8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: М.Энхсайханыг эгүүлэн татахаар болж, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал ирсэн өдөр 

2018-04-30 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Д.Эрдэнэбат: ЗГ-ыг бүхэлд нь огцруулах асуудлыг хөндөхөд бэлэн байна

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж хоёр асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэсэн байна. Тодруулбал, нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод албан тоот хүргүүлэхээр болсон байна. Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг Засгийн газар хүргүүлэхээр болжээ. 

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан тухай асуудал сөхөгдсөн. Энэ асуудлаар Хууль зүйн сайд өөрийнхөө байр, суурийг илэрхийлсэн. Уг асуудалтай холбогдуулаад нийслэлийн прокуророос мэдээлэл хийхдээ “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан асуудлыг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж холбогдох ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан саналаа прокурорын газарт ирүүлсэн” гэж хэлсэн. Үүнтэй холбогдуулаад УИХ-ын тухай хуулийн 24.24.3 дахь хэсэгт Тусгай хяналтын дэд хороонд хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх хэрэгтэй. 24.3.1-т Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлнэ гэж заасан байдаг. Иймээс дээрх асуудал нь хувь хүний нууц болон тагнах, чагнах гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй тул Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж уг асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж албан тоот хүргүүлсэн” гэлээ. 

Тэрбээр мөн “ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлагыг хүргүүлж байна. Бид өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Үүнээс хойшхи  нөхцөл байдлыг харахад Сангийн сайд төсвийн хуулийн 6.2.5 дахь заалтыг дахин зөрчиж Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүллээ. Тэрбээр төсвийн тодотгол хийх тухай асуудлыг үгүйсгэж байна. Тиймээс 2018 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэн яаралтай буюу тавдугаар сарын 14-ны дотор өргөн барихыг шаардаж байна. Монгол улсад хууль үйлчлэх ёстой. Засгийн газар нь 11 удаагийн үйлдлээр хуулийг зөрчсөн байгаа. Энэ буруу үйлдлээ засч, залруулах шаардлагатай. Тиймээс төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж байна” гэсэн юм. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хууль зүйн сайд, Сангийн сайд нарт хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газрыг бүхэлд нь огцруулах асуудлыг хөндөх үү? 

-  Бид анхны шаардлагадаа тулгуурлан дараагийн алхмаа хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ удаагийн шаардлага хэрхэн шийдэгдэхийг харж байгаад дараагийн асуудлыг сөхнө. Хоёр сайдынхаа асуудлыг цэгцэлж чадахгүй бол Засгийн газрыг бүрэн, бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагыг тавихад бэлэн байгаа. 

-    Ямар үндэслэлээр сэтгүүлчдийг тагнасан юм бол. Энэ талаар мэдээлэл байна уу? 

-   Ямар асуудлаар тагнаж, чагнасныг нь прокурор хянаад тогтоох байх. Хууль зүйн сайд нь энэ асуудлыг нь мэдэхгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Хууль хяналтын байгууллага нь уг хэргийг мөрдөн шалгаад тогтоогоод яллагдагчаар татахаа мэдэгдсэн нь хууль хяналтын байгууллагууд нь үйл ойлголцож буйг харуулж байна. Хууль зүйн сайд нь мэдэхгүй байхад Цагдаагийн байгууллага нь мөрдөн шалгасан гэдэг нь ойлгомжгүй байна. Үүнийг нэг тийш нь болгох хэрэгтэй. Хэрвээ тагнасан байвал сэтгүүлчдийн эрх чөлөөний асуудал, үг хэлэх эрх чөлөөний асуудал үгүйсгэгдэж байна гэж харж байна. Үүн дээр Хууль зүйн сайд тодорхой хариулт өгөхөөс зайлхийж байна гэж үзэж байна. Хууль зүйн сайдад мэдэгдэлгүйгээр ийм үйлдэл хийх нь ноцтой асуудал. 

-   Та бүхэн хоригдож буй гишүүдтэйгээ уулзсан уу? 

-   Бүлгийн дөрвөн гишүүн болон намын дарга С.Баярцогт болон Ч.Сайханбилэг нарыг эргэсэн. Асуудал хуулийн дагуу шийдэгдээсэй гэж бид бодож байгаа. Улс төрийн өнцгөөс бус үнэн зөвөөр нь шалгаж шийдвэрлээсэй гэсэн хүсэл бидэнд байна. 

М.Энхсайханыг эгүүлэн татахаар болжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шведийн Вант Улсад суугаа элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Түүнийг эгүүлэн татахаар болжээ. Мөн С.Баярын хооронд Н.Тулгыг томилохоор болжээ. Харин Канадад Я.Ариунболд, Японд Д.Батжаргалыг Элчин сайдаар томилохоор болжээ.  

Г. Солонго: "Өндөр гэгээн" өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёлыг өвлүүлэн үлдээх учиртай жүжиг

Урлагын Гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонготой ярилцлаа.

-УДЭТ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ МАНАЙ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХУВЬД МАШ ТОМ ОЛОЛТ, АМЖИЛТ-

- Хутаг хувилгаадын өлгий болсон Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр УДЭТ-тай хамтран ажиллах болсон  гэсэн сайхан мэдээгээр яриа эхлүүлэх нь зүйтэй болов уу?

-Завхан нутгийнхаа Хөгжимт драмын театртай ажил, амьдралаа холбосноос хойш хорь гаруй жил болжээ. Анх хөгжимчнөөр ажиллаж байгаад дараа нь менежер болж улмаар 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс театрын удирдлагаар ажиллаж эхэлсэн. Менежерээр  ажиллаж байх  үеэс эхлээд одоо ингээд удирдлагаар  нь ажиллах явцад театрынхаа урын сан, тайзнаа  бүтээж байсан бүтээлүүд мөн үзэгчдийн эрэл хүсэлт зэргээс нэг зүйл анзаарагдсан нь бүтцийн хувьд, үйл ажиллагааны хувьд, арга барилын хувьд урын сангийн бодлогын хувьд гээд бүхэлд нь ер нь л нэлээд өөрчлөлт хийх шаардлагатай болжээ гэдэг нь мэдрэгдэж эхэлсэн юм. Тэгээд юуны түрүүнд бүтэц орон тоондоо өөрчлөлт хийж уран бүтээлчдийнхээ баг хамт олон бүрэлдэхүүнийг өргөтгөхөөс эхлээд цаашлаад томоохон хэмжээний уран бүтээлийг хийе. Үзэгчдийн хандлагыг өөрчилье гэсэн бодол, хүсэл төрсөн. Хамгийн гол нь уран бүтээлчид болоод аливаа уран бүтээлийн үйлдвэрлэлд гар бие оролцож буй бүхий л хүмүүсийн хээ ур чадварыг нэмэгдүүлье, сургая, одоо байгаа түвшинг нь ахиулъя гэсэн зорилго тавьсан.

Ингээд энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Улсын драмын эрдмийн театртай 2020 оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээндээ дээрх зорилго, зорилтуудаа хэрэгжүүлье гэж шийдсэн юм. УДЭТ-ын удирдлагын зүгээс бидний санал хүсэлтийг нааштайгаар хүлээн авч урт хугацаанд хамтран ажиллах болсонд урамшиж байна. Анхны хамтын уран бүтээлээ Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчтай ажиллах ажиллагаагаар эхлүүлээд байна. УДЭТ-тай хамтран ажиллах энэ ажил маань манай театрын болон уран бүтээлчдийн хувьд маш том ололт, амжилт юм.

-Энэ ажлынхаа хүрээнд “Өндөр гэгээн” Занабазарын намтар цадиг бүхий бүтээлийг нийслэлчүүдээ болон нийт Завханчууддаа толиулахаар бэлтгэж байгаа юм байна. Зохиолын  сонголтыг хэрхэн хийв. “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг яагаад онцлох болсон вэ?  

-ЗОХИОЛЫН ХЭЛЭХ САНАА, АГУУЛГА ЦАР ХҮРЭЭГ БОДООД ЭЦЭСТ НЬ “ӨНДӨР ГЭГЭЭН” ЗОХИОЛЫГ СОНГОСОН-

-Зохиол сонгох үед хоёр зохиол байсан. Нэг нь Ялгуусан гэгээний тухай жүжгийн зохиол нөгөө нь “Өндөр гэгээн” юм. Хоёр зохиолыг хоёуланг нь уншсан. Төслийн баг хамт олноороо ярилцаж шийдээд зохиолын хэлэх санаа, агуулга цар хүрээг бодоод эцэст нь “Өндөр гэгээн” зохиолыг сонгосон.  Завхан аймаг Монголын төр шашины том төлөөлөл, соён гэгээрүүлэгч, урлахуйн ухааны их мастер анхдугаар богд “Өндөр гэгээн” Занабазарын намтар цадиг бүхий бүтээл мэндэлж төрнөө гэдэг бас нэг учиртай. Тэрбээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл хэмээн газар Ишдорж нэртэйгээр төрсөн гэдэг түүх, намтар нь бий.  Энэ хүний намтар, уран бүтээл зан үйл гэхээс илүүтэй энэ хүний талаар танин мэдэхгүй, хувь хүний зан төлөв, байдлыг харуулахыг зорьж зохиолоо онцолж сонгосон.

Мэдээж жүжгийн агуулга, зохиомж, илэрхийлэл нь Монголын ард түмэнд оюуны том хөрөнгө оруулалт болохуйц бүтээл болсон гэдгийг хэлмээр байна. Нөгөө талаасаа өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёл, түүхээ бид хойч үедээ өвлүүлэн үлдээх учиртай. Ингэж өвлүүлэн үлдээх том үүрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.

-“Өндөр гэгээн” жүжгийн дүрүүдэд УДЭТ-ын уран бүтээлчдээс гадна Завхан аймгийн залуу уран бүтээлчид гол дүр дээр ажиллаж байгаа гэсэн. Арга барил өөр өөр хүмүүс харилцан бие биенээсээ суралцах зүйл ихтэй байгаа байх?

-Мэдээж тэгэлгүй яахав. УДЭТ-ынхан хийх уран бүтээлээ сонгоод баг хамт олноо бүрдүүлээд зохиолын анхны уншилтаас л энэ үйл явц маань цаашаа хөвөрч бүтээл эхэлсэн. Найруулагч жүжигчний ажиллагааны хувьд ч тэр, тайз үйлдвэрлэлийн хувьд ч тэр, хөгжим чимэглэл дуу бичлэг за тэгээд цаашилбал менежмент маркетинг, сурталчилгаа бүтээгдэхүүн борлуулалтын хувьд гээд бүхий л талаар өдөр бүрийн сургуулилт, төлөвлөсөн ажил бүр тэр чигтээ манайханд сургалт болсон. Жүжигчдийн хувьд гэхэд л хоёр гол дүрд нь УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Г.Очирбат хоёртой манай хоёр жүжигчин дублёрролиор ажилласан. Нэг үе тэнгийн уран бүтээлчид хамтарч ингэж ажиллах нь бие биенээсээ суралцах том давуу тал болж байна. Тайз үйлдвэрлэлийн хувьд гэхэд манай ерөнхий зураач маш том туршлага хуримтлуулж дараа дараагийн уран бүтээлийн үйлдвэрлэлд хамт олноо удирдан зохион байгуулах арга ажиллагаанд суралцсан. Энэ түүхэн хүний тухай “Өндөр гэгээн” дуулалт жүжгийн зохиолыг Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж бичиж, ерөнхий найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, хөгжмийн зохиолчоор Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Т.Сэр-Од нар ажиллаж байна.

-“ӨНДӨР ГЭГЭЭН” ДУУЛАЛТ ЖҮЖИГ “ГЭГЭЭН МУЗА” НААМДЫН НЭГДҮГЭЭР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО-

-Уран бүтээл хийхэд зардал, мөнгөний асуудал их тулгамдаг. Нууц биш бол “Өндөр гэгээн” жүжгийн санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?

“Өндөр гэгээн” жүжиг зуу гаруй сая төгрөгөөр зуун хувь ивээн тэтгэлэгээр бүтсэн. Энэ бүтээл тайзны бүтээл болж, үзэгчидэд хүрэхэд хөрөнгө санхүү, удирдлага зохион байгуулалтаар Төслийн ерөнхий удирдагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, ерөнхий продюсер, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар үнэхээр их том дэмжлэг үзүүлж ажилласан. Тэдний зүгээс бидэнд “Та нар уран бүтээлээ чанартай сайн хий. Хөрөнгийн асуудал дээр санаа зоволтгүй” л гэж хэлж байсан. Урлагт сэтгэлтэй, оюунлаг ийм арталтай байна гэдэг бол уран бүтээлийн байгууллага, уран бүтээлч бидэнд бас их аз юм. Соён гэгээрүүлэх оюуны бүтээлийг маань дэмжин ажилласан УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ, БСУГ, Төрийн болон хувийн бүх байгууллагууддаа, оюуны хөрөнгө оруулалт хийж ажилласан маш олон хүмүүс бий. Энэ хүмүүст баярлалаа.

-Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр “Өндөр гэгээн” дуулалт жүжгээрээ “Гэгээн муза”-д өрсөлдөж байгаа гэсэн. Бүтээлээ хэр сойж байна вэ?

-Монголын театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтанд жүжгийн уран бүтээлчид амжилттай оролцлоо. Одоо хоёрдугаар шатны шалгаруулалтад орох гээд бэлтгэлээ базааж байна. Бүтээл маань "Гэгээн муза-14" театрын урлагийн шилдэгийн шилдэгийг шалгаруулах олон улсын наадамд  Шилдэг найруулагч номинацад Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Шилдэг тайзны зураач номинацад СТА Т.Ганхуяг, Шилдэг хөгжийн зохиолч номинацад УГЗ Т.Сэр-Од, Шилдэг эрэгтэй гол дүр номинацад Жүжигчин Ч.Лхагвадорж, Шилдэг эрэгтэй туслах дүр номинацад Жүжигчин СТА Б.Сандуйжав, Шилдэг эмэгтэй туслах дүр номинацад Б.Ариунзаяа нар тус тус өрсөлдөж байна. “Өндөр гэгээн” дуулалт жүжиг маань “Гэгээн муза”-д 6 номинацид нэр дэвшиж байна. 

-УДЭТ-тай хамтрахаас гадна Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр энэ онд ямар ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Мэдээж төлөвлөсөн зүйл маш олон байна. Манай театр төлөвлөлт ажлаас гадна тэмдэглэлт өдрүүдэд зориулсан бүтээл тогтмол гаргадаг. Тухайлбал удахгүй олох Эх үрсийн баярт зориулж бүтээл хийхээр төлөвлөж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

Согтуурсан үедээ төрсөн ахныхаа аминд нь хүрчээ

Архи хэтрүүлэн хэрэглэж архидан согтуурсны улмаас төрсөн ахынхаа аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруудбал, сарын 29-ний өдрийн 20.00 цагийн орчимд Баянгол дүүрэгт оршин суух 47 настай эрэгтэй Э нь гаднын нөлөөтэйгээр нас барсан байна гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу  цагдаагийн байгууллага очиж шалгахад согтуурсан үедээ төрсөн ахыгаа зодож аминд нь хүрсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Одоогоор уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. 

Наадмын тасалбарын захиалгыг авч эхэллээ

Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх жуулчдын тасалбарын захиалгыг тавдугаар сарын 01-ныг дуустал Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хүлээн авч байна.

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Үндэсний их баяр наадмын нээлт үзэх жуулчдын тасалбарын захиалга өгөхдөө аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, 2017 оны татварын тайлан, үйл ажиллагааны тайланг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээллийн төвд өгөх юм.

Үйл ажиллагааныхаа тайланд нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд, өнгөрсөн онд хүлээн авсан жуулчны тоо болон зохион байгуулсан аяллуудынхаа талаар мэдээллийг багтаах ажээ.

Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д хяналт хийж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Хамтарсан ажлын хэсэг “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн эзэмшлийн барилга байгууламж, үндсэн болон туслах тоноглол, тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, аюулгүй байдлыг шалгахаас гадна “Эрчим хүчний тухай”, “Барилгын тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх юм.

Хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөс гадна цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах зорилготой тус шалгалт 2018 оны 05 дугаар сарын 04-ыг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Д.Хаянхярваа: Хоёр сайдыг хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа бүлгийн дотоод асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхгүй гэж бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдлээ.

Мөн тэрээр “Засгийн газрын хоёр сайдыг АН-ын бүлгээс хууль зөрчсөн учраас огцруулах санал тавьсан. Үндэслэлийг нь харахад айхтар хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. Нэгэнт хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа учраас бүлгээр энэ асуудлыг хэлэлцэхгүй. Харин Засгийн газрын дотоод асуудал учраас Ерөнхий сайд шаардлагын хариуг АН-ын бүлэгт өгнө. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар намын дотоод асуудлыг хэлэлцсэн. Бүлгийн гишүүдийн сахилга бат, цаашид хэрхэн ажиллах вэ гэдгээ хэлэлцсэн” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг Засгийн газрын хоёр гишүүнд хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тухайд түүний ах нар “Хотгор шанага”-ын уурхайн лицензийг зарсантай холбоотойгоор түүнийг АТГ-аас шалгаж байгаа. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэсэн юм. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон. Ц.Нямдорж сайдын түрээсийн байр бол Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой Ш.Батхүү, Төрийн банкнаас гаргасан Г.Алтангийн зээлтэй хамааралтай. Энэ асуудлаар иргэд ҮХЦ-д гомдол гаргасан ч АТГ-д шалгуулах ёстой гэсэн хариуг өгсөн. Ц.Нямдоржийн асуудал  бодит зүйл дээр нотлогдож байгаа учраас огцрох үндэслэлтэй гэж үзсэн юм.

Б.Жаргалсайхан: Монгол Улсын зээлсэн 27 тэрбум төгрөгийг ямар журмаар авсан нь тодорхой бус байна

Бүгд Найрамдах Намын онц их хурал ирэх сарын 4,5-нд болохтой холбогдуулж тус намын дарга Б.Жаргалсайхан  өнөөдөр мэдээлэл хийсэн юм. ТНН-ын хнц их хурлыг зохион байгуулах болсон үндсэн шалтгаан нь улс, эх оронд онц хүнд байдал үүсчихээд байна. Бидэнд байгаа Сангийн яам, Монголбанк, Статискийн газрын олон төрлийн баримтууд дээр бид ажиллаж үзсэн. Ингээд харахад манай эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд унасан байна. Өссөн ганцхан үзүүлэлт нь чанаргүй зээлийн хэмжээ. Энэ мэтчилэн манайд болж бүтэж байгаа юм ховор байна. Тиймээс манай нам энэ тал дээр ажиллаж, үнэлэлт, дүгнэлт өгч ажиллана гэсэн юм.

Мөн  тус намын дарга Б.Жаргалсайхан "Өнөөдөр улс эх оронд юу болж байгааг та бүхэн өөрсдөө харж байгаа.

Монгол Улсын нийт гадаад өр зээлийн хэмжээ 27 тэрбумд хүрсэн байна.Энэ их мөнгийн хэн хэзээ, хаанаас ямар журмаар авсан нь тодорхой бус байна. Үүнийг тодорхой болгож ил гаргах хэрэгтэй.  Өнгөрсөн 27 жилийн нийгэм эдийн засгийн байдлаа бүгдээрээ нэг дүгнэж, цэгнэх цаг нь болсон.

Муугаа ил гаргаж, хэрхэн сайжруулах талаар ярьж байж улс орон хөгждөг. Үүний адилаар бид ярих цаг нь болж.  Бидний амьдралд дээр дооргүй хариуцлага, шударга ёс үгүйлэгдэж байна. Дарга нар хариуцлагагүй, шударга бус гэж их ярьж байна. Иргэдийн нийгэм, улстөрийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой. Улстөрийн намын хувьд, иргэний хувьд, намын даргын хувьд энэ асуудлуудыг бид одоо хэлэлцэж, ярилцах цаг нь болсон" гэсэн юм. 

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал иржээ

Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан  Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сар цагдан хорих хугацаа нь маргааш дуусгавар болох юм байна. Улмаар эдгээр хүмүүсийг үргэлжлүүлэгн цагдан хорих эсэх нь маргааш шийдэгдэх юм байна. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр  өнөөдрийн байдлаар С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал прокуророос шүүхэд ирээд байгаа юм байна. Харин Б.Ариунсангийнх одоогоор тодорхойгүй байгаа аж. 

Мөрөн суманд байгалийн онц ноцтой үзэгдэл болжээ

Өнгөрсөн амралтын өдөр  Хэнтий аймгийн Мөрөн суманд байгалийн онц ноцтой үзэгдэл болж, аймшигт шороон шуурга болсон байна. Шуурганы улмаас учирсан гамшгийн тухай мэдээлэл хараахан ил болоогүй байна.  Нутгийн иргэдийн хэлж буйгаар 20-30 минут говийн угалз  гэх хүчтэй шуурга шуурч тас харанхуй болсон байна. Нэмэлт мэдээлэл дуулгахад Говь нутагт шороон шуурга удаан хугацаагаар үргэлжлэн шуурахыг монголчууд УГАЛЗ, ТҮЙРЭН гэж нэрлэдэг билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЦЭНЗУРГҮЙ
МӨНХБАЯСГАЛАНДАА БАЯРЛАЛАА ЦЕНЗУРГҮЙГ ҮЗЛЭЭ ТАЛ ХАГАСЫГ НЬ ҮЗБИД ТӨРИЙН АЛБАНД 35-ЖИЛ ЗҮТГЭЖ. ЭНЭ ХУЛГАЙ НАР ЦАРАЙ НЬ ОГТ ХУВИРАХГҮЙ 10-ААД ЖИЛ ХУЛГАЙЛСАН ЗА ТО БИДНИЙ БАЯЛГИЙГ. ЦААЗАЛ.
2018/05/01 202.131.228.131
ШОН
ШОРОНД ХИЙЖ, УДААН ЯЛ ӨГЧ ТАТВАРЫН МӨНГӨӨР ХООЛ ХИЙЖ ТЭЖЭЭЖ БАЙСНААС ЦААЗАЛСАН ДЭЭР
2018/05/01 202.131.228.131
Doko
Debil Erdenebat
2018/05/01 27.123.212.133
Гана
Хөөе Жаргалсайхан ахаа. Японоос Жасрайгуайн засгийн газрын батлан даалтаар авсан 23 сая долларын зээлээ төлж барагдуулсан уу?Олон жил өнгөрсөн байна шүү
2018/04/30 203.91.115.40
Tuya
Офшортонгууд тэгж тэгж бие нь муудаад гарах вии дээ
2018/04/30 66.181.181.140
  • Recent
  • Most Read
  • Most Comment