8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэтхэгийн гадаад хэргийн сайд манай улсад айлчилна

2018-04-22 13:30:00

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж дөрөвдүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Энэтхэг Улстай Стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэхэд оршиж байгаа юм байна.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг зохион байгуулж, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж.

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхахаар төлөвлөжээ. Мөн тэрээр Кушок Бакула Ринбүчигийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, үг хэлнэ. Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 42 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Я.Б.Чаван 1976 онд Монгол Улсад айлчилж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment