8o
Улаанбаатар хот
mobile menu

Гашуунсухайтад тээвэрлэлт хийж буй жолооч нарт зориулан амрах цогцолбор барина

2018-04-18 12:24:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт боомтод нүүрсний тээвэрлэлт хийж буй жолооч нарын цалин хөлс болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн шийдвэрлэсэн байна. 

Энэ талаар Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан. Айлчлалаар Монгол улсаас экспортлож буй нүүрсний хэмжээг ихэсгэх, Тавантолгой Гашуунсухайт дахь нүүрс тээвэрлэлт, ложистикийн асуудлыг сайжруулах талаар БНХАУ-ын холбогдох албаныхантай ярилцсан. Энэ хүрээнд Тавантолгой, Гашуунсухайт чиглэл тээвэрлэлт хийж буй жолооч нарын нийгмийн асуудлыг сайжруулж тэдний амрах бололцоог хангах чиглэлээр амрах цогцолборыг бий болгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Энэ ажлыг яаралтай, шуурхай хйихээр болсон. Нүүрс нийлүүлж байгаа уурхайнууд болон нүүрс худалдан авч байгаа аж, ахуй нэгжүүд хоорондоо ярилцаж, тохироод ложистикийн асуудлаа шийдэх ёстой гэсэн шаардлагыг бидний зүгээс тавьж байгаа. Нөгөөтэйгүүр тээврийн байгууллагууд өөрсдийн мэдлийн зогсоолтой, жолооч нарынхаа цалинг нь цагт нь өгдөг тэднийг амралтын байраар хангах ёстой юм. Жолооч нарын амралтын цогцолборыг 10 орчим тэрбум төгрөгөөр барих тооцоолол байна. Гэхдээ энэ тооцооллыг илүү нягталж, шалгана” гэлээ.

Амралтын цогцолбор нь авто зогсоолтой, дулаан байр, эрүүл мэндийн болон бусад амралтын үйлчилгээг үзүүлдэг болох юм байна. 

Төсөл хэрэгжсэнээр, 

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүсдэг автомашины урт дарааллыг арилгана
  • Тээвэрчдийн баталгаат хоол хүнс, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амрах нөхцөл бүрдэнэ.
  • Нүүрс тээвэрлэлтийн явцад гардаг осол эндэгдлийг бууруулж жолоочдын амь нас хохирол гардаг асуудлыг таслан зогсооно.
  • Орон нутгийн байгаль экологид учирч буй сөрөг нөлөөллийг бууруулна.
  • Төслийн хүрээнд рентген төхөөрөмж бүхий гаалийн хяналтын бүсийг байгуулснаар хил гаалийн шалган нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөн ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хилээр хориглосон болон хязгаарласан эд, бараа хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлнэ зэрэг үр дүн гарах ач холбогдолтой гэж үзэж байна.

“Авто зогсоолын цогцолбор” төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, шаардлага хангасан хуулийн этгээдийг сонгон үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгажээ. 

Өнөөдрийн байдлаар Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийж байна. Монгол-Хятадын хилийн автозамын Гашуунсухайт боомтын хяналт шалгалт, нэвтрүүлэх хурдаас хамаарч өдөрт 400-1100 автомашин хилээр нэвтэрдэг бөгөөд хэвийн ачаалалтай үед 20-30, ачаалал нэмэгдсэн үед 140 км хүртэл урт дараалал үүсдэг. Үүнээс шалтгаалан жолооч нарын дунд өрсөлдөөн үүсч, зориулалтын бус замаар явах, гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, дараалал дундуур дайрч замын зорчих хэсгийг хаах зэргээр хөдөлгөөнд зүй бусаар оролцдог. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж осол эндэгдэл гарах, жолооч нарын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох, мөн замын дагуу хог хаягдал үүсгэж орчныг бохирдуулдаг, газрын хөрсийг сулруулж их хэмжээний тоосжилт үүсгэн байгаль орчныг бохирдуулан эко системд хор учруулдаг зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна.

Тавантолгой-Гашуунсухайт замд 2016 онд  зам тээврийн 1596 осол гарч, 8 хүний амь нас хохирсон бол 2017 онд 1000 орчим осол гарч, 7 хүн амь насаа алджээ.

Засгийн газарт ойрын хугацаанд Таван Толгойн ашиглалтыг сайжруулах талаарх цогц асуудлыг тээвэрлэлтийн хамт оруулж ирж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын 320 дугаар тогтоолыг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм. 

Т.Хулан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл