8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Булганыг яллагдагчаар татаж, 13 давхар орон сууцанд гарсан галыг унтраасан өдөр

2018-04-19 18:45:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн гэгээлэг мэдээллээр өнөөдрийн тоймоо хүргэж байна. Их ажлын өдрүүд дуусаж байгаа учраас та бүхэн амралтын өдөр гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Харин одоо бид дуулиантай дуулгах сонин ажлын эхний өдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Б.Булганыг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг яллагдагчаар татсан эсэх талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ. Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байгаагаа Нийслэлийн прокурорын газраас мэдэглээ. Мөн өнгөрсөн Лхагва гаригт С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг ТЕГ-аас дуудаж, байцаалт авсан байна. Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат тухайн үед нууцын материалд гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн. Тэгвэл  НПГ-аас түүнийг нь үгүйсгэсэн юм.  Улмаар ТЕГ-аас Б.Булганыг өчигдөр яллагдагчаар татаж байгаагаа танилцуулаад байцаалт авсан байна.  Б.Булганыг  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажиллагаа явагдаж, шинээр цугларсан нотлох баримтуудаар  талийгаачтай хамтран амьдарч хэмээн үзэж ийнхүү яллагдагчаар татжээ. 

А.Сүхбат: МҮБХ-ны хүчингүйд тооцсон тамга тэмдгийг Б.Бат-Эрдэнэ хэрэглэсээр л явна

Үндэсний бөхийн холбооны маргааны үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед халдаж гэмтэл учруулсан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн А.Сүхбатаас МҮБХ-ны асуудлаар тодрууллаа.

-Нэр бүхий этгээд таны биед халдаж гэмтээж улмаар та цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа гэсэн. Та үүнд тайлбар өгнө үү?

-Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаад явж байна. Зарим хүмүүс зодоон цохион болоогүй гэж ярьж байна. Тиймээс үүнийг үймээнийг зохион байгуулсан хүмүүсээс нь асуух хэрэгтэй. Миний хувьд Цагдаагийн байгууллагад гомдолтой байгаа. Яагаад гэвэл Монгол бөхийн өргөөг хамгаалалтад авчихсан мөртлөө танхай нөхдүүдийг шөнө оройн цагаар оруулж ирсэн. Тэр үед би амарч байсан. Үүнээс харахад миний цагдаа намайг хамгаалж чадах нуу үгүй юу гэдэг би эргэлзэж байна.

-Та гэмтлийн зэргээ тодорхойлуулсан уу, хэр зэргийн гэмтэл авсан вэ?

-Энэ хэрэг одоогоор Мөрдөн байцаалт явагдаж байгаа учраа би дэлгэж ярих эрх байхгүй. Миний биед халдсан уу, халдсан.

-Таныг зодож гэмтэл учруулсан хүн нь улсын начин Б.Одхүү гэх мэдээлэл гараад байгаа. Тань руу халдсан хүн нь Улсын начин Б.Одхүү мөн үү?

-Тухайн үед Улсын начин Б.Одхүү, Ганбаатар, Багахүү зэрэг хүмүүс тэнд харагдаж байсан. Намайг бөхийн өргөөнөөс хүчинд автаж гарахдаа тэднийг эргэж харсан.  

МҮБХ-той холбоотой асуудал ганцхан өнөөдрийнх биш. Өнгөрсөн 20 жилийн булхай луйвар одоо гарч ирж байна. Энэ хугацаанд нэг хүн хууль бусаар энэ холбоог 20 жил удирдлаа. Тэгсэн мөртлөө тэд өнөөдөр энэ асуудлыг зүгээр л бөхийн маргаан болгож тавьж байна. Энэ дунд ганцхан монгол бөхчүүд хохирч байна. 

-“Их эе”-ийг хууль бусаар хуралдсан гэж өчигдөр Б.Бат-Эрдэнэ гишүүн мэдэгдэл хийхдээ дурдсан. Та үүнд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж нэрлээд байгаа Б.Бат-Эрдэнэ аваргад хандаж хэлэхэд, та хууль бус үйлдлээ одоо зогсоо. МҮБХ-ны хүчингүйд тооцсон тамга тэмдгийг өнөөдөр Б.Бат-Эрдэнэ гишүүн хэрэглэсээр л явна. Тиймээс хууль зүйн ухааны доктор та хууль бус үйлдлээ зогсоо гэж хэлмээр байна.

МАН-ынхан Д.Гантулга аа авч үлдэхээр хамгаалж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ. Уг асуудлаасаа үүдэн тэрбээр УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэх өргөдлөө энэ сарын 5-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Түүний түтгэлзэх өргөдлийг УИХ-аар хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж МАН-ынхан тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний түтгэлзэх өргөдлийг УИХ-аар хэлэлцэх заалт хуульд байхгүй гэж хэлж байгаа юм. Үүнээс үүдэн түүний түтгэлзэх өргөдлийг хэлэлцэж чадалгүй өнөөдрийг хүргэсэн. МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад Д.Гантулга гишүүний асуудлыг хэлэлцэхээр болсон билээ. Уг ажлыг нь Д.Лүндээжанцан гишүүн гардан хийсэн. Тэгвэл өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Уг хуулийн төсөлд маргаан дагуулаад буй Цэцийн хүчингүй болгосон 6.9 дэх заалтыг 6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан болоон хэмээн өөрчилж, 6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан" хэмээн өөрчлөхөөр тусгажээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн газарт эд мөрийн баримттайгаа баригдсан тохиолдолд түдгэлзэх өргөдлийг нь хэлэлцэхээр болгов. ТэгэхээрД.Гантулга гишүүн хэргийн газарт эд мөрийн баримттайгаа баригдаагүй учраас түүний түдгэлзэх өргөдлийг хэлэлцэх шаардлагагүй болж байна. Үүнийг УИХ-ын зарим гишүүд нэлээн эсэргүүцсэн юм.

-Л.БОЛД: АРДЫН НАМЫН ГИШҮҮДЭД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЗАРЧИМ БАЙГААД БАЙНА-

Тухайлбал, Л.Болд “2004-2008 онд МАН-ын хэд хэдэн гишүүнтэй холбоотой асуудал босож байсан ч асуудал шийдэгдлээгүй. Энэ бүх асуудлууд дээр хуулийн ямар зохицуулалт үйлчлээд байгааг үзмээр байна. Харахад АН-ын гишүүдэд хуулийн хамгийн хатуу зарчим үйлчилдэг. Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна. Хуулийн ийм олон стандартууд үйлчлээд байвал Монголын ард түмэн, хуулийн засаглалд итгэхээ болино. 

-Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:  УИХ-ЫН ГИШҮҮН ХАЛДАШГҮЙ ЭРХТЭЙ БАЙХААС ГАДНА ХАРИУЦЛАГА ГЭЖ БИЙ-

Д.Лүндээжанцан: Манай ажлын алба үүнийг бэлтгэж байна. Гишүүдэд материал  тарааж өгнө. Ер нь УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байхаас гадна хариуцлага гэж бий. Үүнтэй холбоотойгоор бид бүхэн дор бүрнээ хичээх ёстой.  Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх үндэслэлээр  энэ хуулийн төслийг өргөн барьсан 

Ж.БАТЗАНДАН: ПРОКУРОРЫН САНАЛААР БИШ УИХ-ЫН ГИШҮҮН ӨӨРИЙНХӨӨ САНАЛААР БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗДЭГ БАЙХ НЬ ЗОХИСТОЙ

Ж.Батзандан: УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, халдашгүй байдлын асуудлаар хуулийн төсөл оруулж ирлээ. Хоёр тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг прокурорын саналаар түдгэлзүүлж болно гэсэн агуулгатай байна. Нэгдүгээрт, гэмт үйлдлийн явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай баривчилж, улмаар прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд, Мөн УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд УИХ-ын гишүүий бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэж заасан төсөл орж ирж байна. Зөвхөн прокурорын саналаар биш УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлздэг байх нь зохистой гэж үзэж байна. УИХ-ын гишүүнтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй материалууд ороод ирэхэд хууль, хяналтын байгууллагаар шалгуулаад, гэм буруутай нь тогтоогдвол цааш яваад, гэм буруугүй гэвэл ажлаа үргэлжлүүлэн хийх нөхцөл бололцоог олгох хэрэгтэй. Д.Гантулга гишүүн өөрөө өргөдөл өгсөн гэж сонссон. Гэтэл манай УИХ зөвхөн чөлөөлөх боломжтой, түдгэлзүүлэх боломжгүй гээд байх юм. Энэ нь УИХ чадамжгүйг харуулж байна. Уг нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжийг Үндсэн хуулиар нээж өгсөн. Цаашид УИХ-ын гишүүн өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлзээд хууль, хяналтын байгууллагуудад шалгуулчихдаг соёлыг тогтоох хэрэгтэй байна. 

С.Бямбацогт: Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс хэрэгжсэн ажил цөөнгүй ч хийх нь их үлдсэн

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар шийдвэр гаргажээ.  Тодруулбал, Засгийн газрын 2018-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого, зорилт нэг бүрээр нь нарийвчлан гаргаж, цаашдын чиглэлийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж нухацтай ярилцах, хянах, алдаа дутагдлыг цаг тухайд засах, нэхэх ажлын хэсэг байгуулж ажиллах хэрэгтэй гэсэн шийдвэрийг тус хорооноос гаргасан байна. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахалж ажиллах юм байгаа юм байна. 

Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт энэ талаар  “Бид мөрийн хөтөлбөрөөс хамгийн чухал гэснээс буюу ард түмэндээ амласан, амлалтуудаас хэрэгжихийг нь хүлээж, нэхэж байгаа ажлуудаас амлалтаа биелүүлж хэрэгжүүлэх, хэрэгжиж байгаа нь буруу ташаа явж байгаа бол засч дэмжээд явах нь чухал. Өнөөдөр бид зайлшгүй анхаарах ёстой төмөр зам, томоохон төслүүд, малаа эрүүлжүүлэх, хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр нэмэгдүүлэ, эрүүл мэнд боловсролын салбартаа анхаарах ёстой гэдгээ мартахгүй байнга санаж байх ёстой. Энэ амлалтаа яаж биелүүлэх вэ гэдгийг ЗГ, УИХ-ын гишүүд, холбогдох төрийн албан ташаалтнууд бүгд анхаарах хэрэгтэй.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан учир дутагдалтай байна. Тиймээс урт, дунд, богино хугацаанд салбар дундын уялдаа холбоогоо хангаж ажиллах ёстой. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээр л дүнгээ тавиулна. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс Цалинтай ээж, Насны хишиг, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн, малчны тэтгэврийн насыг наашлуулсан, оюутны хөгжлийн зээл олгож байгаа гэх мэт хэрэгжсэн ажлууд цөөнгүй ч хийх ажил их үлдсэн" гэв. 

О.Баасанхүү: Би Ц.Нямдорж гишүүнээс уучлалт гуйсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг, үеийн зарим асуудлаар дараах тодруулгыг авлаа.

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан цагдан хориод байна. Та хувь гишүүнийхээ хувьд энэ асуудал хэрхэн хандаж байгаа вэ?

- Барих зайлшгүй шаардлага байсан эсэхийг би гайхаж байна. Ямар хэрэгт буруутган баривчилсаныг одоохондоо мэдэхгүй байна.Энэ хоёр хүн хоёр хүнийг буруутгаж буй хэрэг хоёр өөр цаг хугацаанд болсон шүү дээ. Нэг нь 2009 оных. Нөгөөдөх 2012 оны асуудал. Нөхцөл байдлын талаар нарийн мэдээлэлгүй байна.

- Хоёрын хоёр Ерөнхий сайдыг барьж хорьсоноор Монгол улсын нэр хүнд олон улсад унана гэх яриа байгаа. Үүнд та ямар байр, суурьтай байна вэ?

- Хэнийгээ барьж, хорих нь өөр улсад хамаагүй байх. Ганцхан Рио Тинтогийн хувьцаа унахад хэр савлагаа өгч байна гэдэг нь чухал асуудал юм. Рио Тинто дэлхийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийдэг компани шүү дээ.

- Та Оюутолгойг гэрээг шалгах ажлын хэсэгт ажиллаж байна. Танай ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ гаргах вэ?

- Ажил бага зэрэг удаашираад ирлээ. Үүнд би их харамсаж байна. Тухайлбал, гараагаа их хүчтэй эхэлсэн ч суларчихлаа. УИХ захирамж гаргачихаад байхад энд, тэнд тусдаа ойлгомжгүй уулзалтууд хийгдээд байна. Төр нэг бодлоготой, бодолтой байх ёстой. Энэ ажлын хэсгийн дүгнэлт хууль хяналтын байгууллага шалгаж буй хэргийг хөнгөрүүлэх юм уу хүндрүүлэх нөхцөл рүү оруулчих вий гэж би анх л хэлж байсан. Ямартай ч шалгалтаа хийгээд тодорхой үр дүнд хүрэх ёстой гэж үзэж байгаа бол УИХ дээр зангилагдах ёстой гэж хэлж байгаа. Гэтэл ажлын хэсэг дөнгөж байгуулагдсан байхад л 34 хувийн төлөөлөл болох итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Багабанди гуайгаас эхлээд хүнд суртал гаргаад эхэллээ. Тэр хүн хуралд ирж, мэдээлэл өгөхгүй байна. Дэд ажлын хэсгүүдээ байгуулаад материалуудаа шалгаад явж байна. Энд нэлээн том саад гарах магадлал харагдаад байна. Одоогийн байдлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар бид хоёр хэл, амтай байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх ёстой.34 хувийг төлөөлж буй хүмүүсээс ашиг сонирхлын зөрчилтэй байж болох Н.Багабанди гуайг болиулах ёстой. Тэгэж байж бид цааш ажлаа явуулна. Улс төрийн зорилгоор томилогдсон байх магадлалтай гэж би үзээд байгаа юм.

- Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор та Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг хэл амаар доромжилсон байсан?

- Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн маргаантай холбоотой асуудал яригдсан. Би хууль дээдлэх зарчим гэдэг үндэслэлээр өргөжүүлсэн байдлаар аливаа асуудлыг авч болохгүй, хууль зөрчсөн, зөрчөөгүй гэдгийг хуулийн байгууллага тогтоох ёстой гэж үзэж байгаа. Хууль зөрчсөн заалтыг Үндсэн хуулийг зөрчсөн үү гэдгийг Үндсэн хуулийн харж байх ёстой. Гэтэл өнөөдөр хэн нь ч хамаагүй ямар ч асуудлаар гомдол гаргадаг. Тэгээд түүнийгээ хуулийн аль ч заалтыг зөрчсөн байж магадгүй гэж дураараа ярьж байна. Буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага л тогтооно биз дээ. Энэ асуудлаар Засаг даргын томилгоог хэлэлцэх үеэр санал хэлэх үед тодорхой хэмжээгээр намайг гутаах, доромжлох үйлдэл хийсэн учраас хэлэх гэсэн үгээ тайлбарлаж чадалгүй сэтгэлийн хөдөлгөөн гаргаж настай хүний өөдөөс муухай үг хэлсэн. Тэр хүнийг хүндлэлгүйгээр муухай үг хэлсэндээ Ц.Нямдорж гуайгаас би уучлалт гуйсан.

13 давхар орон сууцанд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

13 давхар орон сууцанд гал гарчээ. Тодруулбал, БЗД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах “Home plaza” худалдааны төвийн ард баригдсан 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарсан байна. Галын дуудлага  12:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.  Дуудлагын дагуу НОБГ-ын гал унтраах хоёр тасаг галыг унтраахаар яг одоо ажиллаж байна. 

Мөн эх сурвалжийн гал гарсан ойр орчмын 5 айл шатаж байгаа гэх мэдээлэл өглөө. 

Зарласан тендерээ өөрөө "ХУСДАГ" Засаг дарга

Өнөөдөр тендерээр хувийн бизнесээ цэцэглүүлэх, улсын хөрөнгийг “цэвэрхэн” идэх арга ихэсчээ. Зарим мэдээллээс харахад тендерээр хамаатан саднаа “дайлж” тендер нэрийн дор хөлжигсөд олшир ч. Манайд хэдийгээр Тендерийн тухай хууль мөрдөгдөж байгаа ч хэрэгжилт хангалтгүй, хуулийн цоорхой олонтой учраас тэр бүр үр дүнд хүрдэггүйн харамсалтай. Үүнийг зарим эрх мэдэлтэй нөхдүүд ашиглаж улсын мөнгөөр “тоглосоор” л.

Нийслэлээс зарлагдсан тендер дийлэнх буюу 68 хувийг нийслэлийн дарга Су.Батболдын хамаатан садан авсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Тодруулбал, Су.Батболд хотын дарга болсноос хойш Нийслэлийн худалдан авах газраас 2016 онд зарлагдсан 15,2 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ, тендерийг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулсан байна. Энэ нь Сангийн яамны шалгалтаар тогтоогджээ. Улмаар түүний энэхүү үйлдэл нь Тендерийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 заалтыг зөрчсөн аж. Мөн өнгөрсөн онд буюу 2018 онд давхардсан тоогоор 208 тендер зарлагдсаны 149 тендерийн шалгаруулалтын дүнг оруулжээ.

Нийслэлд хийгдэх 44 тендер зарлагдсаны 30-ыг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр авсан байна. Ц.Ариунбаяр нь Су.Батболд даргын хадам эгчийн хүүхэд аж.Үлдсэнийг нь хотын даргын эгч “Голенхоул” ХХК-ийн нэрээр 100 гаруй сая төгрөгийн төсөвтэй цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах, агаар цэвэргүүлэгч худалдан авах ажлыг авсан байна.

105 сая төгрөгийн төсөвтэй хот байгуулалтын мэдээллийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг мөн авчээ. Энэ мэтчилэн хамаатан садангаа үзэгний үзүүр хөдөлгөж, тендер авч өгч байгаа нь эрх мэдлээ урвуулан ашигласан, ашиг сонирхолыг зөрчилтэйн харагдаж байна.

Энэ мэтчилэн зарласан тендерийн өөрөө "ХУСДАГ" Су.Батболдын асуудал үүгээр зогсохгүй. Харин дөнгөж эхлэл буюу өнгөн хэсэг энэ. Су.Батболд Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нурууны хамгаалалт, төрөл бүхийн чиг ортопедийн бусад хэрэглийн үйлчилгээ үзүүлэх 340 сая төгрөгийн төсөвтэй ажлыг “Отгонбуянт” ХХК-ийн нэрээр өөртөө авчээ. Тендерийн хууль тогтоомжийг зөрчиж, бусад их хэмжээний хохирол учруулсан бол хууль тогтоомж зөрчигчдөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хохирол өндөр байвал 3-6 сараар баривчлах, цаашлаад онц их хэмжээний хохирол учруулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах тухай заасан байдаг аж.

Гэтэл Су.Батболд дарга хуулийн хариуцлага хүлээх нь бүү хэл нэг метр тутамдаа 100,000 ам.доллар, 10 метр тутамдаа нэг сая ам.доллар зарцуулах гүүрэн гарцанд “шунаж” байгаа нь тендерт “амтшсан" нь харагдаж байна. 

Таксинд суугаад хүчингийн хэргийн хохирогч болжээ

Өнгөрсөн шөнө СБД-18 хорооны нутагт "хүргэж ирсэн таксины жолооч хүчиндлээ" гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгаж ажиллахад 24 настай Б-г таксины жолооч Б нь согтуу биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэнийг илрүүлжээ. Хэргийг одоо цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Тиймээс шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганцаараа таксинд суухдаа болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа. 

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогчоо зодож хүнд гэмтэл учруулжээ

Аймгийн Засаг дарга нар доод албан тушаалтнаа зодож, дарамталдаг хэрэг үе үе гардаг. Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч даргаа зодож гэмтээхэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ арын 9-ний орой Говь-Алтай аймгийн Засаг орлогч С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржтой муудалцаж улмаар зодож гарыг хугалсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр орлогч дарга В.Рэнцэндорж нь гараа эмчлүүлэнгээ өмгөөлөгч авч хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа аж.  Тэдний маргалдаж, муудалцсан шалтгаан нь аймгийн Засаг даргын суудал гэнэ. Учир нь В.Рэнцэндорж нь Говь-Алтай аймгийн МАН-ын хороон даргаар ажиллаж байхдаа 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан тул Засаг дарга болох ёстой байжээ. Гэтэл түүнийг биш С.Гансэлэмийг өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат батламжилсан нь хоёр даргын хооронд хагарал үүсэхэд хүргэсэн байна. 

Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэрийг санаатайгаар ялагдуулсан баримтууд ил болж эхэллээ

“Жаст”-ын  Ш.Батхүү “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Эрсдэл учирахад Эрдэнэт үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэх гэрээ бий. Энэ гэрээг Эрдэнэт үйлдвэрээс арбитрын шүүхэд гаргаж өгсөн бол ялагдахгүй байсан. Тэр гэрээг гаргаж өгөөгүйд би гайхаж байгаа. Хэрвээ эх хувийг нь гаргаж өгсөн бол Арбитрын шүүхэд ялагдахгүй байсан” гэсэн утга бүхий зүйлийг ярьсан.

Тодруулбал, Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 51 сая доллар зээл авсан. Стандарт банк Жастын Ш.Батхүүд өгсөн мөнгөө нэхэмжилж арбитрын шүүхэд хандсан. Ш.Батхүү нь мөнгөгүй учраас түүнд зээл авахад нь батлан даалт хийсэн Эрдэнэт үйлдвэрээс мөнгөө нэхэмжилж байна. Зээлийн үндсэн төлбөр болох 51 сая доллар хүү, алданги болон бусад төлбөртэйгээ нийлээд 106 сая доллар болон нэхэгдээд буй. Хүү өдрөөс өдөрт өссөөр буйг бид санах учиртай. 

Нэгэнт Ш.Батхүү зээлээ төлж чадахгүй болсон учир түүнийг улсыг хохироосон хэргээр цагдан хориод байна. Хоригдож буй түүний бие тааруу байгаа гэсэн мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр гарсан. Түүнтэй хамт Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат нарыг цагдан хориод байгаа юм.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нарыг шалгахгүй л байсаар. Уг нь тэд тухайн үед энэ хэрэгт чухал оролцоотой оролцсон хүмүүс. 

“Стандарт” банктай байгуулсан гэрээнд тухайн үед тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нар гарын үсэг зурсан. Гэвч тэд өөрсдийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна лээ гэсэн тайлбар хэлээд өнөөдрийг хүргэв.

 Харин арбитрын шүүхээс тэдний гарын үсгийг хуурамч биш гэдгийг тогтоогоод байгаа билээ. Хамгийн ноцтой нь тэднийг хуулийн байгууллагаас шалгахгүй байгаа нь хачирхалтай.  Ч.Ганзоригийн гарын үсгийг хуурамч биш гэж гэдгийг Б.Мөнхжаргал баталгаажуулан гарын үсэг зурсан баримт АТГ-т байгаа гэдэг. Үүнээс гадна “Махионы лиотто” гэх хуулийн фирм нь Арбитрын шүүх ажиллагаанд “Стандарт” банкны талд ажиллахдаа Б.Мөнхжаргалтай утсаар ярьсан, гэрээний бүртгэл хийсэн гэх мэдүүлэг өгсөн байдаг гэнэ. Эндээс үзвэл “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нэлээд нухацтай ахицтай явагдаж байгаа нь харагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банктай хийсэн гэрээ манай улсын хууль хяналтын байгууллагад олдоогүй. Харин Арбитрын шүүхэд дээрх гэрээний нэг хувь нь байсан билээ.

Тэгвэл АТГ-ынхан алга болсон энэхүү гэрээг Б.Мөнхжаргалыг цагдан хорих үеэр гэрт нь үзлэг шалгалт хийх үеэр олжээ. Тодруулбал, түүний гэрийн сейфнээс 28 хуудас бүхий "Эрдэнэт" үйлдвэр "Стандарт" банктай хийсэн "Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх" тухай  гэрээний эх хувилбар гарч иржээ. Мөн богино хэмжээний нэг бус гурван ч гэрээний эх хувь байсан гэх мэдээлэл байна. Чухам энэ нь дээр Ш.Батхүүгийн яриад байсан гэрээ юм. Уг гэрээг Арбитрын шүүхэд гаргаж өгсөн бол Эрдэнэт ялагдахгүй байсан гэдэг.

Гэтэл энэ гэрээг Б.Мөнхжаргал нь гэртээ сейфэндээ хадгалж байж. Б.Мөнхжаргал нь 2010 оны найман сард байгуулсан “Барьцааны эрх үүрэг шилжүүлэх тухай” гэрээг дараа жил нь буюу 2011 оны нэгдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” компанийн холбогдох хуулийн ажилтанд үүрэг өгч, 2010 оны арванхоёдугаар сарын 30-ны өдрийн хамгийн сүүлийн дугаараар бүртгүүлсэн нь нотлох баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогддог гэнэ. Өөрөөр хэлбэл, байгуулсан гэрээг дараа жил нь бүртгүүлсэн нь ноцтой үйлдэл болоод байгаа аж. Б.Мөнхжаргалын АТГ-т өгсөн тайлбар мэдүүлгүүд, бодит байдал, “Эрдэнэт” үйлдвэрт хадгалагдаж байсан баримтууд зөрсөн нь Арбитрын шийдвэр “Эрдэнэт” үйлдвэрийн эсрэг шийдвэр гарахад нөлөөлсөн хүчин зүйл болсон гэж үзэж болохоор байгаа аж.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан хэргийг шалгах УИХ-ын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр энэ талаар ярихдаа "Эрдэнэт үйлдвэр ялах үйлдлийг хийгээгүй. Ялах боломжтой байхад өөрсдийгөө дайчлахгүй хэргээр ялагдчихаад төлбөрийг нь төрөөр төлүүлэх гэсэн байж болзошгүй гэж би үзэж байгаа . Үйл явцыг харахад Лондонгийн арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэр ялах бүрэн боломж байсан. Өөрөөр хэлбэл, хуурамч гарын үсэгтэй холбоотой асуудлаа дотоодынхоо хууль хяналтын байгууллагаар шийдүүлээд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцсоноо Арбитрын шүүхэд илэрхийлсэн бол манай тал ялах боломжтой байсан" гэж хэлсэн юм. 

Энэх бүхнээс үзвэл Эрдэнэт үйлдвэрийг Арбитрын шүүхэд санаатайгаар ялагдуулжээ гэж харахаар байна.

Д.Сугарын Стандарт банк рүү илгээсэн захидал ямар агуулгатай байв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж эхэлсэн билээ.  Тус хэргийн шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөн  хэрэгтэй холбоотойгоор “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй хэмээн үзэж цагдан хорьж шалгаж байгаа.  Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээл авахад Ганзориг, Д.Сугар оролцсон эсэх асуудал өнөөдрийг хүртэл маргаантай байгаа. Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээл авахад Д.Сугар нь тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын дарга байсан. Одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар. 

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын Стандарт банк руу илгээсэн захидал ил болжээ. Энэхүү захидал нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын дарга Д.Сугар-аас хэмээн хаягласан байна. Захидлын эхэнд “Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын болон хувьцаа эзэмшигчдийн ямар ч тогтоол үйлдвэрийн ерөнхий захирал Ганзоригийн эрх мэдэлд хязгаарлалт хийхгүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын даргын хувьд би баталж байна” хэмээн бичсэн байна.

Үүнээс харахад Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан зээл авах ажиллагаанд зөвхөн Ч.Ганзориг бус ТУЗ-ын дарга асан Д.Сугар оролцсон гэдгийг энэ захидал батлан харуулж байна. Уг захидлыг 2011 оны 12 сарын 13-ны өдөр бичсэн байна.  Эрдэнэт үйлдвэр 10 сая хүртэлх ам.долларын зээл авахаар бол ТУЗ болон хувьцаа эзэмшигчиддээ мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой байдаг байна.  Тэгвэл “Жаст групп, Стандарт банк, Эрдэнэт үйлдвэрийн хооронд 2010 оны наймдугаар сарын 5-ны өдөр хийсэн 34 сая  ам.доллар хүртэлх зээлийн гэрээнд хамаатуулж ..” гэж бичээд Д.Сугар өөрөө гарын үсэг зуржээ. 

О.Баасанхүү: Өөрийг чинь амьд яваасай гэж хүсэж байна, балай минь

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэх юм гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлов. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Ш.Раднаасэд нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Дээрх хуулийн төслийг хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг авч чадсангүй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар ширүүхэн маргаад авсан.  Улмаар ЗГХЭГ-ын дарга  Г.Занданшатар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хуралдааны танхимаас гаргаж, маргааныг таслан зогсоссон юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүдийн хэлсэн үгийг хүргэе.

Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг хоёр тохиолдол байна. Дээд шүүхээр шийтгүүлсэн бол Дээд шүүхийн Ерөнхий шүүгч их хуралд танилцуулга хийдэг. Энэ түтгэлзүүлэх тохиолдол байна. Тэр үндсэн хуулийн цэц  чөлөөлөх шийдвэр гаргасан тохиолдолд цэцийн дарга УИХ-д танилцуулга хийдэг. Одоогийн энэ хуулиар түдгэлзүүлэх тохиолдол байхгүй болсон учраас Ерөнхий прокурор санал оруулж ирэх эрх нь ч байхгүй болчихсон. Ийм хуулийн зөрчил байна. Энийг яаралтай эргэж харах хэрэгтэй дээ. 

УИХ-ын гишүүн Д.ЛүндээжанцанИх хурлын гишүүний халдашгүй дархан байдал бол хэвээр үйлчлэх ёстой. УИХ-ын гишүүнийг хэрэгт холбогдсон гэдэг нэрийн дор төрийг тогтворгүй болгох, их хурлын гишүүний эрхэнд халдах асуудалд манай гишүүд туйлын болгоомжтой хандах ёстой.

Хэлэлцэх асуудалтай холбоотой үг хэлэх байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ц.Нямдорж бол Үндсэн хууль зөрчсөн нь үнэн. Энэ асуудал чинь цаашаа явна. Монголын төрийн ажил ингэж явдаггүй байхгүй юу. Би ярьвал ярина шүү. Өнөөдөр өөрийг чинь амьд яваасай гэж хүсэж байна, балай минь. Харин ч ярихгүй байгаа. Даралтыг чинь өсгөөд хэрэггүй. Чиний хийсэн бүх юмны араас монголын хууль явна. Чи бол Монголын төрийг бузарласан балай амьтан. Ц.Нямдорж балай минь, чи жинхнээсээ зайлах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.НямдоржЗарим нэг нь чулуун зэвсгийн юм ярих нь холгүй байх шиг байна. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг, эсвэл эрүүлжүүлэх дээр байгаа юм шиг байна. Тэрэнд микрофон өгч өөгшүүлээд байж болохгүй. Одоо тэгээд нэг аальгүй этгээд гарч ирээд дайрч давшлаад байдаг.

Ийнхүү тэдний маргаан ширүүсэхэд маргааныг таслаж  ЗГХЭГ-ын дарга Г.Зандаршатар О.Баасанхүү гишүүнийг танхимаас авч гаргасан юм.

Татварын буцаан олголтын мөнгө ирэх 7 хоногт иргэдийн данс руу шилжүүлнэ

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ.  Энэ жилийн тухайд 70 орчим мянган иргэн 40 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа ирүүлсэн байна. Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлнэ.

Нийслэлийн хэмжээнд нийтдээ 33 мянга гаруй иргэн буцаан олголт авах юм байна. Нийслэлийн Төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажлыг хийж байна. Энэ ажил дууссаны дараа буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш буюу ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.  Мөн буцаан олголттой холбоотой асууж тодруулах зүйлээ  нийслэлийн Татварын газрын 11-311288 дугаар болон харьяа дүүргийн Татварын хэлтсээс авах боломжтой юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл