8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Улстөржүүлдэг сэдэв нь Оюутолгой биш

2018-05-15 14:25:48

ДОРНОГОВЬ АЙМАГТ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА

Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон АМГТГ-ын орлогч дарга нар, яамны газар хэлтсийн дарга нар болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Мэдээллийн эхэнд Уул, уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Тавдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймагт ажилласан байна. Тэрбээр Дорноговь аймгийн МАК-ын Хөх цавын цементийн үйлдвэр, “Доншен газрын тос Монгол”, “Бадрах энержи”, “Мон- Атом”, “Монцемент”, “Сайншанд салхин парк” зэрэг компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн тул ийнхүү газар дээр очиж нөхцөл байдалтай нь танилцжээ. Байгалийн баялаг ихтэй мөн дэд бүтэц сайн хөгжсөн учраас тус аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар сонгосон юм. Дорнод, Сүхбаатар аймаг буюу зүүн бүсийн эрчим хүчний дутагдлыг нөхөх, үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаж чадахгүй байна. Тиймээс Эрчим хүчний сайдтай ярилцаад ажлын хэсэг байгуулаад, зохих арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэж үзсэн. Дорнод аймгийн дулааны цахилгаан станцын өргөтлөлийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ" гэлээ.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 798.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ 

Тэрбээр мөн "Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 тэрбум төгрөгөөр үүнээс нүүрс олборлолт 295.9 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 72.3 хувийг эзэлж байна. Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.3 их наяд төгрөгт хүрлээ. Үүнд уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн дөрөвдүгээр сард 3.9 их наяд төгрөг буюу 73.4 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэр 3.4 их наяд төгрөг буюу 64.3 хувийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна. 2018 оны дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн” гэлээ.

Түүнчлэн ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна. 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,707.3 сая ам.доллар болж  2017 оны мөн үеэс 690.0 сая ам.доллар буюу 22.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 543.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Импортоор 1.581.9 сая ам.доллар буюу 41.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.  Тавдугаар сарын 14-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын 3330 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

38 ХОНОГИЙН ШАТАХУУНЫ НӨӨЦТЭЙ БАЙНА 

Тавдугаар сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн шатахууны нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 69, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна. Улсын дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1667 төгрөг, Аи-92 автобензин 1813 төгрөг, Аи-95 автобензин 2081 төгрөг, дизелийн түлш 2092 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Өмнөх сарын үнэтэй харьцуулахад шатахууны үнэ 6-8 төгрөгөөр буурсан байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн ахлагчийг өнгөрсөн долоо хоногт солилоо. Таны зүгээс Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солино гэж  ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Оюутолгойн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын төрийн захиргааны бүхий л байгууллагуудад  шалгалт орж байгаа гэж хэлж болно.Мэргэжлийн хяналт, Татвар, Аудит гэх мэт бүхий л байгууллагаас шалгалт оруулсан. Харин уул уурхайн яамнаас шалгалт ороогүй. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа УИХ, Засгийн газарт дараагийн асуудал нь яригдах байх. Ажлын хэсэг бол эднээс хол зөрсөн дүгнэлт гаргахгүй л болов уу. ТУЗ-ийн гишүүдийн тухай хэлэхэд, Оюутолгойн төсөлтэй хамгийн ойр ажиллах ёстой хүмүүс бол Монгол талын 34  хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүд юм. Цаашид төлөөллийн салбаруудаас нь ТУЗ-д оруулах ёстой гэдэг байр суурийг баримтлах нь хамгийн зөв гэж бодож байгаа. Түүнээс биш салбарын бус төлөөлөл нь яамдуудтайгаа уялдаж өгдөггүй ажлын уялдаа холбоо цалгарддаг, мэдээллийн урсгал ирдэггүй асуудал үүсдэг. Өнөөдөр Оюутолгойд үүсээд байгаа асуудал ч үүнтэй холбоотой. Үүнийг засч залруулан төслийг цааш нь үргэлжлүүлэх ёстой гэдэг байр сууриа би илэрхийлсэн.

-Хууль бус ашигт малтмалын лиценз олгосон асуудлыг хуулийн байгууллагуудтай хамтран шалгана гэж байсан. Шалгалтын ажил хийгдсэн болов уу?

-Хууль бус тусгай лицензүүдийн асуудыг Ашигт малтмал газрын тосны газарт үүрэг чиглэл өгсөн байгаа. Хууль бус лицензийг цуцлах эрх нь бий.

-Татварын Ерөнхий газраас Оюутолгойд 155 сая ам.долларын акт тавьсан байна. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Арбитрт очих асуудал яригдаж байна. Энэ асуудалд салбарын сайд ямар байр суурьтай байна вэ?

-Татварын асуудалд хоёр талаас Ажлын хэсэг байгуулагдсан. Цаашид талууд харилцан ярилцаж байж асуудлыг шийдвэрлэх ёстой. Том төслүүд жижиг зовлонг байнга дагуулж байдаг. Оюутолгой бол гаднын төсөл биш. Энэ бол Монгол Улсын төсөл. Үүнийг бүү улстөржүүлээсэй гэж хүсэж байна. Улстөржүүлдэг ч сэдэв биш. Арбитрт хандах үгүй эсэх нь өөрсдийнх нь асуудал. Ярилцаж байгаад шийдвэрлэх нь зөв. Юм л болов арбитрт хандаад байж болохгүй.

-Дубайн гэрээг Аудитаар шалгахаар болсон. Тус гэрээнд аудит орох хэмжээний зүйл заалт үүссэн гэж ойлгох уу?

-Ажлын хэсгээс тодруулж байж хариулт өгмөөр байна. 

-Газрын тосны үйлдвэр байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ? 

-Газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Эхний ТЭЗҮ энэ сарын 20-нд ирнэ. Хөгжлийн банкнаас 280 сая орчим төгрөгийн эх үүсвэрийг гаргах шийдвэр гарсан. 2022 оны сүүлээр үйлдвэрээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэг
2 толгой болон Эрдэнэтийн хэрүүлээс хэзээ салах юм бол?
2018/05/15 66.181.179.113
Zochin
Zuv l setgelgeetee said bn.Tuushtai baigaarai
2018/05/15 202.70.41.146