8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нямсүрэн: 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй байна

2018-05-09 08:30:00

-Үргүйдлийн 44.4 хувь нь эрэгтэйчүүдээс шалтгаалж байна-

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.   Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Ундармаа, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж болон холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцсон юм.  Монгол эрчүүдэд гол төлөв архаг ядаргаа, органик бус нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал ихээхэн тохиолдож байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, доктор Л.Насанцэнгэл онцлон ярьсан юм. Ингээд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг талаар ЭМЯ-ны Урологи, Андрологийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор, профессор Д.Нямсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар илтгэл танилцуулсан юм.

-Өнөөдөр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдал хэр байна вэ. Тэр тусмаа нөхөн үржихүйн асуудал аюултай байдалд хүрээд байна гэх судалгаа мэдээллийг хэлэлцүүлэг оролцогчид онцолж байна?

-Өнөөдөр эрэгтэйчүүддийн эрүүл мэндийн асуудал тодорхой хэмжээгээр хойш тавигдсан. Энэ нь “Эрэгтэйчүүдийн эрүү мэндийн өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэгт тавигдсан илтгэл, түүнд тусгагдсан тоон үзүүлэлтээс харагдаж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 300 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг болон ортой хэвтэн эмчлүүлэх ортой эмнэлэг, сувилалын газар маш олон байна. Гэтэл эрэгтэйчүүдийн гэж хаягласан эмнэлэг үндсэндээ байхгүй байна. Тоон үзүүлэлт авч үзвэл Монгол Улсад жилд дунджаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.1 байгаа бол эрэгтэйчүүдийнх 65.5 байгаа нь дэлхийн дундажаас 2.5 дахин их зөрүүтэй байх жишээтэй.

Нас баралтын 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.6 хувийг хавдрын шалтгаан эзэлж байна. 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй.  Үргүйдлийн 44.4 хувь нь эрэгтэйчүүдээс шалтгаалж байна. Эрэгтэйчүүдийн осол гэмтлийн байдлыг авч үзвэл, өвчлөлийн тавдугаарт, нас баралтын хоёрдугаарт, нийт осол гэмтлийн 60 гаруй хувийг эзэлж байна. Эрэгтэйчүүд осолд өртөж нас барах нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад дөрөв дахин их байна.

Түүнчлэн 2018 оны тавдугаар сарын байдлаар ДОХ-ын 260 тохиолдол бүртгэгдсэнээс 208 нь эрэгтэйчүүдэд илэрсэн бөгөөд нийт тохиолдлын 80 хувийг эзэлж байна. Үүнээс харахад эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ямар нөхцөл байдал байгаа нь илт байна. Үүн дотор үргүйдэл болон нөхөн үржихүйн эрхтэний эмгэг тодорхой хувийг эзэлж байна. Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эмгэгүүдийн хувьд төрөлхийн гажиг, олдмол эмгэгүүд  /хуухнаг, төмсөг, шодой, шээдэгг сүв, түрүү булчирхай, үрийн цэврүү, үргүйдэл, бэлгийн сулрал / зэрэг эмгэгүүд их тохиолдож байна. 

-Бэлгийн сулрал болон эдгээр эмгэгүүдэд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь юу байна вэ?

-Маш олон хүчин зүйлс бий. Нийт эрэгтэйчүүддийн 40 хувь нь биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ их хэмээн тодорхойлогдсон ба биеийн жингийн индекийг тооцож үзэхэд гурван эрэгтэйн нэг нь жингийн илүүдэлтэй эсвэл тураалтай гэсэн судалгаа гарсан байдаг.

Мөн эр бэлгийн дааврын төрөлхийн болон олдмол эмгэг, үргүйдэл, ган донтолт, сэтгэл гутрал, буруу хооллолт, хорт зуршил буюу архи, тамхи зэрэг маш олон хүчин зүйлээс болж энэ өвчлөл, эмгэг үүсээд байна. Үүнээс гадна эрэгтэйчүүдийг бэлгийн сулралд оруулдаг хэдэн хэдэн хүчин зүйл байдаг. Даралт ихсэх, зүрхний шигдээс, хэт таргалалт, чихрийн шижин өвчин, дааврын дутагдал, гэмтэл, элэгний өөхлөлт гэх мэт зүйлс нөлөөлж байна.

Мөн эрэгтэйчүүдийн дийлэнх хувь нь бэлгийн сулралтай, бөөр болон шээсний замын өвчлөлтэй, зүрх судасны эмгэгтэй байх тохиолдол элбэг байна.  Үүнээс гадна бэлгийн үйл ажиллагааны гажуудал, эмгэгээс үүдэн аливаа хорт зуршилд өртөх, донтох нь ихэсч байна. Үүнээс болж тархи, тамхины хэрэглээ нь ихсэх, амиа хорлох зэрэг хортой үр дагавар гарч ирж байна. Эрэгтэйчүүдийн андрологийнхоо хувьд хүчтэй, бяртай, аливаад хатуу мэт харагддаг, ханддаг ч эмэгтэйчүүдээс илүү эмзэг, хат муутай, чадварггүй болж хувирдаг. Сэтгэл гутралд орох нь элбэг байдаг. Нөгөө талаасаа ажлын хатуу, хүн хүчир болгоныг хийдэг, даарч ядарч сульдах нь ихэссэнээс үүдэж өвчлөмтгий болж, байна. Үүнээс болж үргүйдэлтэй байна. Байгалийн хүчин зүйлээс ус, агаар, хөрсний бохирдолд хүний эрүүл мэндэд, эрүүл аж төрөл нөхцөл байдалд маш муугаар нөлөөлж байна. Хоол хүнсний аюулгүй байдал,буруу хоололт зэрэг хүчин зүйлс эрэгтэйчүүдийн насжилт болон эрүүл мэндэд, үргүйдэлт ихээр нөлөөлж байна.

-Хэлэлцүүлэгт эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсон хүчний асуудалд нэлээд дутмаг байгаад байна. Үүнтэй холбоотойгоор өвчлөлд илүү өртөөд байна гэх асуудлыг хөндөж ярьж байна. Боловсон хүчний асуудал хэр байна вэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн урологи-андрологийн төвийн цөөхөн хэдэн эмч нарыг эс тооцвол эрэгтэйчүүдийн маш ховор байна. Үндсэндээ байхгүйтэй ялгаагүй. Манай улсын хувьд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар нарийвчилсан судалгаа байхгүй байна. Төрийн зүгээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан судалгаа боловсруулах шаардлагатай. Эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах нь чухал. Түүнчлэн 21 аймаг, хотын төв эмнэлгүүдийг андрологийн кабинеттай болгож, эмч тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй. 

Ингэхгүй бол эрчүүдийн эрүүл мэндийн асуудал монгол хүний үр удамд нөлөөлж үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч анхаарах цаг болжээ.

 Өнөөдөр улсын хэмжээнд 40 гаруй урологийн эмч, Андрологийн 10 хүрэхгүй эмч ажиллаж байна. 

-Аливаа өвчин эмгэгээс сэргийлэх хамгийн чухал зүйл нь урьдчилан сэргийлэх үзлэг байдаг. Эрэгтэйчүүд  урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хэр хамрагддаг юм бол?

-2017 онд УНТЭ Урологи,-Андрологийн төвд амбулаториор нийт 22,122 үзлэг хийгдсний 13,896 тохиолдолд буюу 62 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Ерөнхийдөө маш бага хамраагддаж байна.

-Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд болон нөхөн үржихүйн асуудал өнөөдөр тулгамдсан асуудалд цаашид ямар арга хэмжээ авч өвчин эмгэгээс сэрийлэх боломжтой вэ?

-Эрэгтэйчүүдэд халдварт бус өвчнийг үүсгэж, цагаас эрт нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах, эдийн засгийн хохиролд оруулдаг гол шалтгаанд архи, тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ багтаж байна. Цаашид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрсдэлтэй зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл харилцаа, нийгмийн зах зээл, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарын хэрэгжүүлж буй бодлоготой уялдуулах шаардлагатай. Нийгмийн бусад салбар, байгууллага, хамт олон, гэр бүлд жендерийн тэгш байдлыг хангасан эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааг оновчтой арга хэлбэрээр, тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн Өрх гэрийн ноён нуруу, улс орны сүр хүч болсон эрчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг тал талаас нь ярилцаж, цаашид жендерийн мэдрэмжтэй, бодлого төлөвлөлттэй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай.

Бид өнгөрсөн хугацаанд эмэгтэй хүүхдээ сурч боловсроход нь анхаараад, эрэгтэй хүүхдээ хар ажил хийлгэсээр орхигдуулж ирсэн. Энэ мэт асуудлыг цогцоор нь шийдэж байж монголын ирээдүйн аавууд, эрчүүд эрүүл байж эрүүл үр удам үлдээх ёстой. Товчхондоо ирээдүйд эрүүл үр удамтай болъё гэвэл өнөөдөр эрчүүдээ эрүүл байлгах тал дээр анхаарах цаг болсон.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zulaa
Монгол эрчүүдийн гол асуудал архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх. Энэнээсээ өвчин тусна. Бас согтуудаа л осол аваар хийж, эсвэл зодоон цохин хийж, эсвэл нэгнээ алдаг тул нас нь богино байх нь ойлгомжтой.
2018/05/09 103.11.194.254
Бүү итгэ
Энэ мунхруулга.Хоцрогдсон Орос школтой Монгол эмч нарын төвшинг харуулж байна.Түрүү булчирхайн ажиллагаанд өөрчлөлт орох болгонд бодох сэтгэх хэрэггүй автоматаар үрэвсэл.Түй чёрт.Бас цалингаа голцгоон
2018/05/09 202.179.26.144
  • Recent
  • Most Read
  • Most Comment