8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийн хэрэгтэй холбоотой гаргасан зөвлөмжийг Монголын эрх баригчид биелүүлээгүй гэв

2018-04-16 08:25:00

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэнтэй холбогдох хэргийн талаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийн талаарх мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

А.ХЭРГИЙН ТОЙМ

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Санжаасүрэнгийн Зориг агсан / цаашид Зориг агсан гэх/ бусдын гарт амиа алдсан. Монгол Улсад 1990- ээд оны үед өрнөсөн “ардчилсан хөдөлгөөний эцэг” хэмээн олонд танигдсан С.Зориг агсан тухайн цагт УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.

Тэр үед Монгол Улсад эвслийн Засгийн газар огцорч, улс төр үймж, дараагийн Ерөнхий сайдыг сонгох яриа ид өрнөж байсан. Амь үрэгддэг өдөр нь С.Зориг агсныг уг албан тушаалд нэр дэвшинэ хэмээн тооцож байжээ. Уг хүн амины хэргийг “халхлагдсан улс төрийн аллага байсан” хэмээн итгэх нь нийгэмд ихээхэн түгээмэл.

2000 оны долоодугаар сард гарсан парламентын тайлан, дүгнэлтэд мөрдөн шалгах ажиллагааны эхэн үед гарсан ноцтой алдаануудыг ширүүн шүүмжилснээс хойш Монголын холбогдох албан тушаалтнууд гэмт хэрэгтнийг илрүүлж, шүүхээр шийтгэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажлын хэсгүүдийг дараалан байгуулснаас гадна мөн уг ажиллагааг хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэх, хяналт тавьж дэмжлэг үзүүлэх эрхийг парламентын хороодод олгосон байдаг. Харамсалтай нь ахиц тун бага гарсан. 2015 оны дунд үе хүртэл энэ хэрэгтэй холбоотойгоор хэнд ч хариуцлага тооцоогүй бөгөөд сэжигтэнг тогтоогоогүй болохыг холбогдох албаныхан мэдээлж байсан.

“Төрийн нууц”, тагнуулын байгууллага уг хэргийг анхнаас нь хяналтдаа авсан гэдэг шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагааг бүхэлд нь нууцалжээ. Мөн хэрэг хүлээлгэхийн тулд олон хүнд ахин дахин дарамт, шахалт үзүүлж, эрүү шүүлт тулгасан гэх хардлага олон жилийн турш үргэлжилсэн. 2015 оны сүүл үеэс 2017 оны хооронд сэжигтнүүдийг гэнэт баривчлан мөрдөн байцаалт явуулж, Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнөхөн яаравчлан хийсэн хаалттай шүүх хуралдаанаар тэдэнд ял ногдуулсан. Хэргийн цорын ганц амьд гэрч болох С.Зориг агсны бэлэвсэн эхнэр Б.Булганыг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Б.Булганыг уг хэрэгт сэжигтнээр татаж, эрүү шүүлттэй адил гэж хэлж болохуйц нөхцөл байдалд ганцааранг нь хорьж, уг хэрэгт холбоотой хэмээн хүчээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд өөр бусад сэжигтэнд бас эрүү шүүлт тулгасан байдаг. С.Зориг агсныг захиалгаар (захиалагч нь илрээгүй байгаа) хөнөөсөн хэрэгт буруутгагдсан гурван шүүгдэгчид 2016 оны арванхоёрдугаар сарын 27- ны өдөр 23-25 жилийн хорих ял оноосон. Давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд тус бүрдээ уг ялыг хэвээр үлдээжээ.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны / цаашид Хороо гэх/ төлөөлөгчид дээрх үйл явдал, асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор 2017 оны есдүгээр сард Монгол Улсад албан томилолтоор ажилласан. Парламентын гишүүд, С.Зориг агсны гэр бүлийнхэн, хэрэг хэдийгээр шийдэгдэж тодорхой этгээдүүд ял хүлээсэн ч шударгаар үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэхгүй байгаа төлөөл хорооны гишүүдийг Монголд ажиллах үеэр санал бодлоо илэрхийлсэн. Албан томилолтын эцсийн дүгнэлт нь өмнө ажиглагдсан зүйлүүд болон 2017 оны аравдугаар сард Санкт-Петербург хотноо болсон ОУПХ-ны 137 дугаар чуулганаар Хорооноос танилцуулсан зөвлөмжүүдийг бүрэн баталгаажуулсан. Хорооны төлөөлөгчид Монголд албан томилолтоор ажилласны эцэст дараахь дүгнэлт, зөвлөмжүүдийг гаргасан болно.

Үүнд: -Олон улсын шударга шүүхийн хэмжүүрийг ноцтой зөрчсөн.

ОУПХ-ноос өмнө нь гаргасан зөвлөмжүүдийг Монголын эрх баригчид биелүүлээгүй. Хэрэгт анхаарал хандуулсан хүн бүхэнд дарамт, шахалт үзүүлж тэднийг сүрдүүлж байсан. -Уг хэргийг хянан хэлэлцсэн ажиллагаанууд нь жинхэнэ буруутай этгээд (хэргийг гардан гүйцэтгэгч, зохион байгуулагч болон захиалагч)- үүдийг нуун далдалж хаацайлах зорилготой байсан юм биш байгаа хэмээн тус Хорооны төлөөлөгчид ихээхэн санаа зовж байна. Яллагдагч гурван этгээдийг тагнуулын байгууллагаас зохиомлоор буруутгаж, хэргийг хуурамчаар хүлээлгэхээр дарамталсан. Тус Хорооны анхааралд орсон хэргийн талаарх сэжиг бүхий өөр хоорондоо зөрүүтэй байдлууд болон цагаатгах, нотлох баримтаас үзэхэд ял шийтгүүлсэн этгээдүүд уг хэрэгт холбоотой гэдэг нь ихээхэн эргэлзээтэй байна.

Захиалагч(д) тогтоогдоогүй хэвээр байгаагаас гадна одоогийн явуулж буй мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зайлшгүй хийх ёстой чухал ажиллагаанууд хийгдэхгүй үлдсээр байна.

-Тус Хороо ял шийтгүүлсэн гурван этгээдийг хорьж буй нөхцөл байдал болон тэдний ар гэрийнхэнд ирж буй дарамт, шахалт, сүрдүүлэг үргэлжилсээр байгаад санаа зовсоор байна. Мөн Б.Булган болон бусад хүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа тэднийг тагнаж, чагнахаа зогсоохгүй, гадаад улсад зорчихыг нь хориглосон хэвээр байгаад Хороо сэтгэл ихэд зовж байна.

-Уг хэргийг нууцын зэрэглэлээс гарган олон улсын болон дотоодын ажиглагчдыг байлцуулан бие даасан, хараат бус шүүхийн өмнө хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг нээлттэй бөгөөд шударгаар цаг алдалгүй дахин явуулахыг тус Хороо Монголын эрх баригчдаас шаардаж байна. Төлөөлөгчид С.Зориг агсны гэр бүл болон яллагдсан этгээдүүд, тэдний гэр бүлийнхнийг шударга бус явдлын золиос болохоос сэргийлж, хэргийг заавал шударгаар шийдэх ёстой гэж үзэж байна. Монголын шүүх засаглалд үл итгэх байдал олон жилийн турш үргэлжилсэн тул ингэх нь түүнд улс төр болон эдийн засгийн ашиг сонирхлоос ангид хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг гэдгээ харуулах чухал сорилт болно гэж үзэж байна. Мөн хэрэгт ямар нэгэн ахиц дэвшил гарахад УИХ-ын зүгээс хянан шалгах чиг үүргээ шударгаар хэрэгжүүлэх идэвх санаачилга ч бас шаардлагатай. Дараах мэдээллүүдийг албан томилолтоос хойш хүлээн авсан болно.

Үүнд: -2017 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар С.Зориг агсны хэрэгт авагдсан баримтын ихэнхийг нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлэн шоронд хоригдсон Б.Содномдаржаа гэгч хүний бичсэн урт дэлгэрэнгүй захиаг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Тус захианд түүнийг цагдан хорих газарт хорьж байхдаа аллагыг үйлдсэн хэмээн хэрэг хүлээхийг шаардаж, маш ихээр дарамталсан тухай дурджээ. Мөн тэрбээр зүй бусаар дарамталж, шахахад оролцсон хүмүүс, түүний дотор тагнуулын ажилтнуудын нэр болон болсон явдлын он, сар, өдрийг ч дэлгэрэнгүй бичжээ.

ОУПХ-ны төлөөлөгчид Монголд албан томилолтоор ажиллах үеэрээ түүнтэй уулзахыг хүссэн ч чадаагүй байна

-С.Зориг агсны гэр бүлийн гишүүд 2018 оны гуравдугаар сарын эхээр албан ёсоор Хороонд хандан төлөөлөгчдийн албан томилолтын дүгнэлт, зөвлөмжүүдтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн. Гэр бүлийн зүгээс: “Бид хэргийг шударга шүүхээр шийдсэн гэдэгт эргэлзэж байна.

(...) Хэрэгт холбогдсон гурван хүнийг хэлмэгдсэн байх болов уу хэмээн айж байна(...) Шүүх тогтолцоонд урам хугарч байна. Хэргийг гаднын нөлөөгүй шударгаар шийдвэрлэсэн гэдэгт эргэлзэж, (...) Эрх баригчдаас энэхүү хүнд хэцүү нөхцөл байдлыг засч залруулахыг, ОУПХ-ноос шударга ёс тогтооход тусалж дэмжихийг хүсч байна” гэжээ. -2018 оны гуравдугаар сарын 24-нд Монголын гурван байгууллагаас тайлбар, албан бичиг ирсэн. Тэд Хорооны албан томилолтын тайланд тусгасан дүгнэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

• Улсын ерөнхий прокурорын газар Хорооны төлөөлөгчдийн томилолтын тайланд хуулийн дэлгэрэнгүй тайлбар өгчээ. Уг тайлбарт, шүүн таслах ажиллагаа бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явсан болохыг дурджээ. Хуулийн заалт болон зарим бичиг баримтыг дурдсан боловч нэмэлт баримтуудыг хавсаргаагүй байна. Тэд Хорооны төлөөлөгчдийг хэт нэг талыг барьсан, илт гуйвуулсан дүгнэлт гаргасан хэмээн үзжээ. Ийнхүү үзсэн шалтгаанаа Хорооны төлөөлөгчид УЕП-ын орлогч, ТЕГ-ын даргатай биечлэн уулзаж үнэн бодит байдлын талаар сонсож мэдсэн мөртлөө “эсрэг талын” мэдээлэлд тулгуурлан мөн энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ (хэрэгт холбогдсон гурван хүний хоёр нь) нарын гэр бүлийн хүмүүс, шүүн таслах ажиллагаанд зориудаар саад учруулж байгаа хэсэг бүлэг хүний батлагдаагүй баримтгүй мэдээлэлд үндэслэн дүгнэлтээ гаргасантай нь холбон тайлбарлажээ.

• Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс ял шийтгүүлсэн гурван этгээд болон С.Зориг агсны эхнэр Б.Булган нар 2015 оны наймдугаар сараас хойш тус комисст нийт найман удаа гомдол ирүүлсэн болохыг баталсан. Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс гомдлуудыг өөрийн эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэн Ерөнхий прокурор, ШШГЕГ, ТЕГ-т хандсан тухайгаа тайлбарласан боловч гомдлын агуулга болон хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлээгүй.

• Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаагаа засаглалын хуваарилалт, шүүх засаглалын хараат бус, бие даасан байдалтай холбоотой Үндсэн хуулийн заалтуудын хүрээнд л явуулах боломжтойг дахин сануулсан. ОУПХ-ноос ирүүлсэн албан тоот, хүсэлтийн дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас тайлбар, тодруулга авч хүргүүлэхийг хичээж ажилласнаа дурдсан. Хэргийг гардан гүйцэтгэсэн этгээдүүдтэй холбоотой хэрэгт авагдсан зарим баримтыг Засгийн газар нууцын зэрэглэлээс гаргасан. Харин захиалагч(д)-ийг илрүүлэхээр тусгаарласан хэргийн тухайд одоогийн байдлаар тодорхой зүйлгүй бөгөөд төрийн нууцад авсан байгаа тул мэдээллийг ил гаргах боломжгүй гэж мэдэгдсэн. УИХ хяналт тавих чиг үүргийнхээ дагуу уг хэргийн үйл явц, ахицыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж ОУПХ-нд холбогдох мэдээллийг цаг тухайд нь өгч байхаа илэрхийлсэн. Мөн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу хэргийг шийдвэрлэхэд шударга ёсыг хангаж ажиллах тал дээр ОУПХ-той хамтарч ажиллахаа мэдэгдсэн.

ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга болон бусад гишүүн уг хэрэгт авагдсан баримтын зарим хэсгийг Засгийн газар нууцын зэрэглэлээс гаргасан тул нөхцөл байдал өөр болсон гэдгийг дурдаж байв. Иймд ОУПХ-ны төлөөлөгчид нууцын зэрэглэлээс гарсан баримтуудтай танилцах боломжтой болсон тул Монголд дахин ирж ажиллахыг УИХ-ын зүгээс урьсан. УИХ- ын Хүний эрхийн дэд хороо болон Хүний эрхийн үндэсний комиссын нууцын зэрэглэлээс гарсан баримтуудтай танилцаж өөрсдийн дүгнэлтээ гаргах боломжтой болжээ.

Б. ШИЙДВЭР

ОУПХ-ны Удирдах зөвлөл нь: 1. Парламентчдын Хүний эрхийн хорооны төлөөлөгчдийн 2017 оны есдүгээр сард Монгол Улсад ажилласан томилолтын тайлантай холбогдуулж хариу ирүүлсэнд Монгол Улсын эрх баригчдад, ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганы үеэр Хорооны гишүүдтэй уулзсанд Монгол Улсын Их Хурлын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдөд, мөн тайлантай танилцсаны дагуу хариу ирүүлсэн С.Зориг агсны гэр бүлийн гишүүдэд тус тус талархал илэрхийлж байна;

2. Шинэчлэгдсэн мэдээлэл болон тайлантай холбоотой ирүүлсэн хариу тайлбаруудыг харгалзан үзэхийн сацуу томилолтын тайланд тусгасан дүгнэлт, зөвлөмжийг бүрэн дэмжиж байна.

3. 2017 онд шийдсэн С.Зориг агсны хэргийг шүүн тасалсан ажиллагааг олон улсын хүний эрхийн хэмжүүрийн дагуу зайлшгүй хийх ажиллагаа болон шударга шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй тул хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байна. Мөн нууц нотлох баримтуудад үндэслэн хаалттай шүүх хуралдааныг яаравчлан хийх явдал нь шударга болон хууль ёсыг тогтоох оновчтой арга мөн гэж хэзээ ч тооцохгүйгээ дахин илэрхийлж байна.

4. Тагнуулын байгууллага ял шийтгүүлсэн гурван этгээдийг буруутай хэмээн гүтгэн дарамт, шахалт үзүүлсний улмаас тэд уг хэргийг үйлдсэн хэмээн хуурамчаар хүлээсэн байх магадлалтай гэдэгт санаа зовж байгаа бөгөөд эдгээр яллагдагчийг шударга бус явдлын золиос болохоос сэргийлэхийн тулд дотоод болон олон улсын түүний дотор ОУПХ-ны ажиглагчдыг байлцуулан олон нийтэд нээлттэйгээр шүүх хуралдааныг шударга, ил тод байдлаар дахин явуулахыг Монгол Улсын холбогдох эрх баригчдад дахин уриалж байна.

5. Хэрэгт авсан баримтын ихээхэн хэсгийг нууцын зэрэглэлээс гаргасан Засгийн газрын шийдвэрийг болон УИХ-ын Хүний эрхийн дэд хороо эдгээр баримт бичгийг хянан үзэх эрхтэй болсныг баяртайгаар хүлээн авснаа онцлон тэмдэглэж байна. Эрх мэдлийн хуваарилалтын зарчмаа хүндэтгэхийн сацуу уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалж байна. Мөн УИХ-аас авсан арга хэмжээ, гарсан үр дүнг ОУПХ-нд тогтмол мэдээлнэ гэдэгт найдаж байна;

6. УИХ-ын дэд даргын зүгээс ОУПХ-ны төлөөлөгчдийг нууцын зэрэглэлээс гарсан баримттай танилцахаар Монгол Улсад дахин ажиллахыг урьсанд талархаж байна. Монгол Улсад төлөөлөгчдөө дахин илгээхээс өмнө холбогдох эрх бүхий байгууллагаас, Хорооны зүгээс удаан хугацааны турш авахыг хүсч байгаа шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрүүдийн хуулбар болон шаардлагатай бусад чухал баримт бичиг, мөн асуултын хариултыг авахыг хүсч байна.

7. Тагнуулын ажилтнууд мөрдөн байцаалтын явцад эрүү шүүлт тулгах, айлган сүрдүүлэх, дарамт үзүүлэх зэрэг аргууд хэрэглэсэнд болон Монгол Улсын одоогийн мөрдөж буй хууль тогтоомжид ийм төрлийн гомдлыг шийдвэрлэх буюу хариуцлага хүлээлгэх бие даасан механизм дутагдаж байгаад ихээхэн санаа зовж байна. Шүүхээр шийтгүүлсэн хүмүүсийн гэр бүлийн гишүүд, өмнө нь уг хэргийн сэжигтэн байсан хүмүүс болон гэрчийн этгээдийг айлган сүрдүүлж, дарамт үзүүлэн хянаж цагдахыг таслан зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг, мөн шүүхэд албан ёсоор сэжигтнээр татагдаагүй хүмүүсийг чөлөөтэй зорчихыг нь хязгаарласнаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Парламентыг эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай хууль эрх зүйн шинэчлэл хийхийг уриалж байна.

8. Хэргийг улс төрийн бүх намууд улс төрийн наймааны хэрэгсэл болгон ашигласаар байгаад харамсаж байгаагаа дахин илэрхийлье. Монгол Улсад ажилласан төлөөлөгчид үнэлэлт, дүгнэлтээ үнэн зөв бодитоор гаргахын тулд очихоос өмнө, очсон үед болон буцсан хойноо мэдээлэл баримтаа цуглуулахдаа аль болох олон эх сурвалжийг ашиглахыг хичээж үүнд ихээхэн анхаарсныг онцлон тэмдэглэж, Монгол Улсын холбогдох албан тушаалтнууд төрийн нууц гэдэг үндэслэлээр төлөөлөгчдийн тавьсан олон асуултад хариулж, хэрэгцээтэй баримт бичгийг өгч чадаагүйг дахин дурдаж байна. Төлөөлөгчид хоригдож байгаа хүмүүс болон шүүхийн байгууллагын ямар нэгэн төлөөлөлтэй уулзаж чадаагүйдээ мөн үүнээс болоод тайланд тусгасан нэлээд ноцтой асуудлуудыг багасгах боломжгүй болсондоо харамсаж байгаагаа дахин илэрхийлж байна.

9. Хэрэгт холбоотойгоор гарсан аливаа ахиц дэвшлийн талаарх мэдээллийг парламент болон бусад холбогдох байгууллагаас тогтмол авч байхыг хүсч байна.

10. Энэхүү шийдвэрийг холбогдох эрх бүхий байгууллагууд, гомдол гаргагч болон холбогдох мэдээллээр хангадаг гуравдагч этгээдэд хүргүүлж Хорооны төлөөлөгчдийг томилолтоор дахин очихоос өмнө шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг хүлээн авах ажлыг зохион байгуулахаар тэдэнтэй хамтарч ажиллахыг ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаас хүсч байна. 11. Хороог энэ хэргийг үргэлжлүүлэн хянан үзэж хугацаанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байхыг хүсч байна.

ОУПХ-ны Удирдах зөвлөл. ОУПХ-ны Удирдах зөвлөлийн 202 дугаар хуралдаанаар баталсан шийдвэр (Женев, 2018 оны гуравдугаар сарын 28)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Улс орны дотоод хэрэгт хошуу дүрэх нь тэгээд ОУ-д зөвшөөрөгдөх асуудал уу. гадны нэг улсаас хараат байх ёстой гэсэн санаа байгаад байна. эцэстээ Сири улс шиг Монгол сөнөх байхаа даа
2018/04/16 80.67.172.162
Шал худлаа
тэр ОУПХ чинь америкууд Сирийг бөмбөгдөж байхад хаана юугаа хийж байгаа юм бэ тэгсэн мөртлөө монголын 3 алуурчны эрхийг яасан их хамгаалдаг болчихоо вэ.бүгд шал худлаа
2018/04/16 59.153.112.240
монгол төрийн гавияа
Захиалагчаа нуун далдалж хэрэг жанхуурч илэрэх нөхцөлгүй болгов.энэ монгол төрийн маш том гавияа юм даа.
2018/04/16 66.181.189.22
  • Recent
  • Most Read
  • Most Comment