Өчигдөр Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж АТГ-ын даргад Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хүнийг томилох эсэх мөн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
- Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргад Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хүмүүсийг томилох эсэх асуудлыг хэлэлцээд ямар шийдвэр гаргасан бэ?
- Өнөөдөр АТГ-ын даргыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэхдээ олонхийнх бүлгийн гишүүдийн саналаар хойшлуулсан. Хуулийн дагуу асуудал орж ирсэн учраас ярих ёстой юм.
- Ямар шалтгаанаар хойшлуулсан юм бэ?
- Янз бүрийн хуулийн үндэслэлээр хойшлуулсан.
- АН-ын бүлгийн зүгээс энэ асуудалд ямар байр, суурьтай байгаа вэ?
- АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ хойшилсон учраас бүлэг хуралдах эсэхийг хэлж мэдэхгүй болчихлоо доо.
- АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа нь дууссан, дуусаагүй гэдэх маргаан байна. Та хувь гишүүнийхээ хувьд энэ асуудлаар байр, сууриа илэрхийлээч?
- Хоёр нөхцлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Хүний оронд томилогдсон учраас өмнөх хүнийхээ бүрэн эрхийн хугацаагаар дууссан гэдгийг хуулийн заалтыг бид олон талаас нь ярих ёстой. Гэхдээ зургаан жилийн хугацаагаар томилсон бол бүрэн эрхийнх нь хугацааг дуусгуулах ёстой юм. Сонгуулийн өмнө шинэ бүрэн эрх эхлүүлдэг муухай практик манайд тогтох гээд байна. Энэ бол шударга бус. Төрийн ажилд байж боломжгүй муу практикийг манайх нэвтрүүлэх гээд байна шүү дээ. Үүнийг УИХ-аар хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Тэр хүний ажлыг нь хийлгэ. Төрийн хариуцлагатай албанд өөрийнхөө хүнийг томилж сонгуулийн дүнд нөлөөлбөл юу болох вэ. Ийм байж болохгүй. Үүний үр дүнд ажлаа өгдөг хүн дараагийн хүнээ хорлож байна. Чөтгөрийн тойрог эхлэх гээд байна шүү дээ.
- Өнөөдрийн хуралдаанаар С.Зориг агсны хэргийг тойрсон асуудлыг хэлэлцсэн үү?
- Холбоотой асуудлуудыг ярьсан. УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүх Х.Нямбаатар ахалж байна, таван гишүүний бүрэлдэхүүнтэй. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажлаа эхэлж чадаагүй байна. УИХ-ын 40 гишүүн энэ хэргийн асуудлаар түр хороо байгуулах санал гаргасан. Мөн өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдаж ажлын хэсэгт чиглэл өгөх байсан ч чадсангүй. Ийм шалтгаанаар цаг хугацаа алдсан. Энэ хооронд ажлын хэсгийн хоёр гишүүнд Ерөнхий прокурорын орлогч С.Зоригийн хэрэгт холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж байна гэх мэдэгдлийг хийж байна. Үүн дээр УИХ-ын гишүүдэд маш том асуултууд гарч ирж байна.
- Хаалттай хуралдааны үеэр гишүүд уг асуудлаар ямар саналыг хэлсэн бэ?
- Энэ хэрэгтэй танилцсан, мэдээлэл авсан нэг ч УИХ-ын гишүүн байхгүй. Бүгд хэвлэлээр гарсан мэдээлэлтэй л байна. Надтай ч мөн Олон улсын парламентын холбоо, уг хэрэгт дүгнэлт хйиж байгаа ажлын хэсгийнхэн уулзсан. Одоо майлээр харилцаж байгаа. Бүх хэлбэрээр биднээс лавлагаа, мэдээлэл авдаг. Тухай бүрт нь бид үргэлж хэвлэлээр гарсан мэдээллийн хүрээнд л харилцдаг. Гэхдээ УИХ-ын гишүүдийн мэдээгүй хэд дахин их мэдээлэл нэг сэтгүүлчид байна. Маш их шинэ мэдээлэл тэр хүнд байгааг мэдлээ.
- Манай хууль хяналтын байгууллагууд уг хэргийг шалгахад олон улсын парламентын холбоо шууд нөлөөлөл үзүүлэх эрх зүйн боломж байдаггүй юм биш үү?
- Нэгдүгээрт, Олон улсын парламентын холбоо нь улс хоорондын байгууллага. Зөвхөн НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улсуудын парламентуудын дээд байгууллага. Энэ байгууллагыг төрийн бус байгууллага гэж нэвтрүүлгийн үеэр хэлсэн. Энэ бол төр хоорондын байгууллага. УИХ төрийн бус байгууллага биш шүү дээ. Хоёрдугаарт, Олон улсын парламентын холбоог Монгол улсын дотоод хэрэгт оролцсон гэж гүтгэсэн. Хэргийг шалгаж, хянаж хууль зөрчсөн гэсэн. Тийм зүйлийг огт хийгээгүй. Олон улсын хуулийг ягштал мөрддөг. Тэд хэзээ ч биднийг шахаж, шаардаагүй. Тэдний ажлын арга барил бол зөвхөн хүмүүстэй уулзаж, байгууллагуудтай харилцаж зөвлөмж өгдөг. Манайд өгсөн зөвлөмж нь мөн бидний төлөө байсан. Нээлттэй, ил тод, хүний эрхийг хүндэлсэн, хуулийн дагуу, ойлгомжтой байна уу гэдэг зөвлөмжийг л өгдөг. Энд ярьсан мэдээлэл тэдэнд хүрнэ шүү дээ. Ингэж муухай гүтгэж болохгүй. Удахгүй олон улсын парламентын ажлын хэсэг Монголд ирнэ.
- С.Зориг агсны хэргийн нууц материалууд сэтгүүлчид яаж очсон талаар өнөөдрийн хуралдаанаар ярилцсан уу.
- Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас хоёр шийдвэр гарсан. Нэгдүгээрт, өчигдөр зөвхөн яллах талын танилцуулга явагдсан. Тиймээс УИХ-ын ажлын хэсэг өмгөөлөгчдийг нь ил тод сонсохоор боллоо. Хоёрдугаарт, прокурор хэвлэлд ярилцлага өгч байгаа юм чинь Хууль зүйн байнгын хорооны хуралд гишүүдэд мэдээлэл өгнө.
- Таныг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлын дагуу АТГ-аас шалгаж байгаа. Энэ асуудалд шийдэгдэж байгаа юу?
- УИХ-ын зургаан гишүүн нээлттэй сонсгол явуулж иргэдийг сонссон. Гэтэл иргэдийг сонссон нь УИХ-ын гишүүний эрхээ хэтрүүлсэн хэрэг гэж хэрэг үүсгэн шалгаж байна. УИХ-ын гишүүн иргэдээ сонсож, иргэд нь үгээ хэлэхгүйгээр яаж амьдрах юм бэ. Үүний ард улс төр байна гэж би үзэж байгаа.
- Б.Хурцын эсрэг гомдол гаргахаар гэрийн хаяг нь тодорхойгүй байна гэдэг шалтгаанаар шалгагдаггүй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
- Зайсангийн хаяган дээрээ амьдрахгүй байна гэсэн шалтгаанаар намайг зургаан сар гүйлгэлээ. Тэгсэн мөртлөө яг тэр хаягаараа Ж.Батзанданд гомдол гаргаад хоёр ч шатны шүүхээр ялчихсан байна. АСЕМ ВИЛЛА-ийн хаягаар нь мөн гомдол өгөхөд Баянзүрх дүүргийн шүүхээс буцаагаад байгаа. Гэтэл Зайсангийн хаягаараа надад гомдол гаргасан байна. Нөгөө талаас дуртай хаягаараа гомдол гаргаж байна. Гэтэл би тэр хаягаар нь гомдол гаргахаар хүлээж авахгүй байна. Ингэж болохгүй шүү дээ.
- Б.Хурц нөлөөлж байна гэж ойлгож болох уу?
- Хэн нэг хүн илүү эрх мэдэлтэй л байна гэсэн үг.
- Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо. АН-ын зүгээс уг асуудлаар ямар алхам хийх вэ?
- Намын асуудал нь тусдаа. Монгол улсын нэр хүндийн асуудал хамгийн чухал. Ч.Сайханбилэгийн гаргасан үндэслэлүүдийг хуулийн байгууллага хуулийн дагуу шалгах ёстой. Хамгийн гол улс төрийн захиалга байж болохгүй. Хэрвээ улс төрийн захиалга байвал бид эцсээ хүртэл явна.