8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 4 иргэн оффшор дансаа мэдүүлж, Б.Булган ТЕГ-т очиж нууцын баталгаанд гарын үсэг зурсан өдөр

2018-04-18 18:50:00

Хүн бүр л хаврыг мөрөөдөж, мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээж байгаа мэт. Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа өнгөрдөг юм байна. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн хүн бүрийн сэтгэл тэнийнэ. Арга ч үгүй биз. Хүн байгаль хүн байгаль хоёр хүйн холбоотой болохоор тэр. Хаврын улирал олон ааштай салхи шуурга нь төвөгтэй шүү гэж ярих хүмүүс бий. Гэтэл тэр сэвэлзэх салхи нь энэ ертөнцөд хавар ирж буй тод илрэл. Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид та бүхэнд хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

ШУУД:Б.Булган ТЕГ-т дуудагдаж нууцын баталгаан дээр гарын үсэг зуржээ

С.Зориг агсныг онц ноцтойгоор хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг 17 жилийн дараа цагдаа нар Эрдэнэт хотоос баривчиллаа гэсэн мэдээлэл одоогоос хоёр жилийн өмнө дуулиан тарьж байсан. Тодруулбал, 2015 онд  Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ  нарын хүмүүсийг  Эрдэнэс хотоос баривчлан шалгаж эхэлсэн. Хууль хяналтын байгууллага шалгалт хийж өнгөрсөн оны наймдугаар сард шүүх хурал Улсын дээд шүүхийн Хяналтын  шатны шүүхэд болж Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг өгөөд байгаа юм. Тэднийг барьж хорихоос өмнө С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг мөн л хорьж шалгасан. Тэгвэл өнөөдөр С.Зориг агсны эхнэр Б.Булганыг ТЕГ-т дуудаж нууцын баталгаан дээр  гарын үсэг  зуруулсан байна. 

-Ц.ГҮЕНБАТ: Б.БУЛГАН АНХ ЯМАР МЭДҮҮЛЭГ ӨГСӨН ТЭР ХЭВЭЭРЭЭ БАЙГАА-

ТЕГ ямар шалтгаанаар дуудсан талаар С.Зориг агсны эхнэр Б.Булганаас манай сайт тодруулах гэсэн боловч ямар ч асуултад хариулт өгсөнгүй. Харин С.Зориг агсны эхнэр Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбатаас тодрууллаа. 

- С.Зориг агсны хэргийн цорын ганц гэрч болох Б.Булганыг 2-3 удаа зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Та үүнд  хариулт өгөхгүй юу?

-Б.Булган анх ямар мэдүүлэг өгсөн тэр хэвээрээ байгаа. 

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс ял авсан гурван хүнийг гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа юу?

-Мэдэхгүй.......

-ТЕГ өнөөдөр Б.Булганыг  ямар шалтгаанаар дуудсан юм бэ?

-Нууцын баталгаан дээр гарын үсэг зуруулсан. 

Нэмэлт мэдээлэл дуулгахад:  Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэсэгчлэн төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж  уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэр гаргаж байсан билээ. Шууд бичлэгийг энд дарж үзнэ үү. 

Л.Энхболд: Нүүрс дагасан маш том мафын бүлэглэл бий болсон

УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсонтой холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрээр “Уул уурхай дагАсан зохион байгуулалттай гэмт хэргийн мафижсан бүлэглэл бий болоод байна. Гуравдугаар сарын 20-нд etoim.mn гэсэн сайт дээр Эрдэнэс Тавантолгойн нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой хил давуулсан байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандсан. Ингээд Мэргэжлийн хяналтаас Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгой хоёрын хамтран гаргасан ажлын хэсгийн акт ирсэн. Актан дээр Эрдэнэс Тавантолгойн талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан. Тиймээс орон нутгийн Тавантолгой нь уу, Эрдэнэс Тавантолгой уу хэн нь буруутай вэ гэдгийг тогтоохын тулд би гуравдугаар сарын 26-нд АТГ-т энэ хэргийг өгсөн. 268 мянган тонн нүүрс гэдэг бол өнөөдрийн ханшаахр 20 орчим сая ам.долларын нүүрс тодорхойгүй алга болчихлоо. Энэ хэрэгт орон нутгийн Тавантолгой холбогдвол өрөнд орох магадлалттай байна. 268 мянган тонн нүүрсийг хэн авсан бэ, мөнгө нь хаашаа явсан байна вэ гэдгийг АТГ тогтоох ёстой. Энэ нүүрсийг хэдэн оны хэдэн сард , ямар компани авсан бэ гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоно. Хамгийн гол нь энэ нүүрс алдагдсан нь тодорхой. Энэ нүүрсийг хулгайлсан гэсэн хардлага байна. 2013 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт 2010-2011 онд Гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүр хилээр гарсан. Энэ нь 60-70 тоннын даацтай 3758 ширхэг машин нүүрс гарсан гэсэн үг юм. Энэ асуудлыг одоо болтол хууль хяналтын байгууллагынхан эцэслэн шийдвэрлээгүй байна. 268 мянган тонн нүүрс ийм замаар явчихсан юм биш биз дээ гэдэг хардлага төрж байна. Үүгээр зогсохгүй 4.2 сая мянган тонн нүүрсийг Тавантолгойгоос олборлосон байж болзошгүй хэмжилт ирсэн. Хэрвээ энэ асуудал баталгаажвал олон нийтэд мэдээлэл хүргэнэ. Энэ хулгай монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж байна. Нүүрс дагасан маш том мафын бүлэглэл бий болсон байна. Энэ нь нам дамжсан бүлэглэл. Олон жил монголын ард түмний баялгийг нийлж цөлөмдөг бүлэглэл байна.4.2 сая тонн нүүрс алга болсон нь батлагдвал, тэр мөрөгцрийг хөндлөнгийн аудитараар шалгуулах ёстой. Ийм хэмжээний нүүрс алга болсон бол эзэн холбогдогчийг нь заавал тогтоох хэрэгтэй. Энэ асуудал хэдэн жил ингэж явсныг бид мэдэхгүй. Энэ хулгайд ганц компани оролцоогүй. Төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагууд шүлжээ болсон байна. Үүнийг л гаргаж тавьж, хурдан шийдвэрлэх хэрэгтэй байна” гэсэн юм.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Энэ хэрэг яг хэдэн онд гараад, одоо олон нийтэд ил болж байгаа юм бэ?

-Хэдэн онд, ямар аж ахуйн нэгж 286 мянган нүүрс авсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтооно. Би он сарыг нь мэдэхгүй байгаа учраас 379 мянган тонн нүүрстэй холилдоол хилээр гаргачихсан юм биш биз. Монголоос үнэгүй гаргаад гадаадад хэн нэгэн оффшорчны дансанд орчихсон юм биш биз дээ гэсэн хардлага байна.

-286 мянган тонн кокосжсон нүүрс, исэлдсэн нүүрс гэсэн өөр өөр мэдээлэл гараад байгаа. Тухайн орд газар нь ямар нүүрстэй вэ?

-268 мянган тонн нүүрс Тавантолгойн орд  газрын нутгаас гарсан. Энэ орд газрын нүүрс 70-аас доошгүй ам.доллароор зарагддаг кокосжсон нүүрс. Исэлдсэн нүүрс бол өөр үнэтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаар исэлдсэн нь хэд, кокосжсон нь хэд вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Гэхдээ алин ч байсан хулгай. Ер нь бол исэлдсэн нүүрс авах компани байхгүй.

-379 мянган тонн нүүрс алга болсон гэдэг асуудал дээр Цагдаагийн байгууллага хэзээ дүгнэлт гаргасан бэ?

-Цагдаагийн байгууллагын дүгнэлт гараагүй. Эхлээд хуулийн байгууллага 286 мянган тонн нүүрсний хэргийг шалгаад он сар нь 379 мянган тонн нүүрс гаргасан хугацаатай таарч байвал энэ хулгай нэг замаар явж байгаа юм гэсэн үг. 268 мянган тонн алга болсыг Мэргэжлийн хяналтын байгууллагын Уул уурхай хариуцсан байцаагч хэмжилт хийгээд тогтоосон.

-Тавантолгойн лицензийн заагаа хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудал дээр Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгой хоёр тохиролцож байгаа гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс үүнээс үүдэн 268 мянган тонн нүүрс олборлосон нь хулгай гэж үзэх үү, үгүй юү гэдэг нь тодорхой болох юм биш үү?

-Хоёр компанийн удирдлага хилийн зурвасыг тогтоодоггүй юм. Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газар өгсөн кадастрынхаа хэмжээгээр хязгаар тогтосон байгаа. Тэр лиценз  хэзээ олгогдсон бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Лицензийн зөвшөөрөл авсан талайгаас нүүрс олборлосон л бол монголын ард түмний өмчөөс авсан гэсэн үг.

-Эрдэнэс Тавантолгой копмани дээр танд ашиг сонирхолын зөрчил байна уу. Таныг ТУЗ-д нь өөрийнхөө хүнийг оруулах гээд ярьж байна гэсэн мэдээлэл гараад байгаа дээ?

-Миний ашиг сонирхол байхгүй. 1998 онд Тавантолгойн 49 хувь миний хувь байсан. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар энэ компанитай холбогдоогүй. Тэр хувьцаа бол миний зөвшөөрөлгүй хэн нэгний гарт очсон. Өнөөдрийг хүртэл би энэ хэргээр маргаан үүсгээгүй. Энэ нь надад нэг кг ч нүүрсний сонирхол байхгүй гэдгийг харуулах байх.

-Энэ хэрэгт нам дамжсан бүлэглэлийнхэн оролцсон гэлээ. Танд ямар нэгэн таамаг байгаа юм уу?

-Эрдэнэтийн ард нам дамжсан бүлэглэл явж байгаа. Нүүрс хулгайлсан асуудал ч ижил. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.

-Энэ их хэмжээний нүүрс хэдхэн хоногт гарах боломжгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хэлсэн. Яг хэдий хугацаанд гарсан талаар мэдээлэл байна уу?

-Тавантолгой ХХК 2017 оны тавдугаар сарын 23-аас сарын хугацаанд бүх үйл ажиллагааг зогсоогоод нэг хятад компанид нүүрс олборлох эрх олгосон. Энэ бас ноцтой асуудал. Энэ үеэр бүх хүчин чадлаа ашиглаад 268 мянган тонн нүүрсийг нэг сарын дотор гаргаж болно.

Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр замын хөдөлгөөнийг хаана

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүлээд байгаа билээ.

Түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэнэ. Иймээс 2018 оны 4 дүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.Тоноглол хийгдэж дуустал цагдаагийн хоёр албан хаагч болон төмөр замын дохиочид байнга  ажиллаж байгаа юм.

О.Бат-Эрдэнэ: Өрөөгөө 35 саяар засварлаж, албан хэрэгцээнд 195 саяар машин авсан

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан. БНХАУ-ын айлчлалаасаа шууд Гашуунсухайтын боомтоор орж ирж гадаад айлчлалаа дотоодын айлчлалаар үргэлжлүүлсэн. Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал Дундговь аймагт өндөрлөсөн. Тус аймагт ажиллах үеэр тус аймаг нь ганц цэцэрлэг барьж чадахгүй хоёр жил болсон мөн Дундговь аймгийн Засаг дарга 100 сая төгрөгөөр өрөөгөө засварлаж, үнэтэй машин авсан гэсэн мэдээлэл ил болоод байгаа юм. Энэ талаар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр нутгийн иргэд таны талаар ноцтой баримт дэлгэсэн. Танай  аймаг  ганц цэцэрлэг барьж чадахгүй хоёр жил болж байхад таныг 100 сая төгрөгөөр өрөөгөө завсарласан гэж хэлсэн. Та үүнд хариулт өгөхгүй юу?

-Ардчилсан намынхан улс төржиж намайг гүтгэсэн. Өрөөг  35 сая төгрөгөөр засварласан. Орон нутгийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс засварласан. Цэцэрлэгийн тухайн намайг гүтгээд байгаа АН-ын хүмүүс гурван жил засаг барихдаа яам тамгын газарт хүсэлт явуулаагүй юм байна лээ.

Би ажлаа аваад яаманд хүсэлт гаргаж, асуудал шийдэгдээд явж байгаа. Хоёр жил хөөцөлдөж байж 2019 оны төсөвт суулгахаар болсон.

Мөн 2018  оны төсөвт Мандал сумын цэцэрлэгийн байр бариулахаар хөөцөлдөж байна. Хөөцөлдөөд юм хийгээд байхаар зөрүүлж дайраад байдаг хүмүүс байхгүй юу. Зохион байгуулалттай гүтгэлэг хийж байна.

-Таныг эмнэлэг машингүй байхад өөрөө 100 сая төгрөгний машин авсан гэсэн асуудал яригдаад байгаа?

-Эмнэлэг машинтай. Түргэний орос машин байгаа. Гэхдээ хот хооронд өвчтөнг гуравдугаар шатлалын эмнэлэг рүү зөөдөг ш дээ. Үүнд тоноглогдсон  автомашин хэрэгтэй байна гэдэг саналыг манай эмнэлэгийн зүгээс тавьж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжээд шийдэж байгаа. Гэтэл үүнийг эргүүлээд мушгиж тавьж байна. Надтай холбогдолтой машины хувьд 2010 онд авсан машиныг хоёр, гурван Засаг дарга унасан юм байна лээ. Яг миний өмнөх АН-ын Засаг дарга н.Од-Эрдэнэ гэдэг хүн тус машиныг хувьдаа унасан хүн байхгүй юу. Гэр нь хотод байсан учраас хот руу долоо хоногт 2-3 удаа ирж очдог байсан. Эрээн рүү давхиж яваад машины ард ачааны тэрэг шиг машинд ачдаг байсан гэсэн мэдээллүүд байгаа юм. Би ажил аваад тус машиныг хүлээж авсан. Машиныг хүлээж авахад хянах самбарын гэрэлнүүд бүгд унтрахгүй, салоныг нэг ч гэрэл асахгүй байсан. Мөн хаалга онгойдоггүй ийм машин хүлээж авсан. Хүлээж авсан даруйдаа жолоочоороо засвар хийлгэхээр явуулсан.

Манай жолооч хотод “auto plaza” дээр очиход засвар хийдэг хүмүүс нь манай жолоочыг загнасан байгаа юм. "Чи одоо болил доо. Улсын өмчийг ингэж унадаг юм уу. Өөрийнхөө өмчийг бол ингэж унахгүй дээ" гэж хэлсэн ийм жишээ байгаа байхгүй юу. Намайг авсанаас хойш хойд талын бөгс  эвдэрч, мотор  цохьсон. Унах боломжгүй болсон учраас  аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Засаг даргын ажил хэрэглэхээр машин авсан.

О.Бат-Эрдэнэ гэдэг хүн хувьдаа машин аваагүй. Нэг юм шийдэхээр л улс төржүүлдэг.

-Шинэ авсан машинаа хэдэн төгрөгөөр авсан бэ?

-Орон нутгийн хөрөнгө оруулалтын мөнгө, орон нутгийн хөгжлийн сан гээд хоёр янз байдаг. Орон нутгийн хөрөнгө оруулалтын мөнгөөр захиргааны шинж чанартай хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг юмаа. Албан хэрэгцээнд  195 сая төгрөгөөр  "ЛАНД-200" автомашин авсан. Өрөөг бол 35 сая төгрөгөөр засварласан. Эвдэрхий машинтай төрийн ажил хийж бүтэхгүй биз дээ. Үүнийг л ингэж улс төржүүлж байна.

Х.Булгантуяа: Анх удаа орон сууц авбал 3-6 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа  аж.  Татварын багц хуулийн зорилго нь татварын бааз суурийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, ойлгомжгүй зүйл заалтыг цэгцлэхэд орших юм байна. Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Аж ахуйн нэгж санхүүгийн зах зээлээс санхүүжилт босгоход түлхэц болох үүднээс Хөрөнгийн биржид гаргасан хувьцааны ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг таван хувь, Хөрөнгийн биржээр бонд босгох замаар эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг таван хувь болгон буурууллаа. Мөн 25 хувийн татварын шатлалыг хоёр дахин нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн НӨАТ-ын босгыг өсгөж байна. Түүнчлэн Татварын ерөнхий газрын бие даасан, хараат бус байдлыг илүү сайжруулсан, нөгөө талдаа татварын байцаагч нараа хариуцлагажуулсан заалтыг оруулсан. Тухайлбал, татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэж байгаа. Анх удаа орон сууц авбал татварын 3-6 сая төгрөгийн хөнгөлөлтийг эдлүүлэх зэрэг иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжсэн олон өөрчлөлтийг тусгасан” гэв.

Оффшор бүс дэх хөрөнгөө шилжлүүлсэн талаар 4 албан тушаалтан мэдээллэв

Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна.

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дууссан бөгөөд энэ хугацаанд Улсын Их Хурлын 2 гишүүн, Монголбанкны 1 албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах 1 албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж бүртгүүллээ. Хүснэгтийг энд дарж үзнэ үү.

Д.Баярсайхан: Төрийн банк төлбөр төлөх ямар ч асуудал байхгүй

“Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал  өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Шүүгчид Эдуард Сүрэнгийн Ш.Батхүүд зээлүүлсэн 51 тэрбум 596 сая төгрөгийг Төрийн банк төлөх шийдвэрийг  гаргаад байгаа юм.  Тус шүүх хурлын талаар Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан мэдээлэл хийлээ. 


Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан мэдээллийн эхэнд “Төрийн банктай холбогдсон Ш.Батхүүгийн асуудлыг Эрдэнэтийн Стандарт банктай холбогдсон хэрэгтэй хамт шалгагдаад яваад байна. Манай банкны зүгээс тус  хэргийг тусад нь шалгаач ээ гэж хүсэж байгаа. Төрийн банк төлбөр төлөх ямар ч асуудал байхгүй. Төрийн банк төлбөрт унаагүй гэдгийг хэлмээр байна.Хамгийн гол нь Төрийн банк аваагүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Шударга ёс гэж байдаг бол бид хариуцлага хүлээхгүй гэдэгт итгэлтэй байгаа" хэмээн хэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно. 

ШУУД: Б.Бат-Эрдэнэ: Бүгдийг хүчирхийллийн аргаар шийднэ гэж байхгүй

Дөрвөн жилд нэг удаа хуралддаг Үндэсний бөхийн Холбооны 8-р “ИХ ЭЕ” хурал өнгөрсөн сард болж МҮБХ-ны тэргүүнээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ сонгогдсон. Үүнээс хойш бөхийн холбооны маргаан тасрахгүй гарч байгаа. Тодруулбал,  Дархан аварга Б.Бат-Эрдэний тэргүүлж буй холбоо нөгөө талаас Л.Чинбатаар тэргүүлүүлсэн холбооныхон аль аль нь өөрсдийгөө хууль ёсны холбоо хэмээн мэдээлэл тарааж байгаа юм. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр МҮБХ-ны тэргүүн дархан аварга, УИХ-ын гишүүн  Б.Бат-Эрдэнэ "Монголын бөхийн холбоо 1990 онд эвлэлдэн нэгдсэн. Үйл ажиллагаа нь жигдэрсэн 28 жилийн түүхтэй ийм байгууллага байгаа юм. Энэ маргаан бол 2002 оны “ИХ ЭЕ” хурлаас эхлэлтэй. Сая 2018 оны гуравдугаар сард  Үндэсний бөхийн Холбооны 8-р “ИХ ЭЕ” хурал болж, энэ маргааныг цэгцлээд цаашдаа үйл ажиллагааг жигдлээд явах ёстой юм байна гэж бөхийн хамт олон ярилцсан. Энэ дагуу шинэ дүрмээ батлаад явж байна. 15 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн 12 бөх байгаа. Бүх эрх мэдлийг тэргүүлэгчид мэднэ. Би тэргүүн болсоноор надад ямар нэгэн цалин, өрөө байхгүй. Энэ сарын 06-ны өдөр Л.Чинбат, А.Сүхбат аварга, гарьд Б.Гантогтох нартай яриа хэлэлцээр хийхээр  Улсын заан Магалжав тэргүүтэй бөхчүүд очиж уулзсан юм байна лээ. Үндэсний бөхийн Холбооны 8-р “ИХ ЭЕ” хурлаас гарсан шийдвэрийг очиж танилцуулж, уулзсан. Дараа нь тав дахь, амралтын өдөр бөхийн өргөө рүү дайрсан үйлдэл болсон. Үүнээс өмнө буюу 2002 оноос хойш ийм дайралт 5,6 удаа болж байсан. Бүгдийг хүчирхийллийн аргаар шийднэ гэж байхгүй. Надад хамгаалагч битгий хэл жолооч ч байхгүй. Юун бие хамгаалагч надад тийм  байхгүй. А.Сүхбат аваргын биед халдсан зүйл байхгүй юм байна лээ. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал нэрээр нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж болохгүй. Надад бол тийм юм байхгүй.    " хэмээн хэллээ. 

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Бөхийн холбооны маргаан удирдлагууддаа байна уу, бөхийн өргөөндөө байна уу?

-Бөхийн холбооны удирдлагууд 28 жил боллоо. Удирдлагуудаа өөрчлөх ёстой гэж яригдаж байсан. Энэ дагуу өнгөрсөн сарын хурлаар залуу бөхчүүд идэвхитэй оролцсон. Бөхий холбоо нэг бизнесмэн, улс төрчдийн хараанд байхаа болъё гэсэн санаачлага гаргаж идэвхитэй оролцсон. 

-Бөхийн холбоо одоо хоёр Тэргүүнтэй боллоо. Хоёр талд хоёр гэрчилгээний асуудал яригдаад байгаа ш дээ. Та үүнд хариулт өгөхгүй юу?

-28 жилийн түүхтэй бөхийн холбооны тамга, тэмдэг гэрчилгээ нь хэвээрээ байгаа юм шүү дээ. Л.Чинбатал давхардуулж тамга тэмдэг гаргаад өгчихсөн асуудал байгаа юм байна лээ. Үүнийг хууль шүүхийн байгууллага эргэж харах ёстой. 

-Таны бие хамгаалагч Б.Одхүү Сүхбат аваргыг зодсон нь үнэн юм уу?

-Би чинь хамгаалагч, туслах, жолооч ч байхгүй.  А.Сүхбат гишүүний хувьд хэлэхэд гишүүний халдашгүй байдал гэдгийг бид яаж ч зоргоороо байж болно, юу ч хийж болно гэж боддогоо болих хэрэгтэй. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол УИХ-ын гишүүн хууль батлан гаргах, энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь л халдашгүй байдлыг нь дархлаажуулж байгаа болохоос хүч хэрэглэхийг хэлж байгаа юм биш. Надад ямар ч халдашгүй эрх байхгүй. Хаана ч би энэ эрхээрээ түрий барьж үзээгүй. Би УИХ-ын гишүүнд дөрвөн удаа сонгогдсон. Хаана ч явсан бичиг баримтаа үзүүлж явдаг.

-Энэ асуудалд Ц.Нямдорж сайдыг оролцсон гэж яригдаад байгаа нь үнэн үү?

-Үгүй байх гэж бодож байна. Тэр орой би Ц.Нямдорж сайдтай ярьсан. Бөхийн өргөөнд юу болоод байгаа юм бэ. Тараасан нь дээр байх шүү гэж хэлсэн. Тухайн үед би  зуслан дээрээ байна гэдгээ хэлсэн. Тэндээс мэдээлэл сонсоход согтуу хүмүүс хэд хэд байна гэж хэлсэн учраас сайдад энэ асуудлыг анхаараарай гэж хэлсэн. Иймээс Ц.Нямдорж сайд бас хэлсэн юм билээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг  шууд бичлэгийг энд дарж үзнэ үү 

Л.Энхболд: Эрдэнэс Тавантолгойн талбайгаас 20 орчим сая ам.долларын нүүрс алга болсныг тогтоосон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн нүүрсний уурхайн талаар мэдээлэл хийж байна. Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр Ерөнхий сайд  268 мянган тонн нүүрс хулгайгаар гарсан талаар мэдээлэл өгч байсантай холбогдуулж, энэ асуудлыг шалгахыг Сангийн сайдад даалгасан. Мөн цагдаа, тагнуул, аудитын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гаргаж, хулгай хийсэн хүмүүсийг тогтоон хариуцлагыг үүрүүл гээд “Улсын өмч, эд хөрөнгө болох уул уурхайн бүтээгдэхүүнээс хулгай хийж байгаа хүмүүс явах ёстой газартаа яваарай” хэмээн хэлсэн.  268 мянган тонн нүүрс хулгайгаар гарсан асуудлаар  УИХ-ын гишүүн Л.Энхболд яг одоо мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд  УИХ-ын гишүүн Л.Энхболд "Эрдэнэс Тавантолгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар баттай мэдээлэл байна. Үүнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Монголын ард түмний өмчийг хэн ч хулгай хийж болохгүй. Хуулийн байгууллагууд үнэн бодит байдлыг тогтоох шаардлагатай. Мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийгээд 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс алга болсныг тогтоосон" гэв

ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүлэг хүргүүллээ

Монгол иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр зуучлуулан яваад бусдад залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай байдаг тул иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүмүүст хууртагдахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газар сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

Ерөнхий сайдын ерөнхийд нь шийдсэн ажлууд юу байв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсан айлчлалаа дотоодын томилолтоор үргэлжлүүлснийг  хэвлэлүүд онцолсоор байна. Гадаад айлчлалаа дотоод томилолтоор үргэлжлүүлсэн нь хэлбэрийн хувьд онцолж болохоор үйл явдал. Гэхдээ хэлбэрээс илүү агуулгад жаахан анхаарал хандуулаад үзье. Ерөнхий сайдын энэ удаагийн гадаад болон дотоодын томилолт олон тулгамдсан асуудлыг шийдэж чадсаныг ач холбогдолын хувьд нэгдүгээрт эрэмбэлэх нь зөв юм.
Тэрбээр

•    Бээжин, Боао хот
•    Өвөрмонголын Баяннуур хот,
•    БНХАУ-ын Ганц мод боомт,
•    Монгол Улсын Гашуунсухайт боомт,
•    Өмнөговь,
•    Дундговь гэсэн маршрутаар ажилласан. 

ШИЙДЭЛ 1: Гашуунсухайт боомт дахь машины урт цуваа богинослоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЯТАД УЛС дахь айлчлалаараа тодорхой хэд, хэдэн ажлыг амжуулахаар очсон гэж хэлж болно. Тэднээс хамгийн чухал нь Гашуунсухайт боомтод үүсээд буй хүндхэн нөхцөл байдлыг шийдвэрлэх байв. 

Тэрбээр энэ зорилгодоо хүрч чадсан. Тухайлбал 2016 оноос нүүрс таталтаа бууруулаад байсан Хятадын талтай ойлголцож чадсан гэдэг нь өчигдрөөс бодитоор мэдэгдэж эхлээд байна. Нүүрсний тээврийн автомашинуудыг Ганц модны боомтоор зөвхөн хоёр эгнээ замаар нэвтрүүлж байсныг гурван эгнээ болгож нэмсэн байна. Харин манай Гашуунсухайт боомт зургаан эгнээгээр машинуудыг нэвтрүүлж байгаа юм. Ингэснээр өчигдөр л гэхэд тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт болов.

Монголын нүүрсний экспорт огцом буурах, хил дээр урт дараалал үүсэхэд хүргэсэн энэ асуудал аажмаар шийдэгдэж байна. Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэхээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс эхлээд ӨМӨЗО-ны Баяннуур хотын удирдлага хүртэл уулзсан.

Үр дүнд нь 20 км зам туулах гэж 15 хоног машиндаа амьдардаг жолооч нар хэд хоногийн өмнө ч болов ажлаа дуусгаад гэртээ харин халуун, хоол цайгаа уух боломжтой боллоо. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баяннуур хотын Ганц модны боомтоос шууд Тавантолгой дахь Гашуунсухайт боомтод ажилласан. Энд ч мөн асуудлууд байна. Жолооч нар нүүрсээ хилээр гаргах гэж хэдэн арван хоногоор дугаарладаг байтал хэн нэгэн албан тушаалтан нь урдуур нь дайрч хулгайгаар нүүрс гаргадаг асуудал  Ерөнхий сайдыг энд ажиллах үэр ил болов. Үүнийг ч тэрбээр шийдэхээр боллоо. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхах үеэр 2020 он гэхэд Монголоос жилд 30 саяас доошгүй тонн нүүрс нийлүүлэх боломж байгаа тухай ярилцсан юм. Дэд бүтэц зэргээ хөгжүүлснээр нүүрсний экспорт, импортыг 30 саяас доошгүй тонн-д хүргэх зорилтоо биелүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж чадна. Энэ чиглэлээр хоёр улсын холбогдох байгууллагууд идэвх чармайлт гаргах ёстой гэж үздэгээ Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн. Хятадын талаас бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин манайхан дотроо ойлголцох л үлдээд байна. 

ШИЙДЭЛ 2: НИЙСЛЭЛИЙН ЭВГҮЙ ҮНЭР АРИЛНА 

Манайхан ярьдаг, улс төржүүлдэг хэдхэн сэдэвтэй болсоны нэг нь Төв цэвэрлэх байгууламж. Ажил хийсэн болж харагдах гэсэн дарга нар Төв цэвэрлэхэд очдог моод ч дэлгэрэсэн гэж хэлж болно. Тэд бүгд “Асуудлыг шийдээд өгнө” гэж дуугардаг ч сүүлдээ тэдний үгэнд нь итгэх нэг ч хүнгүй болоод байна. Хөрөнгө, мөнгөний асуудал хамгийн хүнд байсаар ирсэн. 

Жилээс жилд нөхцөл байдал нь хүндэрч ачааллаа дийлэхээ больж буй Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих хөрөнгийг энэ удаагийн айлчлалаар шийдвэрлэв. Нийт 300 сая долларын асуудал яригдлаа. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг төслийг хийсэн гакрыг сонгон шалгаруулахаар ажиллаж буй бөгөөд дараагийн ажлыг цаг алдалгүй эхлүүлж чадвал нийслэлчүүд үмхий үнэргүй зусах цаг ойрхон болж байна гэсэн үг. 

Мөн Хятадын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна. 

ШИЙДЭЛ 3: ТАВАНТОЛГОЙ ХӨДӨЛНӨ

Мөн Ерөнхий сайдын айлчлалын гол хүлээлтийн нэг нь Таван Толгой бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төсөл байсан. Хятадын талаас энэ ажил дээр бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн байна. Тиймээс манайхан шалавлах хэрэгтэй боллоо. Таван Толгой төслийн ашиглалтыг нэмэгдүүлэх, цогцоор нь бодлого боловсруулах асуудлыг Ерөнхий сайд Улаанбаатарт эргэж ирээд Засгийн газар дотроо хэлэлцэж улмаар УИХ-д өргөн барина гэж  Эрдэнэс Таван Толгойд болсон олборлогчидтой хийсэн уулзалтын үеэрээ хэлсэн юм. Шийдвэр гаргахын тулд ч танхимын олон сайдын хамт Таван Толгойн үйл ажиллагаатай нь биечлэн танилцлаа гэж байв. 

ШИЙДЭЛ 4. ДУНДГОВИЙН УДИРДЛАГУУДЫН ХИЙЛГҮЙ ХОЁР ЖИЛ ӨНЖҮҮЛСЭН ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДАЛ ШИЙДЭГДЭВ 

Ерөнхий сайдын хамгийн сүүлд очиж ажилласан аймаг бол Дундговь. Тэнд иргэдтэй уулзах үеэр нэгэн иргэн Засаг даргынхаа талаар таагүй мэдээллээр хошуу хүргэсэн юм. Иргэний хэлж буйгаар аймаг нь ганц цэцэрлэг барьж чадахгүй хоёр жил болсон гэнэ.  Шалтгаан нь 140 сая төгрөгийг гаргаад хуучин, муу цэцэрлэгээ нурааж чадахгүй байгаатай холбоотой. Хэрвээ энэ цэцэрлэгийг нураачихвал хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй болчих гээд байдаг. Гэтэл  хуучин цэцэрлэгээ нурааж чадалгүй хоёр жил болсон гэнэ. Гэтэл Засаг дарга О.-Бат-Эрдэнэ нь өрөөгөө 100 саяар зассан гэнэ. Мөн  Төв эмнэлэгт нь зориулалтын бүрэн автомат машин ядаж ганцхан хэрэгтэй байгаа аж. Эмнэлэгийн зүгээс 70-80 сая төгрөгийн түргэний машин өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гуйсан юм.  Эмнэлэг нь машингүй байхад нөгөө Засаг дарга мөн л  тансаглаж  100 саяар машин авч унажээ. Ерөнхий сайд цэцэрлэг болон машины асуудлыг нь шийдэж өгөхөөр болсон. 

Цэцэрлэгийг барьчихдаж байж харин ёс зүйгүй, хүнд сурталч даргын асуудал ил болсон нь өөрөө үр дүн юм. 

ШИЙДЭЛ 5: 4.6 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 36 ГЭРЭЭ

Энэ удаагийн айлчлалд Монголын 163 компанийн 299 төлөөлөгч оролцсон бөгөөд Хятадын бизнес эрхлэгчидтэй нийт 4.6 тэрбум долларын үнийн дүн бүхий 36 төрлийн хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа билээ.

Хоёр орны хамтарсан Бизнес Форумд нийт 600 орчим төлөөлөгч оролцсон нь өмнө нь болж байсан хамтарсан бизнес форумуудтай харьцуулахад өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр үр дүнтэй болсон юм.Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал өөрийнх нь хэлсэнчлэн хоёр улсын хооронд үүсээд байсан улс төрийн үйл ойлголцол илааршснаас гадна, эдийн засаг, нийгмийн шинж чанартай томоохон төслүүдийг эхлүүлэхэд талууд тохирч чадсан, асуудал бүрийн шийдвэрлэж чадсанаараа онцлогтой байлаа.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Энэ Булган гэдэг хүн ханиа аль муугаар нь цааш харуулуулчихаад хэргий нь илрүүлэхийг боддоггүй хүн юмаа. Тэр 3 хүнийг харсан болоол тухайн үед ам зураг гаргуулаад байсийн биш үү.Балай авгай.
2018/04/18 202.179.25.122