8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Баянхонгор аймагт газар хөдөлж, Дугаарын хязгаарлалтыг хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан өдөр

2018-04-16 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Б.Пүрэвдорж: С.Баярыг бариад хорьчих зориг одоохондоо байхгүй. Тэр хүн өөрийнхөө саналаар хоригдсон 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржтой цаг, үеийн асуудлаар ярилцлаа. 

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД С.БАЯРЫГ СААТУУЛАХ ЭР ЗОРИГ БАЙХГҮЙ

- Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох асуудлыг хэлэлцэх гэж байна. АН-ын бүлэг энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юу. Ер нь манай эдийн засагт хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох боломж бий юу? 

- Боломж хангалттай бий. Өнгөрсөн оны төсвийн тодотголд сайд нарын зардал 499 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Ийм мөнгө сайд нарын гарын салаагаар үр, ашиггүй үрэгдэж байна. Зөв зарцуулж чадах юм бол Монгол улсад их хэмжээний мөнгө бий. Нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгийг олгох тухай асуудлыг Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа. Харин Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Манай намаас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохыг дэмжихгүй байгаа. Харин 100 хувь олгох ёстой. Хүүхдийн мөнгийг өгөх санаачлагыг АН анх гаргасан. МАН-ын зүгээс хүүхдийн мөнгийг АН санаачилсан гэх нэрээс нь баллуурдах сонирхолтой байгаа. Нийт хүүхдийн 40 хувьд нь мөнгө олгох шийдвэр гаргаснаас нь энэ санаа нь харагдаж байна. АН-ын хувьд хүнээ өсгөх бодлогоор хүүхдэд мөнгө олгох тухай санаачлагыг гаргасан юм. Тиймээс хүүхдийг баян, ядуу гэр бүлд төрснөөр нь ялгаварлаж болохгүй. Хүүхэд бүрт мөнгө өгөх ёстой. 

- Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс гадна танай намын хэд, хэдэн гишүүнийг цагдан хориод байна. Танай нам энэ үйл явдалд цаашид ямар байр, суурь илэрхийлэх вэ? 

- Гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд аливаа асуудлаар урьдчилж шийдвэр гаргаж болохгүй. Энэ хүмүүстэй холбоотой асуудлыг шалгаад нийгэм дэхь хардлагуудыг нэг тийш нь болгох ёстой гэж би үзэж байгаа. Мэдээж намын гишүүдээ өмгөөлнө. Дээрх хүмүүстэй хамт С.Баярыг саатуулсан. Манай хуулийн байгууллагад С.Баяр гэдэг хүнийг саатуулах эр, зориг байхгүй. Харин С.Баяр гэдэг хүн “АН-ын дөрвийн дөрвөн хүнийг хорьчихлоо. Үүнээс  болж нийгэм хоёр хуваагдан талцаж, хэрэлдэнэ. Тиймээс би өөрөө орчихье” гэсэн байх. Тийм шийртэй эр хүн юм. Түүнээс биш С.Баярыг барьж, хорих зориг хуулийн байгууллагад одоохондоо үгүй юм. 

-  Оюутолгойн гэрээг сайн, муу гэж дүгнэсээр олон жил боллоо. Дээрх хүмүүсийг ч мөн Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүй хийсэн хэмээн хорьсон. Үнэхээр энэ гэрээ муу гэрээ юм уу? 

- Бид зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруйхан жил боллоо. Англи, АНУ-ын компаниуд маш олон зуун жил гэрээний эрх зүйн чиглэлээр ажиллаад ирсэн. Томоохон бизнес төслүүдийг ч амжилттай хийж ирсэн. Бид энэ талын мэдлэгээрээ тэднээс асар их зөрүүтэй. Бид Оюутолгойн гэрээн дээр энэ талаасаа алдсан байж магадгүй. Тэгэхээр энэ чиглэлд дахин алдахгүй байх томоохон сургамж Оюутолгой юм. Бид нарын цалинг хэд дахин нэмэх болон томоохон төслүүд хөдлөхөд Оюутолгой нөлөөлсөн. Тиймээс ч Оюутолгой өнөөдөр хамгийн их татварыг төлж байна. Оюутолгойн зарим нэг алдаатай зүйлийг засах боломж өнөөдөр гарч ирж магадгүй. Үүнийг бид цаг хугацаа алдалгүй засах шаардлагатай байна. Оюутолгойн ажлын хэсэг айхтар зөв дүгнэлт гаргана гэж бодохгүй байна. Тодорхой хэмжээгээр үүнийг далимдуулан Рио Тинтог буланд шахах ёстой гэж би үзэж байгаа. 

БИ "БӨХ Б.БАТ-ЭРДЭНЭ, Н.АМАРЗАЯА, О.БААСАНХҮҮТЭЙ НИЙЛЭЭД ТЭР ТОМ ГЭРЭЭГ ШАЛГАХГҮЙ” ГЭЖ ХЭЛЭЭД НЭРЭЭ ТАТАХ БАЙСАН

-  Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгах ажлын хэсэгт та багтсан байна. Танай бүлгээс энэ асуудлыг шалгаж эхэлсэн үү. Хэзээ дүгнэлтээ гаргах вэ? 

- Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалж их хэмжээний мөнгө зээлсэн асуудлыг шалгах ажлын хэсэгт би ажиллана. Энэ хэрэгт тодорхой албан тушаалтнууд орж ажилласан гэж би хувьдаа боддог. Их хэмжээний мөнгөтэй холбоотой ийм том үйл явцыг томоохон албан тушаалтан оролцож байж хийнэ. Эрдэнэт үйлдвэрийн захиралд 10 сая доллараас дээш зээл авах эрх байхгүй. Гэтэл 109 сая долларын зээлийг авсан байна. Түүний шийдвэрийг нь гаргалцахад нөлөөлсөн томоохон албан тушаалтнууд бий. Үйл явцыг харахад Лондонгийн арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэр ялах бүрэн боломж байсан. Өөрөөр хэлбэл, хуурамч гарын үсэгтэй холбоотой асуудлаа дотоодынхоо хууль хяналтын байгууллагаар шийдүүлээд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцсоноо Арбитрын шүүхэд илэрхийлсэн бол манай тал ялах боломжтой байсан. Харамсалтай нь Эрдэнэт үйлдвэр ялах үйлдлийг хийгээгүй. Ялах боломжтой байхад өөрсдийгөө дайчлахгүй хэргээр ялагдчихаад төлбөрийг нь төрөөр төлүүлэх гэсэн байж болзошгүй гэж би үзэж байгаа. Шалгалтын үйл явцад энэ асуудлыг тодруулахаар ажиллана. Үнэн зөв мэдээллийг олж ард түмэнд мэдээллэхийн тулд ажиллана. Түүнээс биш МАН-ын үед хийгдсэн ажил гэдэг утгаар ажиллахгүй гэдгийг хэлмээр байна. Бусдын тавьсан 109 сая долларын өрийг төр төлөх ёсгүй. Өөрсдөөр нь төлүүлэх ёстой. Хуулийн байгууллага энэ чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай юм. Нөгөөтэйгүүр Эрдэнэтийн дарга нар хүлээн зөвшөөрөөд зээл авсан учраас тус өрийн нэг хэсгийг төлж таарах байх. 

-  С.Баяр, С.Баярцогтын хийсэн гэрээг Д.Дамба-Очир, С.Бум-Ялалт шалгаж чадах уу? 

-  Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэгт нэлээ олон гишүүн орсон байна лээ. Намайг тэр ажлын хэсэгт оруулах гэвэл би “Бөх Б.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа, О.Баасанхүүтэй нийлээд тэр том гэрээг шалгахгүй” гэж хэлээд нэрээ татах байсан. 

- Өнөөдөр МАН-ын бүлэг бүлгийн хуралдаанаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаж байна гэж танай намын бүлэг үзэж байгаа юу? 

- Тэд Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг асар өндөр дүнтэй дүгнэх байх. Би тэгэж бодохгүй байна. Нийт 3.4 тэрбум долларын зээл тавьсан байна. Энэ мөнгөөр нэг ширхэг байшин барьж, нэг км замыг тавьсангүй. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ангийн анд А.Сүхбатаа хашраахаар бие хамгаалагчаа илгээв үү

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэгдэх Улсын начин Б.Одхүүгийн танхай балмад үйлдэл хэрээс хэтэрлээ. Өмнө нь өөрөөсөө олон насаар ах Улсын заан Ц.Баярсайханы 10 гаруй шүдийг цөм цохиж, хүнд гэмтээн таван жилийн ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс хэргээ буцаалган, улмаар прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, ялгүй өнгөрч байсан. Мөн Улсын харцага Г.Ганхуягийг ч бүлэглэн зодсон гээд зодоон нүдээн хийдгээрээ зартай нэгэн. Гэхдээ ялгүй өнгөрч, хэргээс мултардаг нь азтайдаа биш том "артай"-даа юм. 

Улсын заан Ц.Баярсайханыг хүнд гэмтээсэн ч ялгүй үлдсэн нь тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын "тус" гэдэг. Том араар халхавч хийсэн түүнд төр төмөр нүүрээ харуулахгүй бол түүний гарт зодуулах хохирогчдын тоо хэрээсээ хэтрэх нь. Сүүлдээ бүр УИХ-ын гишүүний биед хүртэл халдаж, бүлэглэн зодсон хэрэг үйлдлээ.

Өнгөрсөн амралтын өдөр болсон Бөхийн өргөөний үйл явдлын дараа тэрбээр УИХ-ын гишүүн А.Сүхбатыг бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан байх юм. Тодруулбал, Бөхийн өргөөг хамгаалалтад авч хэнийг ч дотогш нэвтрүүлээгүй. Гэтэл УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын Бөхийн өргөөн дотор цоожтой өрөөнд сууж байхад нь Улсын начин Б.Одхүү 10 гаруй залуусын хамт өрөөг цөм өшиглөн орж, УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед халдаж, бүлэглэн зодсон байна. Түүгээр ч үл барам зодсоныхоо дараа Бөхийн өргөөнөөс чирж гулдчин гаргажээ. Тиймээс УИХ-ын гишүүн А.Сүхбат шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болсон байна. Харин уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Хувийн бие хамгаалагч чинь мөр зэрэгцэн нэг ангид суугаа ангийн чинь нөхрийг зодчихоод байхад чимээгүй л суугаад байх уу. Б.Бат-Эрдэнэ аваргаа. Та УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбаттай нэг анги төдийгүй, зүлэг ногоон дэвжээнээ нэгэн цагт барилдаж, бөх сонирхогч монгол түмнээ баясгаж явсан бус уу.  Гэтэл одоо бие хамгаалагчаараа хамаг муу муухайгаа хийлгэчихээд ард нь хэзээ болтол нуугдах вэ. 

Хэнд ч дийлдэхгүй бие хамгаалагчийнхаа "том"-ыг мэдсэн эрхэм аварга маань бие хамгаалагчаа бөхчүүдийнх нь эсрэг турхирч байгаа бололтой. Өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөний гадна болсон үйл явдлын үеэр Б.Одхүү бөхчүүд рүүгээ томорч, дарамталж эхлэхэд бөхчүүд дундаас үг дуугарах хүн ганц байгаагүй гэдэг. Б.Одхүүгийн танхай балмад үйлдлийг болиулахаар үг хэлсэн ганц хүн нь Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх байж. Гэвч тэрбээр Дархан аваргаа үл тоож элэглэн доромжилж байсанд тэнд байсан бөхчүүд, ихэд эгдүүцэж байна. Гэхдээ эгдүүцлээ, дургүйцлээ гээд түүнд үг хэлэх зоригтон байгаагүй нь харамсалтай. Бүх бөхчүүд өөрөөс нь айдагт эрдэж сүүлдээ хууль тогтоогчийг зодож, ардаа том хамгаалалт байгаа гэж эрдсэн бололтой. 

Мөн Улсын начин Б.Одхүүд хууль хэзээ үйлчлэх вэ. Улсын Ерөнхий прокуророо, ЦЕГ-ын дарга С.Баатаржаваа.

Хэрвээ цагдаагийн хамгаалалттай Бөхийн өргөө рүү танай албан хаагч нар Б.Одхүүг арав гаруй залуусын хамт оруулаагүй бол УИХ-ын гишүүн өнөөдөр зодуулахгүй байлаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд чишимч үгүй халдаж байгаа хүн энгийн иргэдэд хэрхэн яаж ханддаг нь тодорхой. УИХ-ын гишүүний биед халдаж байхад хараад сууж байсан танай цагдаа нар энгийн иргэдээ хамгаалж чадах уу гэж асуумаар байна. 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүн зодсон хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа эрхэм гишүүний биед халдсан нь хуулиас огт айхгүй байгаагийн том жишээ. Хууль хэзээ хүн бүрт тэгш үйлчлэх вэ. Ялангуяа удаа дараагийн зодооны үйлдэлтэй Улсын начин Б.Одхүүд хэзээ хариуцлага тооцох вэ. Эрхэм хууль сахиулагчдаа. 

Д.Хаянхярваа: Оюутолгойн гэрээнээс болж монголчууд ажилгүй болсон юм биш

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн байна. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нараас гадна сайд нар, яам тамгын газар, агентлагын  дарга нар оролцсон юм. Тэд бүлгийн гишүүдийн асуултад хариулт өгчээ. 

 Засгийн газраас өгсөн тайлангаар 35-40  хувийн хэрэгжилттэй байна гэж танилцуулсан байна. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч, үзүүлэлт сайжирч байгаа ч чанар, эдийн засгийн өгөөж иргэн бүр, айл өрхөд хүрэх ёстой. Энэ өгөөж нь бодитойгоор иргэн, айл бүрт хүргэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ гэдэгт гишүүд анхаарал хандуулж ярилцсан. Түүнээс гадна мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа, ялангуяа нийслэлийн хүрээнд дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой ажлууд удаашралтай байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг том ажил бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар 2018 онд тодорхой төсөв суулгасан. Гэтэл нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөх асуудал тулгамдаж байгаа учраас энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Дахин төлөвлөлт, агаарын бохирдол, газар чөлөөлөлт зэрэг асуудлын талаар мэдээлэл авахаар Хотын удирдлагуудыг үдээс хойшх бүлгийн хуралдаанд суулгахаар болсон. Бүлгийн хуралдаанаар агаарын бохирдлыг  бууруулах асуудлыг дулааны улиралд орхигдуулдаг. Тиймээс энэ удаагийн Засгийн газар утааныхаа асуудлаар авах арга хэмжээгээ үргэлжлүүлэх, тодорхой асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Мөн гишүүдийн болон төрийн албаны ёс зүйн хариуцлагын асуудлыг хөндөж ярьсан байна. Төрийн дээд, доод албан тушаалтнууд авлига авдаг үзэгдэл их,  шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн албан хаагчдыг халах, халаа сэлгээ их байгаа талаар иргэд гомдол ирүүлж буй учир МАН-ын бүлэг ирэх долоо хоногт төрийн албыг сахилгажуулах, чадваржуулах тал дээр асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Намын бүлгийн хуралдаан үдээс хойш хуралдаж, хүүхдийн мөнгийг 100 хувь эсвэл 80 хувь олгох төсөл болон УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүдийн тойрогтоо ажилласан тайланг сонсох юм байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хүүхдийн мөнгийг 100 хувь хүүхэд бүрт олгох төслийг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан. Мөн Засгийн газраас өргөн барьсан. Ер нь хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох нь зөв гэж бүлэг үзэж байгаа вэ?

-Эдийн засгийн өсөлт 5,1 хувийн өсөлттэй гарч байгаа ч өмнө нь авсан улсын өр авлага барагдуулах чиглэлд тодорхой зарлага гарч байгаа. Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор байсныг 80 хувьд хүргэх шийдвэрийг Засгийн газар гаргаж чадсан. Энэ чиглэлээ баримталж ажиллах болов уу гэж бодож байна. Судалгаагаар хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байхад нийт хүүхдийн 90 хувь л авдаг байсан гэсэн судалгаа байсан. Тиймээс нийт хүүхдийн 80 хувьд олгох нь зүйтэй гэж бодож байна.

-УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгойтой холбоотой ажлын хэсгүүд байгуулагдсан. Ажлын хэсгүүд дүнгээ хэзээ гаргаж, дүнгээ танилцуулах вэ?

-Ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт байгуулагдсан. Ажлын хэсгүүд энэ долоо хоногоос ажилдаа орж, тодорхой шийдвэрүүд гарах байх. Ажлын хэсгүүд дүнгээ шаардлагатай гэж үзвэл  байнгын хороо, УИХ-ын чуулганд танилцуулах байх.

-Оюутолгойтой холбоотой хоёр ч Ерөнхий сайдыг баривчилсан. Өнөөдрийн хуралдаанаар энэ талаар ярилцсан уу. Та мөн Оюутолгой төслийг дэмжсэн хүний нэг ч би гэсэн байр суурь илэрхийлсэн байсан. Ер нь энэ асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлсэн үү?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дэмжсэнээр Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн. Энэ бол бодит үнэн. Мэдээж хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой засч, залруулах зүйл байгаа байх. Ер нь Оюутолгойн гэрээ зурагдсанаар монголчууд ядуу болсон гэдгийг бас асуумаар байгаа юм. Оюутолгой зурагдсанаар эдийн засаг хүндэрч байна уу эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн буруу бодлогоос болж Монголын эдийн засаг болохгүй байгаа болохоос ямар нэг төсөл, том гэрээнээс болж монголчууд ажилгүй болсон юм биш гэж бодож байна. Цаашид бид олон зүйл дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэр бид бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байна, ганцхан та нар дотооддоо зүг чигээ гаргаж, бодлогоо зөв тодорхойл гэдгийг Ерөнхий сайд танилцуулсан. Тэгэхээр бид өнгөрсөн алдаанаасаа сургамж авч, алдаагаа цаашид давтахгүй, дараагийн төслүүд дээрээ анхаарах ёстой гэдгээ ярих ёстой юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Яагаад гэвэл Оюутолгойн гэрээ дэлхийн хэмжээний том компанитай анх удаа түүхэн гэрээ хийж чадсан. Энэ гэрээнд алдаа оноо гарсан зүйл бий. Энэ том төслийг хөдөлгөж чадсан нь Монголын нэр хүндийг тодорхой түвшинд хүргэж чадсан. Хуулийн байгууллага хуулийн дагуу зөв шалгаж, тодорхой мэдээлэл өгөх байх гэж бодож байгаа.

Г.Баасан: Г.Доржзодовыг цагдаа, тагнуулынхан нийлээд баривчилж хорих гэсэн үйлдэл гаргаж байгаа

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо” гэх сэдэвтэй хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Энэ үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас энэ талаар тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс “Авлигаас татгалзах, авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдүүлэгчийг хамгаалах жил” болгож зарласан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 38 тоот зарлиг гаргаж, 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдүүлэгчийг хамгаалах жил” болгож зарласан. Өнөөдөр Монголд авлига, ашиг сонирхлын зөрчил үндэсний аюулгүй байдлын түвшинг алдагдуулахуйц хэмжээнд хүрсэн учраас ийм зарлиг гаргасан. Бид “Төрийн ажлаа хийх нь хий. Түрийвчээ зузаатгах гэсэн нь төрийн ажлаас хурдан холд” гэсэн хатуу зарчим барина. Өнөөдрөөс АТГ-т шаардлага хүргүүлж байна.

-Авлигатай тэмцэх газарт хэд хэдэн шаардлага хүргүүлж байгаа гэсэн. Ямар шаардлага хүргүүлж байна вэ?

-Олон нийтийн зөвлөлийн өрөөнд АТГ камер байрлуулсан. Гурван хоногийн дотор камеруудаа авч хаяхыг АТГ-аас шаардаж байна. Олон нийтийн зөвлөл АТГ хянах байгууллага юм. Авлигатай тэмцэх газар хэчнээн хүн энд цуглаж байна, хэнийг ярьж байна гэдэг дүрсийг нь хардаг байж болохгүй. АТГ олон нийтийн зөвлөлийн байранд камер байрлуулснаар авлигтай тэмцэхгүй гэдгээ нотолж гэрчилж байна. Иймээс бид энэ шаардлагыг тавьж байгаа юм. Энэ камер байсан, байгаагүй бид ажлаа хийдгээрээ хийнэ. Гэхдээ ард иргэд энэ камераас айж байгаа.

-Гэрч хохирогчыг хамгаална гэж хэллээ. 60 тэрбумын Г.Доржзодов хамгаалалтад байгаа юу ?

-Монгол улсад гэрч хохирогчийг хамгаалах орчин байсаар байтал түүнийг хэрэгжүүлж, хянаж, шийдвэрлэдэг газар өөрсдөө авлигад идэгдсэн байх магадлал өндөр байгаа. Тухайлбал, Г.Доржзодов 60 тэрбумын гэрч. Гэвч энэ хүнийг одоо хүртэл хамгаалалтад аваагүй. Харин эсрэгээр цагдаа, тагнуулынхан нийлээд баривчилж хорих гэсэн үйлдэл гаргаж байгаа. Одоогийн байдлаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний н.Даваасүрэн эмэгтэй байгаа. Энэ эмэгтэйг албан ёсоор хамгаалалтад авна.

-Олон нийтийн зөвлөлийг улс төрийн зорилготой ажиллаж байна гэдэг асуудал яригдаж байгаа. Олон нийтийн зөвлөлд ажиллаж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь улс төрийн харьяалалтай вэ?
-Бид авлигын эсрэг хуулинд заасны дагуу, Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу томилогдсон. Хуулийн дагуу явж байгаа зүйлийг улс төр гэж хэлж болохгүй. Бид Х.Энхжаргал гэдэг хүнийг харлуулсан зүйл байхгүй. Бид ажил хийлгэх гэж маш олон зүйл шаардсан. Гэвч шаардсан зүйлээс нэг нь ч биеллээ олоогүй. Нэг ч хүний гомдол, авлигын асуудал шийдээгүй. Одоо Х.Энхжаргал даргын хуулийн хугацаа дууссан асуудал яригдаж байгаа. Х.Энхжаргал дарга ажлаа сайн хийж байсан бол бид хамтраад ажиллана. Харин АТГ өөрөө намын харъяалалтай улс төрийн байгууллага болчихоод байна. АТГ байгуулагдаад11 жил болоход авлига улам цэцэглэсэн шүү дээ.

Ж.Тогтохбаяр: Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө

Замын цагдаагийн газрын орчимд барих гүүрэн гарцын ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд орж буй өөрчлөлтүүд болон дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа хийх эсэх талаар иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн гаргасан шийдвэрийг танилцуулах хурал өнөөдөр боллоо. Хурлын үеэр  Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр энэ талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр  "Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө. Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн учраас  түгжрэлийг бууруулах зорилгоор замын цагдаагийн албанаас түр замууд дээр ажиллаж, хөдөлгөөнийг хэвийн явуулж, идэвхжүүлж байна. Иймд иргэд замын хөдөлгөөнд соёлтой, бие биенээ хүндэлж оролцоорой" гэв. 

МАФИЙН БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧИЛДЭГ ШҮҮГЧ НАРЫГ ЗАЙЛУУЛЪЯ

Маргааш буюу 2018 оны 4 дүгээр сар 17-ны өдрийн 12 цагт Ялалтын талбайд  “Эрдэнэт үйлдвэрээ аврах ард түмний хөдөлгөөн”-ий зүгээс “Мафийн гар хөл болсон шүүгч нарыг зайлуулъя” нэртэй жагсаал  хийх гэж байгаа билээ. Ингээд тус жагсаалыг зохион байгуулагч С.Зоригтбаатартай ярилцлаа.

-Жагсаалын зорилго юу юм бэ?

-Монголын ард түмний амьжиргаа залгуулдаг, төсвийн тал хувийг бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр дээр тун ойлгомжгүй байдал үүсчихээд байгаа юм. Цаашдаа Монголын ард түмэн “Саалийн үнээ” гэгдэх Эрдэнэт үйлдвэртэйгээ байх эсэх нь Улсын Дээд Шүүх дээр шийдэгдэнэ. 2017 оны 2-р сарын 10-ны өдөр УИХ-аас Эрдэнэт үйлдвэрийг төрийн мэдэлд авах тогтоол гарч Засгийн газарт чиглэл өгөгдсөн. Харамсалтай нь тэр тогтоол одоо хүртэл хэрэгжээгүй учир Эрдэнэт үйлдвэрийг  нөгөө яриад байгаа бүлэглэл удирдаж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах, өмчийн хэлбэрийг бүртгэх” шийдвэр гарган Төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулсан  ч захиргааны болон иргэний хэргийн шүүх дээр гацчихсан. Монголын ард түмний хүсэл сонирхол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний захирамжийг Сүхбаатар дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга  2017 оны 4-р сарын 10-нд гаргасан. УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг үгүйсгэсэн, хүчгүйдүүлсэн захирамжаар  “Монголын зэс” компани иргэний болон захиргааны хэргийн шүүх дээрх дараалсан ялалтууд байгуулж Монголын шүүх засаглал хэрхэн ялзарсанг харууллаа.

-Яаж харуулсан юм бэ?

-Үндсэн хуулийн цэц “Захиргааны хэргийн шүүхэд төрийн дээд гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг хянах, эрх хэмжээ олгогдоогүй” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх Эрдэнэт үйлдвэрийн маргааныг шийдэх үндэслэлгүй юм билээ. Энэ хил хязгаарийг захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шүүгч нар даваад гишгэчихсэн. Хамгийн анх Монгол Улсын Их хурал нь  “Олон улсын гэрээг УИХ дээр хэлэлцэнэ, соёрхон батлана, цуцлана” гэсэн заалт байсаар байтал Ч.Сайханбилэгийн Засгийн газар  Эрдэнэт үйлдвэрийг хууль зөрчин “Монголын зэс” компанид өгсөн. УИХ-ын энэ заалтыг шүүх ч, Засгийн газар ч тоож харсангүй.

-Энэ яриад байгаа бүхэн улс төрийн бүлэглэл хоорондын “дайн” шиг харагдах юм?

-Би бол аль нэг бүлэглэлийн гишүүн биш. Харин Монголын ард түмний нэгэн төлөөлөл гэвэл үнэнд ойртох байх. Монголчуудын амьжиргааны эх үүсвэр Эрдэнэт үйлдвэрийг улс төр бизнесийн бүлэглэл 49,51 гэсэн хувиар ханз татан хуваахаар улайрч байна.  Тэд эхэндээ Эрдэнэт үйлдвэр хэмээх “Саалийн үнээ”-ний сааль сүүг шахааны бизнес нэрээр сордог байсан бол өдгөө пэндийж баяжаад шууд залгихаар улайрч эхэлсэнг зогсоох цаг болсон.

-Миний ойлгож байгаагаар оросууд эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиа зарахаар болсон, мэдээлэлд ойр манай нэг аж ахуйн нэгж  авсан юм биш үү?

-Үүн дээр маш том булхай луйвар явагдсан нь илэрхий харагдаад байгаа юм.  Эрдэнэт үйлдвэрийг авах  санхүүгийн эх үүсвэр гаргасан “Кю Эс Си” компани 2012 онд байгуулагдсан байдаг. Улсад ердөө хоёр сая төгрөгийн татвар төлдөг бизнесийн түүхгүй шахам компани богинохон хугацаанд Монгол банкнаас 200 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас 71 сая ам.доллар, Чингис бондоос 37 тэрбум зэрэг төгрөгийг зээлсэн. Тэгээд  Эрдэнэт үйлдвэрийг авсан жижиг компаниуд нэгдэл болох “Монгол зэс”-д банкаараа дамжуулан зээл олгосон байдаг. Эндээс юу харагддаг вэ гэхээр Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нарын хэлсэнчлэн Монголын ард түмний хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг авсан юм билээ. Нийтдээ 800 орчим тэрбумын үндсэн хөрөнгөтэй Худалдаа хөгжил, Улаанбаатар зэрэг банкууд 400 сая ам.доллар шууд гаргах боломжгүй. Учир юу гэвээс банкууд нийт хөрөнгийнхөө 20 хувиас  илүү зээл олгох нь хуулиар хориотой юм. Эрдэнэт үйлдвэрийг авсан процесс нь бүхэлдээ Эрүүгийн гэмт хэрэг гэж улс төрчид яриад байна.

-Эрдэнэт үйлдвэрийг авсан нь эрүүгийн хэрэг гэж үү?

-Ч.Сайханбилэгийн Засгийн газар олон улсын гэрээг зөрчин Эрдэнэт үйлдвэрийг хувийн хэвшилд өгөх гэж улайрсан. “Монгол зэс” компанийн 400 сая ам.доллар босгосон зэрэг нь гэмт хэргийн гэхээсээ Мафийн шинжтэй гэж УИХ-ын гишүүд ярьдаг. Харамсалтай нь  УИХ, Засгийн газраас  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиа хамгаалах,буцаан авах дээр ямар ч алхам хийдэггүй гэхэд болно. Ард түмний дургуйцал, сонгуульд өгсөн амлалтандаа автан УИХ-аас нэг шийдвэр гаргасан ухаантай. Өнөөдрийг хүртэл “Монгол зэс” компанийнхан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад байсаар байна. Тэд ноогдол ашгаа хүртэж, бараг 400 сая ам.доллараа олчихлоо гэх мэдээлэл бий.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан гэх тэднийг хэн хамгаалаад байгаа юм вэ?

-Ерөөсөө шүүх засаглал ялзарчээ. Томоохон компаниуд шүүхийн байгууллагад өөрийн хүнээ шургуулдаг, тэд нараараа дамжуулан асуудлаа шийдүүлдэг байдал нууц биш боллоо. Шүүх засаглал банкуудын барьцаанд байгаа үед шударга ёсны тухай яриад байх нь илүүц юм. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын эсрэг шйидвэр гаргадаг, бүлэглэлд үйлчилдэг, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг давж гишгэдэг зарим шүүгч нарыг зайлуулах ёстой. Захиргааны хэргийн нэг шүүгч Монгол төрийн бодлого шийдвэрийг гацааж чадаж байна. Энэ юу вэ гэвээс шүүгч нар хууль тогтоомжоо мөрддөггүй, төр засагтаа бус бүлэглэлдээ итгэдэг, найддаг байдал илэрхий харагдаж байгаа юм. 

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь эрсдэлд орчихоод байгаа шүү дээ. Яагаад ярихгүй байна вэ?

-Яг үнэндээ Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь алдаж мэдэх эрсдэлтэй байдал үүсчихээд байгаа юм. Өмнөд Африкийн Стандарт банкны дийлэнх хувийг хятадууд эзэмшилдээ авчихлаа. Эндээс юу харагдаад байна гэхээр Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хятадуудаас хамааралтай болжээ. Тийм учраас 49,51 гэж талцалгүй Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмч буюу ард түмний мэдэлд аваач ээ гэсэн шахалт жагсаалын маань гол утга учир.

 -Жагсаалд ямар хүн оролцох вэ?

-“Монголын төлөө” гэж ярихаасаа өмнө Монголын төлөө цохилох зүрхтэй байх учиртай” гэж Хатанбаатар Магсаржав гуай хэлсэн байдаг. Би энэ жагсаалд Эрдэнэт үйлдвэртээ хайртай, шударга ёсыг хүсэмжилдаг хүн бүхнийг ирээсэй гэж найдаж байна. Бүлэглэлд үйлчилдэггүй УИХ-ын шударга гишүүд, нам эвслийн жирийн гишүүд ирээсэй. Багш, эмч нар оюутан залуустаа “Жагсаалд ирж монголчуудынхаа амьжиргааны эх үүсвэр “Эрдэнэт үйлдвэрээ аврах” тэмцэлд нэгдээсэй гэж уриалж байна. Монгол Улс  мафийн бүлэглэлийн эрхшээлд бүрэн орох уу, үгүй юу гэдгээ шийдвэрлэх цаг ирлээ дээ.

 Баянхонгор аймагт газар хөдөлжээ

Энэ сарын 15-ны 02 цаг 42 минут 33 секундэд Баянхонгор аймгийн Баацагаан сумаас баруун зүгт 47 км-ийн зайнд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн энэ сарын 14-нд Улаанбаатрын цагаар 08.31 цагт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас хойд зүгт 32 км-ийн зайнд 4,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Дээрх 2 газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн гэдгийг  ОБЕГ-аас мэдээллээ.

Хачигт халдварын 142 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Он гарсаар хачигт халдварын сэжигтэй хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ сарын 16-ны байдлаар 13 аймгийн 46 сумд, нийслэлийн таван дүүрэгт хачигт халдварын 142 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь лобарторийн шинжилгээгээр баталгаажуулжээ.

Тиймээс иргэд хээр талд явахдаа, ой модонд аялж зугаалахдаа толгойндоо байнга малгай өмсөх, урт түрүүтэй гутал өмсөх, өмссөн хувцсаа байнга шалгаж, сэгсэрч байхыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.

Оргосон хоригдлыг баривчилжээ

Энэ сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хорих 413-р ангид хүн амины хэргээр ял эдэлж хоригдож байхдаа оргосон хоригдлыг баривчилжээ. Тодруулбал энэ сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Улаанбаатар хотоос баривчилсан байна.  Хоригдол нь 2012 оны 3-р сард Чингэлтэй дүүргийн 9-р хороонд зодоон хийж танхайрсны улмаас хохирогч нь хүн нас барсан тул Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдэн хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа аж.

ТАНИЛЦ: Оюутолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд багтсан хүмүүсийн нэрс

Оюутолгойн гэрээтэй холбогдуулан АТГ-аас  Ерөнхий сайд нарыг саатуулан шалгаж эхэлсэн. Тэгвэл  “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтах хүмүүсийн нэрс гарчээ. 

Тодруулбал, ажлын хэсгийг ахалж Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар ажиллах юм байна. Харин гишүүдэд нь дараах хүмүүс багтжээ. Үүнд Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтсан байна. 

Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

Сүүлийн үед Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудтай холбоотой мэдээлэл гарч, талцаж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авч энэ сарын 14-ны өдрөөс үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. 

Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд  хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс  үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр холбооны удирдлагуудын маргаан, тэмцлээс үүдэн ийнхүү хаагаад байгаа аж

Дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн. Мөн 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг зуны хуваарьт шилжүүлж, замын хязгаарлалтыг тэлэхээр болсон.

Энэ дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас /Ням гараг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжээд байна Харин Замын цагдаагийн гүүрийг барих бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. Иймээс дугаарын хязгаарлалт хуучнаараа үйлчилнэ гэдгийг ЗЦА-наас мэдээллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл