УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг сарын 19-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн төсөл нь ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулдаг мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Сангийн сайд та Засгийн зүгээс хууль зөрчсөн зүйл өргөн бариагүй. УИХ хуулийг нь баталсан гэсэн утгатай юм яриад байдаг. Гэтэл энэ хууль чинь Төсвийн тодотгол хийхгүйгээр татвараас чөлөөлөх гээд байна. Төсвийн тодотголоо хэзээ оруулж ирэх юм бэ. Энэ асуудал төсөвт тодотгол хийгээгүй долоо дахь хууль шүү. Хууль зөрчсөн төсөл өргөн барьсан сайд ямар ч буруугүй болдог жишиг тогтох нь. Хүүхдийн мөнгийг төсөвт тодотгол хийгээгүйгээр шийдвэрлэсэн гэж өмнөх Засгийн газар огцрох үндэслэлийн нэг байсан шүү.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: УИХ-аар хэлэлцээд баталсан хуулиудыг хууль зөрчсөн гэж яриад байж болохгүй. УИХ-ыг хууль зөрчсөн гэж болохгүй. Татварын холбоотой хуулиудыг батлах, хөнгөлөлт чөлөөлөлт өгөх нь УИХ баталдаг. Бид хэлж, ярьж байгаа зүйл дээрээ бодолтой баймаар байна. Зүгээр нэг улс төр хийхийн тулд УИХ-ын үйл ажиллагааг харлуулж болохгүй. Энэ оруулж байгаа хууль энэ оны нэгдүгээр сарын нэгэнд үйлчлэл нь зогсчихсон байсан. Үүнийг манай УИХ-ын гишүүд оруулж ирээч гэж шахсан гэж байгаа. Дээрээс нь шахаж хууль оруулчихаад төрийн албан хаагчдыг буруутгаж болохгүй. НӨАТ-ын асуудлаар манай яамныхан бүгдээрээ явж байна. “Эрдэнэт”-ын 49, 51 хувь дээр манай яамныхан байцаагдаж байна. Төрийн албан хаагчид чинь хүнд байна шүү. Хурал дээр ажлаа яриад сууж байхад аваад явчихна. Монголын төрийг төрийн алба шиг болгоход бид өөрсдөө гол санаачлага гаргаж ажиллах ёстой шүү.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль Төсвийн тухай хуулийн 6.2.5-ийг зөрчиж оруулж ирсэн. Малын болон үрийн улаан буудайг татвараас чөлөөлөх, мөн ОХУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн албан татвараас чөлөөлөх, Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тоног төхөөрөмж оруулж ирэхэд татвараас чөлөөлөх зэрэг 4-5 хууль хууль зөрчиж байгааг Засгийн газарт сануулсан" гэв.
Гишүүд саналаа хэлж дууссаны дараа уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.