8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногт: Онцлохуудыг нэрлэж байна

2018-04-22 10:00:00

Дуулиан шуугиан, амжилт бүтээл  дагуулсан долоо хоног ийнхүү дуусаж байна. Эрхэм уншигч таны ажлын өдрүүд амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр амралтын өдөр учраас гэр бүлээрээ хэрхэн юу хийх талаар төлөвлөж сууна уу. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.Тийм учраас та бүхэн хувцасаа тааруулж өмсөхийг мөн анхааруулж байна. 

Мөн эрхэн уншигч та бүхэндээ сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн болон Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна. Шалгалтын явцад уг этгээдүүд нь мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркын автомашинаар нийслэл хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээ үзүүлэх нэрээр халхавчлан шөнийн цагаар үйлчлүүлсэн иргэдийг зодож, айлгаж сүрдүүлэн эд зүйлийг нь дээрэмддэг байсан нь тогтоогджээ.

Мөн тэд бусдын автомашины улсын дугаарыг хулгайлж, энэхүү үйлдэлдээ ашигладаг байснаа хүлээсэн байна. Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 1993-1997 онд төрсөн И, Б, Э, Б нар бүлэглэн үйлдсэнийг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн найдвартай такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн таксигаар үйлчлүүлэх, хувийн таксинд суухдаа улсын дугаар, автомашин маркыг сайтар харж, хэдэн цагийн үед хаанаас сууснаа ар гэрийнхэндээ мэдэгдэж байх зэргээр аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Харин одоо та бүхэндээ энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох мэдээлэлиг Долоо хоногийн тойм булангаараа онцлон хүргэж байна. Тоймоо хүлээн авна уу.

 

Онцлох сэдэв 

Маргаанаа зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэж Ерөнхийлөгч санууллаа 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн тав дахь өдөр дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг маргалдагч талуудад З.Энхболд уламжиллаа.

МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг бөхчүүд хүсч байгаа хэмээн уулзалтын үеэр мөн ярьсан юм.

Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдлаа.

Монгол үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж, маргаан үүсээд буй. Тэдний маргаан хурцдаж, цагдаагийн байгууллагад дуудагдаж, энэ асуудал нь Ерөнхийлөгчид бичгээр ирсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Бөхийн холбооны удирдлагуудыг ирэх тавдугаар сард багтаан маргаанаа шийдэхгүй бол Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна гэдгээ мэдэгдсэн юм. 

Энэ талаар тэд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. 


Х.БАЯНМӨНХ: БИ ТӨРИЙН НААДМЫН 10 БАЙ ШАГНАЛЫНХАА САНГ БӨХИЙН ӨРГӨӨНД ӨГЧ БАЙСАН

- Монгол Улсын аваргуудын зөвлөлөөр Бөхийн холбооны шинэ хурлыг хийж, энэ маргааныг цэгцлэх шаардлагатай гэсэн саналаа илэрхийллээ. Энэ хурлаар хоёр хуваагдсан хүмүүс нэг болж, цаашид нэг холбоо болж явах ёстой гэдэг саналаа хэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс ийм саналтай байгаа гэлээ. Түүнээс гадна Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Данзан нарыг холбооны удирдлагад оруулахгүй гэдэг саналаа ч мөн хэллээ. Монголын бөхчүүд эвээ олж, зүгээ олох ёстой гэдэг байр суурьтай л байна. Монгол бөхийн өргөө бол ард түмний өмч, улсын хөрөнгөөр боссон. Энэ бол Үндэсний бөхийн холбооны өмч байх ёстой гэж дүрэмдээ заасан байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Бөхийн өргөөний өмчлөлийн талаар хайгаад олдохгүй, хэний өмчид байгаа нь мэдэгдэхгүй байна. Монгол бөхийн өргөөг анх 5000 метр квадрат газартай байсан бол өнөөдөр 2500 метр квадрат газартай л болсон байна. Энэ хөрөнгө өнөөдөр өмч нь хаана байгааг хэн ч мэддэггүй, энэ талаар төрийн байгууллагаас асууж, сураглаад явж байна. Бөхийн өргөөг түр битүүмжилсэн байгаа. Тиймээс энэ асуудлыг төр шийдэж, хэн нь эзэмшихээ тодорхой шийдэх хэрэгтэй. Би төрийн наадмын 10 бай шагналынхаа санг Бөхийн өргөөнд өгч байсан хүн. Би энэ Бөхийн өргөөнд орох эрхтэй хүн гэж бодож байгаа ч дөрвөн удаа хөөгдөж гарлаа. 


Р.НЯМДОРЖ: ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ АСУУДАЛД АНХААРАЛ ТАВЬЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

- Бөхчүүдийн хоорондын маргаан Ерөнхийлөгчийн түвшинд хүрсэн нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон бөхөд маш том хохиролтой. Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал тавьж байгаад баяртай байна. Ерөнхийдөө бөхийн холбооны маргаан Бөхийн өргөө гэх байгууллагатай холбоотой гэж үзэх юм бол Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой шийдвэр гаргаж, Бөхийн өргөөг улсын өмчид авч болно гэсэн саналаа илэрхийлж байна. Мөн хууль дүрэмд захирагдахгүй, ёс бус үйлдэл хийж байгаа, журамд захирагдахгүй байгаа хүмүүсийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах бодолтой байна гэдгээ илэрхийлж байна. Тиймээс бөхчүүд дахин хурал хийж, яаралтай эв эеэ олж, бөхөө хөгжүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна. Бөхийн өргөө Монголын үндэсний бөхийн холбооны нэр дээр байгаа. Тус өргөө 2,5 тэрбум төгрөгөөр боссон барилга. Бүртгэлд байхгүй байна гэдэг нь дахин үнэлгээ хийгдээгүй байгааг ярьж байгаа болов уу гэж бодож байна. Дүрэмд заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбооны өмчид бүртгэлтэй, сар бүр үндсэн хөрөнгийн татвараа улсад төлөөд явж байгаа. Бүртгэлгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл. Ер нь хэрүүл маргааны хажуугаар худал зүйлс маш их тарааж, гүжирдэж байна. Тэр асуудлыг нь зогсоохгүй бол улам бие биенээсээ давах гэсэн энэ үйлдлүүд улс оронд ч хортой байж болзошгүй нь гэж харж байна. Одоогийн ийм байдал цаашид үргэлжилбэл Ерөнхийлөгч улсын өмчид авах шийдвэр гаргана гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ярианаас ойлголоо.

Анхаарлын төвд

Д.Гантулгыг гишүүнээс нь эгүүлэн татах эсэхийг шийдэх хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо тав дахь өдөр  үдээс хойш хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг хэлэлцэж баталлаа.

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Прокуророос УИХ-д хандан тавьсан. Уг санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн учир хуульд өөрчлөлт оруулж байж саналыг хэлэлцэх шаардлага үүсээд байгаа. 

Иймд Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн боловсруулсан уг хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар ажиллахаар болов.

Мөн тус Байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцээд гишүүдийн саналын дагуу Ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар Байнгын хорооны тогтоол баталлаа.

Түүнчлэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг байгуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төслийг  боловсруулан 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна. 

онцлох дуулиан 

Б.Булганыг яллагдагчаар татжээ

Нийслэлийн прокурорын газраас С.Зориг агсны гэргий Б.Булганыг яллагдагчаар татсан. Тус газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман “УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн хэргийг шалгах явцад шинээр цугларсан нотлох баримтуудыг үндэслэн түүний эхнэр Б.Булганд өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татсан" гэлээ. 

Б.Булганд яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж, байцаалт авчээ. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Г.Занданшатарын шад маданд Рио Тинто 11 тэрбум буюу 11 цэцэрлэг барих мөнгийг Засгийн газарт өгчээ

Монгол Улсын Татварын Ерөнхий газар энэ оны эхээр Оюутолгойд 155 сая долларын татварын акт тавьсан. Гэсэн ч Рио Тинтогийн удирдлагууд Дубайн гэрээгээр бол энэ мөнгийг төлөх үндэслэлгүй, шаардлагагүй гэсэн тайлбар зүүж гэдийж байсан нь саяхан.

Эрэг нь усаа хашиж, эзэн нь юмаа мэддэг гэгчээр Засгийн газраас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. “Төрийн уурга урт, хуйв нь уужуу. Монголын төрийн байгууллагын тавьсан актыг хэрэгжүүлэх нь зүй ёсны асуудал” гэдгийг Г.Занданшатар сайд Оюутолгойн удирдлагуудад удаа дараа сануулж байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастъян Жактай энэ оны нэгдүгээр сарын 23-нд уулзсан. Тэр уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөж, Ерөнхий сайд ч зарчмын шаардлагууд тавьжээ.

Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн РиоТионтогийн удирдлагуудтай хийсэн удаа дараагийн уулзалтуудын үр дүн эхнээсээ гарч эхэлжээ. Оюутолгой татварын маргаанаа эцэслэж эхний ээлжинд 11 тэрбум төгрөг шилжүүллээ. Нэг цэцэрлэг барих дундаж зардал нэг тэрбум төгрөг гэж үзвэл Г.Занданшатар сайдын ахалсан ажлын хэсгийн эхний үр дүн 11 цэцэрлэг барих хөрөнгийг шийдвэрлэж чадлаа.

Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг. Үлдсэн мөнгийг богино хугацаанд төлж барагдуулахын төлөө Засгийн газрын “Рио Тинто”-той “хэл амаа ололцох” хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж таарна.

Бусдын ажил, амжилт, үр дүнг өөртөө нааж нэр хүнд олох гэсэн хүмүүс ч одоо дуугарч эхэлнэ дээ.

У.Хүрэлсүх: 320 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгоно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн тав дахь өдөр хуралдлаа.

Агаарын чанарыг сайжруулах бүсийн 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах аж ахуйн нэгжийг дэмжиж, дөрвөн тэрбум төгрөгөөр бэлтгэл ажлаа эхлэх, үлдэгдэл 46,1 тэрбум төгрөгт баталгаа гаргахаар болов.

Нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн найм нь стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг тасралтгүй үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан байна.

Үүнээс гадна 200 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ирэх есдүгээр сарын дунд гэхэд ашиглалтад оруулахаар боллоо. Нэг тонн сайжруулсан түлш нь түүхий нүүрсний үнэтэй адил буюу тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөөд байна. Энэ оны эцэс гэхэд 80 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн байх ёстой учир цаг хугацаа хожих үүднээс шаардагдах хөрөнгийг Засгийн газар болон бусад эх үүсвэрээс гаргах юм.

Орчны бохирдлыг бууруулах агентлагийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулах, Хог хаягдлын үйлдвэрийн ажлыг ирэх сард багтаан эхлэх, гэр хорооллын нүхэн жорлонгийн лагийг цэвэрлэх, байгальд ээлтэй, инноваци нэвтрүүлсэн төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо. 

Өнгөрсөн онд 20 мянган өрхийг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуураар хангасан. 2018-2019 оны өвлийн улиралд мөн мөн тооны өрхөд хөнгөлөлттэй үнээр цахилгаан халаагуур нийлүүлэхээр болов. Амьдрал ядуу, зорилтот бүлгийн 50 мянган өрхөд сайжруулсан түлш худалдан авахад нь зориулж улсаас татаас өгөхөөр шийдвэрлэлээ.  

2018, 2019 он утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна. БНСУ-аас авах 30 жилийн хугацаатай, хүү маш бага, 500 сая ам.долларын зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар тохиролцсон. Энэ хүрээнд түрээсийн орон сууц барих, орон сууцжуулах, гэр хорооллыг цэвэр, бохир, дулаанаар хангах, нийтийн тээврийг шинэчлэх, дэд бүтцийн төв байгуулах зэрэг 15 төсөл хэрэгжүүлнэ. Мөн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, Агаарын бохирдлын сан байгуулахаар төлөвлөсөн юм. Эдгээрийг ажил хэрэг болговол 2019-2020 оны өвөл гэхэд бохирдлыг 50 хувь бууруулж чадна гэж Засгийн газар үзэж байна.

Эрчим хүчний яам БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2020 оны хагас гэхэд 10 аймагт дулааны станц барьж ашиглалтад оруулах зэрэг ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байна.

Хотын захиргаа энэ онд уурын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбох, Агаарын чанарын суурин харуулын тоног төхөөрөмжийг шинэчлэх, түрээсийн орон сууц барих, дагуул хотуудыг хөгжүүлэх, ногоон байгууламж бий болгох, хөрсний бохирдлыг багасгах зэргээр ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын яамны танилцуулснаас үзвэл энэ онд 320 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгоно. Харин ирэх онд 500 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Урьдчилгаа 30 хувь болон сар бүрийн төлбөрөө тогтмол өгөх боломжгүй тодорхой тооны өрхийг түрээсийн орон сууцаар хангахаар төлөвлөөд байна.

2019 оны 05 дугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Мөн өдрөөс хойш хотод утаа шүүгчгүй автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа.  Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд бүтэн нэг жилийн хугацаанд дор бүрнээ бэлтгэлээ хангахыг сануулж, Үндэсний хорооны гишүүд энэ талаархи мэдээлэл, сурталчилгааг боломжит бүх хэлбэрээр хүргэж байхыг  үүрэг болгов.

Иргэдийн эрүүл мэнд, амь нас, үр удамд ноцтой нөлөөлж байгаа утаатай тэмцэхийн тулд энэ мэтээр захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж тэрээр хэллээ. Төрийн бүх шатны байгууллага, тэр дундаа хууль хүч, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллага хяналт шалгалтаа чангатгаж, шийдвэр зөрчигсдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах ёстойг анхааруулав.

Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ

Т.Цогт хэмээх 16 настай хүү дөрөвдүгээр сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээллийг өмнө хүргэж байсан билээ. Түүнийг алга болсноос хойш 18 хоногийн дараа буюу өчигдөр/04.20/ цогцсыг нь олжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү  өөрийн твиттер хуудастаа “Хүүгийн цогцсыг Төв аймгийн Сэргэлэн сумаас олсон. Урьдчилсан байдлаар хүүг осгож нас барсан гэж таамаглаж байна” хэмээн жиргэжээ.

АТГ: Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн, өөрийн албан үүргийн хүрээнд эзэмшиж байсан дансыг хаалгасан албан тушаалтнуудын нэрсийг Авлигатай тэмцэх газар нийтэд зарласан билээ.

Тэдгээр албан тушаалтнуудын нэг болох Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбат нь Авлигатай тэмцэх газарт хандан гомдол гаргалаа. Тэрээр “Би Хонконг дахь Консулын газарт ажиллаж байх хугацаандаа албан үүргийн дагуу эзэмшиж байсан дансаа хаасан тухай мэдүүлсэн байтал намайг оффшор данстай мэтээр зарласанд гомдолтой байна” гэжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4, 101.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлсэн нэр бүхий дипломат ажилтнуудаас С.Ганбат нь албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан талаар мэдүүлж бүртгүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод байдлыг хангах хуулийн зорилтод нийцүүлэн албан тушаалтнуудын оффшор бүс дэх хөрөнгийн талаарх мэдүүлэг, мэдэгдлийг нийтэд мэдээлсэн болно.

Иймд хуульд заасан үүргээ биелүүлсэн дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байгаа гэж дүгнэн буруутгах үндэслэлгүй бөгөөд оффшор бүс дэх хөрөнгийн талаар мэдэгдэж бүртгүүлэх нь шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment