Өнөөдөр улс оронд минь дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөр ийнхүү дуусч байна. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн даалгавраар сэтгүүлчийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамтаар чагнаж тэр бүү хэл сүрдүүлэн машин руу буудсан гэх мэдээлэл гарч өнөөдөр дуулиан тарьлаа. Энэ асуудлаар Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Г.Бясман мэдээлэл хийж "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд, албан тушаалтнууд хамтарч Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч хувь хүнийг тагнаж, чагнасан хэрэгт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэж мэдэгдсэн.
Харин сэтгүүлчийг чухам хэний үүрэг даалгавраар тагнасан болон сүрдүүлсэн эсэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Тэгвэл энэ талаар Хууль зүйн сайд Ц. Нямдорж "Сэтгүүлчдийг тагнах чагнах үүрэг хэзээ ч өгөөгүй өгөхгүй. Надад тийм шаардлага байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг. Нөгөө л Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж л ийм зүйл хийж байгаа. Та нар намайг тагнаж байсан болохоос би та нарыг тагнаж, сэтгүүлчдэд гомдол гаргаж байсан удаа байхгүй. Энэ бол зориудаар зохион байгуулж буй улс төрийн үйл ажиллагаа. Эрдэнэтийн 49 хувийн том луйвар, Зоригийн хэргийн хаалттай шүүх хуралтай холбоотой хүн бүрийг л ингэж байна. УИХ-ын гишүүн Болд, Батзандан нарыг байцаасан бол өнөөдөр миний талаар худал мэдээлэл тараалаа. Мөнхтөр гэж өмгөөлөгч өчигдөр л анх удаа над дээр ирж уулзсан. Гадуур ийм яриа байна гэсэн. Ер нь УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь айлган сүрдүүлэх, дарамтлах, эрүү үүсгэх бусармаг зүйлс явж байна. Жаст, Алтангийн хоорондох элдэв наймаа надад огт хамааралгүй асуудал. Би Монголын толгой бизнесмэнүүдийг бүгдийг нь танина. Таньдаг болохоор л холбоотон болдог юм уу. Сэтгэл санаагаар дайрсаар унагаах ийм л зүйл яваад байна. С.Зоригийг амьд байхад ийм дайралтууд өдөр шөнөгүй явагдсаар тэр хүн дууссан. Дашбалбар ч мөн адил цаг бусаар явсан. Төрийн төлөө зоригтой үг хэлдэг гишүүдийг дайрсаар явуулдаг. Өнөөдөр ээлж нь над дээр ирчхээд байна. Ямар үр дүн гарахыг мэдэхгүй байна. Би хэзээ ч сэтгүүлч нартай зууралдахгүй. Харин ийм үйл ажиллагаа хийж буй цаад бусармаг эзэдтэй нь хуулийн хүрээнд ажиллана." гэх хариултыг өглөө.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж чагнасан гэсэн мэдээлэл өчигдөр сошиал мэдээллийн орчинд тарж эхэлсэн. Бид анхааралтай ажиглаж байсан. Өнөөдөр өглөө нэр бүхий сайтууд болон зарим өдөр тутмын сонинуудад энэ талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан прокурорын байгууллагаас олон нийтэд мэдээлэл өглөө. Түүнчлэн Ц.Нямдорж сайд мөн л мэдээлэлд тайлбар, няцаалт өглөө. Энд сэтгүүлчдийн асуудал яригдаж байгаа учраас МСНЭ-ийн зүгээс албан ёсны тайлбар мэдээлэл хийхийг хүслээ. ТV9 телевизийн Хүслэнбаатар гэдэг сэтгүүлч, түүний найз нөхөд сэтгүүлчид, мөн гэр бүлийнхэн гэсэн 30 гаруй хүнийг тагнаж чагнасан гэсэн асуудал байгаа.Бид энэ талаар тус телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Баасансүрэн гуайтай холбогдсон. Гэтэл манайд Хүслэнбаатар гэдэг нэртэй сэтгүүлч байхгүй гэсэн мэдээлэл өглөө. Мөн мэдээлэлд нэр дурдагдсан TV9 телевизийн зарим сэтгүүлчтэй холбогдсон. Гэтэл бидэнд ч ямар нэг мэдээлэл байхгүй гэсэн хариулт өгч байна.МСНЭ-ээс нэг зүйлийн хариуцлагатайгаар мэдэгдье. Нэгдүгээрт хэрвээ сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг дарамт шахалт үзүүлсэн, тагнаж чагнасан асуудал байх юм бол үүний эсрэг хатуу тэмцэнэ. Сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана.Хоёрдугаарт энэ асуудлыг маш сайн судалж, тодруулахгүйгээр дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Маргааш бид TV9 телевизийн удирдлага болон редакцийн хамт олонтой албан ёсны уулзалт хийхээр болсон. Мөн өнөөдөр прокурорын байгууллага, Хууль зүйн яам, ЦЕГ-аас албан ёсны лавлагаа мэдээлэл хүссэн бичиг явуулсан. Сэтгүүлчдэдээ хандаж хэлэхэд салбарын төв байгууллагадаа бичгээр биш юмаа гэхэд ирж уулзаад албан ёсоор ямар асуудал байгаагаа мэдэгдэх хэрэгтэй. Манай байгууллага сэтгүүлчийн эрх ашгийн төлөө явах үүрэгтэй байгууллага.Нэр бүхий сэтгүүлч яллагдагчаар татагдсан асуудлаар өнөөдөр яригдлаа. Гэтэл тэр сэтгүүлч МСНЭ-д одоог хүртэл хандаагүй байна. Тухайн сэтгүүлчтэй ярилцсан. Тууштай хөөцөлдөж, асуудлыг нь авч хэлэлцэнэ. МСНЭ бүтэн цагийн өмгөөлөгчтэй болсон. Тиймээс сэтгүүлчид маань өмгөөлөгчдөө хандаж, аливаа асуудлаа шийдүүлэх боломжтой.Өнөөдрийн байдлаар Зөрчлийн хуулиар 39 сэтгүүлчид 98 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэсэн мэдээлэл бидэнд байна. Тиймээс энэ талаар хамтдаа дүгнэх, хэлэлцэх цаг болжээ. Тавдугаар сарын 03-ны 15 цагт Нийслэлийн иргэний танхим дээр сэтгүүлчид ял шийтгэл хүлээж байгаа, Зөрчлийн хуулиар торгуулж байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлэгт сэтгүүлч та бүхнийг албан ёсоор урьж байна” гэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг сарын 19-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн төсөл нь ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулдаг мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Сангийн сайд та Засгийн зүгээс хууль зөрчсөн зүйл өргөн бариагүй. УИХ хуулийг нь баталсан гэсэн утгатай юм яриад байдаг. Гэтэл энэ хууль чинь Төсвийн тодотгол хийхгүйгээр татвараас чөлөөлөх гээд байна. Төсвийн тодотголоо хэзээ оруулж ирэх юм бэ. Энэ асуудал төсөвт тодотгол хийгээгүй долоо дахь хууль шүү. Хууль зөрчсөн төсөл өргөн барьсан сайд ямар ч буруугүй болдог жишиг тогтох нь. Хүүхдийн мөнгийг төсөвт тодотгол хийгээгүйгээр шийдвэрлэсэн гэж өмнөх Засгийн газар огцрох үндэслэлийн нэг байсан шүү.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: УИХ-аар хэлэлцээд баталсан хуулиудыг хууль зөрчсөн гэж яриад байж болохгүй. УИХ-ыг хууль зөрчсөн гэж болохгүй. Татварын холбоотой хуулиудыг батлах, хөнгөлөлт чөлөөлөлт өгөх нь УИХ баталдаг. Бид хэлж, ярьж байгаа зүйл дээрээ бодолтой баймаар байна. Зүгээр нэг улс төр хийхийн тулд УИХ-ын үйл ажиллагааг харлуулж болохгүй. Энэ оруулж байгаа хууль энэ оны нэгдүгээр сарын нэгэнд үйлчлэл нь зогсчихсон байсан. Үүнийг манай УИХ-ын гишүүд оруулж ирээч гэж шахсан гэж байгаа. Дээрээс нь шахаж хууль оруулчихаад төрийн албан хаагчдыг буруутгаж болохгүй. НӨАТ-ын асуудлаар манай яамныхан бүгдээрээ явж байна. “Эрдэнэт”-ын 49, 51 хувь дээр манай яамныхан байцаагдаж байна. Төрийн албан хаагчид чинь хүнд байна шүү. Хурал дээр ажлаа яриад сууж байхад аваад явчихна. Монголын төрийг төрийн алба шиг болгоход бид өөрсдөө гол санаачлага гаргаж ажиллах ёстой шүү.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль Төсвийн тухай хуулийн 6.2.5-ийг зөрчиж оруулж ирсэн. Малын болон үрийн улаан буудайг татвараас чөлөөлөх, мөн ОХУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн албан татвараас чөлөөлөх, Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тоног төхөөрөмж оруулж ирэхэд татвараас чөлөөлөх зэрэг 4-5 хууль хууль зөрчиж байгааг Засгийн газарт сануулсан" гэв.
Гишүүд саналаа хэлж дууссаны дараа уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс 140 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км/ Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан зургаан зорчигчтой автомашин нуурын усанд осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны 17:50 цагт иржээ.
Дуудлагын дагуу очиход тус автомашинд зорчиж явсан Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд, дөрвөн иргэн нь осолдсон байдалтай байсан.
Мэдээллийн дагуу ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх салбар, Хөвсгөл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, Цагдаагийн газрын 3, орон нутгийн иргэд нийт 34 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөө өглөөний 07:50 минутад осолдсон иргэдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Алба хаагчид осолдсон иргэдийн цогцсыг нуурын эргээсээ 1,300 метрийн зайд, нуурын 15 метрийн гүнээс гаргасан байна.
Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн даалгавраар сэтгүүлчийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамтаар чагнаж тэр бүү хэл сүрдүүлэн машин руу буудсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар яг одоо Нийслэлийн прокуророос мэдээлэл хийж байна.
Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Г.Бясман мэдээлэл хийж "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд, албан тушаалтнууд хамтарч Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч хувь хүнийг тагнаж, чагнасан хэрэгт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэж мэдэгдлээ.
Харин сэтгүүлчийг чухам хэний үүрэг даалгавраар тагнасан болон сүрдүүлсэн эсэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав. Дараагаар нь хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Н.Учрал танилцуулсны дараагаар гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Гаднаас орж ирж байгаа мөнгийг шалгах зорилгоор бизнес эрхлэгчийн мөнгийг шалгаж болохгүй шүү. Үүнийг анхаарах хэрэгтэй. Энэ хуулийн төсөлд царцаах гэдэг үг маш их хэрэглэгджээ. Үүнийгээ та нар яаж ойлгож байна. Эдийн засагт мөнгө хэрэгтэй байгаа. Засгийн газар эрчтэй, зоригтой ажиллах хэрэгтэй" гэсэн юм. "Мэдээлэх үүрэгтэй этгээдээс ирүүлсэн баримтыг шалгахын тулд 24 цаг царцаах хэрэгтэй байдаг. Царцаана гэдэг нь тухайн мөнгө орсон данснаасаа гарахыг хориглоно гэсэн үг. Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа хуулинд байгаа" гэсэн хариултыг ажлын хэсгийнхэн өглөө.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Энэ хуулиар хууль бусаар орсон орлогоо нуудаг асуудлыг хэрхэн зохицуулсан бэ? гэсэн асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал "Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх хууль эцсийн өмлөгчийг тогтооход чиглэж байгаа. Мөнгө угаах гэмт хэрэг Эрүүгийн хуулиар зохицуулагдана. Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа хийгдэнэ. Энэ хууль урьдчилан сэргийлсэн үйл ажиллагаа хийгдэж байгаа. Тиймээс гүйлгээнд нь хяналт шалгалт хийнэ" хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь иргэдээ урьдчилан сэргийлэх зорилготой. Хуулийг хэрэгжүүлэх явцад тодорхой сонирхол бүхий этгээд сөргөөр ашиглах хэрэгсэл болох вий. Тухайлбал, үнэт метал зэрэг эдлэл гэж байгаа. Монголчууд бүгдээрээ 20 саяас дээш үнэ бүхий хөөрөгтэй. Энэ хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгах вий. Олон улсын байгууллагын шахалт, дарамт байгааг ойлгож байгаа ч Монгол Улсын онцлогтоо тохируулах хэрэгтэй. Хэлээд байхад яагаад энэ бүхнийг зохицуулахгүй байна вэ" гэлээ.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:
-Үнэт метал, үнэт чулууны арилжаа эрхлэгч хүмүүстэй холбоотой асуудлыг хөндөж байсан. Ажлын хэсэг дээр энэ асуудлыг хэлэлцсэн. Хүн гэдгийг этгээд гээд заачихаар хуулийн статустай ажилладаг хүмүүс хуулийн гадна үлдчих гээд байсан. Энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл өгдөг албаны хүмүүсээс мэдээлэл авсан. Хуулийн нэр томъёогоор "энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан ёсоор татвараа төлдөг хуулийн этгээдийг ойлгоно" гэж байгаа. Түүнээс бус энгийн иргэдийг энэ томъёололд оруулахгүй. Зөвхөн сэжигтэй асуудал санхүүгийн мэдээллийн байгууллага мэдээлэх үүрэгтэй заалт юм.
Ийнхүү гишүүд асуулт тавьсаны хариулт авсны дараагаар Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх хуулийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 81.5 хувийн саналаар санал дэмжигдлээ.
АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж орны хүнийг нь олон нийтийн санал асуулгаар тодруулах үйл ажиллагааг Ерөнхийлөгч санаачлан явуулж байна. Гэтэл энэ үед АТГ-ын даргын үүрэгт хугацаа дууссан, дуусаагүй гэх маргаан иргэдийн дунд яригдсаар байна.
Тэгвэл энэ талаар хуульч О.Алтангэрэл өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр 2016 онд энэ асуултыг надаас асуусан бол би үгүй гэж хариулан мэтгэлцэх байлаа. Хуулийг нь харахаар томилогдсоноос хойш 6 жил ажиллахаар юм шиг, гэхдээ нөхөн томилогдсон бол хугацаа нь өөр байхаар мэт харагдана. Одоогоос 2 жилийн өмнө миний бие УИХ-аас томилогддог (АТГ-ын дарга, дэд даргатай адилхан) Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг УИХ чөлөөснийг Үндсэн хууль зөрчлөө хэмээн үзэж Цэцэд хандсан юм. Тэр үед шинэхэн алба аваад байсан УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон энэ асуудлын талаар тайлбар хийж УИХ хуулийн хүрээнд ажиллалаа гэж мэдэгдэж байв. Уг нь дээрх гишүүдийг анх томилохдоо УИХ нь төрийн албаны хуулийн 6 жилээр томилох заалтыг үндэслэж тогтоол гаргасан байсан ч МАН хүнээ тавих ёстой гэсэн логикоор хандсан нь тэр. Цэцээс маргаан үүсгэхээс татгалзаж, цэцийн гишүүн Д.Сугар гуай УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэж үзсэн утгатай хариу өгсөн. Би цаашлан захиргааны хэргийн шүүхэд хандан бүтэлгүйтээд, харъяалал тогтоолгохоор дахин оролдож цэцэд хандсан. Үүнд Д.Солонго гишүүн цэцийн харъяалал мөн байна, гэхдээ өмнө нь шийдсэн гэсэн хариу өгөн мухардсан түүхтэй. Эдүгээ адилхан асуудал УИХ-аар орох гэж байна. Адилхан гэдгийн учир дээрх албан тушаалтнууд УИХ-аар томилогддог, мөн "нөхөн томилогдвол" гэсэн онцлог зохицуулалттай. Зүгээр л 6 жилийн хугацаагаар томилно гээд орхисон бол ямар ч маргаан гарахгүй. Гэтэл заавал "нөхөн томилогдвол" гэж тусгайлан зохицуулсныг цэц "илүү нарийвчилсан зохицуулалтыг баримтлах эрх зүйн ерөнхий зарчим" гэж тодотгож байгаад шийдвэрээ гаргасан түүхтэй. (Гэхдээ УИХ цаашид Авилгын эсрэг хуулийн 21-ийг илүү тодруулах шаардлагатай юм билээ.
Тэгэхээр УИХ адилхан асуудал дээр хоёр өөр шийдвэр гаргавал, нэгэнт цэцээс зөв гэж үзэж шийдвэрлэсэн жишгийг эвдэж шийдвэр гаргавал улс төржлөө, намчирхлаа гэж харахаас өөр арга алга.
Ийм болохоор эдүгээ надаас "АТГ-ын даргын хугацаа дууссан уу" гэж асуувал би ТИЙМ гэж хариулна. Ерөнхийлөгч асуудлыг оруулвал УИХ хэлэлцэж л таарна.
Харин хэрхэн яаж тодруулах, хэн тодорвол зүгээр болох эсэх талаар ямар нэгэн санал алга" хэмээжээ.
Хоёр хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэсэн зарлиг гаргасан билээ. Тэгвэл Ерөнхийлөгч дахин хоёр хүнийг цолыг бууруулсан байна. Тодруулбал, Дүнжингарав хурдан морины уралдааныг хууль бусаар зохион байгуулсан учраас улсын цолтой хоёр уяачийн цолыг бууруулахаар болжээ. Тодруулбал, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын цолыг бууруулсан байна. Ингэснээр Тод манлай уяач Д.Дагвадорж манлай уяач, алдарт уяач П.Сэргэлэн улсын цолгүй болж байна. Хууль бусаар зохион байгуулсан Дүнжингарав уралдааны үеэр 18 хүүхэд бэртэж, нэг хүүхэд тархины хүнд хагалгаанд орсон билээ.
АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг иргэдээс санал авч тодруулахаар саналыг нь авч байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын хуульчдын үзэж буйгаар одоогийн дарга нь хүний оронд томилогдсон учраас үүрэгт хугацаан нь дууссан гэж буй. Тиймээс түүний орны хүнийг сонгохоор олон нийтээс саналыг авч байна хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин УИХ-ын зарим гишүүд уг үйлдлийг хууль зөрчсөн хэмээн дүгнэж байгаа юм. Санал асуулгын дүнд АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д санал оруулах юм. Гэхдээ ард түмний сонгосон хүн нь хэн байх вэ гэдэг нь өөрөө асуултын тэмдэг дагуулж буй. Ерөнхийлөгч олон нийтийн саналаар далимдуулан өөрийн хүнийг АТГ-ын даргаар сонгох нь уу гэсэн хардлага ч зарим хүнд байгаа юм. Мөн АТГ-ын даргыг томилохын тулд иргэдэд таалагдсан хүнийг нэр дэвшүүлнэ гэж байгаа нь төрийн тусгай албаны үнэлэмжийг бууруулж байна хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байна. Ерөнхийлөгч тус газрын даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д оруулах бүрэн эрхтэй. Үүний дагуу хэнийг томилох нь УИХ-ын бүрэн эрх юм. Өөрөөр хэлбэл, эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Энэ асуудлыг УИХ-ын гишүүд хэрхэн дүгнэж буйг нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Энэ шийдвэр хоёр талтай
Олон нийтээс санал авах нь хуулийн зөрчилд орохгүй. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг УИХ-д санал оруулах бүрэн эрхтэй. Ингэхдээ олон нийтийн санаа бодлыг л тусгах гэж хичээж байгаа юм байна гэж ойлгосон. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улсад авлигатай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, үүнтэй хатуу тэмцэх цаг болсныг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Энэ шийдвэр хоёр талтай байж болно. Нэг талдаа сайн буюу нэр дэвших боломжтой хүмүүсийг олон нийтийн саналаар гаргаад ирж болох юм. Хуулийн шаардлага хангасан, олон түмэнд танигдсан хүмүүсийг гаргаад ирвэл их сайн. Харин буруу байж болох тал нь сошиал орчинд сөрөг тал олон бий. Тодруулбал, хуурамч хаягтай хүн олон болсон учраас зохиомол нэр дэвшилт хийж, энэ санал асуулгад нөлөөлөх магадлалтай. Эцсийн дүндээ олон нийтийн санал асууна гэж байгаа нь энэ асуудалд олны анхаарлыг татах гэсэн санаа юм болов уу гэж харсан. Мэдээж санал асуулгаар тодруулсан хүний нэрийг Ерөнхийлөгч УИХ-д оруулж ирнэ. Ингэж байж эцсийн шийдвэр гарна шүү дээ. АТГ-ын дарга болох хүнд хуулиар тогтоосон босго маш өндөр. Мэргэжлийн болон ажлын туршлагын төдийгүй улс төрөөс ангид байх ёстой зэрэг тодорхой шалгуур бий. Тиймээс энэ шалгуурыг хангах хүний тоо цомхон байх болов уу. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн санал асуулгын эцсийн шийдвэрийг УИХ гаргана гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэцээс төрийн албан хаагчдын томилгоотой холбоотой гаргасан нэг дүгнэлт бий. Энэ нь хоёрдмол байдал үүсгээд байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгч хуулийн гаргалгаагаа тооцоод дараагийн даргын нэр дэвшүүлэх процессыг эхлүүлсэн юм болов уу гэж ойлгож байгаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Х.Энхжаргалын албан үүргээ гүйцэтгэх хугацаа дуусаагүй
АТГ-ын даргыг хэрхэн яаж тодруулах вэ гэдэг тухайд бие даасан хуультай юм шүү дээ. Тэгэхээр энэ процессыг хуулийнхаа дагуу дүрэм журмаараа зохицуулах ёстой. Гэтэл Төрийн тэргүүн маань олон нийтийн санаа бодолд нийцүүлэхийн тулд санал асуулга явуулна гээд дур зоргын зүйл яриад байж болохгүй шүү дээ. Хэрвээ асуудалд энэ мэтээр зур зоргоороо ханддаг болчихвол хууль, дүрэм журам гэж байгаад яах юм. Авлигын эсрэг хуульд энэ талаар маш тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар тодруулна гэдэг заалт байхгүй шүү дээ. Монголчууд ярьдаг биз дээ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж. Гэтэл хэн дуртай нь хүссэн албан тушаалдаа очоод суучихдаг болчихвол төр засгийн хэрэг байхгүй болно биз дээ. Одоогийн даргын үүрэгт хугацаа дууссан эсэхэд маргах шалтгаан огт байхгүй. Энэ талаар мөн л Авлигын эсрэг хуульд тодорхой заалт бий. АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог. Харин одоогийн дарга Х.Энхжаргалын 2016 оны долоодугаар сарын 8-нд УИХ-аар томилсон шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн албан үүргээ гүйцэтгэх хуулийн хугацаа дуусаагүй. Ийм байхад дараагийн даргын асуудлыг хөндөөд, олон нийтээс санал асууна гээд байж болохгүй.
УИХ-ын гишүүн А.Ундраа: “Энэ дууг хэн сайн дуулах вэ” гэдэг шоуны ялагч тодруулах гэж байгаа юм огт биш шүү дээ
АТГ-ын даргын хувьд мэргэжлийн ур чадвар өндөртэй хүн байх ёстой. Хуулийн шаардлагыг бүрэн хангаснаас гадна нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг энэ албан тушаалд томилох ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн хэлээд байгаагаар олон нийтээс санал асууна. Хүссэн хэн ч нэрээ дэвшүүлэх боломжтой болчихож байна шүү дээ. Хүссэн хүн бүр АТГ-ын даргад тавигдах хуулийн шалгуурыг хангах уу үгүй гэдэг эргэлзээтэй. Жишээлбэл, би хуулийн шаардлага хангасан гээд нэг дуучин нэрээ дэвшүүлээд олон нийтээс хамгийн өндөр санал аваад ороод ирвэл яах вэ. Гэтэл ийм хүн хууль сахиулах салбарын үйл ажиллагааг удирдаж чадах уу. “Энэ дууг хэн сайн дуулах вэ” гэдэг шоуны ялагч тодруулах гэж байгаа юм огт биш шүү дээ. Ийм байж хэрхэвч таарахгүй. Төрийн тусгай албаны даргыг тодруулахдаа цахимаар олон нийтийн санал асууна гэдэг байж боломгүй хэрэг. Үүний цаана хууль, хүчний салбарт олон жил зүтгэсэн, дадлага туршлагатай төрийн тусгай албаныхны нэр хүнд явж байгааг мартаж болохгүй. АТГ-ын даргыг тодруулахдаа зөвхөн хуулиа л баримтлах ёстой. Хуулийг хэн сайн сахиулж чадах юм, хуулийн шаардлагыг хэн хангаж байгаа юм, ийм хүнийг л АТГ-ын даргаар томилох учиртай. Энэ байгууллагыг удирдана гэдэг чинь миссийн тэмцээний ялагч тодруулахаас тэс өөр зүйл шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хуулиараа тийм боломжгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байлгүй дээ.
Ж.Мөнхбат: Энэ талаар мэдээлэлгүй байна. Ер нь бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал шүү дээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан хэрэг гарч дуулиан тарьж байсан. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрч, олны шүүмжлэлийн бай болж байв. Түүний танхайн гэмт хэрэг үүгээр ч дуусахгүй. Олон нийтийн газар сэлэм эргүүлж бусдын бие мах бодод гэмтэл учруулсаныхаа дараа тэрбээр хэргийн газраас зугтаасан байдаг. Хэргийн газраас оргон зугтаасаныхаа дараа буюу эрэн сурвалжлагдаж байхдаа буюу 2017 оны 11-р сарын 14-15-нд шилжих шөнө БЗД-т хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Тодруулбал, гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт мөн л дахин хар тамхины хэрэгт холбогдсон талаар мэдээллийг манай сайт хүргэсэн. Тодруулбал, С.Бямбацогт найз нөхдийн хамт мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь илрүүлж, Эрүүгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн уг хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж. Тэрбээр танхай, хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа ийнхүү дахин хар тамхины хэрэгт нэр холбогдсон байна. Хууль хяналтын байгууллага түүнийг нэг сарын хугацаатай саатуулжээ. Энэ удаад С.Бямбацогт хар тамхины хэрэг давтан үйлдсэн дээр танхайн хэрэг нэмэгдсэн тул ял авах нь тодорхой болжээ. Ингэхдээ “Сэлэм” С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлээд байгаа аж.
“СЭЛЭМ” С.БЯМБАЦОГТЫГ БУРУУТГААД БАЙГАА ЗҮЙЛ АНГИЙГ ТОДРУУЛБАЛ,
20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
2.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахдаа 2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс хоёр хоногийн өмнө ЕБС-ийн 8200 гаруй хүүхэд биологийн туршилтанд орж байна гэсэн мэдээллийг хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдээллэсэн билээ. Тодруулбал, “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх” нэрийдлээр Нийслэлийн ЕБ-ийн 15 сургуулийн 8214 хүүхдэд Д витамин гэх зүйлийг албадан уулгаж, эмнэлзүйн биологийн туршилт хийсэн талаар эцэг эх багш эмч нараас тус байгууллагад гомдол ирсний дагуу ийнхүү олон нийтэд зарлаж мэдээлэл хийж байгаагаа онцолсон. Гомдлын дагуу судалж үзэхэд энэхүү витаминыг албадан уулгах үйл ажиллагаа хоёр удаа хийсэн болох нь тогтоогдсон байна. Хүүхдүүд дээр туршилт судалгаа хийх ажлыг ЭМЯ олгож, БСШУСЯ хамтран зохион байгуулж ажилласан болох нь баримтаар нотлогдсон хэмээн мэдээлсэн юм.
Энэхүү үйл ажиллагааг “Эрүүл мэндийн үүсгэл” ХХК гэх компани нь ЭМЯ-аас зөвшөөрөл аваад БСШУСЯ-тай хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагдаж хүүхдүүдэд туршилтын витамин шахах үйл ажиллагаагаа 2015 оны хоёрдугаар сараас эхлүүлж долоо хоног тутам нэг тун Д витаминыг хүүхдүүдэд өгч байжээ. Ингэж өгөхдөө араас нь ус уулгаж, уусан үгүйг нь шалгаж амыг нь нээдэг байсан ч гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс туршилтай холбоотой бичиг баримтыг дэлгэлээ. Тодруулбал, “Эрүүл мэндийн үүсгэл” ХХК гэх компани дээрх Д витаминыг хүүхдүүдэд уулгахдаа ямар бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан талаарх бичиг юм.
Энэхүү бичигт ЁЗХ хүүхдээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тодорхойлсон, Мөн зөвшөөрөл гэсэн хэсэгт “Би энэ судалгааны үр өгөө, учирч болох эрсдэлийн талаар уншиж мэдсэн. Судалгааны талаарх бүх асуултандаа хангалттай хариулт авч чадсан. Би энэхүү судалгаанд хүүхдээ оролцуулахаар зөвшөөрч, зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурсан байсан. Судалгаанд хүүхдээ үргэлжүүлэн оролцуулахаас хэдийд ч татгалзаж болох ба энэ нь миний хүүхдэд ямар нэгэн сөрөг үр дагаваргүй байх болно гэж ойлгож байна” хэмээн бичиж эцэг, эхчүүд, хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчаар нь гарын үсэг зуруулсан байна.
Гэтэл энэ туршилтад орсон хүүхдүүдэд толгой өвдөх цээжээр өвдөх, бөөжих, ядарч сулдах, турж эцэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Мөн зарим хүүхдүүд байнгын нүдээ анивчдаг болсон гэдгийг “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс мэдэгдсэн юм.
Энэхүү 2015 хэрэгжүүлж эхэлсэн “Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийг сүрьеэгийн халдвараас хамгаалах Д витамин амин дэмийн нөлөө” төсөл нь хүүхэд дээр биологийн туршилт хийсэн, монгол хүний удмын санг устгах, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой үйл ажиллагаа болж байгааг онцолж байсан юм. Мөн 1-5 дугаар ангийн хүүхдүүдээс цусны шинжилгээ хүртэл авч эрүүл гарсан хүүхдүүдэд энэ Д витамин гэх энэ зүйлийг шахаж уулгажээ. Мөн энэ ирэх 2019 онд хүртэл үргэлжилж дуусах юм байна.
Д.Болор