8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: 2019 оноос эдийн засгийн бүхий л салбарт өсөлт гарна гэж үзэж байна

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-11 14:14:00

УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа. 

 

-    Төсвийн төсөөлөлд зарлагыг 10 их наяд гэж төлөвлөсөн байна. Харин орлогыг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байгаа вэ? 

-    2019 оны төсвийн орлогыг 2018 оны одоо батлагдсан тоогоос 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолсон. Энэ орлогыг эдийн засгийн өсөлтөөрөө төвлөрүүлнэ гэж төлөвлөж байгаа. Мэдээж, эрдэс баялгийн үнэ өндөр байгаа нь орлогыг төвлөрүүлэхэд нөлөөлнө. Эрдэс баялагийн үнийн өсөлтөөс нийт 370 тэрбум төгрөг орж ирнэ гэж үзэж байна. Харин 1.5 их наяд төгрөгийн орлогыг эдийн засгийн өсөлтөөс орж ирнэ гэж төлөвлөж байгаа. 2019 оноос эдийн засгийн бүхий л салбарт өсөлт гарна гэж үзэж байна. Орлогоо нэлээн дайчилж биелүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, орлогыг бүрдүүлэхийн төлөө Засгийн газрын зүгээс чармайж ажиллана. Үүнээс гадна эдийн засгийн өсөлтийг ард иргэдэд хүртээмжтэй байлгах талаас нь ажиллах болно. 

-    Орлогын төсөөллүүд нь хэр бодитой болсон бэ. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогоо бодитой бус төсөөлснөөс болж төсвийн алдагдалд ордог гэх шүүмжлэлийг мэргэжилтнүүд хэлдэг. Үүнд та ямар тайлбарыг хэлэх вэ? 

-    Энэ бол өмнө нь гарч байсан алдаа юм. Орлогоо төсөөлөхдөө нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд тооцчихдог. Гэтэл эргээд гүйцэтгэлийг нь харахаар яг л нэг их наяд төгрөгөөр орлого тасардаг. Тавьсан зардлууд нь л санхүүжсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд ийм алдаа их гарч байсан. 2014 оноос төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч ирсэн. Тэр үеэс Монгол улсын өр нэмэгдээд ирсэн. Одоо төсвийн орлогоо нэлээн бодитой тооцох бодлого баримталж байна. Эдийн засагтаа зөв бодлого явуулахын тулд нөхцөл байдлаа бодитоор дүгнэх, үндэслэх түүндээ тохирсон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөхцөл байдлыг хэт өөдрөгөөр авч үзвэл бодлого бурууддаг. Мөн нөхцөл байдлаасаа дор авч үзвэл мөн л эдийн засаг бодлого буруу эргэдэг. Тиймээс аль болох бодит нөхцөл байдалдаа тулгуурлан ажиллахаар төлөвлөж байна. 

-    2020-2021 оны төсвийн хүрээний төсөөллөөр зэсийн үнийг хэдэн төгрөг байхаар тооцолж байгаа вэ? 

-    Алт зэсийн үнийг хэдэн төгрөгөөр тооцох талаар Монгол улсын төсвийн тухай хуульд маш тодорхой заагаад өгсөн. Үнэлгээг олон байгууллага хийдэг. Энэ жил зэс ийм үнэтэй байгаа учраас ирэх жил тийм үнэтэй байна гэх мэтээр үнэлгээ тооцоог хийж явдаг. Манай хуулиар ОУВС-ийн аргачлалаар тооцоо хийж явдаг юм. Тэр аргачлалаар зэсийн үнийг 7228 доллар байна гэж тооцоолж байна. Алтны үнийг нэг унци нь 1375 доллар байна гэж тооцоолсон.  -    

-Жил бүр төсөвт гадаад өрийн зээлийн хүүнд ихээхэн мөнгө төсөвлөгдөж, энэ нь төсвийн зарлага ихэсэхэд голлох нөлөө үзүүлдэг. Ирэх онуудад төлөх гадаадын өрийн зээлийн хүүгийн төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Гадаадаа авсан зээлийн хүүгийн төлбөрт 2018 онд нийтдээ 1.4 их наяд төгрөгийг төлж байгаа.Бид өндөр хүүтэй зээл гаргалтаа зогсоож, зарим зээлүүдээ буцааж авах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч байгаа. Ингэснээр 2019 онд гадаад зээлийн хүүгийн төлбөрт 860 тэрбум төгрөгийг төлөхөөр болгож буулгасан. Энэ нь 2018 оноос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. 

-Цаашдаа гадаад зээлийн хүүгийн дарамтыг багасгах чиглэлд ямар ажлууд хийгдэх бэ? 

-2019 онд гадаад зээлийн хүүгийн төлбөр буурч байгаа ч бид үүнд сэтгэл ханахгүй байгаа. Цаашдаа үе шаттайгаар буулгах үйл ажиллагааг явуулна. Анхнаасаа өндөр хүүтэйгээр авчихсан бондууд байна. Тухайлахад, Мазаалай бондыг 10.875 хувийн хүүтэй авсан байдаг. Энэ төрлийн зээлийн хүүг буулгах чиглэлээр гэрээ, хэлцэл хийх гэхээр анхнаасаа хатуу нөхцөл заагаад өгчихсөн байна. Ийм шалтгаанаар тодорхой хаалтууд байгаа хэдий ч бид бондуудын хүүг буулгах чиглэлд анхаарч ажиллаж байгаа. 

-Ирэх онд “Эрдэнэт” үйлдвэрээс авах татварын хэмжээ өөрчлөгдөх үү?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 100 хувь төрийн мэдэлд авах асуудлаар УИХ шийдвэр гаргасан. Энэ дагуу Засгийн  газар шийдвэрээ гаргаад явсан байгаа. Үндсэн хуулийн цэц дээр бас  шийдвэр гарсан. Тийм учраас бид улсын төсөвт “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмч юм гэсэн үүднээс тооцооллыг нь суулгаж өгөх юм. 

-Яг хэдэн тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ гэсэн үг үү? 

-2019 онд “Эрдэнэт” үйлдвэрээс улсын төсөвт 175 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцож байгаа. 

-Төсвийн зарлагыг бууруулах чиглэл төсвийн хүрээний мэдэгдэл ямар зорилтууд тавигдсан бол? 

-Төсвийн зарлагыг бууруулах чиглэлд бид реформ хийхээр ажиллаж байгаа. Төсвийн орлогод төвлөрч буй  төгрөгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд  барьж ажиллаж байна. 2019 оны төсвийг боловсруулах ажлыг бид 2018 оны нэгдүгээр сараас эхлүүлсэн. Хөдөө орон нутгуудаар явж ажиллаж байна. Аймгуудын санхүүжилт дээр нухацтай ажиллахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна төсвөөс гарч байгаа хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд цахим технологийг түлхүү ашиглах бодлого барьж байна. 

-Таны төсөвтөө тодотгол хийхгүй гэдэг байр суурь энэ оныг дуустал үргэлжилж чадахаар байна уу. Тодорхой байдлаар төсөвт төлөвлөсөн орлогуудыг бууруулахаар тодотгол хийх нөхцөл байдал үүсэх биш үү? 

-Төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурь хэвээр байгаа. Төсвийн тусгай шаардлагууд биелсэн тохиолдолд төсвөө тодотгодог. Төсвийн орлого бууж байгаа тохиолдолд  тодотгох учиртай. Орлого нэмэгдэж  байгаа тохиолдолд төсвөө тодотгохгүйгээр, тодорхой зохицуулалтуудыг хийж болдог. Одоогоор улсын  төсвийн орлого тасралтгүй нэмэгдэж байгаа.

-Хэрвээ хүүхдийн  мөнгийг 100 хувь олгох шийдвэрийг УИХ гаргавал төсөвт тодотгол хийх үү? 

-УИХ дахь МАН-ын бүлэг дээр хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудлаар байр сууриа нэгтгэсэн байгаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Дарга нар ингэж худлаа яриад 20 жил болжээ.Бид олонх нь ядуураад л,бух салбараа гадныханд алдсаар байна .
2018/05/12 112.72.14.190
  • Recent
  • Most Read
  • Most Comment