8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна

2018-05-01 08:41:00

Монгол Улсад иргэнд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилго” сэдэвт үндэстний форумыг зохион байгууллаа. Форумд УИХ- ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Барилга хот байгуулалтын яам, Оюуны өмч улсын бүртгэлийн газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 150 төлөөлөгч оролцсон юм.

Форумын үеэр иргэнд газар өмчлүүлж эхэлснээс хойшх 15 жилийн хугацаанд олсон ололт амжилтыг ярилцаж, цаашдаа газрын харилцааны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн болон мэргэжлийн байгууллагуудын хариуцлагыг сайжруулах, газар өмчлөлийг иргэдэд нээлттэй ил тод байлгах, хот бүхий газрыг иргэдэд өмчлүүлэн хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын иргэд оршин суугаа газар нутагтаа өөрийн гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчийн газартай байх, түүнийхээ үр шимийг хүртэх түүхэн үйл явдлыг эхлүүлсэн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийг 2002 онд баталж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Улс орны хөгжил дэвшил, нийгмийн шинэ харилцааны өөрчлөлт, шаардлагатай уялдуулан 2008 онд УИХ-аас Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хуульд заасан хэмжээгээр өмчлүүлэхээр нэмэлт өөрчлөлтийг оруулж баталснаар “газар” хэмээх өмч хөрөнгийг захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн таатай орчинг бий болгож, өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 570771 иргэн 57767,25 га газрыг өмчилж аваад байна. Ийнхүү газраа өмчилж авсан иргэдийн тоо жил бүр өсч, улсын бүртгэлд газар өмчлөх эрхээ баталгаажуулсан иргэдээс худалдсан 63559, бэлэглэсэн 80514, барьцаалсан 220904, түрээсэлсэн 70 иргэн байгаа нь өмчлөлийн газар эдийн засгийн эргэлтэд орж, үр шимээ өгч буйг илтгэж байна гэж албаныхан онцоллоо. Анх батлагдахдаа иргэнд таван жилийн хугацаатай өрхийн хэрэгцээнд зориулан газар өмчилж байсан хуулийн заалтыг 2008 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрт газар өмчлөх болгож өөрчилсөн. Өмчлөх ажлыг 2013, 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл тус бүр таван жилээр хоёр удаа сунгасан. Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд газар өмчлөлийн ажил 18 хувьтай, нийслэлийн иргэдийн 14 хувь нь газраа өмчилж авчээ.

Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191.276 иргэнд 10087.2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа бөгөөд нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment