Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, хурлаар Солонгосын визний нөхцөлийн талаар мэдээлэл өгч, виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын лавлагаа болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа асуудлын мэдээлэл өгсөн юм. Мөн түүнийг шийдвэрлэх чиглэлд дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгөв. Хурлын эхэнд Нийгмийн даатгалын асуудал хариуцсан дэд дарга Г.Саран дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Нийгмийн даатгалын лавлагаа машинаас сард 24 мянган иргэн лавлагаа авдаг. Зөвхөн 2017 онд 432 иргэний нийгмийн даатгалын хуурамч лавлагааг шалгуулсан байна. Лавлагаа машинаас иргэд хурууны хээгээ таниулаад авдаг. Тиймээс бид хуурамч лавлагааг шууд онлайнаар шалгах программыг нэвтрүүлээд байгаа юм. Тухайн виз хүсэгчийн регистрийн дугаар, лавлагаан дээрх 18 оронтой кодыг хийхэд виз хүсэгчийн талаар үнэн зөв мэдээлэл гарч ирнэ.
Мэдээлэл таарахгүй бол хуурамч лавлагаа гэдгийг шууд мэдэж авах боломжтой. Ингэснээр нийгмийн даатгалын лавлагааг хуурамчаар үйлддэг явдлыг таслан зогсоож чадаж байна" гэв
Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард илэрсэн хуурамч материалын тоо 400-500 хүрсэн гэдгийг хурлын үеэр онцолсон юм. Хэрвээ хуурамч бичиг баримт мэдүүлээд баригдах юм бол наад зах нь нэг жил, цаашид бүр виз мэдүүлэх эрхийг нь хугацаагүйгээр хасч байгаа аж. Бидний ажигласнаар хууль бусаар бичиг баримт үйлдэж байгаа этгээдүүд цахимаар үйл ажиллагаагаа сурталчилдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Хуурамч бичиг баримт үйлдэж байгаа этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19-р бүлгийн 19.14-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Үүнд нэгжээр буюу мөнгөн дүнгээр торгох, 6 сараас 1 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах, 2-6 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг юм байна.
Д.Болор