Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн даалгавраар сэтгүүлчийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамтаар чагнаж тэр бүү хэл сүрдүүлэн машин руу буудсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Г.Бясман мэдээлэл хийж "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд, албан тушаалтнууд хамтарч Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч хувь хүнийг тагнаж, чагнасан хэрэгт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэж мэдэгдсэн.
Харин сэтгүүлчийг чухам хэний үүрэг даалгавраар тагнасан болон сүрдүүлсэн эсэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Тэгвэл энэ талаар Хууль зүйн сайд Ц. Нямдорж "Сэтгүүлчдийг тагнах чагнах үүрэг хэзээ ч өгөөгүй өгөхгүй. Надад тийм шаардлага байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг. Нөгөө л Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж л ийм зүйл хийж байгаа. Та нар намайг тагнаж байсан болохоос би та нарыг тагнаж, сэтгүүлчдэд гомдол гаргаж байсан удаа байхгүй. Энэ бол зориудаар зохион байгуулж буй улс төрийн үйл ажиллагаа. Эрдэнэтийн 49 хувийн том луйвар, Зоригийн хэргийн хаалттай шүүх хуралтай холбоотой хүн бүрийг л ингэж байна. УИХ-ын гишүүн Болд, Батзандан нарыг байцаасан бол өнөөдөр миний талаар худал мэдээлэл тараалаа. Мөнхтөр гэж өмгөөлөгч өчигдөр л анх удаа над дээр ирж уулзсан. Гадуур ийм яриа байна гэсэн. Ер нь УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь айлган сүрдүүлэх, дарамтлах, эрүү үүсгэх бусармаг зүйлс явж байна. Жаст, Алтангийн хоорондох элдэв наймаа надад огт хамааралгүй асуудал. Би Монголын толгой бизнесмэнүүдийг бүгдийг нь танина. Таньдаг болохоор л холбоотон болдог юм уу. Сэтгэл санаагаар дайрсаар унагаах ийм л зүйл яваад байна. С.Зоригийг амьд байхад ийм дайралтууд өдөр шөнөгүй явагдсаар тэр хүн дууссан. Дашбалбар ч мөн адил цаг бусаар явсан. Төрийн төлөө зоригтой үг хэлдэг гишүүдийг дайрсаар явуулдаг. Өнөөдөр ээлж нь над дээр ирчхээд байна. Ямар үр дүн гарахыг мэдэхгүй байна. Би хэзээ ч сэтгүүлч нартай зууралдахгүй. Харин ийм үйл ажиллагаа хийж буй цаад бусармаг эзэдтэй нь хуулийн хүрээнд ажиллана." гэх хариултыг өглөө.