Жил бүрийн 28-ны өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн тав дахь тус өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй билээ.Үүнээс хойш өнөөг хүртэл 74 жилийн хугацаанд 181 генерал цолтон төрөн гарчээ. Үүнээс 96 нь өдгөө энх тун амьдарч байна. Энэ жилийн “Генералуудын өдөр” өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэсэн зарлиг гаргасан нь нэлээд дуулиан шуугиан дэгдээлээ. Цолоо хураалгасан гурван генералын хоёр нь хэвлэлд ярилцлага өгч байр сууриа илэрхийлсэн байна. Ингээд генерал цолоо хураалгасан Т.Дашдэлэг, П.Даш нар юу гэсэнийг хүргэж байна.
Бригадын генерал асан Т.Дашдэлэг
Хилс хэрэгт орсноо нотолно, генерал цолоо ч эргүүлж авна. Миний цолыг хураасан ч, Монголын цэрэг армид хийсэн ажил, гавьяа, хамт олны минь хүндэтгэлийг хурааж, булааж чадахгүй гэсэн байна.
Түүний нэр холбогдсон хэргийг эргэн сануулахад: Генерал асан Т.Дашдэлэг нарыг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан хэрэгт нэр холбогдсон. Мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан. Тодруулбал, Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар авсан боловч онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар болон хууль хяналтын байгууллагад, шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахаар хандсанаар энэ хэрэг ил болж олон нийтийн анхаарлын төвд орсон билээ.
Бригадын генерал асан П.Даш
Эх орноос нь, гэр бүлээс нь хөөж чадахгүй юм чинь авбал авна л биз, би гоншигонож явах хүн биш. Хариуцлагагүй болсон, эмх замбараагүй энэ нийгэмд иймэрхүү юм болох нь цочир санагдаагүй. Харин цэрэг, цагдаагаараа ингэж оролдох нь сахилга хариуцлагыг сулруулдаг тул үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг. Би гэмт хэрэгт холбогдохдоо цэргийн албанаас чөлөөлөгдөөд, ОБЕГ-ын Тэргүүн комиссар цолтой байсан. Тиймээс Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа хуулиа буруу хэрэглэсэн. Эцэстээ, хэзээ ч юм бүү мэд миний буруугүйг тогтоож цагаадна гэж боддог.
Түүний нэр холбогдсон хэргийг эргэн сануулахад: Тэрбээр ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн улсын нөөцөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт нэр холбогдож байсан. Түүнийг гурван шатны шүүхээс буруутгаж, 3.6 жилийн хорих ял сонсч ялаа бүрэн эдэлсэн байдаг.