8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хуурамч доллар хилээр нэвтрүүлэхийг завдаж, Улсын дээд шүүхийн шүүгчид дэвшсэн 5 хүн нэрс ил болсон өдөр

2018-04-23 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Д.Эрдэнэбат: Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг хүргүүлж байна

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн санал дүгнэлтээ гаргасан байна. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарыг Засгийн газрын гишүүнээс нь огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр болсон байна. Мөн Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг АН-аас гаргахаар болжээ. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахлахаар болсон байна. Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Бага дунд боловсролын хуульд нэмэлт өөрчлөт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АН-ын бүлгээс танхимынхаа хоёр сайдад хариуцлага тооцож, албан тушаалаас нь буулгах шаардлага хүргүүлэхээр боллоо. Шаардлагад Хүрэлсүхийн Засгийн газрын зарим сайд нарын хариуцлагагүй үйл ажиллагаа асуудал үүсгэж байна. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АТГ-т Хотгор шанагын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан хэргээр шалгагдаж байгаа. Мөн тэрээр төсвийн тухай хуулийг зөрчиж 180 гаруй тэрбум төгрөгийг төсвийн орлогын зохицуулалт хийлгүйгээр хуулийн зөрчил гаргасан гэж үзэж байна. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төсвийн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Түүнээс гадна түрээсийн байрны асуудал нь Эрдэнэтийн 51 хувь, Төрийн банктай холбоотой Г.Алтангийн зээлтэй хамааралтай гэж харж байгаа. Үндсэн хуулийн цэцэд иргэд гомдол гаргасан боловч Цэц АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Энэ хоёр сайдын үйлдэл нотлогдож байгаа учраас зайлшгүй хариуцлага тооцох ёстой” гэлээ.

Мөн АН-ын бүлгээс уул, уурхай стратегийн ордуудын асуудлаар ажлын хэсэг байгуулсан байна. Тавантолгойн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахлах бол Оюутолгойн ажлын хэсгийг З.Нарантуяа, Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсгийг Б.Пүрэвдорж гишүүн нар ахлахаар болжээ. Ажлын хэсэг тавдугаар сарын 20-ны дотор эхний дүгнэлтээ бүлэгт танилцуулах юм байна.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцнэ. Одоо санал асуулга ч явуулаагүй байхад энэ хуулийн төслийг хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа. Гэхдээ ийм хавтгайруулж, олон зүйл заалтад өөрчлөлт оруулах шаардлагагүй. Ажлын хэсэгт манай бүлгээс надаас гадна Ж.Батзандан гишүүн орсон. Намууд ард иргэд бүгд санал нэгдсний дараа батлаасай гэж хүсч байна. Түүнээс 65-аараа хүч түрэн өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хууль батлаж болохгүй. Ажлын хэсгийн хуралдааны явцаас харахад энэ хаврын чуулганд багтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихааргүй байна. Хэрвээ АН-ын бүлэг хүч түрээд батлавал асуудал шал өөр тийшээ явна.

-Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Ямар шалтгаанаар хойшлуулсан бэ. АН-ын бүлэг хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хэрвээ МАН-ын бүлэг бүлгээрээ хэлэлцээд “Бид нар 65 уулаа хуулиа батлаад явна” гэвэл асуудал тэс өөр зүйл рүү эргэнэ гэж харж байгаа.

- Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгохоор болсон. Үүнд АН-ын бүлэг ямар байр, суурьтай байгаа вэ?

- Хүүхдийн мөнгөний асуудлаар маш удаан хугацаанд улс төржиж байна.  Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хүртэл улс төржсөн. Би байнгын хорооны хуралдаанаар гарсан асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Засгийн газрын өргөн барьсан хуулийг хамтарсан ажлын хэсэг байгуулаад хэлэлцсэн бол илүү эрүүл байх байсан. ОУВС-ийн нэрийн дор нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгоно харин 100 олгож чадахгүй гэдэг щнь буруу. Үлдсэн 20 хувьд нь 17 тэрбум төгрөг л хангалттай. Монгол улс эдийн засгийн өсөлттэй, уул уурхайн бүтээгдэхүүн ийм өндөр үнэтэй байгаа нөхцөлд 17 тэрбум төгрөгийг хүүхдүүдээс харамлах шаардлагагүй гэж үзэж байна. Энэ хуулийг хамтарч хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хамтарсан байдлаар хэлэлцээсэй. МАН үүнийг улс төрд битгий ашиглаасай гэж бодож байна. Анх хүүхдийн мөнгийг ОУВС-аас зөвшөөрөхгүй байна гэдэг шалтгаанаар нийт хүүхдийн 40 хувьд олгохоор болсон. Сая 60 хувьд нь өгөхөөр  болгосон. Одоо ОУВС-ийн зөвшөөрлөөр 80 хувьд нь олгохоор боллоо гэж хэлж байна. Энэ худлаа. Одоо МАН-ынхан сонгуулийн өмнөх жил нийт хүүхдүүдэд мөнгийг нь бүрэн олгоно. Хүүхдийн мөнгийг 100 хувь өгдөг боллоо гэж ярина.100 хувь олгож байсан мөнгийг 40 хувь болтол нь бууруулаад дараа нь өсгөснөө ажил хийсэн, амлалтаа биелүүлсэн гэж ярьж болохгүй. 17 тэрбум төгрөгийг хүүхдүүдээсээ харамлах юм бол энэ Засгийн газар байх ч шаардлагагүй. Стандарт банкинд 109 сая доллараа өгчихөөд хүүхдүүдээсээ 17 тэрбум төгрөг харамладаг төр байх шаардлагагүй.

- Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын Хотгор шанагын уурхайг ашигласан асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Түүний төсвийн хуулийг зөрчсөн 180 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар тодорхой мэдээлэл өгнө үү?

- Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой олон зүйл нийтэд ил болсон. Бид үүнийг хаацайлж, нуугаад чимээгүй явах цаг хугацааг хангалттай өнгөрөөлөө. Тиймээс нэг тийш нь шийдэх ёстой. Хүн амын орлогын албан татварын гурван шатлалыг нэг шаттай болгон өөрчилсөн. Үүнээс болж 40 орчим тэрбум төгрөгийн төсвийн дутагдал үүссэн. Энэ дутагдал зөвхөн төвлөрсөн төсвийн дансанд бус бүх орон нутгийн дансанд үүссэн. Зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой хуулийн заалтыг хийхгүй байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл юм.

- Ц.Нямдорж сайдын түрээслэдэг байр нь Г.Алтан болон Ш.Батхүүтэй холбогдсон гэлээ. Ямар сэжмээр холбогдож байгаа юм бол?

- Энэ хүн Г.Алтан гэдэг хүнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэхээр харилцаатай гэдэг нь батлагдсан. Үүнийгээ нэг тийш нь болгох шаардлагатай. Хариуцлага ч тооцох ёстой. Төрийн өндөр албан тушаалтан хүн үнэгүй түрээсийн байранд амьдарна гэж үгүй. Үүнийгээ тайлбарла чадахгүй бол ажлаа өг гэдэг шаардлагыг тавьж байна.

- Засгийн газрын гишүүдийг нэг, нэгээр нь огцруулах саналыг УИХ-ын гишүүд гаргаж болохгүй гэх Цэцийн дүгнэлт байдаг шүү дээ?

- Тийм учраас Ерөнхий сайдад шаардлага тавьж байгаа юм. Ерөнхий сайд аль сайдаа огцруулахаа өөрөө мэдэх ёстой. Хуулиар ч нээлттэй.  

- Эрдэнэт болон Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг УИХ-аас гаргасан. Гэтэл танай намын бүлгээс тусдаа ажлын хэсэг гарган шалгаж буй нь ямар учиртай юм бэ?

- Тусдаа ажлын хэсэг гарган шалгах шаардлагатай. Бусад ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх олонх нь МАН-ын төлөөлөл байгаа юм. МАН-ын төлөөлөл улс төрийн шийдвэр гаргах уу гэдгээс л бид болгоомжилж байна. Тиймээс бид дахин ажлын хэсэг байгуулаад яг бодит дүгнэлт гаргахаар ажиллана. Манай бүлгийн З.Нарантуяа гишүүн Оюутолгойн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Гэхдээ давхар бүлгээс байгуулсан ажлын хэсэгт ажиллах нь үйл ажиллагааны хувьд харшлах зүйлгүй.

 Б.Мэргэн: Б.Мөнхжаргалын гэрээс "Эрдэнэт"-тэй холбоотой нууц гэрээг олоогүй

"Жаст" компанийн зүгээс гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан гэх асуудлаар шалгагдаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалын өмгөөлөгчид Б.Мэргэн, н.Баярхүү мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд Б.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн “Манай үйлчлүүлэгчтэй холбоотой хэрэг АТГ-т шалгагдаж байгаа энэ үед хэн хаанаас гаргаж буй нь үл мэдэгдэх буруу ташаа мэдээллүүд өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүдээр их цацагдлаа. Б.Мөнхжаргалын гэрт  АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж сэйфнээс нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой 28 хуудас бүхий богино гэрээг олсон. Б.Мөнхжаргал гэртээ нотлох баримтуудыг нууж, гэмт хэргийг нуун дарагдуулж байсан байна” гэх мэдээллүүд гарсан. Өмгөөлөгчийн зүгээс энэ  мэдээлэлтэй холбогдуулан АТГ-аас албан ёсны тайлбар мэдээлэл авсан. Ямар нэгэн байдлаар үзлэг нэгжлэг хийгээгүй гэдгээ АТГ-аас мэдэгдсэн. Бид нэгдүгээрт үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах, гэм буруугүйг нотлох зорилготой. Хоёрдугаарт Эрдэнэт үйлдвэрийн хэрэг өөрөө залилангийн шинжтэй хэрэг байсан байна. Цаашлаад Стандарт банкинд төлөх өрийг Засгийн газраас төлж барагдуулах ёсгүй, барагдуулахгүй байж болох хуулийн гарцууд байна гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа.

-Б.МӨНХЖАРГАЛЫГ ЦААШИД ТУСГААРЛАН СААТУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА-

Тухайлбал, энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтооход ач холбогдолтой эдгээр гадны шүүхийн шийдвэр, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулахаар АТГ-т өнгөрсөн долоо хоногт хандсан. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг цаашид тусгаарлан саатуулах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

Шууд мэдээллийг эндээс үзнэ үү. 

ТАНИЛЦ: Улсын дээд шүүхийн шүүгчид 5 хүн нэр дэвшжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар Анхан, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан билээ.  Тус сонгон шалгаруулалтын Анхан болон Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын "Суурь шалгалт” өнөөдөр эхэллээ. "Суурь шалгалт” нь ёс зүйн сорилын шалгалтаар эхэлж, зан төлөвийн ярилцлага, монгол хэлний бичгийн болон ярианы чадварын шалгалт, хэрэглээний програм ашиглах чадварын шалгалтаар үргэлжилнэ. "Суурь шалгалт”-д 60 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч "Тусгай шалгалт”-д оролцох эрхтэй болно.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд Б.Амарбаясгалан, С.Буд, Ц.Ичинхорлоо, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Эрдэнэбат нар өрсөлдөж байгаа юм.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн нэг сул орон тоонд Ш.Бат-Эрдэнэ, Н.Болормаа, Т.Өсөхбаяр нар нэр дэвшжээ. 

Д.Хаянхярваа: Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар бидний өнөөдрийн зовлон бий болчихоод байгаа юм биш

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн /2018.04.23/-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн явцын талаар Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан бүлгийн гишүүдэд танилцуулга хийв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сайтар судалж, үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэгт олонхи гишүүд санал нэгдсэн байна.  Түүнчлэн МАН-ын бүлгийн гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаанд сахилга хариуцлагатайгаар оролцох талаар ч хурлын үеэр хөнджээ.

Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Энэ чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж амжих уу?

-МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь энэ удаагийн чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эцэслэн шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ингэхийн тулд төслийн хүрээнд явж байгаа өөрчлөлтүүдийг МАН-ын бүлэгт өнөөдөр, АН-ын бүлэгт  ойрын хугацаанд танилцуулна. Улс төрийн бусад намууд, холбогдох байгууллагуудтай дахин нягталж байгаад эцсийн хувилбараар тохиролцвол энэ ондоо багтааж нэг тийш нь шийдэх ёстой гэдэгт бүлгийн олонхи гишүүд санал нэгдлээ.

-Үндсэн хуульд яг ямар хувилбарын хүрээнд өөрчлөлт оруулахаар ярилцсан бэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан судалгаа, тооцоо, хэлэлцүүлгийн хүрээнд гол өөрчлөлт чиглэнэ. Одоогийн байдлаар нийт дүнгээрээ 300 гаруй мянган иргэдээс санал авсан. Энэ саналуудаас томъёолол гаргасан. Гэхдээ энэ бол эцсийн хувилбар биш. Өнөөдрийн хувьд танилцуулах түвшинд асуудлыг ярилцлаа. Цаашид салбар, салбарын төлөөллөөс саналыг нь авч нухацтай хандах ёстой.

-Гол өөрчлөлтүүдэд гишүүдийн байр суурь нэгдэж  байгаа юу?

-Бүлгийн гишүүд олон ургальч үзлээр хандаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох хэрэгтэй. Ерөнхийлөгч, парламент, гүйцэтгэх засаглалтай байх эсэхээ  шийдэж нэг талд нь гаргах ёстой гэж ярих нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийг шууд ард нийтээс эсвэл парламентаас сонгодог болгож, энэ  тогтолцоогоо төгс болгох тухай ярьж байна.  Гүйцэтгэх засаглалыг нэмэгдүүлж, парламентын эрх мэдлийг хумих чиглэлд явуулах санал ч байгаа. Яг  өнөөдрийн байдлаар МАН-ын бүлэг гараа өргөж эцсийн шийдвэр гаргаагүй. Улс төрийн том шийдэл учраас сайтар ярилцана.  

-Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг ямар нэгэн мэдээлэл өгсөн үү?

-Одоогоор өгөөгүй байна. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар бидний өнөөдрийн зовлон бий болчихоод байгаа юм биш. Бидний зовлон улс төр, эдийн засгийн буруу бодлогын нөлөөгөөр савлаж байна. Энэ гэрээ байгуулагдснаар Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн.  Оюутолгойн гэрээг хүн бүхэн шүүмжилдэг болжээ. Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүмүүс рүүгээ үгийн муугаар дайрч болохгүй. Монгол Улс хууль цаазтай орон. Ямар нэгэн хэрэг төвөгтэй холбогдсон хүнийг хуулийн дагуу үнэн зөв шалгаж мэдээллийг өгдөг тогтолцоогоороо явах ёстой.  Хэрвээ хийсэн гэм буруу байхгүй бол хилс гүтгэлэг, буруу ташаа мэдээлэл байсныг олон түмэнд мэдэгдэж нэр төрийг нь сэргээх ёстой.

Монголын эдийн засгийг урагш нь чирж байгаа улсын үйлдвэр, дотоодын томоохон компаниудад хандсан дайралт эрс нэмэгдэж байна. Баялаг бүтээгч, компаниудаа элдвээр хэлж ажлыг нь зогсоочихоод хөгжих тухай яриад хэрэггүй. Засгийн газар, төр маш тодорхой хариулт өгч явах учиртай. Энэ хэвээрээ байвал цаашдаа аливааг хийж нийгмийг хөгжүүлэх хүсэлт тэмүүлэлтэй хүн өдрөөс өдөрт ховордох болно шүү. Монголын цөөн хэдэн компани хэчнээн мянган хүнийг ажлын байртай болгож, татвар төлж, нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийж байгааг нь иргэдэд нээлттэй мэдээлэх ёстой гэдгийг өмнөх болон одоогийн Засгийн газар ч хэлж байгаа. Монголын хэдэн мянган хүнийг ажлын байртай болгож, татварын 70-80 хувийг дангаараа төлж байгаа компаниуд руу дайрч байгаад би эмзэглэж байна.  

-Ардчилсан намын зүгээс Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндөж тавьлаа. Энэ асуудал дээр бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг сонсоогүй. Ардчилсан нам ямар үндэслэлээр ийм асуудал тавьж байгааг мэдэхгүй байна.

"СХД-т хүчингийн хэрэг их үйлдэгдэж байна" гэв

Гурван  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн 2018 оны 1 дүгээр улирлын Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг өнөөдөр танилцууллаа. Мэдээллийн эхэнд  ХУД, СХД, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХМОНХМ Ж.Энхбаяр олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Гаалийн 36 байцаагч нарт холбогдох хэргийг 2017 онд шийдвэрлэсэн. Энэ хэрэг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр ороод хэвээр батлагдсан. Одоогоор Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн ажлын албанд гомдол гаргасан байгаа.

Мөн СХД буюу Баянхошуунд 2017 оны долоодугаар сард 40 тонны чингэлэг автомашин дээр унаж олон хүн гэмтсэн хэргийг 2018 оны нэгдүгээр сарын 09-нд шийдвэрлэсэн. Хэргийг үйлдэгч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэсэн.

Түүнчлэн насанд хүрээгүй гурван хохирогч, бусад авто тээврийн хэрэгсэлд гарсан хохирол болох нийт 19 сая төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан болохыг дурьдаж, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхтэй гэдгээр шийдвэрлэсэн байгаа" гэжээ.  

Мөн энэ үеэр СХД-т хүн амын тооноос хамаараад гэмт хэрэг үйлдэх байдал өндөр байдаг гэдгийг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг  онцолсон байна. СХД-ийн хувьд хүн алах, хүчиндэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчих гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна гэдгийг эх сурвалж өглөө. 

Мал төллөлт 96.6 хувьтай байна

Мал төллөлтын талаар ХХААХҮ-яамнаас мэдээлэл илрүүллээ.  Улсын хэмжээнд энэ оны эхний 28.2 сая хээлтэгчийн 35.0 хувь буюу 10 сая 21.7 мянган эх мал төллөж 9 сая 620.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.6 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.6 саяар нэмэгдлээ.

ХХОАТ-ын буцаан олголтын жагсаалтад орсон эсэхээ шалгаарай

2017 онд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалт гарсан байна.

Та буцаан олголт авах иргэдийн жагсаалтад орсон эсэхээ ЭНД дарж шалгах боломжтой. /Хайлт хэсэгт регистрийн дугаараа оруулж шалгана./

Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт авах иргэдийн материалыг 2018 оны 2 дугаар сарын 15-н хүртэл харьяа дүүргийн татварын албанд хүлээн авсан юм.

2017 оны хувьд 69,550 иргэн 41.8 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгчээ.

Иргэдийн материалыг хүлээж авсан татварын байцаагчид бүх материалыг нь шалгаад Төрийн сан руу илгээдэг. Төрийн сан мэдээллээ банк руу илгээж дансны зөрүү байгаа эсэхийг шалгаж тогтоодог. Энэ ажилд хугацаа нилээд шаардагддагийг албаныхан хэлж байна.

Буцаан олголт энэ долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орно гэсэн мэдээллийг Нийслэлийн төрийн сангаас ирүүлээд байгаа аж.

Буцаан олголттой холбоотой лавлах зүйлээ Нийслэлийн татварын газрын 11-311288 дугаар болон харьяа дүүргийн Татварын хэлтсээс тодруулах боломжтой.

Цагдаагийн нэр барьж хуурч мэхлэн 500 мянган төгрөг залилж авчээ

Иргэн У гэгч нь өөрийгөө Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанд ажилладаг гэж бусдад итгүүлэн, цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ. 

Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан иргэн Ж-ээс эрхийг нь сэргээж, жолоочийн үнэмлэхийг нь гаргуулж өгнө гэж хуурч мэхлэн 500,000 төгрөг залилж авсан гэмт үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхнийг сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага тавихад бичиг баримтыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

"Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь боомилж хөнөөгөөд байрыг нь шатаасан байжээ

Энэ сарын 21-ний шөнө Нийслэлийн БЗД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарч, 27 настай бүсгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Галын шалтгаан нь газ дэлбэрсэнээс үүдэлтэй хэмээн мэдээлж байсан ч албаны эх сурвалж үгүйсгэлээ. Тодруулбал, Бүсгүй гадны нөлөөтэй амиа алдсан байжээ. Түүний төрсөн 19 настай Б нь, найз охин 20 настай Э-тэйгээ хамтран эгчийнхээ хоолойг боож, амийг нь хөнөөгөөд улмаар хэргийн ул мөрийг устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтаасан байсан аж. 

Урьдчилсан байдлаар тэд хувийн өс хонзонгоор бүлэглэн хөнөөсөн гэнэ. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

С.Баяр, Т.Ариунсан нарын бие муудаж эмчилгээ хийлгэж байна

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа С.Баяр, Т.Ариунсан нар эрүүл мэнд нь муудаж тус хорихын эмнэлэгт  эмчлүүлж байгаа аж. Тодруулбал, С.Баярын багтраа, харшил  хөдөлж, Т.Ариунсан тулуй, чихрийн шижин зэрэг хууч нь хүндэрч эмчлүүлж байгаа аж. Энэ талаар Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ”, “Дубайн гэрээ”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой зарим асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар урьдчилан саатуулах 461-р ангид нэг сарын хугацаатайгаар хориох шийдвэр гаргасан билээ. 

Автомашин хулгайлаад өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын автомашиныг хулгайлан, өнгийг нь өөрчлөн ашиглаж байсан этгээдүүдийг илрүүлэн, баривчиллаа. Уг этгээдүүд Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гаднаас иргэн М-ын “Hyundai Accent” маркын автомашиныг энэ сарын 14-15-нд шилжих шөнө хулгайлж, өнгийг нь өөрчлөн будчихаад ашиглаж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Сэжигтэй этгээд Л, М нар нь Улаанбаатар хотод 1997 онд төрсөн, хоёул эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Эл хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

МИАТ-ийн хувьчлал ба маргаан дагуулсан асуудлууд

Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, МИАТ, Төрийн банк холбооны гурван компанийг оруулаад 10 гаруй компанийг үе шаттайгаар хувьчлах ажлыг Төрийн өмчийн хорооноос эхлүүлээд байна. Тус газраас төрийн өмчийн хувьчлалын төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн бариад байгаа юм. Гэхдээ хэрхэн, яаж хувьчлах цаашлаад хувьчлах уу, үгүй юу гэдгийг  УИХ-аас шийдвэрлэх юм. 

Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Ням-Осор “Яамдуудаас санал авах түвшинд явж байна. Төсөл гурван хэсгээс бүрдсэн. Нэгт, төрийн өмчийн эрчим хүчний компаниудыг хувьчлах тухай юм. ДЦС III, ДЦС IV гэх мэт станцуудын 30-40 хувийг хувьчлахаар тусгасан. Гэтэл эрчим хүчний салбарын хувьчлал зөв үү, буруу юу гэсэн асуудал хөндөгдөж байна. Дулааны цахилгаан станц хувьд очсоноор хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлж чадах уу, үгүй юу гэдэг ч эргэлзээтэй. Тиймээс салбарын яам нь судлаад саналаа хэлэх байх. Ер нь энэ салбарын өмч хувьчлалыг цаашид хэрэгжүүлэх эсэхийг маш сайн судлах хэрэгтэй. Хоёрт, төрийн өмчийн авто зам, завсар ашиглалтын 20 компани байдаг. Эдгээр компанийг хувьчлахаар тусгасан. Төр эдгээр компанийн тоног төхөөрөмж, урсгал зардлыг гаргаад, цалин хөлсөөр хангаад байх шаардлагагүй юм гэж үзсэн” гэжээ. 

Эндээс ганц МИАТ-ыг сугалан авч онцлоход, 

МИАТ компанийг хувьчлах асуудал өмнө нь хэд, хэдэн удаа яригдаж байсан. 2015 онд хувьчлахаар шургуу ажиллаж байсан ч  эцэст хувьчлах газруудын жагсаалтаас хасч байсан. 

Харин энэ удаа тус компанийг хувьчлах асуудлыг Засгийн газраас эрчимтэй эхлүүлж байна гэж харж болохоор байна. Зам, тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө Ерөнхий сайддаа хандан МИАТ-ын томилгоонд оролцолгүй, холхон байхыг сануулсан. Энэ нь түүний МИАТ-ыг хувьчлах санаа байж. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ын захирлыг ажлаас нь чөлөөлж оронд нь С.Батболдын Засгийн газарт сангийн төрийн нарийнаар ажиллаж, 2012 онд Н.Алтанхуягийн засаг томилогдоход хамгийн сүүлд ажлаа өгч байсан Д.Баттөрийг томилсон юм. 

Энэ нь мөн хувьчлал хийх ажлыг хамтран гүйцэтгэх нөхрөө томилж байна гэж харахаар байна. 800 гаруй ажилтантай МИАТ компанийн хувь заяа хувьчлалын үр дүнд чухам хаашаа эргэх бол гэдэг нь өөрөө асуулт дагуулж байна. 

Ямартай ч Ж.Бат-Эрдэнэ сайд МИАТ-ыг хувьчлах нь зөв гэх байр, суурийг илэрхийлсээр байна. Тэрбээр хувьцааных нь тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд арилжаалж, МИАТ-ийг өөд нь татаж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, зөв менежмент хийх, шахааны бизнес, хэт тансаглалыг зогсоох цаг болсон гэж ярьж буй. Өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаа нь олигтой сайжирч, хөгжиж чадаагүй МИАТ компанийг хувьчилснаар өнгө зүс, үйл ажиллагаа нь сайжирч олон улсын түвшинд хүрнэ гэх хүмүүс ч байна.

Ер нь аливаа Төрийн өмчийг хувийн хэвшилд шилжүүлсний дараа өнгө ороод, үйл ажиллагаа нь мэдэгдэм сайжраад явчихдагийг иргэд мэднэ. Тэгэхээр хувийн хэвшлийнхнийг МИАТ-ийн менежментэд оролцуулбал өрсөлдөх чадвар нь нэмэгдэх нь дамжиггүй. Гэхдээ яаж хувьчлах вэ гэдгийг сайтар бодох учиртай. Бүр тодруулбал, хэнд, яаж, хэрхэн хувьчлах вэ гэдэг асуудал бий. Одоогоор энэ бүх асуудал тодорхой болоогүй. Хувьчлал хийхээс өмнө компанийн үнэлгээг сайжруулах, ашиг орлогыг одоо байгаагаас нь нэмэгдүүлэх гэх зэрэг олон ажлыг хийх ёстой. Монголчууд “Гараа сайн бол бариа сайн” гэж ярьдаг. Энэ жишгээр “МИАТ” компани анхнаасаа л сайн хувьцаа гаргаж, арилжаалбал, цаашдаа үнэ цэн нь тогтмол өсөж, тэр хэрээр компанийн ашиг орлого ч нэмэгдэх ёстой.  УИХ-ын гишүүд хувьчлах цаг нь болсон гэж үзэж байгаа ч гол нь хэнд, яг ямар тоглоомын дүрмээр гэдгийг нухацтай ярилцах ёстой хэмээж буй. Учир нь далайд гарцгүй манайх шиг улс агаараар тээвэр хийдэг болохоор үүнд болгоомжтой хандаж байгаа нь энэ биз ээ.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд барилга байшин барих, онгоц худалдаж авах гээд МИАТ компанид хөрөнгийн хэрэгцээ байгаа. Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоод барилга байшин бариад, хувийн хэвшлийн менежментийн арга барил нэвтрүүлээд ажиллах нь МИАТ компани өрсөлдөөнд ялах нэг хөшүүрэг болох нь дамжиггүй.

Их хэмжээний хуурамч доллар хилээр нэвтрүүлэхийг завджээ

Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид ТК342 дугаартай Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол Улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон хуурамч байж болзошгүй 3100 ам.долларыг илрүүлсэн байна.  Гаалийн байгууллагад мэдүүлээгүй энэ мөнгийг мэргэжилтнүүд зориулалтын техник хэрэгслээр шалгахад хуурамч болох нь тогтоогджээ.

Иймд зорчигчдыг анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг анхааруулж байна.

"Алтай констракшн"-ны барилга хэдэн хүний амиар босох вэ

"Алтай констракшн"-ны барилга хэдэн хүний амиар босох вэ

"Алтай констракшн"-ий барьж буй "Саруул" хорооллын барилга дээр ахиан нэг осол гарч эрдэнэт хүний амь эрсэдэж, 60 гаруй том хүн гэмтэж, 20 гаруй оршин суугчдад их хэмжээний хохирол амссан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ""Алтай констракшн"-ий барьж буй "Саруул" хорооллын 112-р байрны есөн давхарт энэ  сарын 21-ний шөнө гал гарсан байна. Энэ үеэр галын улмаас 27 настай эмэгтэй нас барж, 64 том хүн 24 хүүхдийг угаартах аюулаас хамгаалж холбогдох байгууллагад өгсөн байна. 

Тэгвэл тус хороололд өчигдөр буюу ням гарагт ахин нэг осол гарч, дахин нэг хүн амиа алджээ. Тодруулбал, тус хорооллын барилгад өрлөг хийж байсан нэгэн ажилчин  9 давхраас барилгын хог доош нь шидэж байгаад хөл алдан унан, газар дээрээ нас баржээ. Тус иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тэгвэл өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 16-ны өдөр  "Алтай констракшн"-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа нурж нэгэн иргэнийг гэмжтээж, зогсоол дээр байсан приус маркын 2-3 автомашин дээр унаж, Баянмонгол хорооллын 410-р байрны 10 давхарын айлын тагтны вакум цонхыг хагалсан осол мөн гарсан. 

Баттай эх сурвалжийн мэдээлснээр "Алтай констракшн"-ы  "Саруул" хорооллын барилгын ажилд Мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөрийн аюулгүй байдлы хангаж ажиллах 28 зүйл заалт бүхий санамж, шаардлагыг удаа дарааллан  хүргүүлээд байсан аж. 

Тухайлбал, 2017 оны наймдугаар сарын 14-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас “Алтай констракшн” компанид хүргүүлсэн албан шаардлагад:

  • Барилгын орц, гарц, стандартын бус шат, хүн унаж болох нэвт хонгилууд, барилгын захын хийцүүдэд ямар нэг хамгаалалт, хашлага хийц хийгдээгүй,
  • Урьдчилан сэргийлэх дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хашилт хийгээгүй,
  • Үйлдвэрлэлийн талбай болон орчны цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж, дараа өдрийн ажлын байрны эмх цэгц, эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангаагүй гэх зөрчлүүдийг арилгуулахаар шаардлага хүргүүлж байжээ.

Энэ мэтчилэн шаардлага хүргүүлсээр байтал 7 хоногийн зайтай  хэд хэдэн удаагийн осол гаргаж, хоёр хүний амь эрсдэж их хэмжээний хохирол учруулсан "Алтай констракшн"-нд хариуцлага тооцоё.  Энэ сарын 16-ны өдөр гарсан ослоос хойш тус барилга хөдөлмөр аюулгүй байдалдаа анхааралгүй үйл ажиллагаа явуулж өнөөдөр 2 хүн амиа алдахад хүргэж байгаа нь харамсалтай.

"Алтай констракшн"-ны барилга хэдэн хүний амиар босох вэ.  Үүнийг салбарын сайд нь, шаардага хүргүүлсэн мэргэжлийн хяналтынхан юу хийж байна вэ.  Хөдөлмөр аюулгүй байдлыг зөрчлөө арилгаж, аюулгүй байдлаа хангатал нь үйл ажиллагааг нь зогсоох болохгүй байгаа юм бэ. Хүний амьс наснаас  илүү эрх ашиг гэж байх уу. Шалгасан, шалгаж байгаа, шаардлаа хүргүүлсэн гэж суутал ахиад хүний амь эрсдэж, оршин суугчид хохирол амсахгүй гэх баталгаа байна уу.  

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment