8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Гантулга: Бэртсэн иргэн "Алтай констракшн" компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Тольт дэнлүү” ХХК ажилтан

2018-04-17 15:56:00

Өчигдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ы барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа нурж унасан хэрэг гарсан. Уг ослын улмаас кранист нь хүнд бэртсэнээс гадна дөрвөн машин эвдэрсэн. Бид тус ослын талаар Нийслэлийн мэргэлжийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгаас тодрууллаа.

Баянмонгол хорооллын 10 давхарын 55, 56 тоотын айлуудад нэлээд их хэмжээний цууралт өгсөн

-Өчигдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ы барьж буй Саруул хорооллын барилга дээр ноцтой осол гарсан. Тус ослын дүгнэлт гарсан уу?

-Осол 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 17.00 цагийн үед гарсан. Баянзүрх дүүргийн 26-р хороонд Баянмонгол хорооллын баруун талд "Алтай констракшн"-ы ерөнхий захиалагчтай Саруул хорооллын 4 дүгээр ээлжийн барилга дээр осол гарсан. Тус компанийн туслан гүйцэтгэгчээр “Тольт дэнлүү” ХХК барилгын ерөнхий угсралтын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Өргөх машин механизмын хувьд “Өндөр кран” ХХК краныг угсарсан. Харин “Өнөр бүч” ХХК засвар үйлчилгээг нь хариуцаж ажиллаж байсан. Компаниудын бичиг баримтууд ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын  явцын дунд хийсэн дотоод хяналт шалгалтыг давхар шалгаж байна. Мөн үүнээс гадна Ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын чанар аюулгүй байдлын хэлтэстэй хамтраад  Баянмонгол хорооллын 410-р байрны 10 давхарт байгаа хоёр айлын дүүргэлтийн хана болоод бусад хийцэд ямар эвдрэл гэмтэл учирсан байна гэдгийг  тогтоохоор нарийвчилсан шалгалтыг 14.00 цагаас эхлэн хийж байна. Энэ шинжилгээний хариу гаргахаар манай зүгээс дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Осол гарсан даруйд мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох ОБЕГ, ЦЕГ зэрэг байгууллагууд очиж ажилласан. Ослын газрыг хамгаалалтад аваад байна.  

-Кран хэдэн метрийн өндрөөс унасан бэ. Унах үедээ ачаатай байсан уу?

-Ослын үед тухайн кран 12 давхар буюу түүнээс дээш 36 метрийн өндөрт ажиллаж байсан. Кран кабиныхаа доод хэсгээр тасарсан байдалтайгаар унасан. Ингэхдээ ямар нэгэн ачаагүй сул байсан.

-Кранистын биеийн байдал хэр байна вэ. Эмнэлэгт хүргэгдсэн гэсэн?

-Кранист нь 36 настай БНСУ-ын иргэн  байсан. Осол болсон даруйд манай зүгээс эмнэлгийн байгууллагатай холбогдож осолд өртсөн талаар асуухад  тухайн хүний биеийн байдал нэлээд хүнд байгаа гэдгийг эмнэлэгийн зүгээс хэлсэн. Тус иргэнийг Монголд ажиллах хугацаа болоод мэргэжлийн үнэмлэхтэй эсэхийг тодруулж одоогоор байна. 2018 оны 01 дүгээр сарын 08-нд түр ажиллах сунгалт хийлгэсэн байна. Бэртсэн иргэн "Алтай констракшн" компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа  “Тольт дэнлүү” ХХК ажилтан.

-Хажуу талын барилгад цууралт өгсөн гэсэн. Ослын улмаас үүссэн  хохирлын хэмжээнийг тодорхойлсон уу?

-Осол болох үед Баянмонгол хорооллын 410-р байрны 9, 10 дугаар давхарт краны суманд өртөж цууралт өгсөн. Ялангуяа 10 давхарын 55, 56 тоотын айлуудад нэлээд их хэмжээний цууралт өгсөн байсан. Үндсэн хийц дамнуургад нөлөөлсөн байх магадлалтай гэсэн анхны үзлэгийн дүгнэлт гарсан. Үүнийг цаашид нарийвчилж шалгахаар Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж байна.

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт өмнө нь хийсэн үү. Кран нь зөвшөөрөлтэй байсан талаар тодруулахгүй юу?

-НМХГ-аас 2017 оны долдугаар сард тухайн кран дээр магадлал хийсэн. Магадлал хийх үед тус барилга дөрөвдүгээр давхартаа ажил явж байсан. Тухайн үед магадлал хийгээд зөвшөөрлөө аваад явсан. Үүнээс хойш секц нэмэх болгондоо мэргэжлийн байгууллагаар дахиж засвар үйлчилгээ магадлал хийлгэх ёстой. Ялангуяа удаан хугацаагаар зогссон одоо ажилд гарах гэж байгаа кранууд дээр засвар үйлчилгээ хийж дахин магадлал хийлгэх зүйтэй. Магадлал хийлгэсэн краны хувьд тухайн ААН хүсэлтээ гаргаад магадлал хийлгэх боломжтой. Манай зүгээс тухайн краны метал хийцэд нь шинжилгээ хийхээр ажиллаж байна.

-Барилгын компаниуд хэдэн онд үйлдвэрлэгдсэн кран ашиглаж байна. Зөвшөөрөлтэй хэдэн кран бүртгэлтэй байна вэ?

-2017 оны байдлаар 310 гаруй кран ажиллаж байна гэсэн дүн мэдээ байгаа. Хуучин кран ч байгаа. Дийлэнхи нь  шинэ кран байгаа. Ихэвчилэн БНХАУ-аас орж ирсэн кран байгаа.

-Магадлалыг ямар ямар үндэслэлээр өгдөг вэ?

-Магадлалыг хөндлөнгийн байгууллага шинжилгээ хийнэ. Мөн манайд хүсэлт гаргах юм бол манай шинжээчид шалгаж лабороторийн хэмжээнд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргана. Энэ шинжилгээний дүгнэлтийг үндэслэж улсын байцаагч дахиж хяналт тавьж ашиглах эсэхийг шийддэг.

-Ажиллаж буй 310 кран дээр шалгалт хийдэг үү. Хамгийн сүүлд хэзээ хяналт шалгалт хийсэн бэ?

-Бүх кран дээр хяналт шалгалт хийгдсэн байгаа. Жилд 2-оос доошгүй төлөвлөгөөт шалгалт хийдэг. Явцын дунд албан байгууллагуудын хүсэлтээр хяналт шалгалт хийдэг. Бүх крануудыг шалгаад магадлал олгосон гэж ойлгож болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл