Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон. Тэднийг сарын хугацаатай цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Ерөнхий сайд С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж, батлан даалтад гаргалаа. Шүүх хурлын талаар албан ёсны мэдээллийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх өгч байна.
Шүүхийн шийдвэр
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллаж, хилийн хориг тавьсан талаарх албан ёсны мэдээллийг шүүхээс гаргаад байна. Энэ тухай мэдээллийг хүргэе.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг анх 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг тус бүр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг өнөөдөр буюу 2018.05.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
Ч.Сайханбилэгт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно С.Баярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно Шүүх хуралдаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нар нь цагдан хорих 461-р ангиас Онлайнаар шууд холбогдож оролцсон болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар