8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгөнийг улс төржүүлмээргүй байна

2018-04-17 12:34:00

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн "Хүүхдийн мөнгөнд 41 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ мөнгийг яаж гаргах гэж байна вэ. Тодотгол хийх үү" гэж асуулаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Одоогийн байдлаар тодотгол хийх нөхцөл бүрдээгүй. Нэмэлт хөрөнгө гаргахаар ажиллаж байна. Хүүхдийн мөнгөнд зарцуулах мөнгийг тэрхүү хөрөнгөөс гаргах юм" гэж хариулав. 

 Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн "Төсвийн жилийн дундуур хүүхдийн мөнгөний асуудлыг оруулж ирж байгаа нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг тул Засгийн газар хуулиа мөрдөж ажиллах хэрэгтэй. Хууль зөрчөөд байгаа юм биш үү" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Эдийн засаг хүнд байгаа шүү. Бизнес эрхлэгчдийн зовлонг биеэрээ судалж мэдрээрэй. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж орлого өсч байгаа нь үнэн. Гэвч энгийн өрх гэрт энэ өсөлт наалдахгүй байна. Манай улстөрчид төсвийн орлого нэмэгдэхээр мөнгөө цацаж эхэлдэг нь нууц биш. Гэхдээ хүүхдийн мөнгө бол өөр юм. Бид хүүхдийн мөнгийг олгодог байх нь зүйтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш 10 хувь нь огт аваагүй байдаг. Тиймээс бололцоотой өрхийн хүүхдэд мөнгө тараах хэрэг байна уу. Энэ тал дээр зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Илүүдэл мөнгөөр аймаг бүрт үйлдвэр барьсан бол одоо манай улс ямар харагдах байсан бол гэдгийг бодох хэрэгтэй" гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хүмүүс урдаас харж суучихаад худлаа яриад байх юм. Баян айлын хүүхдүүд 20 мянган төгрөгөөр дутаагүй шүү дээ. Харин тэдэнд өгөх мөнгөөр сургууль, цэцэрлэг баръя. Бүгдээрээ хүүхдийн мөнгийг улс төржүүлэхээ болъё" гэсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 80 хувь нь дэмжлээ.

Дараа нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Улс орны эдийн засаг сайжрах үед хүүхдийн мөнгийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэхүү мөнгийг олгож эхэлснээс хойш нийт хүүхдийн 13 хувь мөнгөө огт аваагүй байдаг. Үүнээс улбаатай зарим албан тушаалтнууд үлдэгдэл мөнгийг буруу зарцуулсан тохиолдол гарч байсан. Гэлээ гэхдээ хүүхдийн мөнгө орлого багатай өрхүүдэд нэмэлт орлого болж очдог байх хэрэгтэй. Өнөөдөр улсын хэмжээнд 82 мянган өрх толгойлсон эхчүүд байна. Мөн хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдийн зарим нь хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр шуудай гурилын үнэ хийж амьдарч байгааг мартаж болохгүй шүү" хэмээв. 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох тогтоолын төсөл боловсруулсан. Боломжтой" гэв.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж "Сайханбилэгийн засгийн газрын үед 40 хувь нь олгох тогтоол боловсруулж, УИХ батлахад та дарга нь байсан биз дээ. Одоо улс төр хийхээ болих хэрэгтэй" гэлээ. 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "Сайханбилэгийн үед оруулсан нь үнэн. Гэхдээ тэр үед хүүхдийн мөнгө халамжийн биш, монгол улсыг өнөр өтгөн болгоход зориулагдсан. 2016 оны парламент хүүхдийн мөнгийг халамж болгочихлоо" гэсэн юм. 

Ингээд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл олонхийн дэмжлэг авч чадсангүй. Тиймээс хууль санаачлагчид тогтоолын төслийг хүргүүлэхээр тогтов.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гана
Зөвхөн хүүхдийн мөнгө/АН-ын амлалт/, үдийн цай хөтөлбөрт/МАН-ын амлалт/ жилд улсын төсвөөс 400 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.Энэ мөнгөөр мөн ч их бүтээн байгуулалт хийж болно доо
2018/04/18 203.91.115.44
naraa
Khuuhdiin mungiig buh huuhded ogoh ni zov. Khurelbaatar uls torjuulehee bolio
2018/04/17 27.123.214.110
хог
Монголын ард түмний өмч Хотгор шанагын уурхайг ах дүүсийн хамт бүлэглэн солонгосуудад зарсан Ч. Хүрэлбаатарыг УИХ, ЗГ-аас хөөгөөч ээ.
2018/04/17 66.181.179.52
zochin
Hkamgiin gol ni abahk khuukhed ni abch chadahkgyi , hkoroonii nehked / hkeden abgai/ orj iesen gants udaa 14 ond biluu. Unen zeb bol hked
2018/04/17 122.201.24.242