8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Жаст”-ийн Ш.Батхүү шүүх хуралд оролцож, Голын эхэнд зөвшөөрөлгүй алт олборлохыг таслан зогсоосон өдөр

2018-04-17 18:45:00

Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Н.Гантулга: Бэртсэн иргэн "Алтай констракшн" компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Тольт дэнлүү” ХХК ажилтан

Өчигдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ы барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа нурж унасан хэрэг гарсан. Уг ослын улмаас кранист нь хүнд бэртсэнээс гадна дөрвөн машин эвдэрсэн. Бид тус ослын талаар Нийслэлийн мэргэлжийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэсийн дарга Н.Гантулгаас тодрууллаа.

БАЯНМОНГОЛ ХОРООЛЛЫН 10 ДАВХАРЫН 55, 56 ТООТЫН АЙЛУУДАД НЭЛЭЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦУУРАЛТ ӨГСӨН

-Өчигдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ы барьж буй Саруул хорооллын барилга дээр ноцтой осол гарсан. Тус ослын дүгнэлт гарсан уу?

-Осол 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 17.00 цагийн үед гарсан. Баянзүрх дүүргийн 26-р хороонд Баянмонгол хорооллын баруун талд "Алтай констракшн"-ы ерөнхий захиалагчтай Саруул хорооллын 4 дүгээр ээлжийн барилга дээр осол гарсан. Тус компанийн туслан гүйцэтгэгчээр “Тольт дэнлүү” ХХК барилгын ерөнхий угсралтын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Өргөх машин механизмын хувьд “Өндөр кран” ХХК краныг угсарсан. Харин “Өнөр бүч” ХХК засвар үйлчилгээг нь хариуцаж ажиллаж байсан. Компаниудын бичиг баримтууд ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын  явцын дунд хийсэн дотоод хяналт шалгалтыг давхар шалгаж байна. Мөн үүнээс гадна Ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын чанар аюулгүй байдлын хэлтэстэй хамтраад  Баянмонгол хорооллын 410-р байрны 10 давхарт байгаа хоёр айлын дүүргэлтийн хана болоод бусад хийцэд ямар эвдрэл гэмтэл учирсан байна гэдгийг  тогтоохоор нарийвчилсан шалгалтыг 14.00 цагаас эхлэн хийж байна. Энэ шинжилгээний хариу гаргахаар манай зүгээс дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Осол гарсан даруйд мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох ОБЕГ, ЦЕГ зэрэг байгууллагууд очиж ажилласан. Ослын газрыг хамгаалалтад аваад байна.  

-Кран хэдэн метрийн өндрөөс унасан бэ. Унах үедээ ачаатай байсан уу?

-Ослын үед тухайн кран 12 давхар буюу түүнээс дээш 36 метрийн өндөрт ажиллаж байсан. Кран кабиныхаа доод хэсгээр тасарсан байдалтайгаар унасан. Ингэхдээ ямар нэгэн ачаагүй сул байсан.

-Кранистын биеийн байдал хэр байна вэ. Эмнэлэгт хүргэгдсэн гэсэн?

-Кранист нь 36 настай БНСУ-ын иргэн  байсан. Осол болсон даруйд манай зүгээс эмнэлгийн байгууллагатай холбогдож осолд өртсөн талаар асуухад  тухайн хүний биеийн байдал нэлээд хүнд байгаа гэдгийг эмнэлэгийн зүгээс хэлсэн. Тус иргэнийг Монголд ажиллах хугацаа болоод мэргэжлийн үнэмлэхтэй эсэхийг тодруулж одоогоор байна. 2018 оны 01 дүгээр сарын 08-нд түр ажиллах сунгалт хийлгэсэн байна. Бэртсэн иргэн "Алтай констракшн" компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа  “Тольт дэнлүү” ХХК ажилтан.

-Хажуу талын барилгад цууралт өгсөн гэсэн. Ослын улмаас үүссэн  хохирлын хэмжээнийг тодорхойлсон уу?

-Осол болох үед Баянмонгол хорооллын 410-р байрны 9, 10 дугаар давхарт краны суманд өртөж цууралт өгсөн. Ялангуяа 10 давхарын 55, 56 тоотын айлуудад нэлээд их хэмжээний цууралт өгсөн байсан. Үндсэн хийц дамнуургад нөлөөлсөн байх магадлалтай гэсэн анхны үзлэгийн дүгнэлт гарсан. Үүнийг цаашид нарийвчилж шалгахаар Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж байна.

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт өмнө нь хийсэн үү. Кран нь зөвшөөрөлтэй байсан талаар тодруулахгүй юу?

-НМХГ-аас 2017 оны долдугаар сард тухайн кран дээр магадлал хийсэн. Магадлал хийх үед тус барилга дөрөвдүгээр давхартаа ажил явж байсан. Тухайн үед магадлал хийгээд зөвшөөрлөө аваад явсан. Үүнээс хойш секц нэмэх болгондоо мэргэжлийн байгууллагаар дахиж засвар үйлчилгээ магадлал хийлгэх ёстой. Ялангуяа удаан хугацаагаар зогссон одоо ажилд гарах гэж байгаа кранууд дээр засвар үйлчилгээ хийж дахин магадлал хийлгэх зүйтэй. Магадлал хийлгэсэн краны хувьд тухайн ААН хүсэлтээ гаргаад магадлал хийлгэх боломжтой. Манай зүгээс тухайн краны метал хийцэд нь шинжилгээ хийхээр ажиллаж байна.

-Барилгын компаниуд хэдэн онд үйлдвэрлэгдсэн кран ашиглаж байна. Зөвшөөрөлтэй хэдэн кран бүртгэлтэй байна вэ?

-2017 оны байдлаар 310 гаруй кран ажиллаж байна гэсэн дүн мэдээ байгаа. Хуучин кран ч байгаа. Дийлэнхи нь  шинэ кран байгаа. Ихэвчилэн БНХАУ-аас орж ирсэн кран байгаа.

-Магадлалыг ямар ямар үндэслэлээр өгдөг вэ?

-Магадлалыг хөндлөнгийн байгууллага шинжилгээ хийнэ. Мөн манайд хүсэлт гаргах юм бол манай шинжээчид шалгаж лабороторийн хэмжээнд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргана. Энэ шинжилгээний дүгнэлтийг үндэслэж улсын байцаагч дахиж хяналт тавьж ашиглах эсэхийг шийддэг.

-Ажиллаж буй 310 кран дээр шалгалт хийдэг үү. Хамгийн сүүлд хэзээ хяналт шалгалт хийсэн бэ?

-Бүх кран дээр хяналт шалгалт хийгдсэн байгаа. Жилд 2-оос доошгүй төлөвлөгөөт шалгалт хийдэг. Явцын дунд албан байгууллагуудын хүсэлтээр хяналт шалгалт хийдэг. Бүх крануудыг шалгаад магадлал олгосон гэж ойлгож болно.

Д.Сумъяабазар: Оюутолгойн гэрээ ямар нэг байдлаар гацах, саад бэрхшээл тулгарч болохгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” уул уурхай сэдвээр өнөөдөр мэдээллээ хийлээ. Хуралд УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар болон газрын дарга нар оролцсон юм.  Мэдээллийн эхэнд УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар "Казакстан улс хоёр том баялгийн сангаар дамжуулан дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргаж, худалдаж авдаг. Үүний адил бид, Монгол улс ч гэсэн баялгийн сангийн тухай ярих цаг болсон. Олон орны баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон. Баялгийн сан гэдэг нь Үндсэн хуульд заасан байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг заалтыг хэрэгжүүлэх, гол үндэс нь. Тиймээс баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.  Харин өнөөдрийн бидний ярьж буй энэ Баялгийн сан бол хуримтлалын сан гэж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн 6.1-д зааснаар Улс орны баялаг ард түмний өмч мөн гээд заасан байдаг. Тиймээс Баялгийн сангийн тухай хуулийг бид яаралтай санаачлан хэлэлцэхээр хэд хэдэн улсын туршлагыг судлаж үзлээ. Бид уул уурхайгаас олж байгаа орлогуудаа ирээдүйн өв сан болгож үлдээх ёстой. ДНБ-ий 10 хувиас давсан хуримтлал үүсгэхэд бид анхаарах хэрэгтэй болжээ. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болон ашигт малтмалын үнэ өсөлттэй байна. “Эрдэнэс Монгол” дээр суурилж баялгийн сан, үндэсний хуримтлалын санг бий болгохоор зорьж байна. Үндэсний хуримтлалын сангийн тухай болон баялгийн сангийн хуулиудыг УИХ-ын гишүүн болон Засгийн газрын түвшинд ч дэмжиж байгаа" гэв. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Сая айлчлалын үр дүн. Мөн БНХАУ-ын Петрочайна компанийн удирдлагуудтай бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар тодорхой мэдээлэл солилцсон зүйл бий юу?

-Айлчлалын хүрээнд БНХАУ-ын тал бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр бид хөрш, зэргэлдээ орнууддаа ашигтай байдлаар цааш явах ухаанаар бодлогоо гаргаж явах ёстой гэж бодож байна. Өчигдрөөс эхлэн Гашуунсухайт боомтоор хил нэвтрэх нүүрс тээвэрлэгч машины тоо эрс нэмэгдэж эхэлсэн. Энэ тоо ч цаашид ч нэмэгдэх байх. “Петрочайна” ХХК-тай хийсэн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг анх 1993 онд бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа. 

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрснээс 268 мянган тонн нүүрс дутагдсан гэх мэдээлэл гарсан.  Нүүрс дутагдсан шалтгаан юу байв? 

-268 мянган тонн нүүрс алга болсныг мэргэжлийн байгууллагууд судалж, ажиллахаар ажлын хэсэг байгуулна. Ийм хэмжээний нүүрс яагаад дутсаны олж тогтоох хэрэгтэй. Мөн түүний шалтгааныг олох ёстой.

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг цагдан хорьж хэргийг нь шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Рио Тинто компаниас Засгийн газарт ямар нэг мэдээлэл ирүүлж байр сууриа илэрхийлсэн зүйл байгаа юу?

-Оюутолгойтой холбоотой энэ асуудыг  хүмүүс өөр өөрсдийнхөөрөө таамаглаж байна. Оюутолгойн анхны гэрээтэй холбогдуулан хуулийн байгууллага холбогдох шийдвэрээ гаргах байх. Ер нь бол Оюутолгойн гэрээ ямар нэг байдлаар гацах, саад бэрхшээл тулгарч болохгүй гэж би хувьдаа  бодож байна.

 "Жаст”-ийн Ш.Батхүү шүүх хуралд оролцохоор өөрийн биеэр иржээ

“Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал  яг одоо Баянзүрх дүүргийн шүүхэд эхлэх гэж байна. Өмнөх удаагийн хуралд  “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ өмгөөлөгчөөр дамжуулж гаргасан учраас шүүх бүрэлдэхүүний зүгээс ч  “Жаст группийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Ш.Батхүү мөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж хойшлуулсан байсан Түүнийг шүүх хуралд онлайнаар сууж магад гэсэн мэдээлэл гарсан тэрбээр  шүүх хуралд өөрийн биеэр иржээ.  

А.Сүхбат: Би цагдаагийн байгууллагад хандчихсан байгаа

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат нарын тэргүүтэй “Увс нуур” дэвжээний бөхчүүд өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөө рүү дайрч үймээн дэгдээсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн бие хамгаалагч нь УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед халдан гэмтээсэн гэх мэдээллийг “Увс нуур” дэвжээний бөхчүүд өгөөд байгаа билээ. Монголын Үндэсний бөхийн холбоог өөрсдийн болгох гэсэн бөхчүүдийн тэмцэл эцэстээ хурцдаж зодоон, цохиондоо тулсан нь энэ. Нэг талд Үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг байгуулсан Р.Нямдорж болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бий бол нөгөө талд “Гацуурт”-ын Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын бөхчүүд энэ холбоог булаацалдан хэрэлдсээр. Хэн, хэн нь шүүхийн шийдвэр барин нэгийгээ хууль бус хэмээн үгүйсгэн түүгээр далимдуулан бөхийн холбоо, бөхийн өргөөг авах гэсэн санаархал хэрхэн шийдэгдэхийг ард түмэн анхааралтай ажиглаж буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн А.Сүхбатаас тодруулахыг хүссэн ч цааргаллаа 

- Өнгөрсөн амралтын өдөр таныг Бөхийн өргөөнд очих үед биед тань халдсан гэсэн. Та тэнд ямар асуудлаар очсон юм бэ ?

- Миний биед халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргачихсан байгаа. Тийм болохоор хуулийн байгууллагаар шийдэгдтэл энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй.

- Та нарын маргаан бөхөд хайртай ард түмнийг залхааж байна. Хоёр талд шүүхийн шийдвэр барьчихаад хэрэлдээд байдаг. Яг хэнийх нь зөв эсэхийг хүмүүс мэдэхийг хүсч байна?

- Бид нэг л зүйлийг шаардаж байгаа. Хуулийн шийдвэрийг хэрэгжүүлэх, биелүүлэхийг, хууль дээдлэхийг шаардаж байгаа. Тэгэх үүрэгтэй шүү дээ.

НМХГ: Кранист нь БНСУ-ын иргэн бөгөөд одоогоор биеийн байдал нь хүнд байна

Өчигдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ы барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа нурж унасан хэрэг гарсан. Уг ослын улмаас кранист нь хүнд бэртсэнээс гадна дөрвөн машин эвдрээд байгаа юм.  Мөн Баянмонгол хорооллын 410-р байрны 10 давхарын айлын тагтны вакум цонхыг хагалсан байна.

Манай сайт энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Осол өчигдөр 17.00 цагийн орчимд гарсан. Кранист нь БНСУ-ын иргэн бөгөөд бэртсэн даруйд нь цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Одоогоор биеийн байдал нь хүнд байна. Кран 36 метрийн өндрөөс унасан. Одоогийн байдлаар ослын газрыг хамгаалалтад авч барилгын үйл ажиллагааг зогсоосон. Мэргэжлийн хяналтын газраас гарсан ажлын хэсэг ослын газарт ажиллаж буй бөгөөд ямар нэгэн байдлаар дүгнэлт гаргаагүй байгаа” гэлээ.

Голын эхэнд зөвшөөрөлгүй алт олборлох гэж байсныг таслан зогсоожээ

Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, олборлохыг завдсан хэрэг гарсан байна. Тодруулбал,  Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохоор зэхэж байсан бүлэг этгээдийг илрүүлжээ. Тэд Хүйтний голын эх, Цэхэр цөөрөм гэх газарт ашигт малтмал олборлохоор таван эксковатор байрлуулсныг аймгийн холбогдох албаны мэргэжилтнүүд таслан зогсоосон байна. Улмаар цагдаагийн газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгөнийг улс төржүүлмээргүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн "Хүүхдийн мөнгөнд 41 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ мөнгийг яаж гаргах гэж байна вэ. Тодотгол хийх үү" гэж асуулаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Одоогийн байдлаар тодотгол хийх нөхцөл бүрдээгүй. Нэмэлт хөрөнгө гаргахаар ажиллаж байна. Хүүхдийн мөнгөнд зарцуулах мөнгийг тэрхүү хөрөнгөөс гаргах юм" гэж хариулав. 

 Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн "Төсвийн жилийн дундуур хүүхдийн мөнгөний асуудлыг оруулж ирж байгаа нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг тул Засгийн газар хуулиа мөрдөж ажиллах хэрэгтэй. Хууль зөрчөөд байгаа юм биш үү" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Эдийн засаг хүнд байгаа шүү. Бизнес эрхлэгчдийн зовлонг биеэрээ судалж мэдрээрэй. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж орлого өсч байгаа нь үнэн. Гэвч энгийн өрх гэрт энэ өсөлт наалдахгүй байна. Манай улстөрчид төсвийн орлого нэмэгдэхээр мөнгөө цацаж эхэлдэг нь нууц биш. Гэхдээ хүүхдийн мөнгө бол өөр юм. Бид хүүхдийн мөнгийг олгодог байх нь зүйтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш 10 хувь нь огт аваагүй байдаг. Тиймээс бололцоотой өрхийн хүүхдэд мөнгө тараах хэрэг байна уу. Энэ тал дээр зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Илүүдэл мөнгөөр аймаг бүрт үйлдвэр барьсан бол одоо манай улс ямар харагдах байсан бол гэдгийг бодох хэрэгтэй" гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хүмүүс урдаас харж суучихаад худлаа яриад байх юм. Баян айлын хүүхдүүд 20 мянган төгрөгөөр дутаагүй шүү дээ. Харин тэдэнд өгөх мөнгөөр сургууль, цэцэрлэг баръя. Бүгдээрээ хүүхдийн мөнгийг улс төржүүлэхээ болъё" гэсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 80 хувь нь дэмжлээ.

Дараа нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Улс орны эдийн засаг сайжрах үед хүүхдийн мөнгийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэхүү мөнгийг олгож эхэлснээс хойш нийт хүүхдийн 13 хувь мөнгөө огт аваагүй байдаг. Үүнээс улбаатай зарим албан тушаалтнууд үлдэгдэл мөнгийг буруу зарцуулсан тохиолдол гарч байсан. Гэлээ гэхдээ хүүхдийн мөнгө орлого багатай өрхүүдэд нэмэлт орлого болж очдог байх хэрэгтэй. Өнөөдөр улсын хэмжээнд 82 мянган өрх толгойлсон эхчүүд байна. Мөн хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдийн зарим нь хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр шуудай гурилын үнэ хийж амьдарч байгааг мартаж болохгүй шүү" хэмээв. 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох тогтоолын төсөл боловсруулсан. Боломжтой" гэв.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж "Сайханбилэгийн засгийн газрын үед 40 хувь нь олгох тогтоол боловсруулж, УИХ батлахад та дарга нь байсан биз дээ. Одоо улс төр хийхээ болих хэрэгтэй" гэлээ. 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "Сайханбилэгийн үед оруулсан нь үнэн. Гэхдээ тэр үед хүүхдийн мөнгө халамжийн биш, монгол улсыг өнөр өтгөн болгоход зориулагдсан. 2016 оны парламент хүүхдийн мөнгийг халамж болгочихлоо" гэсэн юм. 

Ингээд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл олонхийн дэмжлэг авч чадсангүй. Тиймээс хууль санаачлагчид тогтоолын төслийг хүргүүлэхээр тогтов.

Солонгосын “виз гаргана” хэмээн их хэмжээний мөнгө залилжээ

Сүүлийн үед БНСУ руу виз мэдүүлэгчдийн урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг залилан мэхлэх явдал газар авчээ.

Хууль журмаараа ХНХЯ-ны харьяа агентлаг болох Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас албан ёсны зөвшөөрөл авсан байгууллага гадаадад ажиллах хүч илгээх, зуучлах эрхтэй байдаг. 

Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, олон иргэнээс мөнгийг нь залилсан “Хас ган” гэх компанийнхныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I, Чингэлтэйн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Тус компанийнхан “Солонгосын визийн шалгалтад тэнцүүлж өгнө, БНСУ-д хөдөлмөр эрхлүүлнэ” гэх нэрээр зөвхөн Сүхбаатар дүүрэгт л гэхэд 40 орчим иргэнийг залилж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ.

Мөн Чингэлтэй дүүрэг болон орон нутгуудад цөөнгүй хохирогч байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

Өнгөрсөн намар л гэхэд “Хас ган” компанийнхан Увс аймагт дээрхтэйгээ ижил утгатай зар нааж байхад нь орон нутгийн цагдаагийнхан нягтлаад ХНХЯ-наас тусгай зөвшөөрөлгүй учраас үйл ажиллагаа явуулж болохгүй хэмээн буцааж байжээ. 

Гадаадад өндөр цалинтай ажил хийх сонирхолтой хүмүүсийн хүсэл дээр дөрөөлөн энэ мэтээр залилан мэхлэх явдал ихэсч буй учраас сайтар судалж байхыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн анхааруулж байна.

Рио Тинтогоос Засгийн газарт ямар захидал ирэв

ТӨРИЙН ОРДНЫ ЖИВ, ЖУВ 

Рио Тинтогоос Засгийн газарт захидал ирүүлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар захидал өнгөрсөн баасан гаригт ирсэн байна. Захидлын утга агуулга чухам юунд чиглэсэн талаарх мэдээлэл одоохондоо нууцлагдмал байгаа юм. Ер нь Засгийн газрын хэрэг, эрхлэх газрынхан тус захидлыг маш нууцалж байгаа гэнэ.

Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр ч Ерөнхий сайд, нэг Сангийн сайд болон томоохон албан тушаал хашиж байсан хэд, хэдэн хүнийг барьж хорьчихсон энэ цаг үед Рио Тинтогоос ямар утга агуулгатай захидал ирсэн нь олны анхаарлыг татах нь мэдээж юм. 

Өрнөөд буй их баривчилгааг далимдуулан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах бүр цуцлах ёстой гэх байр, суурийг зарим гишүүд илэрхийлж буй. Бүр Рио Тинтог буланд шахах ёстой гэж буй.

Чухам УИХ-ын гишүүдийн энэ байр, суурьтай холбогдуулан Рио Тинтогоос байр, сууриа илэрхийлж захидал хүргүүлсэн байх магадлалтай. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангаа тайлагнах үеэрээ “Саяхан би Рио Тинто группийн Гүйцэтгэх захиралтай уулзсан. Би яг энэ асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлж, тавих ёстой шаардлагаа тавьсан. Хоёр талаас ажлын хэсгийг байгуулах, Монголын ашиг орлогыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх гэх мэт. Энэ тал дээр бид цаашдаа Оюутолгой гэх компанитай ярихгүй, Рио Тинто компанитай ярилцана гэдгээ хэлсэн. Ер нь эзэн нь юмаа мэдэж, эрэг усаа хашдаг. Эх орныхоо баялагт бид эзэн нь байх ёстой. Оюутолгойг бид зогсоохгүй, харин ашигтай ажиллах ёстой. Цаашдаа бид Оюутолгойг эрчим хүчээр хангах ёстой байна. Энэ талаар бид ярилцаж, зарчмын хувьд тохиролцсон гэж ойлгож болно” гэж ярьж байв. 

Түүний өмнөхөн Уул, уурхайн дэд сайд Д.Загджав Рио Тинтог гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаад Монгол улсыг хохироож болохгүй гэдгийг сануулж байлаа. 

Ингээд удалгүй байтал Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Оюутолгойг Хятадаас бус Монголоос эрчим хүчээ авахыг шаардсан. Тэрбээр “Оюутолгой нэг жилд 100 гаруй сая долларын эрчим хүчийг Хятадаас авдаг.Ирэх жилээс гүний уурхай ажиллаад эхэлбэл 200 сая долларын эрчим хүч авдаг болно. Одоо Монголоос авах ёстой. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Эрчим хүч авах ёстой байсан хугацаа нь өнгөрөөд нэг жил болж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгойн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол улсын нутаг дэвсгэр дэхь дор дурдсан буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана. Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчийн барьсан эсвэл санхүүжүүлсэн нүүрсээр ажиллах цахилгаан станц, хоёрдугаарт, гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн эсвэл барьсан цахилгаан станц, гуравдугаарт, Монгол улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс цахилгааны хэрэгцээгээ хангана” гэж заасан байдаг. Дээрх гэрээний дагуу Оюутолгой компани 2017 оны долдугаар сараас эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах ёстой байсан ч өнөөдөр жилд 140-160 сая ам.доллараар эрчим хүчээ импортолж байна. Өөрөөр хэлбэл Монголоос эрчим хүчний эх үүсвэрээ авах ёстой байсан ч авахгүй байна” гэсэн билээ. 

Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар Рио Тинтод үе, үе давтамжтай сануулгыг өгч буй. Ямартай ч Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүйгээр хийсэн гэдгийг илтгээд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг бариад хорьчихлоо. 

Тэд Рио Тинтод найр тавьж эх орноо хохироосон гэх дүр зураг энэ зураг энэ өдрүүдэд харагдаж байна. Харин энэ Засгийн газар тэдний алдааг засч, Оюутолгойгоос хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ гэж зүтгэж байх шиг байна. Харин нөгөө тал бидний дураар гэрээндээ өөрчлөлт оруулах уу гэдэг нь өөрөө асуудал. 

Ямартай ч Оюутолгойн гэрээнд алдаа оноо бий. Тийм  ч учраас цаг хугацааны явцад гэрээгээ сайжруулах бүрэн боломж бидэнд бий билээ. 

Г.Баасан: АТГ-ын дарга болоход бэлэн. Би шаардлага хангаж байгаа

Өчигдөр АТГ-аны дэргэдэх олон нийтийн  зөвлөл хэвлэлийн хурал зарласан билээ. Хурлын үеэр “АТГ-ын даргад таны нэр дуулдаж байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ” гэсэн асуулт тавихад “Олон нийт надад итгэл хүлээлгэвэл би АТГ-ын дарга болоход бэлэн. Би шаардлага хангаж байгаа” хариулт өгсөн юм. Үүнээс үзэхэд Г.Баасангийн чин хүсэлт нь АТГ-ын дарга болох гэдэг нь харагдаж байна.  Нэгэн цагт ахмадын холбоог тэргүүлж ахмадын нийгмийн асуудлыг  хөндөж ярьж байсан Г.Баасан хэсэгтээ нам жим амьдарч байгаад МАН-ын дарга сонгогдохтой зэрэгцэн дахин гарч ирсэн. Тэгэхдээ  АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг даргаар томилогдож "том"-оор эргэж ирсэн. Тэгвэл түүний "том"-оор эргэж ирсэн цаад  шалтгаан нь АТГ-ын дарга болох байв уу. 

НӨАТ: Сунгалаанд азтан бол хүсэлтээ хэрхэн баталгаажуулах вэ

НӨАТ-ын сугалаанд азтан болсон хүсэлтээ хэрхэн баталгаажуулах вэ? Та Ebarim-д нэвтэрч ороод данс тохируулах-руу ороход таны тохиролд таарсан сугалааны мэдээлэл харагдана. Хэрэглэгчийн мэдээллээ шалгаад зөв бөгөөд хонжворын мөнгө 1,000.000 төгрөгнөөс бага байвал баталгаажуулах товч дарж хүсэлтээ илгээж баталгаажуулна. Та 1 000.000 болон түүнээс дээш дүнгээр азтан болсон бол хүсэлт / 2хувь/, иргэний үнэмлэх, баримттайгаа ТЕГ-ийн Орлогын газарт хандана. Харин хөдөө орон нутгийн иргэн бол тухайн аймгийн татварын хэлтэст дээрх материалыг бүрдүүлж өгнө.

"Алтай констракшн"-ы "Саруул" хорооллын барилгын ажилд аюулгүй байдлыг хангаж ажиллаж шаардлага хүргүүлж байжээ

Барилгын кран нурж нэг иргэн гэмтэж, их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа нурж унажээ. Кран унах үед ойролцоо явж байсан нэгэн иргэнийг гэмжтээж, зогсоол дээр байсан приус маркын 2-3 автомашин дээр унаж, Баянмонгол хорооллын 410-р байрны 10 давхарын айлын тагтны вакум цонхыг хагалсан байна.  Тухайн үед кран дотор кранист кабиндаа ажиллаж байжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр гэмтсэн нэг иргэн гэмтлийн зэргээ тодорхойлуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан аж.  Мөн Баянмонгол хорооллын 410, 412, 414 байрны оршин суугчдын гражийн гарц талд уг кран нурж унаснаар иргэд болоод автомашин бүхий зорчигчдод түгжрэл болон чирэгдэл үүсч тус байрны оршин суугчдын хэлж байлаа. 

Баттай эх сурвалжийн мэдээлснээр "Алтай констракшн"-ы  "Саруул" хорооллын барилгын ажилд Мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөрийн аюулгүй байдлы хангаж ажиллах 28 зүйл заалт бүхий санамж, шаардлагыг удаа дарааллан  хүргүүлээд байсан аж. 

Тухайлбал, 2017 оны наймдугаар сарын 14-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас “Алтай констракшн” компанид хүргүүлсэн албан шаардлагад:

  • Барилгын орц, гарц, стандартын бус шат, хүн унаж болох нэвт хонгилууд, барилгын захын хийцүүдэд ямар нэг хамгаалалт, хашлага хийц хийгдээгүй,
  • Урьдчилан сэргийлэх дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хашилт хийгээгүй,
  • Үйлдвэрлэлийн талбай болон орчны цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж, дараа өдрийн ажлын байрны эмх цэгц, эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангаагүй гэх зөрчлүүдийг арилгуулахаар шаардлага хүргүүлж байжээ.

Урин дулаан цаг ирэхээр барилгын ажлаас үүдэлтэй осол гэмтэл их гардаг ч хариуцагч байгууллага нь хүний амь эрсдээгүй л бол "нам" дараад өнгөрдөг буруу жишиг бий. 

Одоогоос  4 жилийн өмнө Тэнгис кино театрын ойролцоо баригдаж байсан барилгын кран унаж хичээлдээ явж байсан 8 настай охин ами алдаж байсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн талаар тухай үед нийгэм шуураад өнгөрсөн ч хариуцлагын асуудал яригдалгүй намжсан.  

ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо /ХАБЭАҮХ/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НДЕГ-аас  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аян эхэлсэн энэ өдрүүдэд ийм ноцтой осол гарлаа. Энэ мэтчилэн барилгын осол аваар гарах нөхцөл байдалд хариуцлага тооцох нь зүйтэй. Хариуцлага  тооцох асуудал зайлшгүй шаардлагатай гэдгийг  "Алтай констракшн"-ы  "Саруул" хорооллын барилгын ажил харууллаа. 

Ц.Нямдорж: С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайд байхдаа мөнгөгүй гээд айлын хөргөгч тоолоод явж байсан

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ингээд хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох тухай асуудлыг дэмжээгүй юм. Харин нийт хүүхдийн 80 хувьд олгох ёстой гэж үзсэн юм. 

Хуулийн төслийг хэлэлцэж байх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “УИХ-ын гишүүд, төрд алба хашиж байгаа хүмүүс улс төрийн зорилгоор худлаа ярьдагаа болчихмоор байгаа юм. Ч.Сайханбилэг 2016 оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг 40 хувьд олгоно гэж батлуулсан. Тэр үед одоо танилцуулга хийсэн З.Энхболд УИХ-ын дарга байсан. Он гарсны дараа хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгоно гэж хэлээд төсөвт тодотгол хийлгүй хүүхдүүдэд мөнгө олгосон. Дараагаар нь дахиад хүүхдийн мөнгийг тодорхой хувьд олгосон. Түүх нь ийм юм. Өнөө маргаашаа бодож худлаа ярьдагаа болчих. Одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайд байсан. Тэр үед мөнгөгүй гээд айлын хөргөгч, телевиз тоолоод явж байсан.  Өнөөдөр 5000 малтай малчин 20 мянган төгрөгөөр яах юм. Хаана хаанаа худлаа хэлдгээ больчих. Та нар ой санамжаа больчихсон байхыг үгүйсгэхгүй. Миний ой санамж хэвээрээ. Улс төрийн зорилгоор ард түмнээ басамжлахаа боль” хэмээн бухимдсан юм. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл