Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат нарын тэргүүтэй “Увс нуур” дэвжээний бөхчүүд өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөө рүү дайрч үймээн дэгдээсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн бие хамгаалагч нь УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед халдан гэмтээсэн гэх мэдээллийг “Увс нуур” дэвжээний бөхчүүд өгөөд байгаа билээ. Монголын Үндэсний бөхийн холбоог өөрсдийн болгох гэсэн бөхчүүдийн тэмцэл эцэстээ хурцдаж зодоон, цохиондоо тулсан нь энэ. Нэг талд Үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг байгуулсан Р.Нямдорж болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бий бол нөгөө талд “Гацуурт”-ын Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын бөхчүүд энэ холбоог булаацалдан хэрэлдсээр. Хэн, хэн нь шүүхийн шийдвэр барин нэгийгээ хууль бус хэмээн үгүйсгэн түүгээр далимдуулан бөхийн холбоо, бөхийн өргөөг авах гэсэн санаархал хэрхэн шийдэгдэхийг ард түмэн анхааралтай ажиглаж буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн А.Сүхбатаас тодруулахыг хүссэн ч цааргаллаа
- Өнгөрсөн амралтын өдөр таныг Бөхийн өргөөнд очих үед биед тань халдсан гэсэн. Та тэнд ямар асуудлаар очсон юм бэ ?
- Миний биед халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргачихсан байгаа. Тийм болохоор хуулийн байгууллагаар шийдэгдтэл энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй.
- Та нарын маргаан бөхөд хайртай ард түмнийг залхааж байна. Хоёр талд шүүхийн шийдвэр барьчихаад хэрэлдээд байдаг. Яг хэнийх нь зөв эсэхийг хүмүүс мэдэхийг хүсч байна?
- Бид нэг л зүйлийг шаардаж байгаа. Хуулийн шийдвэрийг хэрэгжүүлэх, биелүүлэхийг, хууль дээдлэхийг шаардаж байгаа. Тэгэх үүрэгтэй шүү дээ.
Т.Хулан