Өнгөрсөн тав дахь өдөр УИХ-ын чуулганы /2018.05.04/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлсэн "ОНЦЛОХ" мэдээллийг хүргэж байна.
- Олон улсын холбогдох байгууллагуудын сүүлийн үеийн судалгаагаар дэлхий нийтийн 7.6 тэрбум хүн амын 8.7 хувь буюу 660.0 сая гаруй хүн баталгаатай цэвэр усны хүрэлцээгүй, усан хангамжийн дутагдалтай нөхцөлд амьдарч байна.
- Монгол Улсын хувьд баталгаатай цэвэр усаар хангагдсан хүн амын эзлэх хувь 2015 оны байдлаар 65 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл манай улсын 1.0 сая орчим хүн баталгаагүй, ил задгай болон зөөврийн усыг ундандаа хэрэглэсээр байна. Энэ нь иргэдийн маань эрүүл мэнд тодорхой хэмжээнд өвчлөлд өртөх эрсдэлтэй байна.
- 2017 оны байдлаар мал сүргийн тоо толгой 66 саяд хүрч, жилд 115 сая метр куб ус хэрэглэж байгаа боловч бэлчээр усжуулалт дөнгөж 40 орчим хувьтай байгаа бөгөөд бэлчээрийн доройтол, малын тоо толгойн хэт өсөлт болон усан хангамжийн дутагдал зэргээс шалтгаалан мал сүргийн таваарлаг чанар муудаж, мал давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна.
- Сүүлийн жилүүдэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөцийн хэмжээ 30 орчим хувиар багассан, 2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэжээ.
- Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт Монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дундажаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм тус тус нэмэгдэх хандлагатай уялдан гол мөрний эх болсон мөнх цас, мөсөн гол, мөстлийн хайлалт хурдацтай нэмэгдэж болзошгүй гэж судлаачид үзэж буй аж.
- Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэж, хотжилт, уул уурхай, эдийн засаг өргөжин тэлж,малын тоо өсч бэлчээр хомсдохын хэрээр усны хэрэглээ эрс нэмэгдэх хандлагатай байна.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын өсөлт, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохын тулд ус хангамжийг сайжруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна гэлээ. Үүнд:
“Ус” үндэсний хөтөлбөр, Улсын болон сав газруудын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө, төсвийг шийдвэрлэх,
Гадаргын усыг хуримтлуулан, усны нөөцийг нэмэгдүүлэх, Эг, Орхон, Шүрэн, Туул гол дээр усан цогцолбор байгуулах ажлыг үргэлжлүүлж, оновчтой шийдэл, гарцыг олох,
Хэрлэн, Туул гол дээр урсацын тохируулга хийх, экологийн урсац бий болгохийн зэрэгцээ, зохистой хэмжээг шилжүүлэн ашиглахад шаардлагатай хөрөнгийг шийдэх,
Уул уурхай, хүнд үйлдвэр түүнийг дагалдан бий болох суурин газруудын ус хангамжид гадаргын ус ашиглан бараг үл нөхөгдөх газрын доорх усаа хойч үедээ нөөцлөх бодлогыг хэрэгжүүлж эхлэх,
Улаанбаатар хотын усан хангамжид газрын доорх уснаас гадна гадаргын усны нөөц бий болгож, хосолмол байдлаар ашиглаж эхлэх, хот суурингийн цэвэрлэх байгууламжуудыг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх,
Монгол Улсын Үндсэн хууль болон Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж, усны үндсэн эх үүсвэрийн толгойн байгууламж, газрын доорх усны ордын эзэмшлийг төрийн мэдэлд шилжүүлэх.
Эдийн засгийн салбарууд, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн шаардлагад нийцүүлэн усны нөөцийг нэмэгдүүлэх хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, зохистой ашиглахад чиглэгдсэн усны аж ахуйг хөгжүүлэх,
Усны салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, Ус хөтөлбөр, усны менежментийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь зөв төлөвлөн хэрэгжүүлэх,
Усны бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах зэрэг асуудлууд багтаж байгаа юм байна.