УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа бүлгийн дотоод асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхгүй гэж бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдлээ.
Мөн тэрээр “Засгийн газрын хоёр сайдыг АН-ын бүлгээс хууль зөрчсөн учраас огцруулах санал тавьсан. Үндэслэлийг нь харахад айхтар хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. Нэгэнт хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа учраас бүлгээр энэ асуудлыг хэлэлцэхгүй. Харин Засгийн газрын дотоод асуудал учраас Ерөнхий сайд шаардлагын хариуг АН-ын бүлэгт өгнө. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар намын дотоод асуудлыг хэлэлцсэн. Бүлгийн гишүүдийн сахилга бат, цаашид хэрхэн ажиллах вэ гэдгээ хэлэлцсэн” гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг Засгийн газрын хоёр гишүүнд хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тухайд түүний ах нар “Хотгор шанага”-ын уурхайн лицензийг зарсантай холбоотойгоор түүнийг АТГ-аас шалгаж байгаа. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэсэн юм. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон. Ц.Нямдорж сайдын түрээсийн байр бол Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой Ш.Батхүү, Төрийн банкнаас гаргасан Г.Алтангийн зээлтэй хамааралтай. Энэ асуудлаар иргэд ҮХЦ-д гомдол гаргасан ч АТГ-д шалгуулах ёстой гэсэн хариуг өгсөн. Ц.Нямдоржийн асуудал бодит зүйл дээр нотлогдож байгаа учраас огцрох үндэслэлтэй гэж үзсэн юм.