8o
Улаанбаатар хот
mobile menu

Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллав

2018-04-18 13:21:00

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 14-нд Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллаж, санхүүжилтээс үүдэн царцсан “Ахлагч” хотхоны явц байдалтай танилцлаа. Сайдтай хамт ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болоод түүний зөвлөх Х.Бүрэнтогтох нар ажилласан бөгөөд ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр нар өөрсдийн хариуцсан анги дээрээ угтан авч, нэмэлт мэдээллээр хангав.

Зэвсэгт хүчний 353 дугаар ангийнхан зэвсэг хэрэгслээ дэлгээд хугацаа хэтэрсэн, шинэчлэх шаардлагатай цөөнгүй техник буйг дуулгаад ололт амжилттай олон бүтээлч ажлаа ч онцлов. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан инженерийн цэргүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний зам, бүтээн байгуулалтад хэрхэн оролцдог, манай алба хаагчид хугацаат цэргийн албаны ор, хөнжил, дэвсгэр давууг хийх боломжтой гээд цаашид “Соёлын төв”, “Цэргийн гал тогоо”-гоо яаралтай шинэчлэх шаардлага тулгарч буйгаа илэрхийлсэн. Харин Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн эмнэлэг, “Соёл спортын төв”, ахлагчийн байр, гал тогоотой танилцсан юм. Сайд Н.Энхболд хэдхэн жилийн өмнө тулгын чулуугаа тавьж, монгол гэрт штабаа байгуулж байсан энэ ангид бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж, Зэвсэгт хүчний жишиг болохуйц анги болон өргөжсөн байна гэв. Төгсгөлд нь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн зарим зэвсэг техниктэй танилцаж, агаарын орон зайн хяналт болоод агаарын цэргийн хөгжлийн талаар ярилцсан юм. БХЯ, ЗХЖШ-аас бодлогын хүрээнд агаарын цэргийг хөгжүүлэх, зэвсэг техникийг шат дараатай шинэчлэхэд гол анхаарлаа хандуулж байгааг ч илэрхийлж байв.

Мөн энэ өдөр дэд бүтцээс шалтгаалан царцаад буй “Ахлагч” хотхоны газар, явц байдалтай нь танилцсан юм. ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөрийн тайлбарлаж буйгаар Баянзүрхийн товчооноос зүүн тийш 3.5 км зайд баригдах “Ахлагч” хороололд 600 айлын таван давхар орон сууцууд, 16 айлын хоёр давхар амины орон сууц, хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, 400 машины авто зогсоол, нийтийн эзэмшлийн талбай багтахаар төлөвлөгджээ. Гэвч дэд бүтцийн асуудлаас болж барилгын ажил гацаад байгаа гэнэ. Иймд дэд бүтцэд шаардагдах хөрөнгө мөнгийг БХЯ-наас шийдээд өгвөл барилга барих компани нь хөнгөлөлтэй, уян хатан нөхцөлөөр богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл