8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Оюутолгойн гэрээнд аудит хийхээр болж, Ц.Нямдоржийг АТГ-д өгч шалгуулна гэдгээ мэдэгдсэн өдөр

2018-05-14 18:45:00

Шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Төлөвлөсөн ажил нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Урин дулаан цаг болж охид хүүхдүүд гоё ганган хувцсаа өмсөж, хүүхэд багачууд хөөрч баясан гадаа тоглох цаг ирлээ. Харамсалтай нь хүн болгон хаврыг ингэж таатай хүлээж авдаг гэвэл үгүй ээ.

Харшил тань хөдлөх вий гэж санаа зовж, хамар загатнаж, нүд хорсож, нус нулимстай холилдоно гэхээс та айж байгаа юм биш биз? Харшлын хүнд хэлбэрийн үед заавал эмчид үзүүлж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай байдаг бол хөнгөн хэлбэрийн үед дараах аргаар харшлаа намдааж болно. Ингээд өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Н.Амарзаяа: Хүүхдийн мөнгийг 80 хувиас дээш нь олгох боломжгүй. Үнэхээр их үүсвэр байхгүй

Засгийн газраас нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө өгөх шийдвэрийг гарган УИХ-аар хэлэлцүүлж байна. Харин Ерөнхийлөгч болон АН-ын бүлгийн зүгээс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох ёстой хэмээн үзэж УИХ-д тогтоолын төсөл өргөн бариад байгаа юм. Гэтэл Засгийн газраас хүүхэд бүрт мөнгө олгох төсөв, санхүүгийн боломжгүй хэмээн үзэж байна. 

Тиймээс УИХ-аас ажлын хэсэг гарган хүүхэд бүрт мөнгө олгох боломжтой эсэхийг судлуулжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяатай ярилцлаа.

ОУВС-гийнхан хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох байр сууриндаа хатуу байгаагаа илэрхийлсэн байна лээ 

-Хүүхдийн мөнгөний олголтыг судлах ажлын хэсэг ямар дүгнэлт гаргасан бэ. Үнэхээр хүүхэд бүрт мөнгө олгох боломжгүй юм уу? 

-УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг байгуулах болсон шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож байсныг 80 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Бас Монгол Улсын Ерөнхийлөгч бүх хүүхдэд 100 хувь олгох эрх зүйн бичиг баримт зэрэг ирсэн. Энэ хоёрын бүх нөхцөл байдлыг хангах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан юм. Хоёр бичиг хоёулаа зэрэг ирсэн учраас Төсвийн байнгын хорооноос 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, өнгөрсөн пүрэв гаригт шийдвэрээ эцэслэн гаргасан байгаа. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох бодит эх үүсвэрийг бүрдүүлж, ОУВС-тай тохиролцсон.Нэгэнт асуудлыг шийдэж, 80 хувьд олгож болж байгаа юм чинь ХНХ-ын сайдын багцын халамжийн сангийн мөнгөнөөс дахин зөрүү 20 хувийн 40 тэрбум төгрөгийг олох төсөв юу байгаа эсэхийг судалж үзэх, төлөвлөсөн мөнгөнөөс гүйцэтгэл нь хэр байна, огт гар хүрээгүй санхүүгийн эх үүсвэр байгаа эсэх зэргийг судлах юм. Хоёрдугаарт, Сангийн яам болон УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, тэднийг дахиж ОУВС-тай гэрээ хэлцлийн төвшинд сууж, 100 хувь олгох асуудалд анхаарлаа хандуулах чиглэл өгөөд байна. 

-ОУВС-аас ямар хариуг ирүүлсэн бэ? 

-Өнгөрсөн лхагва гаригт Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ОУВС-гийнхантай уулзсан. Гэвч ОУВС-гийнхан хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох байр сууриндаа хатуу байгаагаа илэрхийлсэн байна лээ. Тэд 60 хувь байсныг 80 хувь болгосон. Тохиролцоогоо эргэн харж нэг удаа өөрчилсөн. Үүнээс илүү боломж, нөхцөл байхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна лээ. Тэгэхээр Ажлын хэсгийн хуралдаан энэ хоёр байр суурь, дүгнэлтийг хүлээж аваад ямар ч байсан Сангийн яам, ОУВС болон УИХ-ын Төсвийн байнгын хорооны нөхцөл байдлын тайлбар нь 80 хувь дээрээ гэж байгаа бол бүгдээрээ тогтоол, шийдвэр гаргаж холбогдох байнгын хороондоо уламжлахаар боллоо. Бид гурван зарчим дээр л тохирсон. ОУВС-гаас тавьж байгаа шаардлага болон Засгийн газрын 80 хувьд нь олгох шийдвэрийг хүндэтгэнэ. Хоёрдугаарт, Засгийн газарт даалгавар өгсөн. 2019 оныг хүлээлгүйгээр хүүхэд бүрт 100 хувь олгох шийдвэрийг хүндэтгэж, төсвийн тодотгол хийвэл яаралтай олгох чиглэл өгсөн. 

-100 хувь бүх хүүхдэд олгох боломжгүй гэсэн үг үү? 

-Ерөнхийлөгч 100 хувь олгох ёстой, Засгийн газар 80 хувь нь олгох төслийг өргөн барьсан. Хоёр хуулийн төсөл өргөн баригдчихаж байгаа юм. Үнэхээр нэмэлт, эх үүсвэр байхгүй. Хүүхдийн мөнгийг 80 хувиас дээш нь олгох боломжгүй.  Гэхдээ тайлбар хэлэх нь зүйтэй байх. УИХ-аар тогтоол орно. Энэ тогтоолын дөрөв дэх заалт болгоод Төсвийн нөхцөл бололцоогоо бүрдүүлээд хүүхдийн мөнгийн хүүхэд бүрт үе шаттайгаар олгож нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан. Хэрэв төсөв болон нэмэгдэл эх үүсвэр бүрдээд ирэх юм бол энэ асуудлыг өнөө, маргааш гэхгүйгээр яаралтай шийд. Дээр нь төсвийн тодотгол хийх шаардлага үүсвэл хамгийн эхэнд хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг тусгаж өгөхийг даалгасан тогтоолын төслийг өргөн барьж байгаа. 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцаас хүүхдийн мөнгийг үлдэгдэл 20 хувьд нь олгох боломж байгаа юм. Харамсалтай нь, Төвсийн тухай хуулийг зөрчинө

- Тэгэхээр яваандаа хүүхэд бүрт мөнгө өгөх л юм байна гэж ойлголоо? 

-Тийм. Уг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцаас хүүхдийн мөнгийг үлдэгдэл 20 хувьд нь олгох боломж байгаа юм. Харамсалтай нь, Төвсийн тухай хуулийг зөрчинө. Өөрөөр хэлбэл, хууль зөрчинө гэсэн үг. Тэгэхээр төвсийн тодотгол хийхгүй тохиолдолд төсвийн мөнгөний эх үүсвэр, төсвийн мөнгийг нэгдүгээр сарын 1-нээс олгож байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад Халамжийн санд нь нэмэлт эх үүсвэр юу байна, нэг юм уу 10 тэрбум төгрөг байна уу. Тэгвэл 82, 85, 90 хувьд нь олгох уу гэдгийг төсвийн шийдлээр бүх төвшинд нь хийсэн. Үнэхээр боломжит эх үүсвэрээ Засгийн газар шавхсан байсан. 

-Сөрөг хүчний зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой. Сэтгэл гаргахгүй байна гэх зүйлийг ярьж байна? 

-Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө зорилтод бүлэгт олгоё. Өмнө нь 60 хувьд нь олгож байсан. Харин 80 хувьд нь болгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр бүх хүүхдэд нөхөж олгоно. Яалт ч үгүй төсөв хөрөнгө, халамжийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр нь юунаас бүрдэж байна гэхээр цалингаа ч нэмж чадахгүй хэмжээнд байна. Тэтгэврээ ч нэмж чадахгүй сууна. Ер нь бол ОУВС-гаас тавьж байгаа тайлбар нь юу гэхээр яг хүүхдийн мөнгө зорилтод бүлэг гээд байгаа нь халамжийн санд байгаа бол халамж хүсч байгаа зорилтод бүлгийн хүүхдэд л өгөх ёстой. Зарчим нь ийм гэдэг зүйл дээрээ ОУВС-гийнхан хатуу байр суурьтай байгаа юм. 

-ОУВС-гийнхан халамж гэж үзээд байгаа юм байна?

-Тийм. Өөрөөр хэлбэл, бидний төсөвлөсөн төсөвт байгаа мөнгө нь халамжийн санд байдаг. Нэгэнт халамж гэж байгаа бол зорилтод бүлэгт л олго гэх шаардлагыг ОУВС-гийнхан тавьж байгаа юм. Байр суурь нь хатуу байгаа нь ч гэсэн зөв. 

-Хүүхдийн мөнгөнд хамрагдах судалгааг учир дутагдалтай гэж үзэж шүүмжлэх иргэд байдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Иргэдийн бухимддаг нь үнэн.Гэрт нь очоод зурагттай бол баян гэж үзэх жишээний. Энэ бол өрх бүрт байгаа бухимдал гэдэгтэй санал нийлж байна. Тэр дундаа хөдөө, орон нутгийнхан. Алслагдсан сум, гэр хорооллын дунд их байдаг. Судалгааны агуулга нь учир дутагдалтай. Харин Н.Номтойбаяр сайд байхдаа дахин судалгаа явуулсан. Тэрхүү судалгаа нь өмнөхөө бодвол зөөлрүүлсэн, ханатай болсон гэж бодож байна. 

-Та хувь гишүүнийхээ хувьд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох ёстой гэж үздэг үү. 100 хувьд олгох ёстой гэж боддог уу?

-Би хувь гишүүнийхээ зүгээс бол байгалийн баялгын тэгш хуваарилалт улсын төсөвт бүрдэж байгаа орлогын хүүхэд бүрт олгож байгаа тэгш хуваарилалтын том боломж гэж харж байна. Үүнийг халамж биш хүүхдүүдээ олгож байгаа хадгаламж гэж ойлгож байна. Тэгэхээр амьжиргаа, ядуурлын төвшин 30 хувьд хүрээд зөвхөн хүүхдийн мөнгөөр амьдардаг иргэдийн тоо нэмэгдээд ирэхээр амьдралынх нь эх үүсвэртэй холбогдчихож байгаа юм. Уг нь, бодит зорилго нь хуримтлагдаж байгаад хүүхдийг 18 нас хүрэхэд нь сургалтын төлбөр хэлбэрээр хэрэглэгдэх зорилготой юм. Энэ нь явсаар байгаад л өнөөдрийн байдалд хүрчээд байна л даа. 

УИХ-ын гишүүд Богд хааны ордон музейн бусдад олгосон газрын зөвшөөрлийг цуцлахыг шаардлаа

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунхан, гэрэлт хөшөөг хамгаалах чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт шаардлага хүргүүлэх болжээ.

Энэ талаар өнөөдөр дээрх нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.

Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Сүүлийн үед Засгийн газрын тогтоол, Соёлын тухай, Соёлын өвийн тухай хуулийг зөрчин Богд хааны ордон музейн орчимд хууль бусаар барилга, байгууламж барьсан тухай мэдээлэл гарах болсон. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, 1921 оны Ардын хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин, төрийг хослон баригч Богд хаан Жавзандамба хутагтын орд өргөө бол Монгол төрийн түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнолын ариун гал голомт юм. Энэ музейд Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон дарь эхээс эхлээд Жавзандамба хутагтын хэрэглэж байсан баринтаг тэргүүтэй 9000 гаруй нэн ховор үзмэр бий. Уг музейг Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, Богд хааны ордон музейн орчимд түүхийн үнэт өвс, дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Мөн тус музейн хамгаалалтын бүсийг 5.7 га газар байхаар тогтоосон байдаг. Гэвч уг тогтоолыг зөрчиж тус хамгаалалтын бүсэд барилга барих, ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх, шар айраг борлуулах асар барих зэрэг асуудал үүсэн. Тиймээс Ерөнхий сайд болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийн 5.7 га газраас 2.3 га-г нь 2010-2013 онд хууль зөрчин иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосныг Г.Мөнхцэцэг гишүүн нэлээн шүүмжлэнгүй мэдээллээ.

Эдгээр гишүүдийн зүгээс Ерөнхий сайд болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт дараах дөрвөн заалт бүхий шаардлага хүргүүлж байгаа юм байна.

Нэгдүгээрт, Засгийн газрын 2001 оны 96 тоот тогтоол, Соёлын тухай хууль зөрчин Богд хааны ордон музейн хамгаалалтын бүст түүх, соёлын үлд хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулж, барилга барьж буй асуудлыг нэн даруй зогсоож, тухайн газрыг нөхөн сэргээлгэх.

Хоёрдугаарт, Богд хааны ордон музейн газарт хууль, тогтоол зөрчиж барьсан байгууламжуудыг нураах, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах.

Гуравдугаарт, Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн музей, сонгодог урлагийн болон Үндэсний урлагийн их театр барих шийдвэрийг нэн даруй гаргаж, хэрэгжүүлэх.

Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Шарга морьтын аманд байрлах Монгол Улсын сүүлчийн Их хатан Дондогдуламын бунхан, гэрэлт хөшөөг эвдэн зайлуулж, зуслангийн байшин барих зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлан, тус газрыг тусгай хамгаалатад өвч, соёлын өвд бүртгэх асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх.

П.Дэлгэржаргал: Түүх соёлын чухал нутаг руу бизнесийн зорилгоор дайрч байгааг  ойлгохгүй байна

Монголын түүх соёлын хосгүй үнэт үзмэрүүдийг хадгалж байдаг, уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь Богд хааны ордон музейн асуудал олны анхаарлыг маш их татаж байгаа. Засгийн газар 2001 онд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсийг 5.7 га газар гэж тогтоосон байдаг. Гэвч, өнөөдрийн байдлаар 2.3 га газрыг хувийн аж ахуйн нэгжүүдэд өгчихөөд байгаа юм. Тодруулбал,

Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон музейн газраас:

1.    Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д

2.    Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд

3.    “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон байгаа юм.

Тус газрыг худалдан авсан “АПУ” ХК хөлбөмбөгийн асар барихаар  барилгын ажлаа эхлүүлээд байгаа юм. Үүнийг эсэргүүцэж, энэ  асуудлаар өнөөдөр эрдэмтэн мэргэд, боловсролын салбарын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монгол судлаач Г.Баттогтох  “Анх 2008 онд Хан-Уул дүүргийн газрын албанаас “АПУ” ХК-ийн охин компани гэгдэх “Ван трейд” компанид газар олгосон байдаг. Тус газрын зөвшөөрлийн дагуу “Ван трейд” компани музейн 1.6 га газарт хөлбөмбөгийн талбай байгуулах ажлыг эхэлсэн. Үүнийг бид нар эсэргүүцэж, зогсоож чадсан ч, хөрс хуулаад хаячихсан байна. 2012 онд Европын аварга шалгаруулах тэмцэний үеэр мөн л ийм асар барьж байсан. Тухайн үед Богдын ордын музейн хамгаалалтын дохионы өсгөгч өдөржин, шөнөжин дуугарч байсан юм. Энэ компаниас гапна Нийслэлийн засаг даргын захирамжаар “Грийн Эйр Гарден” гэх компанид зочид буудал аялал жуулчлалын чиглэлээр мөн л газар олгосон байдаг. МөнБогдын ордны баруун талын “Номун гэрэл” төвийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич Далантайн Цэрэнсодном гэх хүн эзэмшдэг. Монголын үүх түүхийг мэддэг шинжлэх ухааны оргилд нь явж байгаа хүний нэр энэ газартай холбоотой байгаа нь үнэхээр харамсалтай байна.  Энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандаж шаардлага хүргүүлж байна. Тус шаардлагын хариуг гурван хоногийн дотор багтааж хариу өгөх ёстой. Хэрвээ хариу өгөхгүй бол бид тэмцэлээ үргэлжлүүлэх болно.

МУИС-ийн Түүхийн тэнхимын эрхлэгч доктор П.Дэлгэржаргал: Түүх соёлын чухал нутаг руу бизнесийн зорилгоор дайрч байгааг  ойлгохгүй байна

  20-р зуунд Монгол Улс сэргэн мандасны гол голомт бол Богд хааны ордон юм. Түүх соёлын чухал нутаг руу бизнесийн зорилгоор дайрч байгааг  ойлгохгүй байна. Хэдийгээр мөнгө төгрөг олох зорилготой байгаа ч гэсэн өөрийнхөө тусгаар тогтнол руу ингэж дайрч байгааг ойлгохгүй байна. Цаашид Засгийн газрын тогтоолын зөрчсөн хууль бус шийдвэрээ буцааж цуцлахгүй бол бид үргэлжүүлэн тэмцсээр байх болно.

Д.Эрдэнэбат: Хүүхэд ялгаварласан асуудлаар Цэцэд хандана

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг Засгийн газрын, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хамтарч хэлэлцэх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, сүүлийн хуралдаанаар ажлын хэсэг дэх МАН-ын бүлгийн гишүүд бүлгийнхээ шахалтаар улс төрийн шийдвэр гаргасан. Ажлын хэсэгт орсон манай намын хоёр гишүүнийг оролцуулалгүйгээр хуралдаж, хүүхдийн мөнгийг Засгийн газрын оруулсан хувилбарыг дэмжих шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн хуралдаанд суугаагүй гишүүдийг гарын үсэг зурахыг шаардсан. Ажлын хэсэгт байгаа АН-ын хоёр гишүүн гарын үсэг зурах ч үгүй. Чуулганы хуралдаанд ихэнх гишүүн хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох эдийн засгийн боломж байна гэж ярьж байсан хэрнээ бүлгийн шахалтаар улс төрийн шийдвэр гаргалаа. Хэрвээ УИХ-ын чуулганд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох санал оруулж ирвэл АН-ын бүлэг завсарлага авна. Хэрвээ энэ хууль батлагдвал Ерөнхийлөгчид хориг тавих хүсэлт илэрхийлнэ. Энэ хуулийг хүч түрэн шийдвэл хүүхдийг ялгаварласан асуудлаар Үндсэн хуулийн Цэцэл хандана” гэсэн юм. 

Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. 2019-2020 онд Монголын эдийн засаг дахь төсвийн зарлага 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Уул уурхайн үнийн өсөлтөөс давж орж ирсэн орлогыг давсан зарлага нэмэгдүүлсэн гэлээ. Эрх баригчид эдийн засгийн суурь өсөлтийг бий болгосон Оюутолгойн гүний уурхайн ашиглалтын эхний хөрөнгө оруулалт, баялгийн түүхийн эдийн үнийн өсөлтөн дээр цамаан хандаж байна гэдгээ илэрхийлсэн юм.

АН-ын бүлгээс Ерөнхий сайдад өгсөн шаардлагын хариуны хугацаа өнөөдрөөр хугацаа дуусч байгаа аж.

Зодуулж эмнэлэгт хүргэгдсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биеийн байдал тааруу байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа гишүүнд зодууж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, Улсын дээд шүүх өнөөдөр хуралдаж МАХН-ын дүрмийн асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын маргалдсан байна. Үүнээс үүдэж тус намын нэгэн гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг зодож биед нь хүнд гэмтэл урчуулсан талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр эмнэлэгт хүргэгдсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биеийн байдал хүндхэн байгаа аж. 

"Ц.Нямдоржийг АТГ-д өгч шалгуулна" гэв

Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт гаргаж АТГ-т өгч байгаагаа “Хөх Монгол бүлгэм”-ээс мэдэгдэж мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус бүлгэмийн тэргүүн, Хонхэрэйд Б.Энхбат Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийн одоо амьдарч байгаа орон байр нь энэ хүнд авлига өгч ашиглуулж байж болох талаар шалгах. Түүнийг Хятад улсын тагнуулын байгууллагад элссэн гэх асуудлыг  шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдэж байгаага онцолсон юм.   

Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд монгол төрийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг мөрдөн байцаах албыг  эргэн байгуулах асуудлыг судлан шийдвэрлэж холбогдох хуулийн төслүүдийг ойрын өдрүүдэд боловсруулан УИХ-д оруулан батлуулах гэж байгаа аж.

ГХЯ: Сунгалттай паспортаар зорчихгүй байхыг анхаарууллаа

Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон.

Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан бөгөөд гадаадын бусад улсуудын хувьд ч мөн ийм шаардлага тавьж байгаа тул сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Улсын шалгалтын “Даалгаврын сан” хэрэглээнд нэвтэрлээ

Үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэх зорилготой Улсын шалгалтын “Даалгаврын сан” хэрэглээнд нэвтэрлээ. Даалгаврын санд нэвтрэх бол www.ush.eec.mn холбоос дээр дарна уу.

Улсын шалгалтад 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана.

Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулагдана.

Оюутолгойн гэрээ, санхүүжилтэд аудит хийнэ

Үндэсний аудитын газраас “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд хийх аудит хийхээр болжээ. Ингэхдээ

  • “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”
  • “Оюу толгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал” гэсэн 2 бүлэг сэдвээр 2018-2019 оныг дамжин аудит хийх юм байна.

Ж.Мөнхбат: Би гэр бүлтэйгээ эрүүл саруул явж байна

Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёр зодолдож нэгнээ хэвтэрт оруулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн цахим хуудсаар ийнхүү бичжээ. Тэрбээр  "Юун зодоон, юун булаацалдаан бэ. Бид хоёрт булаацалдаад байх ч юм байхгүй. Би гэр бүлтэйгээ эрүүл саруул явж байна. Юун хэвтэрт орсон энэ тэр вэ. Харлуулах гээд ядчих юм аа" гэжээ. 

Д.Лхагважав: Зөрчлийн хууль гэх маш аймшигтай дарангуйллын системийг бий болгосон байна

2018 оны тавдугаар сарын 21, 22-нд “Монголын эдийн засгийн форум 2018” “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд болох гэж байна.

Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд чиглэлдсэн энэхүү арга хэмжээг 2010 оноос зохион байгуулж эхэлсэн.

2018 онд “Монголын эдийн засгийн форум”-ыг хоёр шатлалтай зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болж Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан. “Монголын эдийн засгийн форум” энэ удаагийн чуулганаар “Монгол Улсын хөгжлийн загвар”, “Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого” сэдвээр нэгдсэн хуралдаан , “Аж үйлдвэрийн IV хувьсгал” “Төр хувийн хэвшлийн түншлэл” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Хөдөө, аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, Монгол улсын брединг, Улаанбаатар хот, мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл баялагийн сан, хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, дижитал шилжилт зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Эдийн засгийн форум зохион байгуулахтай холбогдуулан http://mef2018.mn/ сайтыг нээн ажиллуулах юм байна. Мөн тусгай апплейкшн ажиллуулах юм байна. Энэ апп болон сайтаар дамжуулан форумын шууд дамжуулалтыг үзэж асуултаа илгээх боломжтой аж.  

Г.Занданшатар: 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг 1 хувийн татвартай болгох, татварын дарамтыг цэгцлэх асуудал шийдэгдсэн

Энэ талаар хуралдаан зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Монголын эдийн засгийн чуулган найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн чуулганы онцлог нь улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, мөн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулах, бизнесийн ажил хэрэгч байдлаар хийхээр төлөвлөж байна. Энэ удаагийн чуулганы уулзалтыг "Хүчээ нэгтгэе" уриан дор зохион байгуулж байна. Чуулганаар "Монгол Улсын хөгжлийн загвар, Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого" сэдвээр нэгдсэн хуралдаан, "Аж үйлдвэрийн IV хувьсгал, Төр, хувийн хэвшлийн түншлэл" нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бдолого, МУ-ын брендинг, Улаанбаатар хот, мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл, баялгийн сан, хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, дижилтал шилжилт зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Өнгөрсөн гуравдугаар сард "Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг" сэдвийн дор Засгийн газар "Гурван тулгуурт хөгжлийн бодлого", "Татварын хуулийн шинэчлэл" зэргийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгүүдийн үр дүнд татварын хуулиа өргөн барьж байна. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг 1 хувийн татвартай болгох, татварын дарамтыг цэгцлэх зэрэг олон дэвшилтэд шинэчлэлийг авчрах төслийг өргөн барихаар бэлтгэл ажил хангагдсан. Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар олон эерэг үр дүн гарна" гэв.

Б.Лхагважав: Сайд, агентлагийн дарга нар хоёр өдрийн форумд бүтэн суухгүй бол би бизнесмэнүүдээ аваад гарна

Мөн Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Б.Лхагважав “Манай танхим энэ форумд анхнаасаа идэвхтэй оролцож ирсэн. Энэ удаагийн форумд хөрөнгө оруулагч, төр, хувийн хэвшил талаас түншлэлийг бататгахаар оролцож байна. Эдийн засаг эрчимтэй унасан. Сүүлийн нэг жил л 5.1 хувийн нэмэхтэй гарч байна. Ойрын хоёр жил 6-7 хувьд өсөлтийг барих байх. Тиймээс энэ үед хуримтлагдсан татварын орлого, нийтийн санхүүжилтын ил тод байдал, авлигагүй байх талд асуудлыг тавина. Мөн Нийтийн сангийн мөнгөөр санхүүжиж буй хөрөнгө оруулалтуудад анхаарлаа хандуулна. Үүнийг тойрсон авлига хээль хахууль, түшмэдийн 10 хувь гэх зэргийг арилгах бодлогоо форумын үеэр тавина. Нийт аж, ахуй нэгжүүд иргэийн маань цуцалтгүй хөдөлмөрөөр бизнес сэргэж байгаа. Гэтэл Зөрчлийн хууль гэх маш аймшигтай дарангуйллын системийг бий болгосон байна. Энэ бол авлигалын үүд хаалгыг нээж өгч байна. Цаашлаад бүх бизнесийг зогсоож, нийтийн мөнгөний санхүүжилтын ил тод байдлыг хувиарласан нэртэйгээр үгүй хийх арга байна. Нөгөөтэйгүүр, ОУВС, бусад донор орнуудаас орж ирэх хөрөнгө оруулалт нь манай монголчуудын ерөнхий ашиг, манай улсад үйлчилж буй зах зээлийн зарчмыг барьж байна уу гэдэгт өөрсдийнхөө үзэл бодлыг хэлж оролцоно. Төр засгийнхан харилцан ярилцахаар орж ирж буй бол маш анхаарлаа хандуулж, сэтгэл гаргаж оролцох ёстой. Би “Дарга нар чинь гарч явах юм бол бид бизнесмэнүүдээ аваад гарна. Бид Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бэлэг тэмдэг болгох гэж хэдэн хүн суулгаагүй. Яг түүнтэй адил сайд, агентлагийн дарга нар хоёр өдрийн форумд бүтэн суухгүй бол би бизнесмэнүүдээ аваад гарна. Энэ зарчмыг анхнаасаа ярьж явж байгаа. Найман жилийн өмнө улс орны эдийн засаг болон бусад асуудлаа Төрийн ордны гадна талд ярьдаг байлаа. Харин одоо Төрийн ордонд орж ярилцдаг болсон. Цаашдаа Засгийн газрын ч юм уу эсвэл нэг эрх мэдэлтний дуу хоолой болгож энэ форумыг ашиглуулахгүй” гэлээ.

Иргэний үнэмлэхтэй холбоотой үйлчилгээг хороодод шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хурлаар нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний үйл явц, орчны шинжилгээ, хороодод зарим үйлчилгээг туршилтаар шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийгмийн хариуцлагаар дамжуулж иргэдийг шийдвэр гаргах болон төрийн үйл чанарыг сайжруулах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх чигэлэлээр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухай НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулга хийв.

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг сайжруулах зорилгоор ажилласан жилийг тодорхойлох лавлагаа, иргэний үнэмлэх шинээр авах, шинэчлэх, дахин авах зэрэг дөрвөн үйлчилгээг хороодод туршилтаар шилжүүлэх төлөвлөгөөтэй байгааг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Ингэснээр иргэд цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлт гаргах болоомж бүрдэж байгаа юм.

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг дэмжиж, “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд тус ажлыг дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Мөн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан талаарх зөвлөлийн гишүүдэд танилцуулга хийсэн байна.

Увс аймагт менингит туссан иргэнийг буруу оношилж эмчилснээр өвчтөн амиа алджээ

Орон нутагт өвчтөнд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.  Тодруулбал, Увс аймагт Нэгдсэн эмнэлэгт Цахилгаан менингит туссан иргэнийг сэтгэцийн өвчтэй хэмээн эмчилгээ хийсэн байна. Улмаар сэтгэцийн эмчилгээ хийлшүүлсэн иргэн амиа алсан харамсалтай хэрэг гарсан гэнэ. 

Эх сурвалжийн мэдээлснээр тус эмнэлэгт иймэрхүү буруу оношилж эмчилгээ хийсний улмаас хоёр удаагийн тохиолдол гарч өвчтөн амиа алдаж байсан гэнэ. 

Богдын ордон музейн 2.3 га газрыг гурван компанид хууль зөрчиж олгожээ

Монголын түүх соёлын хосгүй үнэт үзмэрүүдийг хадгалж байдаг, уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь Богд хааны ордон музей устах аюулд орсон талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээлэл байлаа. Анх 2008 оноос эхлэн “АПУ” ХК Богд хааны ордон музейн тусгай хамгаалалтын бүсэд асар барих нэрийдлээр газрыг ухаж эхэлсэн байдаг. 2008 онд  тус газарт Богдын ногоон ордны хойд талд 1998 онд үндэсний хөгжмийн засварын газар байгуулахаар "Ван трейд" компани зөвшөөрөл авсан байдаг. Улмаар худалдаа үйлчилгээний төв нээхээр "Ван трейд" компани барилга барьж байгаад дуусгалгүй газраа “АПУ” ХК-д зарсан байдаг.  Түүнээс хойш тус компани барилгыг тойруулан хашаа барьж, тус газрын тусгай хамгаалалтын бүсэд асар барих нэрийдлээр баар цэнгээн, шоуны газар нээхээр төлөвлөн ажилаа эхлээд байгаа аж. Ийнхүү олон жилийн турш тус газарт барилга бариулахгүй хэмээн тэмцэж байгаа Богд хааны ордон музей захирал О.Мэндсайхан салбарын сайддаа хандаж аврал хүсчээ.  Өмнө нь Богд хааны ордон музей захирал О.Мэндсайхан “Бид хэчнээн тэмцээд ч “АПУ”-г дийлдэггүй” хэмээн  хэвлэлд ярилцлага өгч байсан билээ.

Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл өгөхдөө  “Засгийн газар 2001 онд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсийг 5.7 га газар гэж тогтоосон. Ногоон ордонг энэ хэмжээгээр нь л хамгаалах ёстой байдаг. Харин хамгаалах чиг үүрэг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага буюу соёл урлаг хариуцсан агентлаг байдаг. Нөгөө талаар Мэргэжлийн хяналтын газар мөн хамгаалах ёстой. Бид энэ дагуу нь яам, агентлагуудад хандсан ч одоогоор ямар нэг хариу ирээгүй байгаа. Богдын ордон музейн газарт хамгаалалтын бүс тогтоосноос хойш дээрх шийдвэрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа. Ингэснээр түүх, соёлын дурсгалт зүйлд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдлүүд гарч байна. Сүүлийн үед гэхэд автозамын өргөтөл хийх гэж байгаа гээд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсээс авч, автозам барих удаа дараагийн сануулга манайд ирсэн. Уг нь энэ орчинд газар олголт хийх ёсгүй. Гэвч, өнөөдрийн байдлаар 2.3 га газрыг хувийн аж ахуйн нэгжүүдэд өгчихөөд байгаа. Тиймээс хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоож, хамгаалалтыг цаашид үргэлжлүүлэхэд эрх зүйн орчинг нь сайжруулах, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлийн эрхзүйн орчинг ч гэсэн сайжруулах хүсэлттэй байгаа” талаар ярив.

Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон музейн газраас:

1.    Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д

2.    Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд

3.    “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон байна.

Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейн газрыг 5.7 га байхаар баталсан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар музейн нийт газрын 2,3 га газрыг гурван  хувийн аж ахуй нэгжид хууль зөрчиж өгсөн байна. Өнөөдрийн байдлаар асах барих гэж байгаа компанийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Тус музейн удирдлагууд болон ажилчид нь салбарын сайд Ц.Цогзолмаад хандсан байгаа бөгөөд салбарын сайдаа түүхэн дурсгалаа хадгалан авч үлдэнэ хэмээн найдаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
ЭнхбатааМАНАНгийн*тоглоом**бүү*бол Цаг*нь*болоогүй*байна
2018/05/14 103.10.23.109