Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс 140 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км/ Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан зургаан зорчигчтой автомашин нуурын усанд осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны 17:50 цагт иржээ.
Дуудлагын дагуу очиход тус автомашинд зорчиж явсан Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд, дөрвөн иргэн нь осолдсон байдалтай байсан.
Мэдээллийн дагуу ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх салбар, Хөвсгөл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, Цагдаагийн газрын 3, орон нутгийн иргэд нийт 34 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөө өглөөний 07:50 минутад осолдсон иргэдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Алба хаагчид осолдсон иргэдийн цогцсыг нуурын эргээсээ 1,300 метрийн зайд, нуурын 15 метрийн гүнээс гаргасан байна.