Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдрал өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг“Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хорихоос захидал бичжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
ИЛ ЗАХИДАЛ
Ч.Сайханбилэг миний бие Та бүхэнд 461-р хаалттай хорих ангиас хандан энэхүү Ил захидлыг бичиж байна.
Хорих ангийн алхах гишгэх зайгүй жижиг умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөн бие, сэтгэлийн там эдлэн суухын зовлон хэцүүг хичнээн дүрслэн тайлбарлаад ч энд орж үзээгүй хүмүүс ойлгохгүй буй за.
Үнэхээр идсэн уусан, эрүүгийн хэрэг хийсэн бол төрийн цээрлэлийг эдлээд л гарна. Харин Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, эх орондоо хэрэгтэй том төсөл хөдөлгөсөнийхөө төлөө ингэж суух нь үнэхээр эгдүүцмээр.
Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөснөөр юуны өмнө 2016 оны сүүлээр учрах байсан, одоо ч ярихгүй байгаа төсөв, санхүүгийн default-аас Монгол улс зайлж чадсан юм. Өнөөдрийн 5 хувийн эдийн засгийн өсөлтийн талаас илүүг буюу 3 орчим хувийг Оюутолгой бүтээн байгуулалт хангаж байна. 3000 хүртэл буурсан Монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрч, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломж оллоо. Жилдээ хасах 200 сая доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1,5 тэрбум доллар болж өсөн, үүний 3 доллар тутмын хоёрыг нь Оюутолгой гүний уурхайн хөрөнгө оруулалт хангаж байна.
Хэрэв 2015 онд энэ төслийг хөдөлгөөгүй бол жил бүр 400 орчим сая долларын хэмнэлт орлогоо бид алдах байлаа. Хамгийн гол нь 2015 онд хөдөлгөөгүй бол 2020 онд гүний уурхайн олборлолт эхлэхгүй байх байлаа. Тэр үед эхлүүлээгүй бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харсан ч хамгийн өөдрөг, хурданаар төсөөлөхөд 2025 он, түүнээс цааш л гүний уурхайн олборлолт эхлэхээр байсан нь улам тодорхой болж байна. Хамгийн багаар бодоход 5-10 жил түүнээс ч их хугацаа алдахаар байжээ. Үүнийгээ жилийн 400 сая доллараар үржүүлээд үздээ. Бидний шийдвэр гараагүй байсан бол алдах орлогын зөвхөн нэг хэсэг. Үүнийг манайд хэн ч нэхдэггүй, хэн ч хариуцлага тооцохыг шаарддаггүй.
Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгө гэдэг даалгаврыг Ерөнхий сайдын хувьд би Ард түмнээсээ авсан юм. 450,0 мянга орчим иргэн мессэжээр анх удаа саналаа өгч энэ төслийг түргэн эхлүүлэхийг 60 гаруй хувь нь даалгасан билээ. Тухайн үеийн УИХ хоёр ч удаа тогтоол гарган Оюутолгойн гүний уурхайн төслийг эхлүүлэх даалгаварыг Засгийн газарт өгсөн. Урт удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн явцад Засгийн газар уг асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж, эцэст нь Санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтнуудад олгосон юм.
Энэхүү төслийг хөдөлгөх шийдвэрийг тухайн үед Парламентад суудалтай улс төрийн бүх нам хүчин оролцсон Хамтарсан Засгийн газрын үед гаргаснаараа онцлог билээ. Дараа нь УИХ-д албан ёсоор танилцуулж, сонирхсон бүх гишүүдийн асуултанд хариулсан болно. Мөн хамтарсан Засгийн газар буусны дараа 2015 оны Намрын чуулганд нэр бүхий гишүүдээс уг асуудлаар тавьсан Асуулгын хариуг Чуулганы нэгдсэн хуралдаан дээр өгч, мөн сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг огцруулах асуудлыг тус дүүргийн МАН-ын бүлгийн гишүүд хөнджээ. Тодруулбал, ИТХ дахь МАН-ын төлөөлөгчид огцруулахаар гарын үсэг зурж, яаралтай хуралдаан зарлах шаардлага хүргүүлжээ. Яаралтай хуралдаанаар засаг дарга Х.Болормаагийн ажлын үр дүн, гаргасан алдаа дутагдлыг хэлэлцэж, огцруулах тухай асуудлыг хөндөхөөр төлөвлөж байгаа аж.
Сүхбаатар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн үзэж буйгаар, Засаг дарга Х.Болормаа нь удаа дараа хууль тогтоомж зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхлын ноцтой зөрчлүүд гаргасан байна.
Төлөөлөгчид Х.Болормаа нь хоёр жил Засаг даргаар ажиллахдаа дорвитой ажил хийгээгүй. Дүүргийн газар хэлтсийн дарга нар, албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, хамаатан саднаа ажилд авдаг. Улмаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 620 сая төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж байгаа аж.
ТЕГ-ын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг саатуулжээ
ТЕГ-ын нэрийг барьж бусдаас их хэмжээний мөнгө, эд зүйл залилан мэхэлсэн байж болзошгүй этгээдийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст саатуулан шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Тагнуулын байгууллагын алба хаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэх, дарамт үзүүлэх, эрхэлж буй ажилд нь саад учруулах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс иргэд, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл, энэ төрлийн сэжигтэй үйлдэл илэрсэн даруйд Тагнуулын ерөнхий газрын 263017, 264017 дугаарын утсаар мэдэгдэхийг санууллаа. Мөн ийм байдлаар хохирсон иргэд ТЕГ-ын 51263017, 51264017 утсанд холбогдож мэдээлэл өгөхийг ТЕГ-аас хүслээ.
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж эхлээд байна. Ажлын хэсэг тавдугаар сарын 2-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, Монголбанкны албаны хүмүүстэй уулзалт хийж байна. ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, дараа дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Хамгийн сүүлд гурав дахь шатны үнэлгээний дараа тус сангийн зүгээс манай улсад хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байгааг дүгнээд ээлжит удаагийн 30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталсан билээ.
Элэг шилжүүлэн суулгах 48 дахь хагалгаа амжилттай боллоо
Улсын нэгдүгээр төв эмнэлэг он гарснаас хойш дөрөв дэх хагалгаа буюу нийт 48 дахь элэг шилжүүлэн суулгах хагалгаагаа амжилттай хийсэн байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын алтан гарт эмч нар БНСУ-ын Асан төвийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран хагалгааг амжилттай хийжээ. Одоогоор нийт 48 эмчлүүлэгчдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж гүйцэтгээд байгаа аж. 48 дахь хагалгаанд орсон өвчтөн дөрвөн настай хүүхэд бөгөөд Ш.Энхтөр даргатай Эх нялхасын хамт олон эмчилгээ, сувилгаанд хамтран ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг прокуророос эрүүгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Үүнтэй холбоотойгоор тэрбээр УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэх өргөдлөө өгөөд байгаа билээ. Түүний өргөдлийг УИХ-аар хэлэлцэх гэсэн ч хуулийн мухардалд орсон хэмээн Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний түтгэлзэх өргөдлийг хэлэлцэх хуулийн заалт байхгүй гэж тайлбарлаж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг тодорхой болгохоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан юм. Өнгөрсөн долоо хоногт уг хуулийг төслийг хэлэлцсэн. УИХ-ын тухай хуульд чухам ямар нэмэлт, өөрчлөлт оруулсаныг хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Л.Лүндээжанцангаас тодрууллаа.
- УИХ-ын тухай хуульд яг ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан бэ?
- УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ эд мөрийн баримттайгаа баривчлагдсан тохиолдолд УИХ-ын даргад нэн даруй мэдэгдэж, түтгэлзүүлэх асуудлыг нь нэн даруй шийдвэрлэнэ. Мөн Улсын Ерөнхий прокуророос тухайн гишүүнийг зайлшгүй түтгэлзүүлэх шаардлагатай гэсэн тохиолдолд УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирнэ гэсэн хоёр заалт өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн. Гэтэл 2009 онд 9.2 дахь заалт буюу "УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэгт холбогдсон бол Ерөнхий прокуророос түтгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ" гэдэг заалтыг байхгүй болгосон юм. Ингээд үйлдэл дээрээ баригдсан тохиолдолд түтгэлзүүлнэ гэдэг заалт л үлдэж хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн гэсэн үг. Үүнийг нь УИХ дахин хэлэлцэхдээ ганц, нэг үсэг солиод ахиж баталсан гээд ҮХЦ-ээс хоёр удаа хүчингүй болгосон дүгнэлт гаргаж байсан.
- Үндсэн хуулийн цэцээс хоёр удаа дүгнэлт гаргаад хүчингүй болгож байхад яагаад дахин оруулж ирсэн юм бэ?
- Эхний заалт хоёр дахь заалттайгаа нийлэхээрээ нэг цогц асуудал болж байна. Тодруулбал, үйлдэл дээрээ нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд нэн даруй Ерөнхий прокуророос түтгэлзүүлэх асуудлыг нь УИХ-д оруулж ирээд шийдвэрлэнэ гэж. Учир нь УИХ-ын гишүүн нь ахуйн, авто аваар гэх мэт янз бүрийн хэргүүдэд нэр холбогдож болно шүү дээ. Хоёрдугаарт, гишүүнийг улс төрийн шалтаг, шалтгаанаар баривчлах асуудлууд гардаг. Тэр тохиолдолд УИХ нэн даруй хэлэлцээд шийдвэрээ гаргаад судлах ёстой. Эрх зүйн байдлыг нь хамгаалж өгч байгаа юм. Асар том стратегийн орд газруудтай хамаатай эсвэл түүхэн шийдвэр гаргахын өмнө гэнэт баривчилбал яах юм бэ. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбогдуулж УИХ-ын гишүүний дархлаа буюу халдашгүй эрхийн асуудлыг Үндсэн хуулийн дагуу хамгаалж байгаа юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Эрүүгийн хэрэгт холбогдоод түүнийг нь Улсын Ерөнхий прокуророос түтгэлзүүлж шалгах шаардлагатай гэж УИХ-д оруулж ирэх тохиолдолд хэлэлцэнэ гэсэн хоёр заалтыг хоёуланг нь сэргээж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу хоёр заалт сэргэж орж ирж байна. Энэ хоёр заалт сэргэж орж ирснээрээ УИХ-ын гишүүний халдашгүй байдал, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх гэдэг үндсэн зарчим хангагдсан гэж үзэж байна.
- Энэ хоёр заалтыг нийлүүлснээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдөхгүй гэж үзэж байна уу?
Тийм.
- Тэгэхээр Д.Гантулга гишүүний түтгэлзэх өргөдлийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй болсон гэсэн үг үү?
- Д.Гантулга гишүүний түтгэлзэх өргөдлийг хэлэлцэх гэхэд хуулийн хийдэл үүссэн байсан. Ер нь бол энэ хуулиар ганц Д.Гантулга бус УИХ-ын гишүүдтэй холбоотой зохицуулалт иж бүрэн болж байна. Д.Гантулгын хувьд хэргийг нь Улсын Ерөнхий прокурор шийднэ. Энэ асуудал УИХ дээр яригдсан. Ер нь УИХ-ын гишүүд өөрөө түтгэлзээд шалгуулъя гэдэг. Гэтэл цаана нь сонгогчдын эрх ашиг байдаг. Хэдэн ч удаа түтгэлзэх юм билээ. Нэг асуудалд холбогдчихоод “Би түтгэлзээд шалгуулна” гээд байвал яах юм бэ. Тиймээс УИХ-ын гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ тавьж болно. Түүнээс түтгэлзэх хүсэлтийг хэлэлцэх боломжгүй гэж ажлын хэсгээс үзсэн.
Өнгөрсөн тав дахь өдөр УИХ-ын чуулганы /2018.05.04/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлсэн "ОНЦЛОХ" мэдээллийг хүргэж байна.
- Олон улсын холбогдох байгууллагуудын сүүлийн үеийн судалгаагаар дэлхий нийтийн 7.6 тэрбум хүн амын 8.7 хувь буюу 660.0 сая гаруй хүн баталгаатай цэвэр усны хүрэлцээгүй, усан хангамжийн дутагдалтай нөхцөлд амьдарч байна.
- Монгол Улсын хувьд баталгаатай цэвэр усаар хангагдсан хүн амын эзлэх хувь 2015 оны байдлаар 65 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл манай улсын 1.0 сая орчим хүн баталгаагүй, ил задгай болон зөөврийн усыг ундандаа хэрэглэсээр байна. Энэ нь иргэдийн маань эрүүл мэнд тодорхой хэмжээнд өвчлөлд өртөх эрсдэлтэй байна.
- 2017 оны байдлаар мал сүргийн тоо толгой 66 саяд хүрч, жилд 115 сая метр куб ус хэрэглэж байгаа боловч бэлчээр усжуулалт дөнгөж 40 орчим хувьтай байгаа бөгөөд бэлчээрийн доройтол, малын тоо толгойн хэт өсөлт болон усан хангамжийн дутагдал зэргээс шалтгаалан мал сүргийн таваарлаг чанар муудаж, мал давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна.
- Сүүлийн жилүүдэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөцийн хэмжээ 30 орчим хувиар багассан, 2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэжээ.
- Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт Монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дундажаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм тус тус нэмэгдэх хандлагатай уялдан гол мөрний эх болсон мөнх цас, мөсөн гол, мөстлийн хайлалт хурдацтай нэмэгдэж болзошгүй гэж судлаачид үзэж буй аж.
- Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэж, хотжилт, уул уурхай, эдийн засаг өргөжин тэлж, малын тоо өсч бэлчээр хомсдохын хэрээр усны хэрэглээ эрс нэмэгдэх хандлагатай байна.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын өсөлт, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохын тулд ус хангамжийг сайжруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна гэлээ. Үүнд:
“Ус” үндэсний хөтөлбөр, Улсын болон сав газруудын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө, төсвийг шийдвэрлэх,
Гадаргын усыг хуримтлуулан, усны нөөцийг нэмэгдүүлэх, Эг, Орхон, Шүрэн, Туул гол дээр усан цогцолбор байгуулах ажлыг үргэлжлүүлж, оновчтой шийдэл, гарцыг олох,
Хэрлэн, Туул гол дээр урсацын тохируулга хийх, экологийн урсац бий болгохийн зэрэгцээ, зохистой хэмжээг шилжүүлэн ашиглахад шаардлагатай хөрөнгийг шийдэх,
Уул уурхай, хүнд үйлдвэр түүнийг дагалдан бий болох суурин газруудын ус хангамжид гадаргын ус ашиглан бараг үл нөхөгдөх газрын доорх усаа хойч үедээ нөөцлөх бодлогыг хэрэгжүүлж эхлэх,
Улаанбаатар хотын усан хангамжид газрын доорх уснаас гадна гадаргын усны нөөц бий болгож, хосолмол байдлаар ашиглаж эхлэх, хот суурингийн цэвэрлэх байгууламжуудыг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх,
Монгол Улсын Үндсэн хууль болон Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж, усны үндсэн эх үүсвэрийн толгойн байгууламж, газрын доорх усны ордын эзэмшлийг төрийн мэдэлд шилжүүлэх.
Эдийн засгийн салбарууд, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн шаардлагад нийцүүлэн усны нөөцийг нэмэгдүүлэх хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, зохистой ашиглахад чиглэгдсэн усны аж ахуйг хөгжүүлэх,
Усны салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, Ус хөтөлбөр, усны менежментийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь зөв төлөвлөн хэрэгжүүлэх,
Усны бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах зэрэг асуудлууд багтаж байгаа юм байна.
Хар галуу буюу Тураг гогойны тоо толгой эрс өсч, нуурын загасны нөөцөд ноцтой хохирол учруулж байна гэсэн мэдээлэл сүүлийн хэдэн жил тасралтгүй дуулдах болсон. Мөн хятадууд хар галууны хүзүүнд дохиолол суулгаж монгол руу ихээр илгээсэн гэсэн мэдээлэл ч мөн гарсан. Тус мэдээлэлтэй холбоотойгоор Монголын шувуу хамгаалах төвийнхөн мэдэгдэл гаргаж, тайлбар хийжээ.
Монголын шувуу хамгаалах төвөөс гаргасан мэдэгдэлд “Тураг гогой (хүмүүсийн нэрлэдэгээр Хар галуу) бол бидний санаа зовох зүйл ерөөсөө биш. Манай орны гол, нууруудын экосистемд бүхэлд нь аюулд оруулж байгаа сөрөг хүчин зүйлсийн ихэнх хувийг хүний зүгээс үзүүлж буй шууд болон шууд бус нөлөөлөл эзэлдэг. Загас битгий хэл гол, нуур нь бүхэлдээ экосистемийн хэмжээнд аюулд орох үзэгдэл ихэссэн. Үүнд голын эхэнд байгаа уурхай, буруу ажиллагаатай усан цахилгаан станц гээд маш олон зүйлсийг дурдаж болно. Загас барьдаг хүмүүс тороо гол, нууранд үлдээнэ, тэр олон торонд нь жил бүр байнга олон мянган загас үхэж байгаа гээд тоочвол дуусахгүй их. Гэтэл Тураг гогой байгаль дээрээ загасны популяцид сөрөг нөлөө байдаггүй талаар бүр докторын ажлууд байдаг. Тураг гогой болон бусад усны шувуудын сангас нь нуурын хурдас, фосфорын эргэлтэнд чухал ач холбогдолтой төдийгүй нуурын ёроолын ургамалын ургалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ нь тухайн нуурын загасны түрс аюулгүй, амжилттай үржих нөхцлийг бүрдүүлдэг байна. Манай хуучны шувуу судлаачдын 1960-70 оны бүтээл, тэмдэглэлүүдийг үзэж байхад нуурын мандлыг Тураг гогой (хар галуу) хар хөшиг татсан мэт бүрхжээ гэсэн байдаг. Тэд эртнээс л нуурандаа өөрийнхөө идэш тэжээллийг идсээр ирсэн байгалийн тэнцвэрт байддлыг нөхцөлдүүлэх зохилдлогоотой байдаг. Иймд шувуунаас буруу хайх ямар ч үндэслэл байхгүй. Дэлхий дээр дунджаар 2 сая Тураг гогой байдаг гэсэн үнэлгээ байгаа. Үүнээс гадна загас иддэг өчнөөн зүйлийн хэдэн сая шувуу, махчин амьтад байдаг бөгөөд тэд олон зуун жил загасаа идсээр л ирсэн. Ийм олон дайсантай болохоор загас мэнд үлдэхийн тулд хэдэн сая түрс шахдаг гээд эволюци талаас нь харвал зөндөө тайлбарыг олж болно. Өөрсдийн хоолыг идэж буй Тураг гогойд санаа зовохоос илүүтэй хүний зүгээс үзүүлж буй бусад зүйлтэй тэмцэх шаардлагатай байна. 2011 онд Өгий болонТэрхийн цагаан нуураас загасны зуу гаруй хаягдсан тор цуглуулсан баримт байгаа. Түүнд нь хэдэн зуун загас орооцолдон үхсэн байсныг шувуу судлаач баримтжуулсан. Ийм л байдалтай бид загас агнаж, сөрөг нөлөө үзүүлж тэрийгээ шувуу руу тохсоор иржээ. Мэдэхгүйн гай гэж энэ, хүмүүс бид сайн мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж загас, шувуу гэлтгүй олон амьтан, ургамалыг үгүй хийж байгаа Дэлхий дээрх цорын ганц амьтан. Ямар нэг зүйл амьтдын тоо толгойг зохицуулж болдог. Хамгийн гол нь шинжлэх ухааны судалгааг хийлгэж, нөлөө байгаа эсэхийг тогтоон, түүнд үндэслэсэн зөвлөмжийн дагуу арга хэмжээг авах шаардлагатай байдаг юм” хэмээжээ.
Сүүлийн жилүүдэд болж буй уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөцийн хэмжээ 30 орчим хувиар багассан болохыг судлаачид тогтоожээ. 2017 оны байдлаар л гэхэд Монгол Улсын хэмжээнд 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэсэн байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт Монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дундажаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм-ээр нэмэгдэх судалгааны дүн гарчээ.
Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй хэдэн хэдэн хүнийг Оюутолгой гэрээ, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын хүмүүсийг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа. Тэднийг өнгөрсөн сарын 10-нд прокуророос яллагдагчаар татаж, шүүхээс нэг сарын хугацаагаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэднийг хорих хугацаа энэ долоо хоногт дуусах бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг мөн шүүх шийднэ.
Дашрамд сануулахад, Сангийн сайд асан Ц.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн хэлтсийн дарга Т.Амаржаргал нарыг дөрөвдүгээр сарын 1-нд баривчлан шалгаж байгаа билээ.
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийгдэнэ.
Иймээс 2018 оны 05 сарын 09-ний 22:00 цагаас 2018 оны 09 сарын 03-ны 22:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлана гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.