хүмүүсийн дунд амралт их байна гэх шүүмжлэл яваад байна" гэж асуув. 

Ердийн цагийн ажил долоон цаг байна гэж тусгасан 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Ажил амралтын цагтай холбоотой өөрчлөлт оруулаагүй. Долоо хоногийн ажлыг цаг 40 цагаас илүүгүй, ердийн өдрийн цагийн ажил долоон цаг гэж байгаа. Нийтээр амрах өдөр амралтын өдрүүдэд таарсан бол ажлын нэг өдөр нөхөж амардаг байх зохицуулалт оруулж өгсөн. 12 жилийн дунджаар үзэхэд нийтээр амрах өдөр жилд гурав өдөр нь амралтын өдөртэй давхацдаг юм билээ. Тиймээс ийм зохицуулалт оруулж өгсөн. Нийтээр амрах өдөр долоо хоногийн амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөрт шилжүүлдэг амардаг туршлага олон оронд байдаг. Нөгөө талаар олон амралтын өдөртэй буюу 14 хоногоос дээш бүх нийтийн амралтын өдөртэй 127 орноос Монгол Улс эхний 30-д багтаж байгаа гэсэн судалгаа байна. Тиймээс энэ асуудлыг  ажлын хэсэг дээр дахин ярилцана" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "100, 500, 1000-аас дээш ажлын байр бий болгож байгаа хүмүүсийг хөдөлмөрийн хуулиар яаж дэмжих зохицуулалт оруулж байгаа юм бэ. Ямар ямар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна вэ. Цалин хөлс тавьж үзээгүй, нэг ч татвар төлж үзээгүй хүмүүс боловсруулсан хууль учраас дэмжих боломжгүй" гэлээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай олон жил зөвлөмж авч ажиллаж байгаа. Зөвхөн зөвлөмжөөр бус Монголын хөрсөнд буусан, ажил олгогч, ажилтны эрх үүргийг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарч ажиллаж гэж бодож байна. Энэ хууль өөрөө аль аль талын эрх ашгийг тэнцвэржүүлэх зорилготой. Ажил олгогч, МҮЭХ зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтарч, санал солилцож, саналыг нь тусгахыг хичээж, ажлын хэсгийн хүрээнд ойлголцоогүй саналуудаа тусгахаар ажиллаж байна. Ажил хаялтыг өргөжүүлсэн зүйл байхгүй гэдгийг дахин хэлмээр байна. Зөвхөн сонирхлын маргааны үед ажил хаялт хийх зохицуулалт оруулж өгсөн. Аль аль талынх нь эрх ашгийг тусгах гэж хичээсэн гэж бодож байна"гэв. 

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Гал гарч нэг хүн угаартжээ

Өнөөдөр өглөө 08:44 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67 дугаар байрны таван давхрын дээврээс гал гарч байна гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу гал унтраах хоёр ангийн гурван тасаг ажиллаж 11.15 минутад галыг бүрэн унтраажээ. Галын улмаас 30 настай эрэгтэй угаартан эмнэлэгт хүргэгдсэн. Өөр ямар нэгэн байдлаар бэртэж, нас барсан хүн байхгүй байна. 

Тэд хамгийн сүүлд ямар байр, суурийг илэрхийлэв

С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хоригдохоосоо өмнө юу

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн мягмар гаригт АТГ-аас саатуулан хориод байна. Тэднийг үргэлжлүүлэн хорих хугацааг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэг болгож сунгав. Одоогийн байдлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт, “Эрдэнэс-Монгол” ХК-ийн захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга Н.Арвинсан тэргүүтэй хэд, хэдэн хүнийг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан АТГ-аас сэжигтнээр татан баривчлан хориод байгаа. Харин Эрдэнэт үйлдвэрийг гадны барьцаанд тавьж их хэмжээний мөнгө авсан асуудлаар “Жаст”-ын Ш.Батхүүг хориод байгаа юм. Эднээс хамгийн их анхаарал татаж буй хүн  нь С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар юм.

С.Баярыг Эрдэнэт үйлдвэрийг гадны банкинд барьцаалсан асуудал эсвэл Оюутолгойн гэрээний алинд нь буруутган хорьж буйг олон нийт мэдэхгүй байсан. Тэгвэл түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан цагдан хорьсон аж.

Тодруулбал, С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх бий болгосон байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм.

С.Баяр, С.Баярцогт нар нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анхлан хийж байсан юм. Тухайн үед С.Баяр Ерөнхий сайд харин С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байсан юм. С.Баярцогтын хувьд тухайн үеийн Эрчим хүч, Эрдэс баялагийн сайд Д.Зоригт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх нар гарын үсэг зурж байв. Харин өнөөдөр Д.Зоригт нь эрх чөлөөтэй сэлгүүцэж буй.


Л.Гансүхийн хувьд  Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллахдаа “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр 4.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Одоо түүнийг шоронд эсвэл наранд байгаагийн аль нь бүү мэд байна.

Ч.Сайханбилэгийн хувьд 2015 оны 21-нд Арабын нэгдсэн Эмират улсад айлчлаад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын гэрээнд гарын үсэг зураад ирж байв. Тийм ч учраас уг гэрээг өнөөдрийг хүртэл “Дубайн” гэрээ гэж нэрлээд байгаа юм.

Ч.Сайханбилэгийн хувьд уг гэрээг Монголчуудад ашигтай хийсэн гэж хэлсээр ирсэн.


Тэрбээр “2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцээрийн үеэр аль ч тал санал тавиагүй. Гагцхүү далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан.Мөн Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон” гэж байв.


ЧУХАМ УГ ГЭРЭЭНЭЭС БОЛЖ ТҮҮНИЙГ ХОРИОД БАЙНА

Тэднийг сүр дуулиантайгаар баривчиллаа. Асуудал цаашид хэрхэн үргэлжлэх нь бүрхэг байна. Нэг сар цагдан хоригдоод суллагдах уу. Шүүхийн шийдвэрээр ял аван хоригдох уу эсэх бүх асуудал өнөөдөр тодорхой буй байна.

Ямартай ч АТГ энэ удаад жараахай биш акулуудыг барилаа. Харин тэдний буруутай эсэхийн үнэн зөвийг тодорхой болгоод хариуцлага хүлээлгэж чадах уу гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байна.

Өнгөрсөн онуудад тогтсон жишиг шиг шоронд оронгуутаа бие нь муудсан нэрийдлээр ялаас мултрах уу эсвэл цагдан хорьсон болиод суллах уу.

Өмнө  нь шүүхээс ял сонсож байсан томоохон албан тушаалтнууд шоронд орсон даруйдаа бие нь муудсан гэх нэрээр батлан даалтад гарч эрх чөлөөтэй болж ирсэн. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ч ингэх магадлал өндөр. Өмнө ньЕрөнхийлөгч асан Н.Энхбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Фортуна Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг сүр дуулиан болон шөнө дөлөөр баривчилсан ч хэд хонуулаад л сулласан билээ.

2018: 03: 21 С.БАЯРЦОГТ: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ АВЛИГАГҮЙ, ШУДАРГА БОЛСОН

С.БАЯР БОЛОН Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯР НАР ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР БАЙР, СУУРЬ ИЛЭРХИЙЛСНИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

- Оюутолгой 70-100 жилийн настай төсөл. Энэ төслийг хийсэн хүмүүсийг ямар нэг байдлаар авлига хээл хахууль авсан байгаа. Монголд ашиггүй болсон гэрээ, шалгах хэрэгтэй гэсэн зүйлийг холбож, олон жил ярьж байгаа. Гэрээ байгуулагдаад, төсөл хэрэгжээд 9 дэх жилийнхээ нүүрийг үзэх хугацаанд дээрх яриа яригдсаар л байна.

Нэг зүйлд би баяртай байгаа. Монголын Авлигатай тэмцэх газар, Швейцарын ерөнхий прокурорын газартай хамтраад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүнийг би үнэн мөнийг нэг талд нь гаргаад шийдэх боломж гэж харж байна.

Яагаад гэвэл манайхан өөрсөддөө итгэдэггүй. Надтай холбоотой данс Швейцарьт байсан тэр улс манайхтай хамтран шалгаж байгаа нь хүмүүсийн эргэлзээг тайлах боломж гарч байна.

Оюутолгой төслийг хэрэгжүүлэхээр “Рио Тинто”-той хэлэлцээрийг удирдаж байсан, хийсэн хүмүүсийг хардаж сэрдэх, муу сайнаар ярих зүйл ихээр гардаг. Мөн уг асуудлаар хамтрагчтайгаа муудаж, сайдах асуудал байнга яригдана. Гэхдээ 2009 онд энэ төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажиллаж хийсэн. Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Энэ гэрээг сайжруулахын төлөө байнгын хэлэлцээр хийгдэж байгаа.

Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр 1 тэрбум ам.доллараар сайжруулсан. Гэрээний өөрчлөлтөн дээр хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээг харилцан ашигтай байхыг талууд хэлэлцэх ёстой гэж оруулсан. Одоо Засгийн газраас хүүгээ зохистой түвшинд байлгах талаар хэлэлцээр хийж байна. Энэ мэт эдийн засгийн холбогдолтой асуудлууд байна. Энэ гэрээг анх хийсэн хүмүүс нь чин шударгаар, Монгол улсад ашигтай гэрээ хийж чадсан эсэхэд үргэлж эргэлздэг хүмүүсийн эргэлзээг энэ шалгалтаар тодорхой болгох гэж буйд баяртай байгаа.

Би хариуцлагатай албан тушаалыг олон удаа хашиж хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Би өөрийгөө болон гэр бүлээ аваад явчих оюун ухааны чадвартай. Хувь хүнд их хэмжээний мөнгө хэрэггүй. Аз жаргалтай амьдрал бол өөрийнх нь хүсэл зорилгоос хамаардаг. Гэхдээ хүн бүр хардах эрхтэй гэдэг уриан дор улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон том төслийн нэр хүндийг гутаах, зогсоох, оролцогч талыг нь өөрчлөх хүсэл сонирхол гадны улс орон, компаниудад үргэлж байдаг. 2009 9 сарын 6-нд энэ гэрээ зурагдсан. Үүнээс яг нэг сарын дараа ОХУ Монгол улсад өртэй гэдгээ зарласан. Бид бодох хэрэгтэй. Монгол улс хоёр том хөрштэй. Тэгэхээр бид тусгаар тогтнолоо цэрэг, дайнаар баталгаажуулж чадахгүй. Эдийн засгийн хөгжлийн аргаар баталгаажуулах ёстой. Хоёр хөршөөс авах худалдааны хөрөнгө оруулалт, ирж буй бараа эргэлт 30, 30 хувь байх ёстой. Үлдсэн 40 хувийг гуравдагч улсаас оруулах ёстой юм.

Оюутолгойн гэрээ Канад, Англиас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Монгол улс нэг ч төгрөг гаргахгүйгээр энэ бүтээн байгуулалт эхэлсэн. Маш их ажлын байр бий болж байгаа. Их хэмжээний татвар төлж байгаа. Ноу хау менежментийн туршлагыг Монголд авчирж байгаа. Дэлхийн хоёр номерын компани Монголд ажиллаж болж байна гэдэг итгэлийг бусад компаниудад төрүүлж байна” гэв.

Тэрбээр дансанд орсон гэх 10.6 сая долларын талаар “Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүс нь хахууль авсан гэх нэрээр энэ төслийг зогсоох, нөгөө талын оролцогчийг солих сонирхол хэнд байгаа юм. Үүнийг бодох хэрэгтэй. Бид эвтэй байхдаа хүчтэй байдаг. Эдийн засгийн хувьд хөгжсөн үедээ тусгаар тогтнолоо баталгаажуулж чадна. Эх орон ч байна гээд бусад улс руу дайрдаг байж болохгүй. Эх орон ч байна гэдэг бусад улстай найрсагаар харьцдаг байхыг хэлнэ. Надтай холбоотой ямар нэгэн тендерийн будлиан, авлигалын хэрэг нэг ч гарч байгаагүй. Би улс төрийн карьер, нэр хүндээрээ дэнчин тавьж маш том ажлуудыг хийж байсан. Улсаа хөгжүүлэхийн тулд өөрөөрөө золиос хийж байж энэ улс хөгжинө. Би маш олон ажлыг өөрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж олон ажлыг монголын төрийн төлөө зохицуулж байсан. Оюутолгойн гэрээ хэд хэдэн Засгийн газар, парламент дамжиж, хийгдэж чадахгүй байсан гэрээ. Тэгэхгүй бол байнга сайхан зүйл яриад популист амлалт өгөөд байвал энэ улс хөгжихгүй. Ройтерс агентлаг нэр хүндтэй байгууллага. Хүмүүс бичсэн мэдээнд нь итгэдэг. Би тэр мэдээг уншсан. Харамсалтай нь маш их сүбьектив дүгнэлттэй байсан. Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байсан. 2006 онд би хөлөө хугалаад зургаан сар хэвтэрт байсан. Тэр хугацаанд би юу хийж болох вэ гэж бодоод олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцааны бизнес хийсэн. Найз нартайгаа нийлээд мөн Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая долларыг би дансандаа хийлгэсэн. Ингээд 2008 онд зээл өгсөн хүн мөнгөө буцаагаад авсан.  Хямралтай жил байсан учраас зээлсэн мөнгөө авсан.

Одоо надад Швейцарьт ямар нэгэн компани данс байхгүй. Надад мөнгө зээлсэн хүний дансыг одоо царцаачихсан байна лээ. Энэ асуудал шийдэгдээд дуусангуут дансыг нь хэвийн болгох байх.

2018:4:4 Ч.САЙХАНБИЛЭГ: НАДАД ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ БАЙХГҮЙ  

Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга.

Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно.

2018: 4:12 С.БАЯР: НАМАЙГ НЭГ САР ХОРИХ СОНИН БИШ БАЙНА

Өнөөдөр нэг сарын хугацаатай баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш байна. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорилоо гэдэг нь Монголын нэр хүнд дэлхий дахинаар унах, Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр буст тооцогдох, Оюутолгойн нэр хүнд унах энэ асуудал нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм. Тийм болохоор энэ талыг нь харж үзээч ээ

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Ene bagsh nar Saihanbileg Altanhuyag nariin ued iim shaardlaga yagaad tabij baigaagui yum be. AN-iin zahialgaar Bayartcogt,Saihanbileg naraas ard fumnii anhaarliig holduulah gesen
2018/04/14 59.153.113.226
Ард
Өмхийрсөн авилгачид хулгайчид сөнөтүгэй. Улс орноо цэвэрлэцгээе
2018/04/14 103.57.92.183
зочин
Сайханбилэг авгайнхаа байгал салонд самурай бондоос 50 сая тогрог шилжуулсэн гэж тухайн уед телевизээр ярьж байсаныг санаж байна. Туунийг нь шалгах хэрэгтэй .
2018/04/13 109.252.29.52