АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж орны хүнийг нь олон нийтийн санал асуулгаар тодруулах үйл ажиллагааг Ерөнхийлөгч санаачлан явуулж байна. Гэтэл энэ үед АТГ-ын даргын үүрэгт хугацаа дууссан, дуусаагүй гэх маргаан иргэдийн дунд яригдсаар байна.
Тэгвэл энэ талаар хуульч О.Алтангэрэл өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр 2016 онд энэ асуултыг надаас асуусан бол би үгүй гэж хариулан мэтгэлцэх байлаа. Хуулийг нь харахаар томилогдсоноос хойш 6 жил ажиллахаар юм шиг, гэхдээ нөхөн томилогдсон бол хугацаа нь өөр байхаар мэт харагдана. Одоогоос 2 жилийн өмнө миний бие УИХ-аас томилогддог (АТГ-ын дарга, дэд даргатай адилхан) Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг УИХ чөлөөснийг Үндсэн хууль зөрчлөө хэмээн үзэж Цэцэд хандсан юм. Тэр үед шинэхэн алба аваад байсан УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон энэ асуудлын талаар тайлбар хийж УИХ хуулийн хүрээнд ажиллалаа гэж мэдэгдэж байв. Уг нь дээрх гишүүдийг анх томилохдоо УИХ нь төрийн албаны хуулийн 6 жилээр томилох заалтыг үндэслэж тогтоол гаргасан байсан ч МАН хүнээ тавих ёстой гэсэн логикоор хандсан нь тэр. Цэцээс маргаан үүсгэхээс татгалзаж, цэцийн гишүүн Д.Сугар гуай УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэж үзсэн утгатай хариу өгсөн. Би цаашлан захиргааны хэргийн шүүхэд хандан бүтэлгүйтээд, харъяалал тогтоолгохоор дахин оролдож цэцэд хандсан. Үүнд Д.Солонго гишүүн цэцийн харъяалал мөн байна, гэхдээ өмнө нь шийдсэн гэсэн хариу өгөн мухардсан түүхтэй. Эдүгээ адилхан асуудал УИХ-аар орох гэж байна. Адилхан гэдгийн учир дээрх албан тушаалтнууд УИХ-аар томилогддог, мөн "нөхөн томилогдвол" гэсэн онцлог зохицуулалттай. Зүгээр л 6 жилийн хугацаагаар томилно гээд орхисон бол ямар ч маргаан гарахгүй. Гэтэл заавал "нөхөн томилогдвол" гэж тусгайлан зохицуулсныг цэц "илүү нарийвчилсан зохицуулалтыг баримтлах эрх зүйн ерөнхий зарчим" гэж тодотгож байгаад шийдвэрээ гаргасан түүхтэй. (Гэхдээ УИХ цаашид Авилгын эсрэг хуулийн 21-ийг илүү тодруулах шаардлагатай юм билээ.
Тэгэхээр УИХ адилхан асуудал дээр хоёр өөр шийдвэр гаргавал, нэгэнт цэцээс зөв гэж үзэж шийдвэрлэсэн жишгийг эвдэж шийдвэр гаргавал улс төржлөө, намчирхлаа гэж харахаас өөр арга алга.
Ийм болохоор эдүгээ надаас "АТГ-ын даргын хугацаа дууссан уу" гэж асуувал би ТИЙМ гэж хариулна. Ерөнхийлөгч асуудлыг оруулвал УИХ хэлэлцэж л таарна.
Харин хэрхэн яаж тодруулах, хэн тодорвол зүгээр болох эсэх талаар ямар нэгэн санал алга" хэмээжээ.