8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баярдаваа: 2018 онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу бууж ирнэ

2018-04-26 13:53:00

Монголбанкнаас 2017 он болон дөрөвдүгээр сард эдийн засаг, санхүүгийн салбарт болсон онцлох үйл явдлуудын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд Монголбанкны хэвлэлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Ариунаа “Энэ сард Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох лавлагаанд зарим иргэний мэдээллийг тусгахгүй байх нөхцөлийг тодорхойлсон. 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй болон үүрэн эсвэл суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй болгож хэвийн ангилалд шилжүүлсэн. Программаар шүүхэд нийт 41,085 иргэний мэдээлэл дээрх нөхцлийг хангасан.

Мөн  Ипотекийн зээлд 4.3  их наяд төгрөгний зээлийг 93099 иргэнд олгосон. Ипотекийн зээлийн үлдэгдэлийн 90,7 % буюу 3856,3 тэрбум төгрөг  80 м.каб талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагджээ. Нэг зээлдэгчид дунджаар 78,3 сая төгрөг ногдож байна ” хэмээн хэллээ.  

Мэдээллийн дараа Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

- Ипотекийн зээлийн санхүүжилт хэрхэн үргэлжлэх вэ, зээл авахаар хүлээж байгаа иргэд хэр их байгаа вэ?

- Энэ жилийн хувьд Монголбанкнаас ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зориулж 220 орчим тэрбум төгрөг тусгагдсан. Мөн ЗГ-аас 110 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгэхээр нийтдээ 330 тэрбум төгрөг эхнээсээ зарцуулагдаад явж байна.

- 2020, 2021 онд төлөгдөх их хэмжээний өрийн эргэн төлөлтийг хэрхэн хийх вэ. Төв банкнаас өрийг төлөх  урьдчилсан төлөвлөгөө боловсруулж байгаа юу?

- 2016 оны наймдугаар сард нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 90 орчим хувьтай тэнцэж байсан. Одоо бидэнд байгаа мэдээллээр 2017 онд гадаад өр ДНБ-ний 78 хувьтай тэнцэж өмнөх оноос үлэмж хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа. Үүнд төсвийн алдагдлын хэмжээ буурсан болон татварын орлого бүрдүүлэлт сайн байгаа, төсвийн зарлага хяналттай байгаа зэрэг нь нөлөөлсөн. Бидний тооцоолж буйгаар 2018 онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу бууж ирнэ. 

2020, 2021 онд төлөгдөх их хэмжээний өр төгрөгөөр биш ам.доллараар төлөгдөх учраас ЗГ санхүүгийн чадавхаа ам.доллараар бий болгосон байх ёстой. Энэ нь гадаад валютын албан ёсны нөөцөөр илэрхийлэгдэнэ. Одоо байгаа гадаад валютын албан нөөц 3 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Гэхдээ энэ 3 тэрбум ам.доллар өрөө төлөхөд хангалттай биш гэж Монголбанкны зүгээс үзэж байна. Тиймээс өрийн эргэн төлөлтөд бэлдэхийн тулд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлага байгаа.

- Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар төв банкнаас ямар бодлого баримталж байгаа вэ?

- Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр зээлийн хүү бууруулах стратегийг боловсруулна гэж тусчихсан байгаа.  Төв банкны зүгээс зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн эхний хувилбарыг боловсруулаад танилцуулчихсан. Одоо дараагийн шатанд энэ баримт бичиг санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр хэлэлцэгдэнэ. Ингээд бодлогын баримт бичиг УИХ руу хүргэгдэнэ. Үүнд зөвхөн Монголбанк бус ЗГ, СЗХ, Арилжааны банкуудын түвшинд хийгдэх үйл ажиллагаанууд түвшин түвшингээрээ тусгагдсан байгаа.

-Азийн хөгжлийн банкнаас саяхан өрийн асуудлаар мэдээлэл хийсэн. 2016 онд ДНБ-ний 111 хувьтай тэнцэх өрийн зээл 2017 онд 99,1 хувьтай байна гэсэн мэдээлэл өгч байсан. Энэ нь статистик тоо баримттай зөрөөд байна. 2016, 2017 ,2018 онд гарсан өрийн зээл хоорондоо яагаад  зөрөөд байна вэ. Энэ талаар тайлбарлана уу?

-Эдийн засгийн байгууллагууд төсөл боловсруулж байгаа өөр өөрийн таамаглалт нөхцөлүүдээс хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын төсвийн алдагдалын хэмжээг гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэх тал дээр Азийн хөгжлийн банкнаас юу гэж гаргаж байгаа. Үүнийг Монголбанк, валютын сан юу гэж харж байгаагаас шалтгаалж байгаа. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт хэр байна. Олон зүйлээс хамаарч өөр өөр өнцгөөс харж байна гэсэн үг. Азийн хөгжлийн банк гүйцэтгэл гаргадаггүй байгууллага шүү дээ. Гүйцэтгэлийг монголбанк, засгийн газраас гаргадаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment