8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Энхжаргал:Эмэгтэйчүүдийн эдийн засгийн тэгш эрх хангагдаж байж дараагийн эрхүүд яригдана

2018-04-25 12:10:38

СоцИнтернийн эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүс  хариуцсан дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргалтай ярилцлаа. Түүнийг банк, санхүүгийн салбарынхан “банкны Энхжаргал” гэдгээр нь андахгүй.Харин сүүлийн үед  тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, тэр дундаа эмэгтэйчүүдийн  санхүүгийн эрхийн төлөө идэвхтэй ажиллаж байна.

-Та банкны салбарын хүн. СоцИнтернээр дамжаад эмэгтэйчүүдийн эрхийн асуудал руу “хальтраад” орчихов уу?

-Би банк санхүүгийн боловсролтой, хөгжлийн эдийн засагч хүн. Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг банк санхүүгийн мэргэжлээр төгссөн. Дараа нь АНУ-д хөгжлийн эдийн засгаар мастер хамгаалсан. Дараа нь Лондонд жижиг буурай орнууд хэрхэн тогтвортой эдийн засагтай хөгжих чиглэлээр судалгааны ажил хийж байсан.

Хүмүүс “Чи яагаад банкны салбарынхаа  үнэ цэнэтэй капиталыг эмэгтэйчүүдийн асуудлаар сольчихов” гэж асууж байгаа. Би 30 гаруй жил улсад ажиллахдаа Монгол Улсад банкны хоёр шатлалтай тогтолцоог бий болгох, эрсдлийн удирдлагын тогтолцоо, мөнгөний бодлогын олон улсын шинэ хандлага, чиглэл, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, зээлийн мэдээллийн сан зэрэг олон ажлыг санаачилж, оролцож хийж байсан.

Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал. 

Тийм учраас эмэгтэйчүүдийн асуудлыг шийдэхийн төлөө, хөгжилд бодитой оролцогчид болгохын төлөө банк санхүүгийн мэргэжил, туршлагаа ашиглавал илүү ач тустай юм болов уу гэж харсан. Үүнийхээ зэрэгцээ   залуу эмэгтэйчүүдийг ажил үйлсдээ амжилт гаргахад халамжлан хүмүүжүүлэгч буюу менторинг байдлаар ажиллаж,  туслах зорилго тээж явна.

Эмэгтэйчүүдийн чиглэлээр олон нийтийн байгууллагад ажиллаж байсан туршлага бас бий. Дөнгөж сургууль төгсч ирээд нэг намын, нэг банкны тогтолцоотой үед банкны системийн эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар ажиллаж байсан. Сүхбаатар дүүргийн  эмэгтэйчүүдийн байгууллагын   Удирдах Зөвлөлийн гишүүнээр мөн ажиллаж байсан. Ер нь улстөрийн лобби, улстөрийн хүчгүйгээр эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж чадахгүй.  Тийм учраас аль аль чиглэлийн туршлага, мэдлэгээ эмэгтэйчүүдийн эрхийн төлөө зориулж ажиллахад бэлэн байна.

-МАН Нью-Йорк-т хурал зохион байгууллаа гээд мэдээ хэвлэлээр гарсан. Тэр хурлыг зохион байгуулахад та нэлээд идэвхтэй оролцсон байх. Ямар хурал зохион байгуулсан юм бэ?

 - НҮБ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Аж Байдлын Комиссын 62 дугаар чуулган өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотод болсон. Тэр үеэр Социнтернийн  Олон Улсын Эмэгтэйчүүдийн Байгууллагын  “Е-хөгжил, Хөдөөгийн эмэгтэйчүүдэд хүрч ажиллах нь” сэдэвт хуралдааныг МАН-ын ивээл дор зохион байгуулсан.  Мэдээж би СоцИНтернийн эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүс  хариуцсан дэд Ерөнхийлөгчийн хувиар хурлыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон. СоцИнтернийн эмэгтэйчүүдийн байгууллага 100 гаруй жилийн түүхтэй, эгнээндээ дэлхийн 140 гаруй орны зүүний болон социал демократ үзэлтэй, нийгмийн сайн сайхны төлөө ардчилсан үзэлтэй эмэгтэйчүүдийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага. НҮБ-д зөвлөх эрхтэй байдаг учраас жил бүр  НҮБ дээр зохион байгуулагддаг Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын  хуралдаанд оролцдог. Энэ жилийн 62 дугаар хуралдаанд бид хоёр төрлийн хуралдааныг зохион байгуулсан.

 Нэг нь, хөдөөгийн алслагдмал бүс нутагт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн аж амьдралыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах асуудлыг хэлэлцсэн. Нөгөө нь нөхөн үржихүйн эрхээ алдаж байгаа асуудлыг хэлэлцсэн.

МАН хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх хуралдааныг зохион байгуулсан.

Энэ хуралдаанд дэлхийн бүх тивийн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, өөр өөрийнхөө тив нутаг, улс оронд тохиолдож буй бэрхшээл, сорил, даван туулах арга хэмжээнүүдийн талаар үнэтэй саналууд гаргасан. Үүнийгээ нэгтгээд мэдэгдэл, уриалга, зөвлөмж  гаргасан. 

-Монголын улстөрийн нам зохион байгуулсан хуралд Монголын эмэгтэйчүүдийн асуудал нэлээд яригдсан уу. Ямар дүгнэлт, шийдвэр гарсан бэ?

 -Дэлхий  нийтээр хүн амын ядуу хэсэг алслагдсан бүс нутагт амьдарч байна, тэдний 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн дүгнэлт уг хуралдаанаас гарсан. Алслагдсан бүсийн эмэгтэйчүүд хүнд хөдөлмөр хийж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүнсний хангамжид үнэтэй хувь нэмэр оруулдаг. Гэвч тэдгээр эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур байгаа.

Энэ хуралдаанд Ази Номхон далайн бүсийг хариуцсан дэд Ерөнхийлөгчийн хувьд миний бие Ази Номхон далайн байдал ямар байгаа вэ гэдэг илтгэл тавьсан. Илтгэлдээ  Монголын ноолуурын үйлдвэрлэлийг жишээ болгож авсан. Монголын малчдын гар дээрээс ноолуур явсаар үйлдвэрт хөнжил болоод манай зах зээлд 100 орчим ам.доллараар зарагддаг.Гэтэл жишээ нь Лондонгийн үнэтэй барааны дэлгүүрт 1000 ам.доллараар зарагддаг.  Энэ бол 10 дахин зөрүү. Энэ зөрүүг яаж арилгах в? Шинжлэх ухаан, технологи хөгжчихөөд байхад үүнийг ашиглах ёстой .

 Алслагдмал бүс нутгуудыг интернэт, гар утас, компьютэртэй болгож , түүгээр дамжуулж мэдээллийг өгмөөр байна. Дэлхийн зах зээл дээр  ноолууран бүтээгдэхүүн ийм үнэтэй байхад энэ үр ашгаас яаж хүртэх вэ, үүний тулд яаж ажиллах вэ гэсэн сургалтуудыг хийж, чадавхитай болгох шаардлага байна.

Хөдөөгийн эмэгтэйчүүд хүн амын хүнсний хангамжид үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа юм бол Засгийн газруудыг  дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа алслагдмал бүс нутгууд руу түлхүү чиглүүлэх ёстой. Үүнд СоцИнтернийн гишүүн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагууд хүчтэй лобби хийж ажиллах шаардлагатай гэж үзсэн.

-Нэгэнт дэлхийн хэмжээнд хурал зохион байгуулж байгаа юм бол Монголдоо бас тодорхой ажлууд хийх ёстой. Энэ чиглэлээр хийгдэж буй дотоодын ажилд та ямар дүгнэлттэй явдаг вэ?

-Бид олон улсын түвшинд  улстөрийн дуу хоолойгоо гаргаж чадсандаа баяртай байгаа. Дэлхийн хэмжээнд бид хурал зохион байгуулж, уриалга гаргаж байгаа юм бол Монгол Улсдаа бас тодорхой ажлууд хийх ёстой.

Манай Засгийн газар жендэрийн мэдрэмжтэй, эмэгтэйчүүдэд ээлтэй ажиллаж байгаад талархал илэрхийлэх ёстой.  

Саяхан ХНХЯ-наас Жендэрийн үндэсний хорооны хуралдааныг Төрийн ордонд  Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан. Энэ хуралдаанаас Жендэрийн үндэсний хороог Ерөнхий сайд өөрийнхөө дэргэд ажиллуулахаар болж, статусыг нь өндөр түвшинд аваачиж байгаа нь Монголд хүйсийн эрх тэгш байдлыг хангах бодлого сайн хэрэгжих нь гэсэн итгэл төрүүлсэн. Мөн  Засгийн газар  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хөтөлбөрийг батлаад удаагүй байна.  

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө маш бага учраас олон улсын байгууллагуудаас төсөв санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай.

Хэрвээ Жендэрийн үндэсний хорооны статус дээшилж, хүчирхэг болох тохиолдолд олон улсын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа.   

Мөн Засгийн газрын “Цалинтай ээж” хөтөлбөрийг НҮБ-ын хурал дээр нааштай хүлээж авсан. 

Ер нь манай Засгийн газрын нийгмийн халамжийн бодлогуудыг цаашид дэлгэрүүлж болох туршлагууд гэж тэмдэглэсэн.Энэ  хурлыг зохион байгуулах үүргийг өгсөнд би хувьдаа СоцИнтернийнхээ эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагуудад талархаж байгаа. МАН, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хамтарч ажилласны үр дүнд Монголоо  дэлхийд таниулах, туршлагаа хуваалцах сайхан боломж байсан. Ингэж дэлхийн хэмжээнд ажиллаж, туршлагаа хуваалцаж, суралцаж байх нь бидний шилдэг тэргүүний эмэгтэйчүүд болох зорилгод нэг алхам ахиж байгаа гэсэн үг.  

Манай Монгол Улс жендэрийн индексээр дээгүүр байж чадахгүй байна. Үүнд мэдээж улстөрийн шийдвэр гаргах түвшний оролцоо хангалтгүй, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн ялгавартай байдал нөлөөлж байна. Улсын дундаж статистикаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 17 хувиар бага цалин авч байгаа  зэрэг асуудлыг бид ярьж, шийдвэрлэх шаардлагатай.

-Монголын нөхцөлд хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмэгтэйчүүдээ яаж дэмжих вэ?

-Аливаа ажлыг хийхийн тулд төсөв, санхүү, банкны үйлчилгээгүйгээр явахгүй. Саяхан  Вьетнамд болсон Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Б.Ундармаа оролцсон. Энэ чуулганаар тухайн улс бүр эмэгтэйчүүдийн ажлын байрыг бий болгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын талаар хэлэлцсэн. Цаашилбал бүс нутгийн хөгжлийн банк ч байгуулах асуудлыг дэвшүүлэн тавьж, тогтоол болон гарсан. Мөн саяхан болсон Жендэр ба эмэгтэйчүүд” чуулганы зөвлөмжид Төрийн банк, Хөгжлийн банкуудын зээлийн бодлогод эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого орсон байх ёстой гэсэн зөвлөмж гарсан. 

Энэ чиглэлээр Төрийн банкны удирдлагатай уулзаж, эмэгтэйчүүдэд олгож буй зээл нь нийт зээлийн хэдэн хувь байна , улмаар тус банк эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хэчнээн хэмжээний зээл олгох боломжтойг тодорхойлно. Мөн Монгол Улсад ийм төрлийн санхүүгийн үйлчилгээний хэрэгцээг судалж тодорхойлох ажлыг хийнэ.Хэрвээ манай дотоодын санхүүжилтийн эх үүсвэр хүрэхгүй бол гадаад эх үүсвэрээс хөгжлийн санг дэмжсэн хөрөнгө босгох бүрэн боломжтой. Банкууд ч мөн хамтран ажиллах чиглэлээр яриа хэлцэл хийгдсэн.

- Манайд улстөрийн эрх тодорхой хэмжээгээр хангагдагдаж байгаа гэхэд  эдийн засгийн эрх хангалттай бус. Таны санал санаачлага энэ эрхээ эдлэх санамж,  дохиог өгч байгаа нь сайшаалтай санагдаж байна.

-Социалист нийгэмд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх бодлого 1990 он хүртэл хэрэгжиж байсан ч ардчилал, зах зээлийн нийгэмд орж эхлээд энэ бодлого алдагдсан. Гэхдээ эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажилласны үрээр улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог 20, 25 хувь нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ бол том амжилт. Улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцооны  дараагийн залгамж ажил бол эмэгтэйчүүдийг эдийн засаг, санхүүгийн нөөцөөс хүртэх тэгш эрхийн боломжийг бий болгох юм. 

Өөрөөр хэлбэл, газар, лиценз, байгалийн баялгийн хүртээмж эмэгтэйчүүдэд тэгш очих ёстой. 

Эдийн засгийн тэгш эрхээ эдэлж байж дараагийн тэгш эрхүүд яригдах ёстой. Тийм учраас бид санхүүгийн боломжуудыг бий болгохын төлөө ажиллаж байна.  Ер нь эмэгтэйчүүдийн аж амьдралыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийг хүчирхэг болгох , чадавхижуулах нь улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг.

Эдийн засаг нь өндөр өсч буй хөгжилтэй орнууд энэ алхмуудыг хийгээд эхэлсэн. Тухайлбал, Норвеги, Швед, Финланд гээд Скандиновын орнууд шийдвэр гаргах үйл явцдаа эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувьд хүргэсэн. Ингэснээрээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирч, иргэн хүний хөгжилд дэвшил гарч, улмаар энэ бүхэн нь эргээд улс орных нь хөгжлийн хөшүүрэг болж чадаж байна. Тухайлбал, Канадын Ерөнхий сайд Засгийн газрынхаа 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн. Японы Засгийн газраас хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг түлхүү оруулснаар зогсонги байгаа эдийн засгаа хөдөлгөж чадна гэсэн мэдэгдлийг хийсэн.  Азийн орнуудад эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд харьцангуй бага оролцдог. АХБ-наас ийм  судалгааг хийж, хэрвээ эмэгтэйчүүдээ хөдөлмөрийн зах зээлд түлхүү оруулж чадвал Азид хөгжлийн том үсрэлт болно гэж дүгнэлт хийсэн. Тийм ч учраас НҮБ болон хөгжлийн бусад том байгууллагууд эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлогоо эрчимжүүлж эхэлж байна.

-Төрийн өмчит компаниудын ТУЗ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулах асуудлыг Та Эдийн засгийн форумын үеэр дэвшүүлэн тавьсан. Бусад улс орнуудад энэ асуудал ямар байдлаар шийдэгдсэн байдаг вэ?

-Монголын эмэгтэйчүүдийн боловсролын түвшинг  бусад оронтой харьцуулахад харьцангуй дээгүүр түвшинд байгаа. Гэхдээ хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах, өсгөж хүмүүжүүлэх зэрэг эмэгтэй хүний зайлшгүй хүлээх үүрэг, хариуцлагаас нь болоод мэргэжлийн хувьд ахих боломж нь багасдаг.

Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан олон нийтийн компаниуд, төрөөс зохицуулалттай байгууллагуудын ТУЗ-ийн бүрэлдэхүүний дор хаяж 30 хувь нь эмэгтэйчүүд байх, цаашлаад 50 хувьд хүргэх бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Эдийн засгийн форум дээр би гаргасан.

Энэ саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ням-Осор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Даваасүрэн, Хөрөнгийн биржийн захирал Алтай нар их дэмжсэн. Яагаад гэвэл энэ асуудал  зөвхөн Монголд яригдаж байгаа асуудал биш. Энэ бол дэлхий даяарх хандлага. Жишээ нь, Лондонгийн хөрөнгийн биржийн эхний 100-д ордог компаниуд засаглалыг шинэчлэх бодлогоо эхлүүлсэн. Компанийн засаглалыг сайжруулахад мэргэжил, мэдлэг чухал.Үүн дээр хүйсийн тэгш байдлыг хангаснаараа илүү үр ашигтай, амжилттай байдаг гэсэн судалгаа гарсан.

Удирдлагын багт нь эмэгтэйчүүд оролцсон том компаниудын өгөөж , ашиг орлого нь нэмэгддэг учраас чадвартай, чадавхитай, өндөр боловсролтой,ур чадвартай эмэгтэйчүүдийг хайж, судалж, тэднийг урьдаг болсон.

Яагаад гэвэл эмэгтэйчүүд компаниудын удирдлагад гарснаар тухайн компанийн нийгмийн хариуцлага сайжирдаг. Нийгмийн хариуцлага нь сайн компанид хүмүүс хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Нөгөө талаар эмэгтэй удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжсэн бодитой санал санаачлагуудыг хийж, тэр хэрээр ажлын бүтээмж тогтвортой сайн байдаг. Ялангуяа далд үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн асуудалд  зөвхөн төр, ТББ-ууд биш, бизнесийн байгууллагууд ч анхаарч ажиллах нь нийгмийн сайн сайхны төлөө оруулж буй үнэтэй хувь нэмэр юм.

Эмэгтэйчүүдийг компанийн удирдлагад оруулах, Төлөөлөн удирдах зөвлөлд оруулахын тулд  бас бэлтгэх шаардлагатай. Энэ ажлыг Санхүүгийн салбар дахь эмэгтэйчүүд гэсэн ТББ-аар дамжуулан хийхээр төлөвлөж байна.  ТББ-ынхаа шугамаар  компаниудын ТУЗ-д  эмэгтэйчүүдийг оруулахын чухлыг шийдвэр гаргагчдад   ойлгуулах ажлыг бүтэн жил хийсэн.

-Тун саяхан Уурхайчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Эрдэнэт” хотод зохион байгуулахад Та бас оролцсон. Манай ойлголтоор бол “эрчүүдийн салбар”-т эмэгтэйчүүдийн тэгш эрх ямар байна вэ.Цаашид юу хийхээр болов?

-Саяхан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаас санаачлан 19 компанийн 400 гаруй эмэгтэйчүүд оролцсон “Уурхайчин эмэгтэйчүүд-хөгжлийн төлөө”  чуулганыг Орхон аймагт зохион байгууллаа. Би уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн манлайллын сэдвээр илтгэл тавьсан. Чуулганы зорилго нь газрын доорх баялгийг газрын дээр ашиглахдаа хэрхэн шударга, зөв зарцуулах вэ гэдэгт чиглэсэн. Чуулганаас тодорхой зөвлөмжүүд гарсан.

Ярилцсан Т.Бүдээхүү

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл