8o
Улаанбаатар хот
mobile menu

Амь насны төлөөстэйгээр барилга барьдаг “Алтай констракшн”-д тооцох хариуцлагыг чангатгая

2018-04-24 08:41:00


-“Алтай констракшн”-ий барилга дээрээс хүн унаж нас барсан тохиолдол нэгээр тогтохгүй-

“Алтай констракшн”-ий "Саруул" хорооллын барилга дээрээс хүн унаж нас барсан тохиолдол нэгээр тогтохгүй аж. Тодруулбал өнгөрөгч 2015 онд "Саруул" хорооллын барилга дээр осол гарч нэг хүн амиа алдсан хэрэг гарч байсан байна. Эл хэрэг 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн болсон бөгөөд тус барилгын 9-н давхраас 36 настай иргэн Б унаж, нас барсан хэрэг гарч байжээ. Талийгаач Б нь тус барилгад ажиллаж байсан бөгөөд есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байх үедээ ийнхүү амиа алджээ.

Тодруулбал, лифтний ган татлага тасарснаар есөн давхраас унаж амиа алдсан  гэдгийг тухайн үед эх сурвалж болон хэргийн газар ажилласан албаны хүмүүс мэдэгдсэн байдаг. Тухайн үед тус барилгын захиалагчаар “Саруул Хотхон” ХХК, гүйцэтгэгчээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байжээ. 

2015 оны энэ ослын дараа “Алтай констракшн”-ий "Саруул" хорооллын барилгын үйл ажиллагааг зогсоосон ч хэдхэн хоногийн дараа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан гэдэг.  Эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ он гарсаар өнөөдрийг хүртэл “Алтай Констракшн” ХХК-д  339 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байна. 

Тус мэдэгдэлд хөдөлмөрийн аюулгүй  байдлыг ханган ажиллах, дотоодын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалтаа чангатгах, ажлын байрны аюулгүй ажиллах заавар зөвлөмжийг захиалагч гүйцэтгэгч талууд мөрдөн ажиллах зэрэг зөвлөмжийг өгчээ.

Ийнхүү хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллах зөвлөмж, хууль дүрэм, шаардлага хүргүүлж байхад журмаа баримталж ажиллахгүй, хэдий болтол хүний амь, эрүүл мэндээр "дэнчин" тавьж үйл ажиллагаагаа үргэжлүүлсээр байх юм бэ.  

Мэргэжлийн байгууллагын хүргүүлсэн зөвлөмж, шаардлагыг биелүүлдэггүй, эрдэнэт хүний амь нас эрүүл мэндээр "тоглох" “Алтай констракшн”-ий барьж буй барилгад хууль үйлчилдэггүйн удаа дарааллан гарч байгаа ослоос харж болохоор байна.  Он гарсаар гурван удаагийн осол аваар гарч, 2 хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол гаргаж буй энэ барилгын үйл ажиллагааг яагаад зогсоож болохгүй байна вэ.

Барилгын манлай үйлдвэрлэгч хэмээн өөрийгөө тодотгодог “Алтай констракшн”-ы хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахгүй байгаад нь хатуу хариуцлага тооцох хэрэгтэй байна Салбарын сайд аа.

Ер нь манай улсад барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдал маш доогуур төвшинд байгаа нь нууц биш. Учир нь энэ салбарт гарсан осол, аваарын тоо буурахгүй. Эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал гарсаар байна. Амь насны төлөөстэйгээр барилга барьдаг “Алтай констракшн”-д  тооцох хариуцлагыг чангатгая.  

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл