Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн үүргийн дагуу нэр бүхий сэтгүүлчдийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамт тагнаж чагнасан, сүрдүүлж машин руу нь буудсан гэх мэдээлэл гарсан. Нийслэлийн прокуророос энэ талаар мэдээлэл өгөхдөө "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна" гэсэн билээ.
Тэгвэл уг асуудлаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг Тагнуулын Ерөнхий газраас өчигдөр дуудан байцаалт авчээ. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
-Тагнуулын ерөнхий газар ямар асуудлаар байцаалт авах гэж дуудсан юм бэ?
-Тагнуулын ерөнхий газар гэрчийн мэдүүлэг авна гэдэг асуудал тавьсан. Би хууль хүндэтгэж очсон нь үнэн. Би мэдүүлэг өгөөгүй. Яагаад гэвэл надад гэрчлэх асуудал байхгүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал байхгүй. Намайг тагнуулсан, чагнуулсан гэж байгаа бол баримтаа гаргаж ир гэдгээр ажил дууссан.
Т.Хулан