8o
Улаанбаатар хот
mobile menu

Улс төрийн намын санхүүжилтийг “шилэн” болгоё

2016-02-04 08:40:00

Шилэн дансны хууль хэрэгжиж, Төрийн байгууллагуудын дансыг шилэн болгосоноор иргэд хяналт тавих боломжтой болсон. Тиймдээ ч уг хууль иргэдээс сайшаал хүртсэн цөөн хэдэн хуулиудын нэгд тооцогдоод байгаа. Сүүлийн үед  их хэмжээний авилгын хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбогдох болж, үүнээс үүдэн олон нийт улс төрийн намуудын дансыг шилэн болгох санал гаргаж байна. Угтаа хөшигний цаана намуудын хооронд юу өрнөж байгааг иргэд төдийлөн мэддэггүй.

Хэдийгээр өгч авч байхад нь бариагүй ч Төрийн нарийн бичгийн дарга, сайдын суудлыг намуудад өөр өөрийн гэсэн ханштай гэх.

Тухайлбал Н.Номтойбаяр гишүүн 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдох үед энэ албан тушаалыг "худалдаж авлаа" гэх яриа гарч байсан. Мөн сонгуулийн дараах нь Дэд сайдын албан тушаал гарч, намууд энэхүү албан тушаалыг 500 сая төгрөгөөр  үнэлж зарж байгаа талаар ч мэдээлэл мэр сэр гарч байсан билээ. Энэ мэт мөнгөтэй баячууд, болон тэдний хүүхдүүд төрийн өндөр албан тушаалыг бараа материал мэт худалдаж авдаг гэх таамаг цөөнгүй. Гэвч ямар ч нам энэ талаар олигтой хариулт өгч байсангүй. Тэгвэл намууд хэрхэн санхүүждэг вэ?

МАН-ын дарга М.Энхболд намын санхүүгийнхээ талаар “Намын гишүүдийн татвараар” хэмээн товчхон хариулт саяхан өгсөн байдаг. Намуудын хувьд бүгд Улаанбаатар хотын төвд өөрсдийн гэсэн байртай. МАН-ын гэхэд л Тусгаар тогтнолын ордонг бариулах гэж төсвөөс багагүй хэмжээний мөнгө авсан ч гэсэн намын гишүүнээрээ бариулж, шанд нь тойрог бэлэглэсэн гэх яриа ч байдаг. Тэр гишүүн нь авсан тойрогтоо өрсөлдөөд УИХ-ын гишүүн болж чадаагүй болохоос. 

Тэгвэл Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын асуудлаар улстөрийн намуудын санхүүгийн асуудал өндөрөө авч байна. Генсек нь намын дарга гээд л, намын дарга нь генсек рүүгээ чихээд л. Тэгвэл МАХН хэрхэн санхүүждэг вэ. Өнөөдөр МАХН-ын дэмжигч П.Ариунжолоо МАХН-нд хандив өгөхийг уриалав. Тэрбээр  “МАХН-ын зорилт, мөрийн хөтөлбөр таалагдаж байна. Тиймээс залуус санхүүжилтын тал дээр хүндрэлтэй намаа дэмжиж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийн тулд 5, 10 мянга гэхгүйгээр хандив өргөхийг уриалж байна” гэсэн юм. Тэгвэл үнэхээр МАХН мөнгөгүй байгаа гэж үү.   Үнэндээ МАХН-д төрийн нарийн бичгийн даргын суудал 500 сая төгрөгийн ханштай байдаг хэмээн албан бус эх сурвалж мэдээлж байна. Уг намд хэд хэдэн сайд байгаа. Үүнээс үзэхэд МАХН яав ч ядуу нам биш.

Манайд үйл ажиллагаа явуулж буй намууд хурал цуглаанаа үнэтэй газар тухлан хийдэг.  Үүнээс үзэхэд намуудын дансыг шилэн болгох хэрэгтэй шаардлагатай байгаа юм.

Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан тооцоогоор 1992 онд  намууд сонгуульд 137 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 онд энэ тоо хэдэн арав дахин өсч 35 тэрбум 679 сая төгрөг болжээ. Хэд дахин өссөн энэ мөнгө хаанаас ямар арга замаар гарч ирсэн бэ?

Иргэдийг татварын буцаан олголт дээр байрны урьдчилгаа өгсөн хүнд  “Энэ мөнгийг хаанаас олсоноо нотлох” хэрэгтэй гэсэн асуудалтай тулгардаг. Үүнтэй адил намууд сонгуульд зарцуулж буй мөнгийг хаанаас олдогоо нотлох хэрэгтэй. ​Гэвч намуудаас шилэн болгохыг хичнээн шаардаад ч тэд ил тод болгоогүй.  Учир нь 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуульд намын санхүүжилтийг гишүүнийн татвар,  хандив, төрөөс үзүүлж буй санхүүжилт гэж тусгасан байдаг. Гэхдээ эдгээр эх үүсвэр нь намуудын санхүүжилтийн өчүүхэн бага хувийг эзэлж байгаа юм.

Тухайлбал намдаа хандив өгөх дээд хэмжээ иргэн нэг сая, хуулийн этгээд 10 сая, сонгуулийн бус жилүүдэд жилд хоёроос дээш удаа хандив өгөхгүй гэж заасан байдаг. Гэтэл албан бусаар 2008 онд намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших тойрог 20 сая, 2012 онд 50 сая төгрөг, харин намын жагсаалт мөн өөрийн гэсэн ханштай байсаныг хэвлэлүүд хангалттай мэдээлсэн билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment