8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Нийт газар нутгийн 70 хувь нь цөлжилтөд өртлөө

2018-05-10 12:04:12

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг батлав.

Монгол Улсад хөрс, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон таримал болон  зэрлэг овог, төрөл зүйлийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах, мэдээллийн сан байгуулах ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг Засгийн газар танилцуулгадаа дурьджээ. НҮБ-ын ХХААБ-аас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх гэрээг 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 144 орон нэгдээд байна. Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай халуун болон өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн генетик нөөцийг чөлөөтэй ашиглах, хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэнэ хэмээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав.

Дэлхийн хэмжээнд эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд таримал ургамлын 70 төрлийн 20 мянга 500 генетик нөөц бүрдсэн байдаг аж. Харин Монгол Улсад үр тарианы 26, төмс, хүнсний ногооны 80 гаруй сорт байдаг бөгөөд ургац алдсан тохиолдолд гаднаас үр, бордоо оруулж ирдэг байна. Харин дээрх гэрээнд нэгдсэнээр дэлхий нийтийн таримал ургамлын 64 төрлийн генетик нөөцөөр өөрийн орны тариаланд селекци хийх, баяжуулах боломж бүрдэнэ гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.

Монгол Улсын бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед зөвхөн хүнсний ногоо бус малын тэжээл тарих чиглэлд анхаарах ёстойг Д.Тэрбишдагва гишүүн хэлэлцүүлгийн үеэр сануулав. Мөн тэрбээр уг гэрээнд нэгдсэнээр гишүүнчлэлийн төлбөр төлөх эсэхийг тодруулав. Уг гэрээнд нэгдсэн оросноор ямар нэгэн төлбөр төлөхгүй гэдгийг ажлын хэсгээс хэллээ. Мөн тус байгууллагаас авах 64 төрлийн генетик нөөцийн 30 хувийг тэжээлийн ургамал эзэлж байгааг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле цохон тэмдэглэв.

Монгол Улсын нийт газар нутгийн 70 хувь нь цөлжилтөд өртөж байгааг Б.Бат-Эрдэнэ гишүүн сануулав. Түүнчлэн орон нутагт газар тариалан болон мал аж ахуй хооронд зөрчил үүсч байгааг дурьдсан юм.

ХХААХҮЯ-ны Газар тарилангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун Засгийн газрын ээлжит хуралдаанаар газар тариалан болон мал аж ахуйн бүс нутгийг нарийвчлан тогтоохоор төлөвлөж байгаа гэсэн тайлбар өглөө.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийг батлав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment