8o
Улаанбаатар хот
mobile menu

М-Си-Эс Групп сүүлийн дөрвөн жилд 300 гаруй нийгмийн үйл ажиллагааг хэрэгжүүлжээ

2018-04-27 14:19:00

М-Си-Эс Групп нь нийгмийн хариуцлагыг компанийнхаа алсын харааны салшгүй нэг хэсэг болгон тодорхойлж, хөгжлийн хэтийн зорилтдоо тусган байнга хэрэгжүүлсээр иржээ. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар авч үзвэл, тус групп нь улсын төсөвт нийт 950 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл хуримтлуулж төр, нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлжээ. Мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр нийгэмд зөв хандлага түгээх, хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжилд дэмжлэг үзүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, эрүүл, идэвхтэй зөв амьдралын хэв маягийг бий болгох зорилготой 300 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлж, дэмжин ажилласан байна.

Тухайлбал, 2017 онд М-Си-Эс Кока-Кола компани нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой Тусгай Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг, тамирчдад дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн тус компани өнгөрсөн оны аравдугаар сард FIBA 3х3 Азийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнийг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад Монгол Улсын баг тамирчид маань Азийн аваргаар шалгарч 2020 оны “Токио-2020” Олимпийн  эрх авах тэмцээнд оролцох боломжтой болсон юм.

М-Си-Эс Группийн хэрэгжүүлдэг нийгмийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийн нэлээд хэсэг нь залуучуудыг ажлын байраар хангах, мэргэшил олгох, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг нь хөгжүүлэхэд чиглэдэг. Тухайлбал, 2014 оны байдлаар тус групп дотоододоо 2400 цагийн сургалт зохион байгуулж, 2,372 ажилтнаа хамруулжээ. Скай Резорт компани өнгөрсөн онд Монголын сноубоардын холбоо, Монголын цанын холбооны баг тамирчдын Олон улсын тэмцээний бэлтгэл, сургуулилт хийх боломжийг цанын бааздаа хангаснаас гадна, “Өнөр бүл” төв, “Дэлхийн зөн” зэрэг хүүхдийн байгууллага, шилдэг сурагчид оролцсон нийтдээ 1000 хүүхдийн цасны баярыг зохион байгуулжээ.

Тус группийн Интермед эмнэлэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр”-ийг Австралийн ЭСЯ, Австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй хамтран гурван жил дараалан зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон иргэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, тусгай хөтөлбөрт хамрагджээ.

Мөн Юнител компани намрын урамшууллын картаа “Зөв гэр бүл” концепцийн хүрээнд гаргасан нь нийгэмдээ эерэг хандлага, зөв дадал зуршлыг уриалсан нийгмийн хариуцлагын өвөрмөц ажил болсон юм.

Үүнээс гадна М-Си-Эс Эстэйтс компани “Тархины саажилтын төв” байгуулах санаачлагыг дэмжин “Ээлтэй ертөнц” ТББ-д Вива Сити хороололд байрлах 123 м.кв худалдаа үйлчилгээний талбайг чихмэл тоглоомын үйлдвэрлэлийн зориулалтаар хоёр жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр түрээслүүлэхдээ уг байрны засварт хамт олноороо оролцож дэмжлэг үзүүлжээ. 

Түүнчлэн Энержи Ресурс компани 2017 онд улсын төсөвт 87 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээс 117 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Тус компани 2017 онд Өмнөговь аймгийн эдийн засагт 41 орчим тэрбум төгрөг оруулж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр болсон байна.

Ийнхүү М-Си-Эс Групп нь улс эх орон, олон нийтийн өмнө хүлээх өндөр үүрэг хариуцлагаа ухамсарлан нийгмийн шинжтэй олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Б.Сувд-Эрдэнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл