8o
Улаанбаатар хот
mobile menu

Судалгаанд оролцогч хүүхдүүдийн 35 хувь нь бие махбодийн шийтгэлд өртжээ

2018-04-30 10:13:20

Өнөөдөр эцэг эхчүүд, багш нар, насанд хүрэгчид хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, хүүхдээ сайн хүн болгохын тулд, хэрэглэж буй арга барилдаа дүгнэлт хийж, хүүхдийнхээ хөгжлийн онцлог, хувийн зан араншинг нь судалж, сайн эцэг эх болоход суралцах хэрэгцээ шаардлага байна.

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага энэ онд нийт 7000 орчим өсвөр насны хүүхэд болон тэдний асран хамгаалагч нараас “Хүүхэд хамгаалал, өрхийн амьжиргаа ба даван туулах чадварыг сайжруулах хөтөлбөрийн суурь судалгаа” авахад нийт оролцогч хүүхдүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд бие махбодын шийтгэлд өртжээ. Үүнээс гадна хүүхдүүдийн 30 орчим хувь нь “гэртээ байхдаа хэн нэгнээс айдаг, аюулгүй гэж мэдэрдэггүй” гэж хариулсан байна. Насанд хүрэгчдийн 45 орчим хувь нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар хаана, хэнд хандах талаар мэддэггүй гэж хариулжээ. Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандсан хүүхдүүдийн 40 хувь нь гэр бүл, эцэг эхийн харилцаа, хүмүүжлийн аргын тухай, мөн буруу хэрэг хийж, алдаа гаргасныхаа төлөө бие махбодын шийтгэл амссан тухай асуудлаар зөвлөгөө тусламж хүссэн байна.

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.4.т “Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” гэж заасан. Тэгвэл ямар аргыг эцэг эхчүүд хэрэглэх, хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлэх, хамгаалах, мэдлэг мэдээлэл, арга барил, аргачлал, тусламж хэрэгтэй байна.

Цагдаагийн Ерөнхий газраас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор “Хүүхдээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг энэ оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулсан. Уг үйл ажиллагааг түүчээлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 4 сарын 30-наас 11 сарын 1-ны өдрийг хүртэл “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аянг хамтрагч талуудын оролцоотойгоор зохион байгуулах гэж байна. 4 сарын 30 буюу Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө Дэлхийн өдрийг тохиолдуулан үндэсний аянаа нээдэг нь ч учиртай.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан бөгөөд 2001 оноос улс орнууд нэгдэн, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон юм. Манай улсад энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар тэмдэглэж эхэлсэн ба 2006 онд Боловсролын тухай хуулиар боловсролын орчинд, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудад хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглосон нь дэлхийд үнэлэгдэж шийтгэлийг хориглосон дэлхийн 49 дэх улс болсон. (өнөөдрийн байдлаар 53 улс орон хориглоод байна.)

Оролцогч талууд ““ХҮҮХДИЙГ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ” ҮНДЭСНИЙ АЯНаар дамжуулж, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, практикт хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, тохиолдол бүрийг мэдээлэх, тусламж үйлчилгээнд хүргэх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх, хэвшүүлэх зорилготой. Бид энэхүү аяныхаа нээлтийн арга хэмжээг орон даяар шинэ шинэ шийдлээр олон нийтэд хүргэх юм. Энэ өдөр бол “Дэлхий нийтээрээ хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө өдөр”.

"Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" үндэсний аяны хүрээнд ГБХЗХГ, ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТДАА 25000 ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ, СУРГАЛТАНД ХАМРУУЛЖ АЖИЛЛАХ БОЛНО. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment