Малайзын парламентын сонгууль эхлэхээс хэдхэн цагийн өмнө Монгол Улсын иргэн С.Шаарийбуу тус улсын Ерөнхий сайд асан Махатхир Мохамэдтэй холбогдон малайзчуудад хандан мэдэгдэл хүргүүлсэн байна. Тодруулбал, тэрбээр “Малайзчууд аа, сонголтоо хийхдээ Ш.Алтантуяаг санаарай. Хэрэв Малайзын ард түмэн буруу сонголт хийвэл миний охины аллага шиг шударга бус явдалтай нүүр тулах болно. Охин маань амьд сэрүүн байсан бол тавдугаар сарын 6-нд 40 нас хүрэх байлаа. Түүний төрсөн өдөр Малайзийн парламентын сонгуультай давхцаж байгаа учраас би тус улсын иргэдэд хандаж Ш.Алтантуяаг битгий мартаарай, сонголтоо ухаалгаар хийгээрэй гэж хэлмээр байна" хэмээн бичээд тус орны тугийг барьсан өөрийн гэрэл зургаа хавсаргажээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг зэрлэг, балмадаар 2006 оны аравдугаар сард Шах Аламын ойролцоох ойд хөнөөсөн бөгөөд түүнээс хойш 12 жил өнгөрсөн байна. Тус хэргийг үйлдсэн хэрэгтнийг 2015 онд Холбооны дээд шүүхээс Азила болон Сирулыг тус хэрэгт буруутай хэмээн цаазын ял оноосон билээ. Цаазын ял оноосон хэдий ч Сирул ялын тогтоол гарахаас өмнө Австрали руу оргон зайлсан юм. Тэрээр Австралийн хууль сахиулагчдад баригдан, Сидней дэх Виллавүүдийн Цагаачлалын саатуулах төвд хоригдсоор байгаа юм.
Талийгаачийн аав С.Шаарийбуу “Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Малайзын улстөрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас их хэмжээний хахууль авсан хэргийн гэрч, уг үйл ажиллагаанд орчуулагчаар ажилласан учраас охиныг минь зэрлэгээр хөнөөсөн нь зарим баримтаар тогтоогдсон” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан билээ.
Дашрамд дуулгахад, Өчигдөр Малайз улсад болсон парламентын сонгууль болж, Ерөнхий сайд асан 92 настай Махатхир Мохамадын тэргүүлсэн сөрөг хүчин одоогийн ерөнхий сайд Нажиб Разакын 61 жил төр барьсан Барисан Насионал намыг ялсан байна.