8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөхгүй

2018-05-11 10:45:09

Нийслэлийн Монгол Ардын Намын даргыг хэзээ сонгох вэ гэх олон нийтийн хүлээлттэй зэрэгцэн энэ албан тушаалд хэн хэн өрсөлдөх вэ гэсэн таамаг хэвлэл мэдээллийнхний дунд өрнөж эхэлжээ.

Тэдгээр таамаг дунд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэр ч багтаж буй юм.  Харин энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амабаясгалан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдэгдэл хийжээ. Тэрбээр “МАН-ын 28-р их хурлаас байгуулагдсан Бага хурлын гишүүд надад итгэл хүлээлгэж намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа сонгосон. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энэ итгэлийг зүтгэлээр хариулахаар зорин ажиллаж байна. 2016 оны сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд МАН-аас явуулж буй үйл ажиллагаанд хяналт, шаардлага тавьж ажиллах нь Намын ерөнхий нарийн бичгийн даргын хийх гол ажил.

Мөн энэ цаг үед МАН-д бодлого, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. МАН-ын 28 дугаар их хурлаас сонгогдсон намын шинэ удирдлага “Шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” боловсруулахаар ажиллаж байгаа. Бид намынхаа бодлого боловсруулах чадварыг сайжруулах, гишүүдийнхээ улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар олон ажил эхлүүлээд ид явж байна. Энэ бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нь Ерөнхий нарийн бичгийн дарга миний гол үүрэг юм. Энэ үүрэг, хариуцлагаас зугатах бодол надад алга. Иймд намайг Нийслэлийн намын дарга болно, улмаар засаг дарга болно хэмээн эмээж буй нөхдөд хэвлэлээр явуулж буй элдэв гүтгэлгээ зогсоохыг зөвлөж байна” хэмээжээ.

Нийслэлийн МАН-ын Бага хурлыг ирэх зургаадугаар сарын 7-нд хуралдуулахаар тов гарчээ. Хурлаар нийслэлийн МАН намын хорооны болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, шинэ даргаа сонгох юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл