8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Чинбат: 2012 оноос хойш таван жилийн хугацаанд 7876 удаагийн газар хөдлөлт болсон

2018-05-01 08:52:00

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран зохион байгуулж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт өчигдөр  Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд эхэллээ. Улаанбаатар хот гамшигт тэсвэртэй хот мөн үү? сэдвийн хүрээнд Нийслэлийн онцгой байдлын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Чинбаттай ярилцлаа.

- Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь хоёр өдрийн сургалт эхэллээ. Гамшиг эрсэдлээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар судалгаа хийж байна вэ?

 -Нийслэлийн онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хэлтэс дээр Улаанбаатар хотын гамшгийн сүүлийн  жилийн нарийвчилсан судалгааг хийсэн байдаг. Энэ судалгаанд үндэслээд хотын энэ хэсгийн иргэд газар хөдлөлтөд өртөх илүү магадлалтай гэсэн тойм төсөөллийг бий болгочихсон байгаа. Манай улс Япон улсын туршлагыг илүү тусгаж авахыг хичээж байна. Яагаад гэвэл “Жайка” олон улсын байгууллагын төслийн хүрээнд хэрэгжиж  байгаа МУ-ын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд 2017 оны сүүлээр НБОГ, ОБЕГ-ын төлөөллүүд Япон улсад очиж, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх туршлагыг судалсан байгаа. Японы туршлагыг илүү судалж сургалт, судалгаандаа ашиглахыг хичээж байна. Япон улс газар хөдлөлтийн хувьд маш өндөр туршлагатай болсон. Мөн нөгөө талдаа Япон улс бай, МУ ч бай ямар нэгэн гамшиг боллоо гэхэд нэрвэгдэх магадлалтай хүн амын хувьд адилхан. Японд 1995 болсон Кобе хотын газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан 6435 хүний 70 хувь нь эхний 15 минутад юманд дарагдаж нас барсан байдаг. Үүнээс үүдэж ямар сургамж гарч ирж байна вэ гэхээр болзошгүй газар хөдлөлтийн үед хүмүүс эхлээд өөрийгөө хамгаалах арга техникд суралцах хэрэгтэй. Сурсан арга ажиллагаагаа бусаддаа зааж будсыг аврах чадвартай болох ёстой. Өөрийгөө хамгаалаад бусадтай хамтраад ажиллачихдаг бол гамшгийн эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулж болох юм байна гэдэг сургамж тэр газар хөдлөлтөөс үлдсэн. Тэр сургамжын дагуу боловсруулагдсан Японы боловсролын систем буюу гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтуудын аргыг  монголдоо нутагшуулахыг хичээж байна.

 -Японы улсын туршлагаас илүү их судалж байна гэж та хэллээ. Япон улс газар  хөдлөлтөд тэсвэртэй барилгыг хэрхэн барьдаг, шинэ технологиос судалж байна уу. Манай улс сүүлийн жилүүдэд маш олон барилга баригдаж байгаа. Эдгээр барилгууд газар хөдлөлтөд тэсвэртэй байж чадах уу?

-Японы туршлагаас авах юм их байна. Жайка төслийн хүрээнд гурван ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.

  1. Хот төлөвлөлтийн талаар туршлага судлах
  2. Барилга байгууламжын бат бэх байдал, газар хөдлөлтөд тэсвэртэй технологийг судлах
  3. Сургалтыг судлах гэсэн гурван ажлын хэсэг явагдаж байна. Бүх зүйл төслийн хүрээнд төлөвлөсөн хэмжээндээ туршлагаа судлаад хэрэгжүүлэх ажил арга хэмжээгээ аваад явж байна.

-Нийслэлд ашиглалтад орсон болон баригдаж буй барилгууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?

- Монгол Улсын хэмжээнд 125015 ширхэг барилга байгууламж байдаг. Үүний 108464 барилга нь нийслэлд байдаг. 108464 барилгын 1010 барилга 1970 оноос өмнө баригдсан. Хамгийн аюул нь эдгээр барилгууд дотор орон сууцны барилга 349, сургууль 29, эмнэлэг 30, цэцэрлэг 56 ширхэг байна. Гол аюул нь үүнд байна. Үүнийг мэдсээр байж, 2008 онд БНХАУ-ын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн улмаас сургууль дээрээ хичээлээ хийж байгаад 10 мянга гаруй хүн дарагдаж нас барсантай адилхан нөхцөл байдал үүсэхийг та нар ч, төр засаг ч хүсэхгүй нь ойлгомжтой. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хуучин барилгуудыг нураах ёстой. 1950-1970 онд баригдсан тоосон барилгууд 8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэхэд шууд нурна. 1965-1990 онд баригдсан мэргэжлийн хэллэгээр угсармал барилгууд муудсан байгаа болохоор тодорхой хэмжээний эвдрэл сүйрэл үүсэх магадлалтай. 2000 оноос хойш баригдсан олон давхар барилгууд 8 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байгаа.

-Өнгөрсөн жил НБОГ-т хичнээн дуудлага ирсэн бэ. Тоо баримтаас та танилцуулахгүй юу?

 -Нийслэлд 2017 оны байдлаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 2681 удаагийн дуудлага ирсэн. Үүнээс ой хээрийн түмэр 18 удаа, объяктын түймэр 2383 удаа, техникийн холбогдолтой осол, эрэн хайх аврах ажиллагааны дуудлага 280 удаа ирсэн байна. Эдгээр гамшиг ослын дуудлагаар онцгой байдлын албан хаагчид ажиллахдаа 1057 иргэний амь насыг аварч 3,3  тэрбум төгрөгний эд хөрөнгийг болзошгүй гамшигаас аварсан байгаа. Гал түймэрийг онцолж байгаа нь Нийслэл хотын хэмжээнд бүртгэгдэж байгаа  нийт осол дуудлагын 85-90% объяктын түймэр байдаг.

Мөн дараагийн эрсдэлтэй хүчин зүйл нь газар хөдлөлт байгаа. Улаанбаатар хотыг тойроод зургаан газар хөдлөлтийн идэвхитэй хагарал байдаг. Эдгээр зургаан хагарал нь Шархай, Эмээлт, Мөнгөн морьт, Хустай, Авдар, Гүнж гэсэн газар байгаа. Хамгийн ойрхон нь нийслэлтэй 20 км хамгийн хол нь 212 км-т байгаа. Эдгээр хагаралууд дээр 6,5-8 магниутын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Энэ нь газар хөдлөлт нийслэл хотод мэдэгдэхдээ 5-9  баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдэх магадлалтай. Монгол Улсын нийт газар нутгийн 75% нь 7 ба түүнээс дээш баллын хүчтэй газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог. Улаанбаатарт аюул учруулж болзошгүй гурван газар хөдөлтийн бүс байдаг.

  1. Булганы Могод сум  290 км  газар хөдлөлт боллоо гэхэд нийслэлд газар хөдлөлт нь  80-90 секунтын дараа мэдрэгдэнэ.  
  2. 269 км-ийн цаана байрлах Бүрэн-Бүтээлийн голомт бүсэд газар хөдөлвөл 70-80 секунтын дараа нийслэл хотод мэдрэгдэнэ.
  3. Дундговь аймгийн Дэрэнгийн голомтод газар хөдөлвөл мөн нийслэлд газар хөдлөлтийн чичирхийлэл 50-60 секунтын дараа мэдрэгдэх магадлалтай байна.

Нийслэл хот болон түүний орчмын бүс нутагт газар хөдлөлтийн тоо 2005 оноос хойш 3-5 дахин ихэссэн. Газар  хөдлөлтийн идэвхижил сүүлийн 18 жилийн хугацаанд эрс идэвхижсэн. 2012-2017 онд 0,1-5,2 магниутад хүчтэй 7876 удаагийн газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, 2012 онд 827, 2013 онд 2148, 2014 онд 1147, 2015 онд 1084, 2016 онд 1280, 2017 онд 1390 удаа газар хөдлөлт болсон. Газрын чичирхийллийн тоо, давтамж нэмэгдэж хүчдэл нь ихсээд байхаар хүчтэй газар хөдлөлт магадлал ойртож байна гэсэн үг.

-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо улам ихсэж байгаа тоо баримт байна. Энэ талаар манай улсад судалгаа хийсэн байсан уу?

-2013 онд Японы Жайка олон улсын байгууллага ОБЕГ-тай хамтран Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшигийн эсрдэлд үнэлгээ хийсэн. Энэ эрсдэлийн үнэлгээгээр 6,6-7,6 магниутын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжын 22-50 орчим хувь нь нурж, 30-60 орчим хүн гэмтэж бэртэх, амь насаа алдах аюул дагуулна гэсэн   үнэлгээ гарсан байгаа. Газар хөдлөлт боллоо гэхэд зөвхөн барилга байшин нураад хүний амь нас хохироод зогсохгүй. Дагалдаад дулааны цахилгаан станцын үйл ажиллагаанд доголдол гарч цахилгаан болон дулаан түгээлтийн саатал үүсэх магадлалтай. Та бүхэн 1995 оны 1-р сарын 17-ны өдөр Японы Кобе хотноо болж байсан газар хөдлөлтийн зургийг харж байсан байх. Гүүрнүүд сууриараа уначихсан, дэд бүтэц нь сүйрчихсэн байсан. Үүнтэй адилхан түүнээс ч дор хохирол манай улсад учрах магадлал байгаа.

-Нийслэл хотод хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэг нь шар усны үер байдаг. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэл хэр байна, цаашид үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Нийслэл хотын хэмжээнд 2017 оны судалгаагаар 1,362 мянган хүн амьдарч байгаа. Эдгээр хүн амын 37% нь байшин, орон сууцанд амьдардаг. 63% нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд амьдардаг өрхүүдийн 3019 өрх нь үерийн аюултай бүсэд амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Нийслэл хотын инженерийн шугам сүлжээ, далан суваг шуудуу яагаад ачааллаа даахаа болив гэхээр анх нийслэл хот маань 500 мянган хүнийг амьдруулах зориулалттай байгуулагдсан хот. Гэтэл хотын хүн ам гурав дахин ихэссэн байна. Тухайн үеийн хот төлөвлөлтөөрөө баригдсан инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжыг өргөтгөх боломжгүй болсон гэсэн үг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment