8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Чимэддамба: Долоо хоног бүр 650 ам.долларын ашигтай “Stanford” олон улсын хөрөнгө оруулалт гэх залилан явж байна

2018-05-02 08:43:00

 

Сүүлийн үед сошиалаар “Зүгээр сууж байхад л дансанд чинь мөнгө орсоор байх болно. Ажлынхаа хажуугаар их мөнгө олох алтан боломж гэсэн хуурамч зард итгэж их хэмжээний хүн залилуулах болсон. Энэ төрлийн гэмт хэргээс болж 2017 онд сүлжээний бизнест 35000 гаруй иргэн хохирсон тоон мэдээлэл байна. Тэгвэл одоо олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх үүдээс албаны хүмүүс юу гэж хэлсэнийг онцолж байна.

Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзий

Залилах гэмт хэргээс үүдэлтэй цагдаагийн байгууллагуудад өнөөдөр их ажлын ачаалал бий болгож байна. Нэг хэрэг дээр ганц хүн биш ажлын хэсгүүд гарч ажиллаж байж үр дүн гарна. Зарим залилах гэмт хэргүүд хэдэн сар, жилээс дээш хугацаанд шалгагдаад явж байна. Иймэрхүү гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байгаа учраас ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албатай хамтраад урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 дүгээр сард "Залилах гэмт хэргээс сэргийлэх аян" зохион байгуулсан. Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллавал сүлжээний бизнесээс ард иргэдийгээ хамгаалах, хохирол учруулахгүй байх, гэмт хэргээс сэргийлэх бүрэн боломжтой.

Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч Л.Цогтсайхан 

 Цагдаагийн байгууллага төрийн бусад байгууллагатай хамтран пирамид тогтолцооны луйврын аргаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэнд хяналт шалгалтаа тогтоох, Аж ахуйн тусгай зөвшөөрөлд нь олон шатлалт маркетинг буюу шууд борлуулалтын худалдаа гэдэг тусгай зөвшөөрлийг оруулж өгье гэсэн санал гарч байна. Мөн энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэний бүртгэлийн нэгдсэн цахим сантай болох зорилтыг тавин ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны Захиргааны удирдлагын газрын дарга Б.Батзориг

Санхүүгийн зохицуулах хорооны хувьд УИХ-аас байгуулагдаж, үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг байгууллага. СЗХ их хурлаас долоон гишүүн томилж, тус долоон гишүүний шийдвэрийг УИХ-аас томилогдсон таван хяналтын зөвлөлийн гишүүн хянаж байдаг ийм бүтэцтэй байгууллага. Монгол улсын санхүүгийн зах зээлийг зохицуулах, санхүүгийн зах зээлийг тогтвортой байдлыг хангаж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй учраас тусгайлан УИХ-аас томилогдон ажилладаг байгаа. Банкнаас бусад санхүүгийн зах зээлийг бүхэлд нь хяналт тавьж ажилладаг. СЗХ-нд бүртгэлтэй 2187 этгээд үйл ажиллагаагаа явуулж байна. Шууд утгаар нь хэлвэл тусгай зөвшөөрөл авсан компаниуд маань залилан мэхлэх гэмт хэрэгтэй ойролцоо үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Санхүүгийн зах зээл өөрөө итгэлцлийг олж аваад түүн дээр тоглож мөнгө олдог. Санхүүгийн зах зээл дээр ямар ч чадваргүй хүмүүс орж ирээд хүмүүсийн итгэлцлийг олж залилан мэхлэх, үйл ажиллагаа явагдаж байна. Харин СЦХ-нд бүртгэлтэй компаниудын хувьд тус компани хуулийн дагуу бизнес эрхлэх чадвартай юу, их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлсэн тохиолдолд бизнес эрхлэх төлөвлөгөө бодитой юм уу гэдгийг олон талаас нь судлаж байж энэ компани энэ зах зээл дээр итгэлцлийн бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжтой юм байна гэдэг зөвшөөрлийг олгодог. Зөвшөөрлийг олгосны дараа сар улирал тутам тайланг авдаг. Энэ тайлан дээр хорооны ажилтнууд байнгын хяналт тавьдаг. Ямар нэгэн эрсдэл үүсвэл газар дээр нь очиж шалгадаг. Шалгах явцад зөрчлийн шинж илэрвэл зөрчил шалгах ажиллагааг хэрэгжүүлдэг. Жи Тайм сүлжээний хувьд СЗХ-оос мэдээлэл л өгсөн. Жи тайм руу хуулийн ямар ч байгууллага айгаад орж чадахгүй байсан тэрний үр дагавраар мөнгө, машин орон сууцны хөтөлбөр лүү оруулж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг зогсоогоогүй бол цаашид хэрхэх байсан нь тодорхойгүй. Төрийн байгууллагууд ороогүй байхад СЗХ очиж үзэж, мэдээллийг холбогдох байгууллагуудад өгч ажилласан. СЗХ санхүүгийн зах зээлийн тал дээр өндөр мэргэшсэн ажилчид байдаг тул пирамид луйвар байна уу гэдгийг шинжээчээр орж ажилладаг. Харин нэр барьж залилан мэхлэх үйлдэл илэрвэл Цагдаагийн байгууллагатай хамтарч таслан зогсоох арга хэмжээг авч ажиллана.

Шууд худалдаа, сүлжээний бизнесийн маркетинг судлаач Д.Чимэддамба

Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн пирамид 18, бараатай пирамид 15, өнгөлөн далдлагдсан шууд худалдааны компани 15, шууд худалдааны компани 3 байна. Гэтэл хуулиараа энэ бүхнийг бүгдийг нь хориглочихсон байна. Гэсэн ч энэ үйл ажиллагаа зах зээл явагдаж, залилан луйвар нь улам гүнзгийрч байна. Хамгийн сүүлийн жишээг татвал Stanford олон улсын хөрөнгө оруулалт, та нэг жилд 1200 хувийн ноогдол ашиг авна, та 10 мянган долларын хөрөнгө оруулалт оруулчихвал долоо хоног бүр 650 долларын ашиг авна гэх сурталчилгаа явж байна. 2009 онд бас нэг аж ахуй нэгж Зэс эрдэнийн хувь тарааж 24500 хохирогчтой хуурамч хувьцаа тараасан луйврыг Санхүүгийн зохицуулах хороо шалгаж байгаа юм байна. Сүүлийн үед хүмүүсийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон тул Цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллах нь зөв зүйтэй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
з
тэгээд яагаад бариад хориод зогсоож чадахгүй байгаа юм бэ хувь хүртээд байдаг юм биш үү хурдан зогсоогоод хориод ард иргэдээ бодооч
2018/05/02 103.9.90.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment