8o
Улаанбаатар хот
mobile menu

МИАТ-ийн хувьчлал ба маргаан дагуулсан асуудлууд

2018-04-23 09:00:00

Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, МИАТ, Төрийн банк холбооны гурван компанийг оруулаад 10 гаруй компанийг үе шаттайгаар хувьчлах ажлыг Төрийн өмчийн хорооноос эхлүүлээд байна. Тус газраас төрийн өмчийн хувьчлалын төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн бариад байгаа юм. Гэхдээ хэрхэн, яаж хувьчлах цаашлаад хувьчлах уу, үгүй юу гэдгийг  УИХ-аас шийдвэрлэх юм. 

Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Ням-Осор “Яамдуудаас санал авах түвшинд явж байна. Төсөл гурван хэсгээс бүрдсэн. Нэгт, төрийн өмчийн эрчим хүчний компаниудыг хувьчлах тухай юм. ДЦС III, ДЦС IV гэх мэт станцуудын 30-40 хувийг хувьчлахаар тусгасан. Гэтэл эрчим хүчний салбарын хувьчлал зөв үү, буруу юу гэсэн асуудал хөндөгдөж байна. Дулааны цахилгаан станц хувьд очсоноор хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлж чадах уу, үгүй юу гэдэг ч эргэлзээтэй. Тиймээс салбарын яам нь судлаад саналаа хэлэх байх. Ер нь энэ салбарын өмч хувьчлалыг цаашид хэрэгжүүлэх эсэхийг маш сайн судлах хэрэгтэй. Хоёрт, төрийн өмчийн авто зам, завсар ашиглалтын 20 компани байдаг. Эдгээр компанийг хувьчлахаар тусгасан. Төр эдгээр компанийн тоног төхөөрөмж, урсгал зардлыг гаргаад, цалин хөлсөөр хангаад байх шаардлагагүй юм гэж үзсэн” гэжээ. 

Эндээс ганц МИАТ-ыг сугалан авч онцлоход, 

МИАТ компанийг хувьчлах асуудал өмнө нь хэд, хэдэн удаа яригдаж байсан. 2015 онд хувьчлахаар шургуу ажиллаж байсан ч  эцэст хувьчлах газруудын жагсаалтаас хасч байсан. 

Харин энэ удаа тус компанийг хувьчлах асуудлыг Засгийн газраас эрчимтэй эхлүүлж байна гэж харж болохоор байна. Зам, тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө Ерөнхий сайддаа хандан МИАТ-ын томилгоонд оролцолгүй, холхон байхыг сануулсан. Энэ нь түүний МИАТ-ыг хувьчлах санаа байж. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ын захирлыг ажлаас нь чөлөөлж оронд ньС.Батболдын Засгийн газарт сангийн төрийн нарийнаар ажиллаж, 2012 онд Н.Алтанхуягийн засаг томилогдоход хамгийн сүүлд ажлаа өгч байсан Д.Баттөрийг томилсон юм. 

Энэ нь мөн хувьчлал хийх ажлыг хамтран гүйцэтгэх нөхрөө томилж байна гэж харахаар байна. 800 гаруй ажилтантай МИАТ компанийн хувь заяа хувьчлалын үр дүнд чухам хаашаа эргэх бол гэдэг нь өөрөө асуулт дагуулж байна. 

Ямартай ч Ж.Бат-Эрдэнэ сайд МИАТ-ыг хувьчлах нь зөв гэх байр, суурийг илэрхийлсээр байна. Тэрбээр хувьцааных нь тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд арилжаалж, МИАТ-ийг өөд нь татаж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, зөв менежмент хийх, шахааны бизнес, хэт тансаглалыг зогсоох цаг болсон гэж ярьж буй. Өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаа нь олигтой сайжирч, хөгжиж чадаагүй МИАТ компанийг хувьчилснаар өнгө зүс, үйл ажиллагаа нь сайжирч олон улсын түвшинд хүрнэ гэх хүмүүс ч байна.

Ер нь аливаа Төрийн өмчийг хувийн хэвшилд шилжүүлсний дараа өнгө ороод, үйл ажиллагаа нь мэдэгдэм сайжраад явчихдагийг иргэд мэднэ. Тэгэхээр хувийн хэвшлийнхнийг МИАТ-ийн менежментэд оролцуулбал өрсөлдөх чадвар нь нэмэгдэх нь дамжиггүй. Гэхдээ яаж хувьчлах вэ гэдгийг сайтар бодох учиртай. Бүр тодруулбал, хэнд, яаж, хэрхэн хувьчлах вэ гэдэг асуудал бий. Одоогоор энэ бүх асуудал тодорхой болоогүй. Хувьчлал хийхээс өмнө компанийн үнэлгээг сайжруулах, ашиг орлогыг одоо байгаагаас нь нэмэгдүүлэх гэх зэрэг олон ажлыг хийх ёстой. Монголчууд “Гараа сайн бол бариа сайн” гэж ярьдаг. Энэ жишгээр “МИАТ” компани анхнаасаа л сайн хувьцаа гаргаж, арилжаалбал, цаашдаа үнэ цэн нь тогтмол өсөж,тэр хэрээр компанийн ашиг орлого ч нэмэгдэх ёстой.  УИХ-ын гишүүд хувьчлах цаг нь болсон гэж үзэж байгаа ч гол нь хэнд, яг ямар тоглоомын дүрмээр гэдгийг нухацтай ярилцах ёстой хэмээж буй. Учир нь далайд гарцгүй манайх шиг улс агаараар тээвэр хийдэг болохоор үүнд болгоомжтой хандаж байгаа нь энэ биз ээ.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд барилга байшин барих, онгоц худалдаж авах гээд МИАТ компанид хөрөнгийн хэрэгцээ байгаа. Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоод барилга байшин бариад, хувийн хэвшлийн менежментийн арга барил нэвтрүүлээд ажиллах нь МИАТ компани өрсөлдөөнд ялах нэг хөшүүрэг болох нь дамжиггүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лью Дао Хуа
МИАТ-ын онгоцны шахааг МАН дангаараа дархан эрхтэйгээр хийдэг
2018/04/23 180.149.78.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment