8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайдын ерөнхийд нь шийдсэн ажлууд юу байв

Сэтгүүлч Т.Хулан
2018-04-18 09:00:00

АСУУДАЛ & ШИЙДЭЛ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсан айлчлалаа дотоодын томилолтоор үргэлжлүүлснийг  хэвлэлүүд онцолсоор байна. Гадаад айлчлалаа дотоод томилолтоор үргэлжлүүлсэн нь хэлбэрийн хувьд онцолж болохоор үйл явдал. Гэхдээ хэлбэрээс илүү агуулгад жаахан анхаарал хандуулаад үзье. Ерөнхий сайдын энэ удаагийн гадаад болон дотоодын томилолт олон тулгамдсан асуудлыг шийдэж чадсаныг ач холбогдолын хувьд нэгдүгээрт эрэмбэлэх нь зөв юм.
Тэрбээр

•    Бээжин, Боао хот
•    Өвөрмонголын Баяннуур хот,
•    БНХАУ-ын Ганц мод боомт,
•    Монгол Улсын Гашуунсухайт боомт,
•    Өмнөговь,
•    Дундговь гэсэн маршрутаар ажилласан.
 

ШИЙДЭЛ 1: Гашуунсухайт боомт дахь машины урт цуваа богинослоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЯТАД УЛС дахь айлчлалаараа тодорхой хэд, хэдэн ажлыг амжуулахаар очсон гэж хэлж болно. Тэднээс хамгийн чухал нь Гашуунсухайт боомтод үүсээд буй хүндхэн нөхцөл байдлыг шийдвэрлэх байв. 

Тэрбээр энэ зорилгодоо хүрч чадсан. Тухайлбал 2016 оноос нүүрс таталтаа бууруулаад байсан Хятадын талтай ойлголцож чадсан гэдэг нь өчигдрөөс бодитоор мэдэгдэж эхлээд байна. Нүүрсний тээврийн автомашинуудыг Ганц модны боомтоор зөвхөн хоёр эгнээ замаар нэвтрүүлж байсныг гурван эгнээ болгож нэмсэн байна. Харин манай Гашуунсухайт боомт зургаан эгнээгээр машинуудыг нэвтрүүлж байгаа юм. Ингэснээр өчигдөр л гэхэд тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт болов.

Монголын нүүрсний экспорт огцом буурах, хил дээр урт дараалал үүсэхэд хүргэсэн энэ асуудал аажмаар шийдэгдэж байна. Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэхээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс эхлээд ӨМӨЗО-ны Баяннуур хотын удирдлага хүртэл уулзсан.

Үр дүнд нь 20 км зам туулах гэж 15 хоног машиндаа амьдардаг жолооч нар хэд хоногийн өмнө ч болов ажлаа дуусгаад гэртээ харин халуун, хоол цайгаа уух боломжтой боллоо. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баяннуур хотын Ганц модны боомтоос шууд Тавантолгой дахь Гашуунсухайт боомтод ажилласан. Энд ч мөн асуудлууд байна. Жолооч нар нүүрсээ хилээр гаргах гэж хэдэн арван хоногоор дугаарладаг байтал хэн нэгэн албан тушаалтан нь урдуур нь дайрч хулгайгаар нүүрс гаргадаг асуудал  Ерөнхий сайдыг энд ажиллах үэр ил болов. Үүнийг ч тэрбээр шийдэхээр боллоо. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхах үеэр 2020 он гэхэд Монголоос жилд 30 саяас доошгүй тонн нүүрс нийлүүлэх боломж байгаа тухай ярилцсан юм. Дэд бүтэц зэргээ хөгжүүлснээр нүүрсний экспорт, импортыг 30 саяас доошгүй тонн-д хүргэх зорилтоо биелүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж чадна. Энэ чиглэлээр хоёр улсын холбогдох байгууллагууд идэвх чармайлт гаргах ёстой гэж үздэгээ Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн. Хятадын талаас бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин манайхан дотроо ойлголцох л үлдээд байна. 

ШИЙДЭЛ 2: НИЙСЛЭЛИЙН ЭВГҮЙ ҮНЭР АРИЛНА 

Манайхан ярьдаг, улс төржүүлдэг хэдхэн сэдэвтэй болсоны нэг нь Төв цэвэрлэх байгууламж. Ажил хийсэн болж харагдах гэсэн дарга нар Төв цэвэрлэхэд очдог моод ч дэлгэрэсэн гэж хэлж болно. Тэд бүгд “Асуудлыг шийдээд өгнө” гэж дуугардаг ч сүүлдээ тэдний үгэнд нь итгэх нэг ч хүнгүй болоод байна. Хөрөнгө, мөнгөний асуудал хамгийн хүнд байсаар ирсэн. 

Жилээс жилд нөхцөл байдал нь хүндэрч ачааллаа дийлэхээ больж буй Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих хөрөнгийг энэ удаагийн айлчлалаар шийдвэрлэв. Нийт 300 сая долларын асуудал яригдлаа. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг төслийг хийсэн гакрыг сонгон шалгаруулахаар ажиллаж буй бөгөөд дараагийн ажлыг цаг алдалгүй эхлүүлж чадвал нийслэлчүүд үмхий үнэргүй зусах цаг ойрхон болж байна гэсэн үг. 

Мөн Хятадын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна. 

ШИЙДЭЛ 3: ТАВАНТОЛГОЙ ХӨДӨЛНӨ

Мөн Ерөнхий сайдын айлчлалын гол хүлээлтийн нэг нь Таван Толгой бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төсөл байсан. Хятадын талаас энэ ажил дээр бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн байна. Тиймээс манайхан шалавлах хэрэгтэй боллоо. Таван Толгой төслийн ашиглалтыг нэмэгдүүлэх, цогцоор нь бодлого боловсруулах асуудлыг Ерөнхий сайд Улаанбаатарт эргэж ирээд Засгийн газар дотроо хэлэлцэж улмаар УИХ-д өргөн барина гэж  Эрдэнэс Таван Толгойд болсон олборлогчидтой хийсэн уулзалтын үеэрээ хэлсэн юм. Шийдвэр гаргахын тулд ч танхимын олон сайдын хамт Таван Толгойн үйл ажиллагаатай нь биечлэн танилцлаа гэж байв. 

ШИЙДЭЛ 4. ДУНДГОВИЙН УДИРДЛАГУУДЫН ХИЙЛГҮЙ ХОЁР ЖИЛ ӨНЖҮҮЛСЭН ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДАЛ ШИЙДЭГДЭВ 

Ерөнхий сайдын хамгийн сүүлд очиж ажилласан аймаг бол Дундговь. Тэнд иргэдтэй уулзах үеэр нэгэн иргэн Засаг даргынхаа талаар таагүй мэдээллээр хошуу хүргэсэн юм. Иргэний хэлж буйгаар аймаг нь ганц цэцэрлэг барьж чадахгүй хоёр жил болсон гэнэ.  Шалтгаан нь 140 сая төгрөгийг гаргаад хуучин, муу цэцэрлэгээ нурааж чадахгүй байгаатай холбоотой. Хэрвээ энэ цэцэрлэгийг нураачихвал хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй болчих гээд байдаг. Гэтэл  хуучин цэцэрлэгээ нурааж чадалгүй хоёр жил болсон гэнэ. Гэтэл Засаг дарга О.-Бат-Эрдэнэ нь өрөөгөө 100 саяар зассан гэнэ. Мөн  Төв эмнэлэгт нь зориулалтын бүрэн автомат машин ядаж ганцхан хэрэгтэй байгаа аж. Эмнэлэгийн зүгээс 70-80 сая төгрөгийн түргэний машин өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гуйсан юм.  Эмнэлэг нь машингүй байхад нөгөө Засаг дарга мөн л  тансаглаж  100 саяар машин авч унажээ. Ерөнхий сайд цэцэрлэг болон машины асуудлыг нь шийдэж өгөхөөр болсон. 

Цэцэрлэгийг барьчихдаж байж харин ёс зүйгүй, хүнд сурталч даргын асуудал ил болсон нь өөрөө үр дүн юм. 

ШИЙДЭЛ 5: 4.6 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 36 ГЭРЭЭ

 

 

Энэ удаагийн айлчлалд Монголын 163 компанийн 299 төлөөлөгч оролцсон бөгөөд Хятадын бизнес эрхлэгчидтэй нийт 4.6 тэрбум долларын үнийн дүн бүхий 36 төрлийн хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа билээ.

Хоёр орны хамтарсан Бизнес Форумд нийт 600 орчим төлөөлөгч оролцсон нь өмнө нь болж байсан хамтарсан бизнес форумуудтай харьцуулахад өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр үр дүнтэй болсон юм.Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал өөрийнх нь хэлсэнчлэн хоёр улсын хооронд үүсээд байсан улс төрийн үйл ойлголцол илааршснаас гадна, эдийн засаг, нийгмийн шинж чанартай томоохон төслүүдийг эхлүүлэхэд талууд тохирч чадсан, асуудал бүрийн шийдвэрлэж чадсанаараа онцлогтой байлаа.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл