8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг цуцалж, Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индекс хоёр байраар ухарлаа

2018-04-25 18:40:00

Урин дулаан цаг болж охид хүүхдүүд гоё ганган хувцсаа өмсөж, хүүхэд багачууд хөөрч баясан гадаа тоглох цаг ирлээ. Харамсалтай нь хүн болгон хаврыг ингэж таатай хүлээж авдаг гэвэл үгүй ээ.

Харшил тань хөдлөх вий гэж санаа зовж, хамар загатнаж, нүд хорсож, нус нулимстай холилдоно гэхээс та айж байгаа юм биш биз? Харшлын хүнд хэлбэрийн үед заавал эмчид үзүүлж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай байдаг бол хөнгөн хэлбэрийн үед дараах аргаар харшлаа намдааж болно.

Харшлыг бүрэн эдгээх эмчилгээ одоогоор байхгүй байгаа учраас харшлын эмч нар харшил үүсгэгч хүчин зүйлээс (жишээ нь: шарилж, тоос, самар, төмөр гэх мэт)  аль болох хол байхыг зөвлөдөг. Гэхдээ энэ танд боломжгүй мэт санагдаж байна уу? Тэгвэл танд бодсоноос тань илүү амархан гэдгийг хэлэх байна.

  1. Нарны шил зүүх. Нарны шил зүүж, нүдэндээ тоос тоосонцор орохоос сэргийлээрэй. Салхиар хийсэн яваа тоос тоосонцорт нүд мэдрэгшин, улайж загатнадаг бөгөөд улайсан нүд нарны туяанд мэдрэг байдаг тул нарны шил зүүснээр нүдийг тань давхар хамгаалах болно.
  2. Тасалгааны ургамлаас татгалзах. Тасалгааны ургамал гэртээ тарихгүй байсан дээр гэж танд зөвлөе. Тасалгааны ургамал тэр дундаа цэцэг харшил бараг төрүүлдэггүй гэж үздэг ч, ургамлын хөрснөөс тоос босож харшил үүсгэнэ. Хэрвээ та гэртээ ургамал тарих дуртай бол унтлагын өрөөндөө битгий тавиарай.
  3. Тоосны хачгийг үгүй хийх. Гэр доторх харшил үүсгэгчдийн нэг томоохон төлөөлөл нь тоосны хачиг юм. Маш жижигхэн энэ шавьж ор дэрний даавуу, чихмэл амьтан зэрэгт амьдардаг байна. Иймд эдгээрийг халуун усанд угааж, наранд хатааснаар тоосны хачгийг үгүй хийх боломжтой. Үргэлжлүүлэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индекс хоёр байр ухарч 71-т бичигдлээ

Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагаас эмхэтгэн гаргаж буй 2018 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Индексийг өнөөдөр дэлхий даяар зарлаж танилцууллаа. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шинээр батлагдах Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэн хөтөлбөрүүдээ түр хаасан. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн гүтгэхтэй холбоотой нийт хэргийн талаас илүү нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг байгаа нь өөрийн цензурийн хүрээг тэлж байна.

Харин ерөнхий дүр зургаар нь харвал, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь олон нийтийн өмчлөлд шилжиж ардчиллыг манах хоточ нохой болж буй нь сайны дохио юм. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил хэт төвлөрч байгаа төдийгүй улс төрийн намуудтай сүжрэх болсон нь бие даасан, хараат бус хэвлэл мэдээллийг хойш татаж байна. Мөн тухайн байгууллагын өмчлөлийн хэлбэрээс үл хамаарч улстөрчдийн зүгээс ирэх дарамт, засгийн газрын ил тод бус, шүүмжлэлд эмзэг хандах байдал зэрэг нь хэвлэл мэдээллийн үндсэн үүргийг хязгаарлаж байна. Тиймээс ч Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индекс хоёр байр ухарч 71-т бичигдлээ.

З.Баасанням: Ж.Батзандан Л.Болд нарт ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр мэдээллээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцлоо. АТГ-ын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар 11 гомдлыг хүлээн авч, 22 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн. Хэвлэлийн хурлын дараа Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

-УИХ-гишүүн Ж.Батзандан Л.Болд нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Иргэнээс ирсэн гомдлын дагуу УИХ-гишүүн Л.Болдоос тодруулга авсан. 

-АТГ-ынхан С.Баяртай уулзуулсангүй гэсэн мэдээлэл гарсан?
-С.Баяр өөрөө хүн хүлээж авмааргүй байна гэдгээ хэлсэн юм билээ. Түүнээс АТГ-ынхан хүмүүстэй уулзуулахгүй байгаа зүйл байхгүй ээ. Эргэлтийг хориглохгүйгээр ар гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа.

-“Эрдэнэт”-ийн асуудал дээр нэмж шалгаж байгаа хүн бий юу?
-Энэ талаар Прокурорын зөвшөөрөлтөй мэдээлэл өгнө.

Ц.Даваасүрэн: Сайжруулсан түлшийг одоо зарагдаж буй нүүрсний үнээр зарна

Засгийн газрын ээлжит  хуралдаанаар Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцэх шийдвэрлэжээ.  Энэ талаар ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр:

-Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг өвөлдөө яриад, дулааны улиралд мартдаг талтай. Бид энэ асуудлыг мартаад байх биш   ирэх зун энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ирэх оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг Улаанбаатарт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс үүнийг орлох түлшний асуудлыг бид зайлшгүй шийдвэрлэх ёстой. Засгийн газрын хуралдаанаар Сайжруулсан түлшний улсын үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ үйлдвэр 200-400 мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэлд нийлүүлнэ. Ирэх 10 дугаар сар гэхэд сайжруулсан түлшний түүхий эдийг нийлүүлэхээр төлөвлөнө. Энэ зундаа улсын үйлдвэрийн газрыг байгуулж ашиглалтад оруулна гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Бүтээгдэхүүнийг хаанаас нийлүүлэх вэ?

-“Тавантолгой”н ордыг түшиглэж байгуулна. Тэндээс бүтээгдэхүүнээ татна. Угаасан нүүрсний үлдэгдлийг шахмал түлш болгоно. Жилдээ 600 мянган тонныг үйлдвэрлэнэ. Энэ жилдээ 200 мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Төр, хувийн хэвшлийнхэн хамтарч сайжруулна түлшийг нийлүүлнэ. Үүний 3/1-ийг энэ улсын үйлдвэрийн газар үйлдвэрлэнэ гэж шийдвэрлэсэн. Үлдсэн хэсгийг хувийн хэвшлийнхнээс нийлүүлнэ гэж үзэж байна.

-Үнэ ханш нь ямар байх бол?

-Одоогийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа түүний нүүрсний үнээс хэтрэхгүй байна. Хувийн хэвшлийнхэнд стандартын шаардлага тавина.

-Үйлдвэрийг хаана байгуулах бол?

-Сайжруулсан түлшний үйлдвэрлэл Улаанбаатарт байна. Улаанбаатарын бүх цэгүүдэд коксжсон түлшийг түгээнэ.

С.Баяр: Би хэнтэй ч уулзахгүй.Уулзах шаардлагагүй

УИХ-ын гишүүн Л.Болд Оюутолгойн гэрээний асуудлаар хоригдож,шалгагдаж байгаа хүмүүстэй Хүний эрхийн дэд хорооны хүрээнд хорих 461-р ангид өчигдөр очиж уулзсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Болд энэ талаар "Ойрын үед олны анхаарлын төвд байгаа Оюутолгойн гэрээний асуудлаар хоригдож, шалгагдаж хүмүүстэй Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны хүрээнд уулзаад ирлээ. Бүгдтэй нь уулзах хүсэлт тавьсан боловч эмнэлэгт хэвтэж байгаа Ерөнхий сайд асан С.Баяртай уулзах зөвшөөрөл өгсөнгүй. Бусад дөрвөн хүнтэй уулзлаа" хэмээн хэлсэн. Яагаад УИХ-ын гишүүн Л.Болдыг Ерөнхий сайд асан С.Баяртай уулзуулаагүй талаар АТГ-аас тодуулахад "С.Баяр өөрөө хүн хүлээж авмааргүй байна гэдгээ хэлсэн юм билээ. Түүнээс АТГ-ынхан хүмүүстэй уулзуулахгүй байгаа зүйл байхгүй ээ. Ерөнхий сайд асан С.Баяр би хэнтэй ч уулзахгүй, Уулзах шаардлагагүй" хэмээн хэлсэн гэсэн мэдээллийг өглөө. 

Тендер "хусдаг" Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан Ц.Ариунбаярыг шалгая

Нийслэлээс зарлагдсан тендерийн дийлэнх буюу 68 хувийг нийслэлийн Засаг дарга Су.Батболдын хамаатан садан авсан нь шалгалтаар тогтоогдсон талаар мэдээллийг хэд хоногийн өмнө манай сайт мэдээлсэн. Тодруулбал,Су.Батболд хотын дарга болсноос хойш Нийслэлийн худалдан авах газраас 2016 онд зарлагдсан 15,2 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ, тендерийг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулсан байна. Энэ нь Сангийн яамны шалгалтаар тогтоогдоод байгаа юм. Улмаар  энэхүү үйлдэл нь Тендерийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 заалтыг зөрчсөн аж. Мөн өнгөрсөн онд буюу 2017 онд давхардсан тоогоор 208 тендер зарлагдсаны 149 тендерийн шалгаруулалтын дүнг оруулжээ.

Хамгийн хачирхалтай нь Нийслэлд хийгдэх 44 тендер зарлагдсаны 30-ыг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр авсан нь ил болсон. Ц.Ариунбаяр нь Су.Батболд даргын хадам эгчийн хүүхэд аж. Үлдсэнийг нь хотын даргын эгч “Голенхоул” ХХК-ийн нэрээр 100 гаруй сая төгрөгийн төсөвтэй цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах, агаар цэвэргүүлэгч худалдан авах ажлыг авсан байна. 105 сая төгрөгийн төсөвтэй хот байгуулалтын мэдээллийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг мөн авчээ. Энэ мэтчилэн хамаатан садандаа давуу эрх олгож, эрх мэдлээ урвуулан ашиглаж байна.

Су.Батболд даргын хууль бус үйлдэл үүгээр ч дуусахгүй. Су.Батболд Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нурууны хамгаалалт, төрөл бүрийн чиг ортопедийн бусад хэрэглийн үйлчилгээ үзүүлэх 340 сая төгрөгийн төсөвтэй ажлыг “Отгонбуянт” ХХК-ийн нэрээр өөртөө авсан нь мөн л ил болсон. Тендерийн хууль тогтоомжийг зөрчиж, бусад их хэмжээний хохирол учруулсан бол хууль тогтоомж зөрчигчдөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хохирол өндөр байвал 3-6 сараар баривчлах, цаашлаад онц их хэмжээний хохирол учруулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах тухай заасан байдаг аж. Гэтэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Су.Батболдтой холбоотой ноцтой мэдээлэл гараад эхлэхээр хадам эгчийн хүүхэд болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаярыг ажлаас халсан байна. Төрийн ажлыг зохих ёсны дагуу хийгээгүй өөртөө давуу эрх олгосон Ц.Ариунбаярыг гал унтраах маягаар ажлаас нь халаад өнгөрч болохгүй. АТГ, хууль хяналтын байгууллага тус хэргийг хуулийн дагуу шалгах хэрэгтэй.  Тендерийн хууль тогтоомжийг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хохирол өндөр байвал 3-6 сараар баривчлах, цаашлаад онц их хэмжээний хохирол учруулсан бол таван жил хүртэл хугацаагаар ял оногдуулах хуулийн заалттай. Гэтэл Су.Батболд дарга мөн л эрх мэдлээрээ далайлгаж, зөвхөн ажлаас халаад өнгөрсөн байна. Үүнийг хууль хяналтын байгууллага хуулийн дагуу шалгах ёстой

Сүхбаатар аймгийн Засаг даргад гурван хүн яригдаж байна

Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр огцорч, оронд нь МАН-аас Р.Эрдэнэцогтыг нэр дэвшүүлсэн.Гэвч түүнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбаттай ураг төрлийн холбоотой учир Засаг даргаар томилуулах боломжгүй гэж АТГ үзсэн байна. Иймд Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, УИХ-ын гишүүн Ч.Улааны туслахаар ажиллаж байсан н.Эрдэнэбаатар, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Лхагвабаатар нарыг Засаг даргаар томилхоор ярьсан байна. 

Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг цуцална

Засгийн газрын хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.

Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна

Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулахыг зөвшөөрөв. Үйлдвэр “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна.

Энэ нь ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг юм.

Үйлдвэр жилд 90 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулалтын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлнэ. Нэг тонн шахмал түлшний үнэ нэг тонн түүний нүүрсний үнээс ихгүй байхаар тооцож байна.

Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг цуцална

“Халх гол” төслийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул төслийн нэгжийг татан буулгалаа. “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хууль зөрчин, газрыг давхардуулж олгосон шийдвэрүүдийг цуцлахыг салбарын сайдад даалгав.

Бүсийн захиргааны өмнөх захирал дээрх бүс нутагт 24 аж ахуйн нэгжид 317 мянга гаруй га талбай хуваарилан гэрчилгээ олгосон байна. Ингэхдээ энэ бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсвэл дуудлага худалдаа явуулж олгоно гэсэн заалтыг илт зөрчсөн нь аудитын дүгнэлтээр илэрчээ. Мөн Халх гол сумын Засаг дарга, орлогчоор ажиллаж байсан хүмүүс ч их хэмжээний газрыг дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд олон жилийн хугацаатай ашиглуулж, улсын тусгай хэрэгцээний газрыг олгосон байна.

БНСУ-ын КОИКА байгууллага төслийн хүрээнд “Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй”-г гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам цаашид энэ загвар аж ахуйг эрчимжсэн мал аж ахуй, орчин үеийн газар тариалангийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, сургалтын бааз хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна. Засгийн газар төслийг хэлэлцэн дэмжлээ.

Иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд өдөрт 190 мянган м.куб усыг ундны болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. Туул гол зөвхөн хур борооны усаар тэжээгддэг бөгөөд хүн ам өсч, бүтээн байгуулалт, барилгажилт нэмэгдэх хэрээр гольдрил дагуух байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх нь алдагдаж, цэвэр усны нөөц хомсдох, шавхагдах аюул ойрхон гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ.

“Ногоон говь хөгжил” сан байгуулах болов

“Ногоон говь хөгжил” сан байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, ногоон хөгжлийн бодлого, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг холбогдох сайд нарт даалгав.

Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” үйлдвэрийн газар, “Ногоон хэрэм” санг нэгтгэн “Ногоон говь хөгжил” сан болгох юм

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлын дагуу УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарт прокурор болон АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэд ТЕГ-ын дарга Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох томилгоог эсэргүүцэж Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Уг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс нь  С.Зориг агсны хэрэг болон ТЕГ-ын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон хохирогчид байсан юм. Тус иргэд ТЕГ-ын үйл ажиллагааг шүүмжлэхийн зэрэгцээ Б.Хурцыг хууль зөрчдөг гэсэн ноцтой зүйлүүдийг ярьсан. . 

Тэгвэл уг хэлэлцүүлгийг хууль зөрчин хийсэн хэмээн Б.Хурц үзэж АТГ-т гомдол гарсан байна. Түүний гомдлын дагуу ийнхүү дээрх гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

Засгийн газар руу дайрах дайралт буюу хэн, юу гэж хэлэв

Сүүлийн өдрүүдэд зарим улс төрчид Засгийн газрын үйл ажиллагааг жигтэйхэн шүүмжилж ярих болов. Угаас сөрөг хүчин Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндчихсөн байх энэ үеийг эрх баригчид маш сайн ашиглаж галыг нь өрдөж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын хагарал дээд цэгтээ тулж Засгийн газраа огцруулах асуудлыг хөндөх гэж буйг энэ өдрүүдэд болж буй зарим үйл явдлаас харж болохоор байгаа юм.

ТЭД АН-ААР ШҮГЭЛ ҮЛЭЭЛГЭЖ ӨӨРСДӨӨ АРД НЬ НУУГДАЖ БУЙ.

УИХ дахь АН-ын бүлгээс Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээ  мэдэгдсэн. Ерөнхий сайдыг энэ хоёр сайдаа өөрөө огцруулахыг шахаж байна гэсэн үг. Мэдээж Ерөнхий сайд хоёр сайдаа явуулахгүй. Харин түүгээр нь далимдуулан дараагийн шантаажийг хийх дүр зураг харагдаж байна.

Сөрөг хүчин шаардлагадаа

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АТГ-т шалгагдаж байгаа "Хотгор шанага"-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан.

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавин зээл авч, Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ц.Нямдоржийн үнэгүй түрээсийн байрны эзэн Г.Алтан нь "Жаст"-ын гэх Ш.Батхүүд зээлсэн нэрийдлээр "Төрийн банк"-наас 53 тэрбум төгрөг гаргуулах болсон нь хууль бус, "Төрийн банк" дээрх хууль бус шийдвэрийн улмаас дампуурч болзошгүй хүнд нөхцөлд орсон гэж бичжээ.

АН-ын гаргасан энэ санааг МАН-ынхан хэрхэн үргэлжүүлэхийг энэ хаврын улс төрөөс харж болохоор нөхцөл байдал үүсээд байна. Хэрвээ МАН-ынхан Засгийн газраа огцруулбал 2020 оны сонгуулиар АН шиг есөн суудалтай зогсож мэднэ. Ес ч үгүй зогсож ч мэдэх юм. Тэдэнд өөрсдийнхөө ухсан нүхэнд унах шаардлага бий гэж үү. Нэг жилийн хагасын хугацаанд сайдын эрх мэдэлтэй байхын тулд Засгийн газраа унагавал МАН  2020 онд АН-ын алдсан алдааг давтана. Тэр тохиолдолд өөрөө унасан хүүхэд унадаггүй гэдэг үгийг санаарай. АН-ынхан 2012-2016 онд Засгийн эрхийг барихдаа фракц хоорондоо зодолтон, Засгийн газраа унагаж их л дэврүүхэн явж байсан. Дөрвөн жилийн хугацаандөөр хоорондоо хэрэлдэн, зодолтсоны хариуг 2020 онд ард түмэн яаж барилаа. Өнөөдрийн эрх баригчид өмнөхөөсөө суралц.

Засгийн газрыг унагаснаар У.Хүрэлсүх бус МАН бүхэлдээ муухай харагдана гэдгийг л санах хэрэгтэй.

Ер нь Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх гишүүд рүү дайрах дайралт аль хэдийн эхэлсэн гэж хэлж болно.  

Саяхан байнгын хорооны хуралдааны үеэр Н.НОМТОЙБАЯР өөрийнх нь халааг авсан С.ЧИНЗОРИГ сайд руу дайрсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ танилцуулсан. Түүнийг тайлангаа тавьсаны дараа Н.НОМТОЙБАЯР “Худлаа тайлан тавилаа.Үндэсний зөвлөлийг та удирдаж эхэлснээс хойш нэг ч удаа хуралдаагүй гэдэг нь ойлгомжтой байна. 9 хувийн хүүтэй байсан 670 орчим тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүг 15 болгож арилжааны банкууд дунд өрсөлдөөн бий болгосноор 39,95 буюу 40 тэрбум төгрөгийг 9 хөн гарын үсгээр олж болж байгаа юм, буцаад үүнийг бууруулаад байна шүү дээ. Нийт тэтгэвэр авагчдын 96 хувьд үйлчилдэг Төрийн банк, Хаан банктай 20 тэрбум төгрөгийг 9 хувийн хүүтэй байршуулж, тэтгэврийн зээлийн хүүг жилийн 15 хувь болгосон. Зарим банкинд 15 хувийн хүүтэй мөнгө байршуулсаар байхад тэтгэврийн зээлийн хүүгээ өрсөлдөөнд орж бууруулж эхэлсэн. Тэгсэн одоо нөгөө 20 тэрбумыг нэмэгдүүлээд байна. Би үүнийг хулгай гэж харж байгаа. Ийм хулгайг тэвчээд өөрийг чинь сайд болгоод сууж байна гэвэл тийм юм байхгүй, Чинзоригоо” гэсэн билээ.

Үүний дараа Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Ч.ХҮРЭЛБААТАР руугаа дайрч Төсвийн тухай хуулийг зөрчлөө хэмээн шүүмжилсэн.

Гэтэл өчигдөр Ж.Мөнхбат мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Сангийн яамыг хувийн компани болгосон. Бүх газар хэлтсийнх нь даргыг өөрийнхөө хүнээр сольсон. Юу ч мэдэхгүй хүн нь өнөөдөр байнгын хорооны хуралд орж ирчихээд гишүүдийн асуултад ч хариулж чадахгүй тэмээ, гэхээр ямаа яриад сууж байна. Төсөвт тодотгол хийх ёстой байтал хийхгүй байна. Хууль зөрчиж байна хэмээн загнасан. Б.Чойжилсүрэн мөн түүнтэй хамжиж, дамжиж харагдсан.

 Энэ мэт дайруултуудыг ар, араас нь хийсээр. Ямартай ч хоёр сайдыг сугалж хаях асуудал араасаа Б.Цэрэнбат, С.Чинзориг, Б.Сарангэрэл, Х.Баделхан нарын сайд нарын асуудлыг хөндөж магадгүй гэх мэдээлэл байна.

Гэхдээ эдний асуудал Засгийн газрыг бүхэлд нь унагах түвшинд хүрэхгүй гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна

Б.Алтанжолоо: Вакцин нэртэй туршилтад орсон хүүхдүүдээс бөөлжих, турж эцэх шинж тэмдэг илэрч байна

Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоотой ярилцлаа. 

-Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлөөс 2015 оноос хойш “Сүрьеэгийн халдвараас хамгаалах Д амин дэмийн нөлөө” төслийн бүтээгдэхүүн хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна гэж  үзэж мэдээлэл хийлээ. Чухам  ямар учраас ийм мэдээлэл хийх болов?

-Энэ тухай мэдээллийг эцэг эх, багш, эмч нарын гомлол мэдээллийн дагуу манай байгууллага тус туршилт явуулж буй компани дээр очиж уулзахаар төлөвлөсөн байсан. Гэтэл манай зөвлөлийн дэд тэргүүний эгчийн хүүхэд уг туршилтанд хамрагдсаныг олж мэдсэн. Ингээд бусад хүүхэд болон өөрийнхөө дүүг төлөөлөн тэр компанитай холбогдож очиж уулзсан. Тухайн компани дээр очих үед  7-8 залуус  ажиллаж байсан. Ахлах нь гэх эмэгтэйтээ уулзаж мэдээлэл авсан.

Гэтэл 13 хуудас бүхий энэхүү туршилтийг Монгол улсын Мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжлүүлээд ЭМЯ-ны ёс зүйн хорооноос туршилт судалгаа хийх зөвшөөрөл авч улмаар БСШУЯ-ны сайдын тушаалаар нийслэлийн 15 сургуулийн 8214 хүүхэд дээр туршилт судалгаа хийх зөвшөөрөл авсан байсан. Улмаар туршилтийг багийн хамтарсан ажлын хэсэг гарч өнгөрөгч 2015 оны хоёрдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэнг баталсан баримт бичгийг бидэнд танилцуулсан.

Уг баримт бичигт дүн шинжилгээ хийж үзэхэд маш их гайхшил эргэлзээ, айдас хүргэм, хүний ёсноос гадуур үйлдлийг тусгасан байсан. Энэ талаар бид холбогдох яамдад шаардлага хүргүүлж уг туршилт судалгааг хяналтандаа байлгаж хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллаж байгааг лавласан утга бүхий бичгийг илгээсэн. Гэвч бичгийн хариуг өгөөгүй л үл тоосон.  Тэгэхээр нь бид олон нийтэд хандаж ямартай ч энэ эмийг уухгүй байхыг хүүхдүүдэд хэлж, ээж аавуудад анхааруулж сонор сэрэмжтэй байхыг сануулах хэрэгтэй болсон учраас ийм мэдээлэл хийж байна.

-Дээрхи 13 хуудас материалд эргэлзээтэй ноцтой зүйл байсан гэж та хэлж байна. Тухайлбал ямар ямар эргэлзээтэй зүйл байна вэ?

-Д витаминыг хүүхдэд 1-2 жилд нэг тунг уудаг байхад 7 хоног бүр нэгийг уулгаж байна. Зөвхөн эрүүл хүүхдийг шижилгээнд хамруулж байгаа нь онцгой анхаарал татаж байна. Д витамины ихэнх хэрэгцээг хүн нараас авдаг гэж эмч нар зөвлөж байхад харин төслийн ажилтан гэх эмэгтэй манайд жилийн 365 хоногийн 360 наргүй байдаг болохоор Д–гийн дутагдалд Монголчууд их ордог гэж хэлж байна. 

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх гэсэн зорилготой мөртлөө хүүхэд бүрээс байнга биеийн байдлыг нь асууна. Турж байна уу, цээжээр нь өвдөж байна уу, удаан хугацаанд ханиалгаж байна уу гэх мэт сүрьеэгийн өвчтөнд тавьдаг асуултыг асуусан байсан. Эцэг эхтэй нь хийсэн гэрээнд хэрвээ ямар нэгэн эрсдэл гарвал шууд бидэнд мэдэгдээрэй бид нууцалж гадагшаа илтгэнэ. Мөн эмчилгээ шаардлагатай бол Монгол хүн бүр эрүүл мэндийн даатгалтай шүү дээ гэж бичсэн байгаа юм. Уг нь бол хүндрэл гарвал тухайн туршилт хийсэн байгууллага бүрэн хариуцна гээд эмийн туршилтийн журамд заалттай. Хүүхдийн бие муудах юм бол туршилтийг зогсоож хяналтийн шингэн уулгана гэсэн байсан.  Үүнээс харахад хяналтын шингэн гэж юу бэ гэсэн асуулт гарч байна. Бидний ойлголтоор хорны эсрэг ерөндөг гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаа.

-Та нарыг мэдэгдэл хийсны дараа туршилтын компаниас зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргуулж эхэлсэн гэсэн. Тэр нь ямар учиртай мэдэгдэл байсан юм бэ?

-Биднийг хэвлэлийн хурал хийж эцэг эхчүүдэд анхааруулсаны дараа туршилтийн компаниас мэдэгдэл гаргаж мэдээллийн сайтуудаар тавиулсан байсан. Энэ мэдэгдэлд биднийг шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл мэдээллээ гэж хууль хяналтын байгууллагад өгч хариуцлага тооцох тухай сүрдүүлгийн шинж чанартай мэдэгдэл байсан. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллага хаанаас, хэн, ямар компани, ямар зорилгоор хүүхдүүд дээр туршилт хийж байгааг хараад зүгээр суухгүй. Бид хүн гүтгээгүй. Хэн нэгний нэр төр халдаагүй. Зүгээр нь Монгол Улсын Эрүүл, мэндийн яам, хууль хяналтын байгууллага нь мэдэхгүй байгаа энэ учир битүүлэг зүйл, туршилт үр хойчид минь буруу, хортой байх болов уу гэсэн үүднээс, хардаж байна. Бид хардах эрхтэй. Бидний хэвлэлийн хурлын мэдээг зарим сайтуудаас устгуулж байна.

Энэ туршилтийн талаар лавшруулан судлахаар БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ зэрэгт шаардлага хүргүүлсэн боловч ХНХЯ наас бусад яамд огт хариу өгөөгүй. Манай байгууллагын дэд тэргүүн Ц.Эрхэмбаатарын эгчийн хүүхдийн бие муудаж цээж, бусад хэсгээр өвдөх болсон гэж байна.

Саяхан эрүүл мэндийн үүсгэл ХХК нь мэдэгдэл гаргахдаа Төрийн бус байгууллага гэсэн бланкнаас нийтэд мэдэгдэл хийхдээ манай байгууллагыг үндэслэлгүй. Төрийн зохих байгууллагаас зөвшөөрөл авсан гэж хэлсэн байсан.

-Таны хэлсэнчлэн "Вакцин нэртэй туршилтад" хамрагдсан хүүхдэд ямар хортой, ноцтой шинж тэмдэг илэрч байна вэ?

-Цээжээр нь өвдөж бөөлжих, толгой өвдөх, эцэж турах, үлбэгэр цог жавхаагүй болох гэх мэт шинж тэмдэг илэрч байна. Тиймээс энэ хэргийг ЭМЯ, БСШУСЯ даруй анхааралдаа авч шалгалт явуулах ёстой байгууллага атал таг чиг байгаа нь харамсалтай. Нийслэлийн 15 сургууль дээр хийж байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн 113-р сургууль, Чингэлтэй дүүргийн 49, 72, 37, 57, дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 34, 60 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 21, 92  дугаар сургууль болон Шавь цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн 65, 12, 107 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 4, 16 дугаар сургуулиудад хийсэн.  Удахгүй бүх хүүхдэд хийнэ гэсэн мэдээллийг бид авсан. Хүүхэд тэр хор уухгүй байх эрхтэй. Амыг ангайлгаад батлагдаагүй эмийг хийж залгиулаад хэлээ өргө гэж уусан уугаагүйг нь шалгаж байна гэдгийг хүүхдүүд хэлж байна. Уг туршилтийн нөлөөгөөр насанд хүрэхдээ үргүй, хөгжлийн бэрхшээлтэй болвол яана. Болохгүй гэх баталгаа байхгүй. Тэгвэл хэн  хариуцлага хүлээх юм бэ? Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment