Монголын түүх соёлын хосгүй үнэт үзмэрүүдийг хадгалж байдаг, уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь Богд хааны ордон музейн асуудал олны анхаарлыг маш их татаж байгаа. Засгийн газар 2001 онд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсийг 5.7 га газар гэж тогтоосон байдаг. Гэвч, өнөөдрийн байдлаар 2.3 га газрыг хувийн аж ахуйн нэгжүүдэд өгчихөөд байгаа юм. Тодруулбал,
Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон музейн газраас:
1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д
2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд
3. “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон байгаа юм.
Тус газрыг худалдан авсан “АПУ” ХК хөлбөмбөгийн асар барихаар барилгын ажлаа эхлүүлээд байгаа юм. Үүнийг эсэргүүцэж, энэ асуудлаар өнөөдөр эрдэмтэн мэргэд, боловсролын салбарын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Монгол судлаач Г.Баттогтох “Анх 2008 онд Хан-Уул дүүргийн газрын албанаас “АПУ” ХК-ийн охин компани гэгдэх “Ван трейд” компанид газар олгосон байдаг. Тус газрын зөвшөөрлийн дагуу “Ван трейд” компани музейн 1.6 га газарт хөлбөмбөгийн талбай байгуулах ажлыг эхэлсэн. Үүнийг бид нар эсэргүүцэж, зогсоож чадсан ч, хөрс хуулаад хаячихсан байна. 2012 онд Европын аварга шалгаруулах тэмцэний үеэр мөн л ийм асар барьж байсан. Тухайн үед Богдын ордын музейн хамгаалалтын дохионы өсгөгч өдөржин, шөнөжин дуугарч байсан юм. Энэ компаниас гапна Нийслэлийн засаг даргын захирамжаар “Грийн Эйр Гарден” гэх компанид зочид буудал аялал жуулчлалын чиглэлээр мөн л газар олгосон байдаг. МөнБогдын ордны баруун талын “Номун гэрэл” төвийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич Далантайн Цэрэнсодном гэх хүн эзэмшдэг. Монголын үүх түүхийг мэддэг шинжлэх ухааны оргилд нь явж байгаа хүний нэр энэ газартай холбоотой байгаа нь үнэхээр харамсалтай байна. Энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандаж шаардлага хүргүүлж байна. Тус шаардлагын хариуг гурван хоногийн дотор багтааж хариу өгөх ёстой. Хэрвээ хариу өгөхгүй бол бид тэмцэлээ үргэлжлүүлэх болно.
20-р зуунд Монгол Улс сэргэн мандасны гол голомт бол Богд хааны ордон юм. Түүх соёлын чухал нутаг руу бизнесийн зорилгоор дайрч байгааг ойлгохгүй байна. Хэдийгээр мөнгө төгрөг олох зорилготой байгаа ч гэсэн өөрийнхөө тусгаар тогтнол руу ингэж дайрч байгааг ойлгохгүй байна. Цаашид Засгийн газрын тогтоолын зөрчсөн хууль бус шийдвэрээ буцааж цуцлахгүй бол бид үргэлжүүлэн тэмцсээр байх болно.