8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Чилхаажав: Үндсэн хуулийн толгой дээр “Төр нийгмийн удирдан чиглүүлэх хүчин Нам” гэж бичих л үлдээд байна

2015-11-20 08:09:00

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2014 онд байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр ажилласан билээ.  Харин уг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олны анхаарлыг татсан олон өөрчлөлтүүд орох аж. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 болгох, УИХ, ЗГ-ын бүрэн эрхийн хугацааг сунгаж 5 жил болгох, Ерөнхийлөгчийг ард иргэдээс биш парламентаас сонгох гэх мэт өөрчлөлтүүдийг оруулж буй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар “Үндсэн хуулийг баталж боловсруулахад гар бие оролцож явсан  АИХ-ын деутат, Улсын бага хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Чилхаажаваас тодрууллаа.

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар УИХ хэлэлцэж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувьд өөрчлөлтийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай ганц нэг зүйл заалт байгаа боловч үүний далбаан дор 1990 оны өөрчлөлтөө улам дордуулах гэж байгаа учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Цаг нь биш. Хийж байгаа арга хэлбэр нь хүртэл өөр. Гол тулгуур болсон Үндсэн хуульд ингэж өөрчлөлт хийж болохгүй. Санал асуулгаа ард нийтээр хэлэлцүүлэх ёстой. Ард түмний гол тулгуур болсон Үндсэн хуулийг ингэж өөрчилж болохгүй. Ирээдүй хойч үедээ нүүр бардам байх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн эрх ашигт нийцэж болно. Гэвч ирээдүй хойч үе, нийт ард түмний эрх ашигт нийцэхгүй.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй огт хэрэггүй заалтуудын талаар та дурьдаач?

-Улс төрийн намыг Төрийн дээр гарна гэж байна. Хуучин МАХН төрийг удирдан жолоодох хүч мөн гэсэн заалт байсан. Одоо яг тэр зарчим руугаа орж байна. “Шүүхийн бие даасан байдал алдагдаж, улс төрч, эрх мэдэлтнүүдийн дарамтанд ажиллахаар болж байна. Намын шүүх байгуулагдах гэж байна. Ерөөсөө бүх эрх мэдлийг УИХ-д төвлөрүүлээд Ерөнхийлөгчийн болон Шүүх эрх мэдлийг үндсэндээ улс төрийн намын хараат болгоод дураараа дургих гэсэн хүмүүсийн илэрхийлэл юм уу даа.  Ерөнхийлөгчийг  Монгол Улсаа төлөөлөх эрхийг хасах гэж байна. Одоо тэгээд манай улсыг гадаадад хэн төлөөлөх юм бэ. Ерөнхий сайд эсвэл, УИХ-ын дарга төлөөлөх юм уу. Би өөрөө үндсэн хуулийг баталж боловсруулахад гар бие оролцож байсан хүний хувьд дэмжихгүй байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт орсоноор үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх хаагдана.  Үндсэн хуулийн толгой дээр “Төр нийгмийн удирдан чиглүүлэх хүчин Нам” гэж бичих л үлдээд байна. Гурван эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэл авч эхлэх гэж байна. Бид юуг дэмжиж байсан бэ гэвэл 2000 онд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг л өөрчлөх хэрэгтэй. Үүнийг дэмжиж байгаа. Энэ дордуулсан өөрчлөлт бүх юмны эхлэлийг тавьсан. Улс төрийн намыг төрийн дараа тавьсан. Өнөөдөр намын бүлэг бүх асуудлыг шийдэж байна. Үүнийг бүр баталгаажуулаад Ерөнхийлөгчөө хүртэл өөрсдөө сонгох гэж байна. Дордуулсан хуулийн өөрчлөлтийн гай гамшигийн монгол улс 15 жил үүрлээ. Ард түмний ард амьдрал доройтож, эдийн засаг муудсан үүнээс болсон.

 

-Одоо долоо хоногийн дараа санал асуулга явуулахаар болоод байгаа. Гэтэл ард иргэд яг ямар зүйл заалт дээр нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа төдийлөн сайн мэдэхгүй байгаа?

-Хуулийн төслийн үзэл санааг санал асуулгаас өмнө нь нийтэд таниулан сурталчилах цаг хугацаа байхгүй. Иргэд хуулийн үзэл баримтлалтай танилцан оновчтой шийдэл гаргах боломжгүй боллоо. Мөн үүнээс гадна явуулах гэж байгаа санал асуулга нь алдаатай. Улсын их хуралд өргөн мэдүүлсэн Монгол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалыг дэмжиж УИХ-аар хэлэлцэх эсэх талаар Дэмжиж байна, дэмжихгүй байна гэж байгаа. Ард иргэдийг байж боломгүй басамжилж байна. Санал авсан, иргэд дэмжсэн гэсэн гэж түүхийн өмнө хэлээд суух гэж байгаа. Санал асуулга явуулаад ард иргэд дэмжсэн шдээ гээд өөрийгөө хариуцлагаас чөлөөлөх гэж байна.

 

-Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх тухай яригдаж байна. Манай 76 багадаад байгаа юм уу?

- УИХ-ын гишүүдийн тоог 76-г 99 болгох гээд байгаа. Мөн дөрвөн жилийн 5 жил болгоно гэсэн. Энэ тоог өөрчлөхөөр Монгол аврагдах гээд байгаа юм уу. Энэ өнөөдөр зайлшгүй хэрэгтэй байгаа юм уу, үгүй шүү дээ. Үндсэн хуулийн эрхэм зорилгынхоо эсрэгээрээ явж байна. Энэ өөрчлөлтийг харахаар ЗГ, УИХ гэж хоёр өрөвдөмөөр амьтан юм хийх эрх нь олдохгүй зовоод шаналаад байгаа юмуу гэж харахаар байна. Тэнд ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч гэж нөхөр загнаад юм хийлгэхгүй байгаа мэтээр ойлгуулах гээд байна. Харин ч эсрэгээрээ УИХ, ЗГ-т маш их эрх мэдэл байгаа. Тийм эрх мэдэл байсан учраас хамаг юмыг нь худалдаад дуусаж байна. Үүнийг өөрчлүүлэхгүй гэдэг нэг шалтгаан нь хоёр намд хуваагдсан хэдэн хүмүүс л байгаа шдээ. Төрийн ширээ тойроод л эргэлдээд байдаг. Хуулийг мөрдөж, хуулинд захирагдаж амьдрахаа болсон. Өөрсдийнхөө үйл ажиллагаанд хуулийг тохируулж ажиллах гээд байна. Үүний оргил хэмжээ нь Үндсэн хуулийн өөрчлөлт. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment