8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монгол Улсын баг Ой тогтоолтын Дэлхийн Аварга болж, С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан өдөр 

2018-05-15 18:45:00

Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Д.Сумъяабазар: Улстөржүүлдэг сэдэв нь Оюутолгой биш

ДОРНОГОВЬ АЙМАГТ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА

Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон АМГТГ-ын орлогч дарга нар, яамны газар хэлтсийн дарга нар болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Мэдээллийн эхэнд Уул, уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Тавдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймагт ажилласан байна. Тэрбээр Дорноговь аймгийн МАК-ын Хөх цавын цементийн үйлдвэр, “Доншен газрын тос Монгол”, “Бадрах энержи”, “Мон- Атом”, “Монцемент”, “Сайншанд салхин парк” зэрэг компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн тул ийнхүү газар дээр очиж нөхцөл байдалтай нь танилцжээ. Байгалийн баялаг ихтэй мөн дэд бүтэц сайн хөгжсөн учраас тус аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар сонгосон юм. Дорнод, Сүхбаатар аймаг буюу зүүн бүсийн эрчим хүчний дутагдлыг нөхөх, үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаж чадахгүй байна. Тиймээс Эрчим хүчний сайдтай ярилцаад ажлын хэсэг байгуулаад, зохих арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэж үзсэн. Дорнод аймгийн дулааны цахилгаан станцын өргөтлөлийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ" гэлээ.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 798.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ 

Тэрбээр мөн "Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 тэрбум төгрөгөөр үүнээс нүүрс олборлолт 295.9 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 72.3 хувийг эзэлж байна. Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.3 их наяд төгрөгт хүрлээ. Үүнд уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн дөрөвдүгээр сард 3.9 их наяд төгрөг буюу 73.4 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэр 3.4 их наяд төгрөг буюу 64.3 хувийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна. 2018 оны дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн” гэлээ.

Түүнчлэн ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна. 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,707.3 сая ам.доллар болж  2017 оны мөн үеэс 690.0 сая ам.доллар буюу 22.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 543.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Импортоор 1.581.9 сая ам.доллар буюу 41.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.  Тавдугаар сарын 14-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын 3330 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

38 ХОНОГИЙН ШАТАХУУНЫ НӨӨЦТЭЙ БАЙНА 

Тавдугаар сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн шатахууны нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 69, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна. Улсын дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1667 төгрөг, Аи-92 автобензин 1813 төгрөг, Аи-95 автобензин 2081 төгрөг, дизелийн түлш 2092 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Өмнөх сарын үнэтэй харьцуулахад шатахууны үнэ 6-8 төгрөгөөр буурсан байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн ахлагчийг өнгөрсөн долоо хоногт солилоо. Таны зүгээс Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солино гэж  ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Оюутолгойн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын төрийн захиргааны бүхий л байгууллагуудад  шалгалт орж байгаа гэж хэлж болно.Мэргэжлийн хяналт, Татвар, Аудит гэх мэт бүхий л байгууллагаас шалгалт оруулсан. Харин уул уурхайн яамнаас шалгалт ороогүй. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа УИХ, Засгийн газарт дараагийн асуудал нь яригдах байх. Ажлын хэсэг бол эднээс хол зөрсөн дүгнэлт гаргахгүй л болов уу. ТУЗ-ийн гишүүдийн тухай хэлэхэд, Оюутолгойн төсөлтэй хамгийн ойр ажиллах ёстой хүмүүс бол Монгол талын 34  хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүд юм.Цаашид төлөөллийн салбаруудаас нь ТУЗ-д оруулах ёстой гэдэг байр суурийг баримтлах нь хамгийн зөв гэж бодож байгаа. Түүнээс биш салбарын бус төлөөлөл нь яамдуудтайгаа уялдаж өгдөггүй ажлын уялдаа холбоо цалгарддаг, мэдээллийн урсгал ирдэггүй асуудал үүсдэг. Өнөөдөр Оюутолгойд үүсээд байгаа асуудал ч үүнтэй холбоотой. Үүнийг засч залруулан төслийг цааш нь үргэлжлүүлэх ёстой гэдэг байр сууриа би илэрхийлсэн.

-Хууль бус ашигт малтмалын лиценз олгосон асуудлыг хуулийн байгууллагуудтай хамтран шалгана гэж байсан. Шалгалтын ажил хийгдсэн болов уу?

-Хууль бус тусгай лицензүүдийн асуудыг Ашигт малтмал газрын тосны газарт үүрэг чиглэл өгсөн байгаа. Хууль бус лицензийг цуцлах эрх нь бий.

-Татварын Ерөнхий газраас Оюутолгойд 155 сая ам.долларын акт тавьсан байна. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Арбитрт очих асуудал яригдаж байна. Энэ асуудалд салбарын сайд ямар байр суурьтай байна вэ?

-Татварын асуудалд хоёр талаас Ажлын хэсэг байгуулагдсан. Цаашид талууд харилцан ярилцаж байж асуудлыг шийдвэрлэх ёстой. Том төслүүд жижиг зовлонг байнга дагуулж байдаг. Оюутолгой бол гаднын төсөл биш. Энэ бол Монгол Улсын төсөл. Үүнийг бүү улстөржүүлээсэй гэж хүсэж байна. Улстөржүүлдэг ч сэдэв биш. Арбитрт хандах үгүй эсэх нь өөрсдийнх нь асуудал. Ярилцаж байгаад шийдвэрлэх нь зөв. Юм л болов арбитрт хандаад байж болохгүй.

-Дубайн гэрээг Аудитаар шалгахаар болсон. Тус гэрээнд аудит орох хэмжээний зүйл заалт үүссэн гэж ойлгох уу?

-Ажлын хэсгээс тодруулж байж хариулт өгмөөр байна. 

-Газрын тосны үйлдвэр байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ? 

-Газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Эхний ТЭЗҮ энэ сарын 20-нд ирнэ. Хөгжлийн банкнаас 280 сая орчим төгрөгийн эх үүсвэрийг гаргах шийдвэр гарсан. 2022 оны сүүлээр үйлдвэрээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ц.Шаравдорж: О.Баасанхүү “Май чи” гээл л салаавч гаргаад танхайраад байсан

Өчигдөр Дээд шүүх хуралдаж, МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд бүртгэхээс татгалзсан. Уг шүүх хуралдааны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан нар хоорондоо муудалцаж, багагүй асуудал үүсгэсэн гэдэг. Энэ үеэр МАХН-ын гишүүн гэгдэх Уламбаяр гэх залуу УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед халдаж, ноцтой гэмтэл учруулсан. Улмаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байгаа билээ.

Тэгвэл уг мэдээлтэй холбогдуулан МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Өчигдөр Улсын дээд шүүх манай намын дүрэм, мөрийн хөтөлбөрт орох өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэр улс төрийн захиалгатай, МАХН-ын үйл ажиллагааг хязгаарласан үйл ажиллагаа боллоо гэж бид дүгнэж байна. Улс төрийн намын мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг л Улсын дээд шүүх хянадаг. Түүнээс өөр эрх мэдэлгүй. Бид дүрэм, мөрийн хөтөлбөрөө Үндсэн хуульд нийцсэн эсэхээ хянуулахаар Улсын дээд шүүхэд хандсан. Манай намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөнийг мэдэхгүй байна. Улсын дээд шүүх нь манай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс хоёр дахиа удаагаа татгалзаж байна. Тэд О.Баасанхүүгийн талд ажиллаж байна. Тиймээс бид дахин мөрийн хөтөлбөр, дүрмээ өргөн барих болно. Монгол Улсын ерөнхий шүүгчид энэ асуудлаараа хандана. Дээд шүүх нь МАХН-ын хурлыг хууль ёсны байсан эсэхийг шүүдэг байгууллага биш” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүг зодсон асуудлаар МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж “Шүүх хуралдааны танхимд салаавч гарган танхайрсан, харин МАХН-ын гишүүн Уламбаяр ямар нэгэн байдлаар биед нь халдаагүй. О.Баасанхүү “Май чи” гээл л салаавч гаргаад танхайраад байсан. Шүүх танхимд танхайраад байхаар нь МАХН-ын гишүүд шаардлага тавьсан. Түүнээс биш түүнийг барьж авч зодсон МАХН-ын нэг ч гишүүн байхгүй. УИХ-ын гишүүний ёс зүйгээ илт зөрчиж сошиал орчинд илт худал мэдээлэл тарааж байгаа О.Баасанхүүг УИХ-ын Ёс зүйн хороонд өгнө” гэж мэдэгдлээ.  

С.Бямбацогт: Хожимдож халагдах уу, урьтаж сэргийлэх үү гэдэг өөрөө сонголт

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар хэлэлцүүлж байна. Яг ямар өөрчлөлт оруулахаар болж байгаа вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ГХУСТ хууль 1997 онд батлагдсан. Энэ хуулийг хэт ерөнхий, тунхагийн шинжтэй, зөвхөн ил үйлдэгддэг гэмт хэргээс л урьдчилан сэргийлэх агуулгатай, цаг үеэсээ хоцрогдсон гэсэн шүүмжлэл нийгэмд их байдаг. Тэгвэл ГХЗУСТ хуулийн төсөлд зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж агуулгыг илүү өргөжүүлсэн. Сүүлийн арван жилд гэмт хэргийн тоо тогтмол өсч байна. Гэмт хэргийн улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Өчнөөн айлын элэг бүтэн амьдрал сүйрч, төчнөөн олон хүн гаслан зовлонд унаж байна. Эдийн засгийн талаас нь авч үзэхэд гэмт хэргийн улмаас жилд 200 шахам тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирч байна. Ийм байхад гэмт хэрэг зөрчлийг зөвхөн гарсан хойно нь “гал унтраах” , илрүүлэх, гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулахад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх ажлыг орхигдуулах нь үнэхээр тэнэг хэрэг болно. Дээрээс чулуу унаж буйг мэдсэн атлаа зайлж бултах биш “...за яахав толгой хагалчихсан хойно нь бооё, хэн унагав гэдгийг дараа нь олж мэдье...” гэсэнтэй л адил юм болно шүү дээ. Тэгэхээр гэмт хэрэгтэй тэмцэх ажлын гол цөм нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болж таарч байгаа биз. Зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэдгийг нэмж тодотгосон нь ч тохиолдлын хэрэг биш. Зөрчил даамжирвал, давтагдсаар байвал гэмт хэрэг болдог. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэдэг шиг өнөөдөр зөрчил гаргасан этгээдийг өөгшүүлвэл ирээдүйн гэмт хэрэгтний толгойг илж байна л гэсэн үг. Гэмт хэрэг зөрчилтэй уриа тунхагийн байдлаар тэмцээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Бас урьдчилан сэргийлэх ажилд ач холбогдол өгөхгүйгээр урагшаа гишгэхгүй гэдэг нь ч харагдсан. Тийм ч учраас би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа ГХУСАЗ зөвлөлийг дахин сэргээн байгуулсан. Одоо харин энэ хуулиар ГХУСАЗ зөвлөл болон хууль сахиулагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч байна. Морио чөдөрлөчихөөд ташуурдаад байвал хол явахгүй.           

-Хуулийн төслийг өргөн баригдаад батлагдлаа гэхэд хууль эрх зүйн орчинд ямар ахиц гарах бол?

-Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хууль тогтоомж бүрэн шинэчлэгдсэн. Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ч батлагдсан. Энэ бүхэн бол ГХЗУСТ хуулийн төсөл боловсруулах бас нэгэн практик шаардлага мөн үү гэвэл мөн. Төрийн үндсэн чиг үүрэг бол иргэдийнхээ эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж хамгаалахад оршдог. Хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх замаар л нийгэмд шударга ёс, дэг журам тогтдог. “...Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гээд Үндсэн хуульдаа заачихсан. Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хүрээг нарийвчилсан. Үүнд Үндсэн хуулиас авахуулаад Эрүү, Зөрчил, авлига, хүчирхийлэл, мөнгө угаах, хүүхэд хамгаалалтай холбоотой гээд нийтдээ 20 гаруй хууль ГХЗУСТ хуулийн төсөлтэй уялдаж байгаа. Нэг ёсондоо энэ хууль дээрх бүх хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулсан ерөнхий хууль нь болж таарч байгаа юм.          

-Уг хуулийн төсөл Эрүүгийн болон Зөрчлийн хуультай хэр уялдаж байгаа вэ?

-Мэдээж хэрэг нийцэлгүй яахав. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хамгийн гол цөм нь урьдчилан сэргийлэх явдал гэж би дээр хэлсэн. Тэгвэл урьдчилан сэргийлэх ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь өөрөө гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт сайн байж, буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулах явдал мөн шүү дээ. Энэ ажлын үр дүн сайн байх нь дараагийн эрсдэлийг давхар бууруулж байдаг. Хулгай хийвэл илрүүлчихдэг юм байна, хүн дээрэмдвэл олоод шийтгэдэг юм байна гэх дохиог эргүүлээд нийгэмд өгдөг гэх утгаараа тэр. Харин гэмт хэрэгтэй тэмцэх ажил нэг л эрч муутай, бүтэлгүй яваад байвал гэмт этгээдүүд дахин давтан гэмт хэрэг үйлдэх, үл бүтэх нөхдийн санаа сэдлийг өгдөөх аюултай. Тийм болохоор мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бол гэмт явдлыг хөтөлгөө морьтой байж хөөж гүйцэж, аюул эрсдэлээс хамгаална гэдгийг л харуулаад байгаа юм. ГХЗУСТ хуулийн төсөл гэмт явдлын шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлж байна гэдгээрээ онцлогтой. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ гэдгийг тодотгосон. Гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэх орчин нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх  гэсэн гурамсан холбоог энэ хуулийн төсөлд зохицуулж, Эрүү болон Зөрчлийн хуультайгаа илүү уяж өгсөн гэдгийг хэлэх байна.     

-Манайх хууль батлаад байдаг. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангахад төсөв шаардлагатай болдог. Уг хуулийг хэрэгжүүлэхэд санхүүжилт хэр хэрэгтэй вэ?

-Наадах чинь их чухал асуудал. Өнөөдрийг хүртэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг зөвхөн хэв журмын болон замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 40 хувиар санхүүжүүлж ирсэн. Архидан согтуурахтай тэмцэх ажилд архины онцгой албан татварын орлогын тодорхой хувийг зарцуулах шинжтэй. Энэ бүгд нийлээд нийлээд улсын хэмжээнд 1 тэрбум орчим төгрөг л болдог. Нийслэл хот, 21 аймаг, 330 суманд үүнийг хуваагаад үзэхээр, улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэвэл хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Тийм болохоор хуулийн хэрэгжилтийн хүчин чадлыг өндөр байлгахын тулд санхүүжилтийн асуудлыг зайлшгүй авч үзэх ёстой. Айлаар жишээлэхэд авдарандаа ганц цоож хийхгүй байж, хашаандаа ганц камер тавихгүй байж гэр орондоо юм хураагаад ер нь яах вэ дээ. Нийгмээ айдас түгшүүргүй, нийтээрээ амгалан тайван байхыг хүсч л байгаа юм бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг гар хоосон хэдэн цагдаа, ганц улаан мөнгөгүй хууль сахиулагчиддаа найдаад орхих нь ёстой бэртэгчин явдал болно. Тийм учраас бид хуулийн төсөлд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг нийт зөрчлийн торгуулийн 40 хувь гэж өргөтгөж оруулсан.       

-Та хэлэлцүүлгийн үеэр жилд гэмт хэргээс болж 200 тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэж байсан. Энэ хохирол бодитой хэмжээгээр буурах уу?

-Яг тийм. Гэхдээ өөрийн чинь хэлээд байгаа тэр 200 тэрбум төгрөгийн хохирол чинь шууд хохирол шүү дээ. Шууд бус хохиролыг авч үзвэл түүнээс ч өндөр дүн гарна. Гэмт хэргийг илрүүлэх гэж цагдаа нар хэдий хэмжээний цаг нар, цалин шатахуун зарцуулав, хэрэгт хяналт тавих гэж прокурор, шийдэх гэж шүүгч нар ямар ачаалалтай яаж ажиллав гээд тооцвол их өөр тоо гарна. Түүн дээр гэмт хэргийн улмаас ойр дотны хүнээ алдсан, эрүүл мэнд, эд материалын хохирол амссан хүмүүсийн сэтгэл санааны хохиролыг юугаар ч үнэлэх аргагүй шүү дээ. Гэмт этгээдийн тухайд ч гэсэн аав ээж, ах дүү, хань ижил, үр хүүхдээ амьдын тамд унагаж, сэтгэлийн зовлон учруулж байгаа. Ял шийтгүүлсэн этгээдэд хорих ял эдлүүлэхэд төрөөс хэдий хэмжээний зардал гарч байгаа билээ. Энэ бүхнийг нэгтгээд тооцох юм бол 200 тэрбум төгрөг биш их наядаар яригдах хэмжээний шууд бус хохирол гарч байгаа биз. Тэгэхээр заавал “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн” үйлдэл хийдэг байх биш урьтаж “бороо шорооноос өмнө өрхөө татаж үүдээ хаадаг” байдалд илүү анхаарах л ёстой болж таарч байна.    

-Хууль батлагдсанаар иргэдэд яг ямар бодит боломжууд нээгдэж байгаа вэ. Гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх боломж хэр нэмэгдэх бол?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн 5 чиглэл дотор соён гэгээрүүлэх чиглэл гэсэн нэг чухал чиглэл байгаа. Бүх нийтийн эрх зүйн боловсрол олгох асуудал үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг. Өнөөдөр бид Монгол улс бол хүүхэд залуучуудын орон гэж их ярьдаг. Гэтэл хүүхэд залуусаа гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх тал дээр хэр анхаарч чадаж байгаа вэ гэдгээ бодох цаг болсон. Ерөнхий боловсролын сургуульд Иргэний боловсрол гэсэн хичээл ордог ч энэ хичээлээр эрх зүйн боловсрол олгох асуудал учир дутагдалтай байгаа. Гэтэл хүүхэд шилжилтийн насандаа, дунд ахлах ангидаа ямар хүн болох вэ гэдэг нь үндсэндээ шийдэгдчихдэг. Олуулаа хөөрч дарвиж яваад гэнэн болчимгүй байдлаас болж алдаж эндэх тохиол их бий. Хүний юм зөвшөөрөлгүй авбал яах вэ, хэн нэгнийг санаатай санаандгүй цохьчихвол юу болох вэ, зодоон цохион хийвэл хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг тухай тэдэнд ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй. Үүнээсээ болж амьдралд хөл тавихаасаа өмнө “аавын хаалга” татаж, амьдрал хувь заяагаа орвонгоор нь эргүүлэх явдал ч гарч байна. Энэ хуульд хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх үүргийг ч илүү тодорхой болгосон. Сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл бол нийгмийнхээ сэтгэл зүйн залуур дээр сууж байгаа хариуцлагатай салбарынхан. Гэтэл зарим нь / бүгдээрээ биш  шүү / гэмт хэргийн тухай мэдээлэхдээ бараг гэмт хэрэг яаж хийх тухай хичээл заачихдаг. Үйлдэл бүрийг нь нарийвчлан харуулж, дүрсэлж, бичиж, бараг л яавал цагдаад баригдахгүй байсан талаар нь зааж орхидог. Нөгөө талдаа нийгмийн хариуцлага гэдэг зүйл бүх салбарт байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр алаан хядаан, хүчирхийлэл, садар самуун, хар тамхи, мансууруулах бодис сурталчилсан кино, контент гаргах нь маш ёс зүйгүй хэрэг. Түүнийг нь заавал хэн нэгэн, аль нэг байгууллага хэлж сануулах хүртэл “нүдэн балай чихэн дүлий” байх нь дэндүү увайгүй явдал шүү дээ. Ямар ч асуудлыг өөр дээрээ тавьж үзэж байх хэрэгтэй. Тэр харуулаад үзүүлээд байгаа болохгүй зүйлийг чинь таны үр хүүхэд үзвэл яаж нөлөөлөх бол гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Таны хийж байгаа мэдээг үзээд хэнд ямар сэдэл төрөх бол гэдгийг анхаарах учиртай. Мэдээж хэн ч , ямар ч сэтгүүлч гэмт хэргийг өөгшүүлэх гэж, магтан дуулах гэж мэдээлдэггүй л байх. Гэхдээ хэт дуулиан шуугиан хөөсөн байдлаас болж нөгөө талдаа нийгэмдээ засч болохгүй хор хөнөөл учруулах вий гэдгийг байнга санаж байгаасай. Бас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн мэдээ мэдээлэл, нийгмийн чанартай реклам сурталчилгааг түгээхэд гүүр нь болоосой гэж хүсэх байна. Амьдралд бүхнийг мөнгөөр харж үнэлж болохгүй. Энэ нийгэмдээ, бас ирээдүйдээ чаддаг зүйлээрээ, чадаж байгаа юмаараа сайн сайхны хөрөнгө оруулалт хийх нь хуулийн гэхээс илүү бидний жам ёсны үүрэг гэж ойлгодог.           

-Та УИХ-ын дэгийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Хуулийн төслийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ? Дэгийн тухай хуулиар ямар зохицуулалтуудыг хийх вэ? Гишүүдийн ирцтэй холбоотой асуудлыг суулгаж өгч, эгүүлэн татах арга хэмжээ авна гэсэн?

-“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэж үг бий. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” ч гэдэг. Үнэхээр хариуцлага, ёс зүйг гишүүд өөрсдөөсөө эхлэхгүй бол болохгүй болчихлоо. Өөрөө хуралдаа суудаггүй, цагтаа ирдэггүй, ажлаа хийдэггүй байж ер нь хэнээс хариуцлага нэхэх юм. Тэгэх ямар ёс суртахууны эрх байх юм. Өнөөдөр УИХ-ын нэр хүнд уналаа л гээд яриад байгаа. Энэ чинь дотор нь байгаа гишүүдээсээ л хамаарч байгаа байхгүй юу. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хуулийн төслийг аль болох яаралтай хэлэлцэж хурдан батлах ёстой. Гишүүд өөрсдийнх нь хариуцлага, ёс зүй, нэр хүндтэй холбоотой асуудалд хойрго хандаж болохгүй. Энэ хуулийн төсөлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааны гуравны нэгд суугаагүй гишүүнийг эргүүлэн татна гэсэн заалт оруулсан. Бас санал хураалтын ирцийн босгыг өндөрсгөж, ирцэнд орохдоо, санал хураалтад оролцохдоо заавал биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр бүртгүүлэхийг хуульчилсан. Ингэснээр хүмүүсийн шоглон хэлдгээр гишүүд “төгөлдөр хуурддаг” байдал эцэс болно. Цөөхөн хэдэн гишүүн сууж байгаад, ирээгүй гишүүдийн өмнөөс кноп дарж хууль батладаг байдал арилна. Үүний цаана ард түмэн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрх барих эрх нь бүрэн утгаараа хэрэгжинэ гэсэн үг.    

-Дэгийн тухай хуулиар гишүүдийг нэлээд чангалах бололтой. Ийм хуулийг гишүүд дэмжих болов уу?

-Дэмжихээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл хэн хариуцлага, ёс зүйгээс бултаж булзаж байна вэ гэдэг нь ард түмний нүдэн дээр тодорхой харагдана. УИХ-ын гишүүний нэр хүнд гэдэг цол чимэг биш. Ард түмнийг төлөөлж ажил хийнэ, тэдний дуу хоолойг төрд хүргэнэ гэчихээд тэр үүргээ биелүүлэхгүй байх нь хэтэрхий даварсан явдал шүү дээ. УИХ-ын гишүүн гэдэг дарга биш, иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон адилхан л хүн. Олон түмний сонголтоор гарч ирсэн гэдэг утгаараа харин илүү их хариуцлага хүлээх, илүү ёс зүйтэй байх, илүү ачаа үүрэх ёстой. Ингэж чадахгүй бол өөрөө хүсэлтээрээ явж чаддаг байх хэрэгтэй. Харамсалтай нь тэгж чадахгүй байгаа учраас л дэгийн тухай хуулиар таны хэлдгээр ”чангалахаас” өөр арга алга. Энэ хуулийг дэмжихгүй бол гишүүд өөрсдөө их муухай харагдана. УИХ-ын нэр хүндийг улам шороотой хутгана. Энэ нь эргээд Монголд дарангуйлал үүсэх , олон нийт нэг хүний засаглалыг хүсэмжлэх хөрсийг бий болгоно. Тэр цагт бүх зүйл оройтсон байх болно гэдгийг өнөөдөр санаж сэрэх хэрэгтэй. Том эрх ашгаа бодож , улс гэрээ бодож хувийн өчүүхэн эрх ашгаасаа татгалзаж, энэ улсын төлөө чадлаараа зүтгэдэг байх учиртай. Гишүүн байна гэдэг төрд түшээ байх ёстой болохоос тушаа болохын нэр биш шүү дээ.          

-Оюу толгойтой холбоотойгоор Ерөнхий сайд байсан хүмүүсийг хорьж шалгаж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Та бүхэнтэй л адил мэдээлэлтэй байна. Би хувьдаа С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар зарим нэг хүмүүс шиг эх орноосоо бултаж зугтаасангүй ирээд шалгуулж байгааг нь харин ч үнэлж байна. Бас гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоодог хууль шударга ёсны зарчимд итгэдэг. Тэр болтол хэн ч хэнийг ч буруутган яллах эрх байхгүй. С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн гэрээ УИХ-д танилцуулагдаж Засгийн газар гэрээ байгуулсан нь үнэн. Харин ийм бодлогын шийдвэр гаргасан нь буруутай байсан, тэр буруутан нь энэ хүн гэж ирээд хамтаараа гаргасан шийдвэрээс хэн нэгнийг нь сугалж аваад яллах нь арай л хэтийдсэн хэрэг болно. Ингээд байх юм бол аль ч Засгийн газар, ямар ч Ерөнхий сайд улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй дорвитой ажил хийж чадахгүй. Хаяагаа манасан, өдөр шөнийг аргацаасан тийм л байдлаар ажилладаг буруу жишиг тогтоно. Хууль шүүхийн салбар улс төрийн захиалгаар ажилладаг болчихвол улс төрчдийг сонгодог ард түмэн биш харин хуулийнханг далдаас захирдаг, заавар өгдөг тэр нууц ноёнтон л эрх мэдэлтэй болно. Миний хувьд ямар ч хүнийг унасан хойно нь дэвслэх, араас нь шороо цацах хүмүүжил байхгүй. Тийм жудаггүй явдалд үнэн голоосоо дургүй. Шүүх үнэн мөнийг нь тогтоотол хэнийг ч буруутгах хууль зүйн болоод ёс суртахууны эрх надад алга даа.
      
-Монгол Улсын хамгийн том төсөл Оюу толгойд болгоомжтой хандахгүй бол гадны хөрөнгө оруулалтаа үргээж мэднэ. Аль өнцгөөс нь харах ёстой вэ?

-“Жоомоо алах гээд байшингаа шатаав” гэдэг шиг зүйл болчихгүй байгаасай. Гэхдээ Оюутолгойн гэрээний хувьд засаж залруулах зүйл хангалттай бий. Би бүр 2011 оноос хойш  Оюутолгойн гэрээг засч сайжруулах ёстой шүү гэдгийг удаа дараа сануулж хэлж л байсан. Тэгээд зогсохгүй УИХ-ын 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг санаачилж байсан. Гэвч энэ заалт харамсалтай нь хэрэгжээгүй өдийг хүрсэн. Яагаад 57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг санаачилсан гэхээр хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөнөөс хойш Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх. 50-иас доошгүй гэдэг нь 50+1 байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хяналтын багцаа авах тухайд би ярьж байсан юм. Хөрөнгө оруулалтаа нөхөөд, ашгаа олсны дараа гэдгийг зориуд оруулсан. Гэвч хүлээж аваагүй. 30 жилийн дараа 50 хүртэлх хувь эзэмшихээр оруулж ирсэнБас өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын зардал нь байнга өсч ирлээ. Үүнээс болж Оюутолгойгоос монголын ард түмэн ахиухан ашиг хүртэх асуудал хойшилсоор л  байгаа. Үүнийг засахын тулд Засгийн газар ажиллах ёстой. Учир дутагдалтай гэрээгээ засаж сайжруулах ёстой болохоос улс гэрээ түүнээс болоод нураачихаж болохгүй. 

Ч.Санжаадамба: Хуурамч хаяг нээж мөнгө гуйсан байна. Битгий өгөөрэй

Бусдын цахим хуудсыг ашиглаж, хуурамч хаяг нээж бусдаас мөнгө зээлэх залилангийн гэмт хэрэг ихэссэн талаар албаныхан удаа дарааллан мэдэгдэж анхааруулга, сэрэмжлүүлэг гаргаж байсан удаатай. 

Тэгвэл Ч.Санжаадамба  аваргын нэр дээр хуурамч хаяг нээж бусдаас их хэмжээний мөнгө гуйсан хэрэг гарсан байна. Энэ талаар аварга Ч.Санжаадамба  “Найзуудаа, ийм хуурамч хаяг миний нэрээр нээгдсэн байгаа тул та бүхэн энэ зургийн дарааллийн дагуу Rerort хийж өгнө үү. Бас мөнгө гуйсан байна шүү, битгий өгөөрөй” хэмээн анхааруулсан байна. 

Ахуйн газыг 21 насанд хүрээгүй иргэдэд худалдахгүй

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас хамтарч шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэрэглэгчдэд хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул, осол, эрсдлийг арилгах, бууруулах зорилгоор 220 граммаар савлагдсан буюу  ахуйн хэрэглээний жижиг газ, шингэрүүлсэн шатдаг хий худалдаалж буй аж ахуйy нэгж байгууллагуудад   сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр 220 граммын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах, ашиглахтай холбоотой аюулгүй ажиллагааны санамж, зөвлөгөө өгч мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд, Шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудаас авах, жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах төрөлжсөн тасаг, лангуу байрлуулах боломжтой зах худалдааны төвүүдээс  бусад хүнс барааны дэлгүүр, супермаркетаар 220 граммаар савлагдсан ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалахгүй байх, импортын болон бөөний худалдааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж  байгууллагын оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдаалах  ёстойг анхаарууллаа.

Түүнчлэн монгол хэлээр бичигдсэн санамж бүхий  хэлээр бичсэн  хэрэглэх заавар бүхий шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах, ашиглахыг зөвлөлөө. Учир нь  гадаад хэл дээр бичигдсэн заавар бүхий ахуйн жижиг газыг Монгол Улсын хилээр оруулж ирэхийг зөвшөөрдөггүй байна.   Мөн 21 нас хүрээгүй иргэдэд шингэрүүлсэн шатдаг хий худалдахгүй байх, хэрэглэгчдэд ахуйн хэрэглээний хийг аюулгүй зөв хэрэглээний зааврыг танилцуулан худалдаалах, аюулгүй ажиллагааны заавар хангасан зориулалтын дагуу тоноглогдсон ажлын байр, агуулахад санамжийн дагуу хадгалах  зэргийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  мэдээллээ.

Нэг айлын 5 хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр сүүлийн үед гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд жиил бүрийн  өдий буюу гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд хуурайшилт явагдаж, ой хээрийн болон объектын түймэр ихээр гардаг талаар албаныхан онцолсон юм. Мөн яхан Ховд аймагт нэг айлын 5 хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэргийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал Ховд аймагт гурван сартайгаас 9 настай нэг айлын таван хүүхэд гэртээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Мөн энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 50-56 насны дөрвөн иргэн объектын түймэрт өртжээ. Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж, болзошгүй түймрийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Монгол Улс багийн дүнгээр Ой тогтоолтын Дэлхийн Аварга болжээ

Монгол Улс багийн дүнгээр Ой тогтоолтын Дэлхийн Аварга болжээ. Тодруулбал, Индонези Улсын Жакарта хотноо Ой тогтоолтын ДАШТ болж өнгөрөв. Уг тэмцээнд Б.Янжаа тэргүүтэй Монголын баг 20 хүнтэй оролцон 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл хүртсэн байна. Ингээд нийт 90 медалийн 57-г хүртэн үнэмлэхүй ялалт байгуулсан байна. 

Орон сууцны ордер ашиглан залилангийн хэрэг үйлдэх нь олширчээ

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ буюу бидний нэрлэж заншсанаар орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг цөөн бус удаа гарчээ. Ийм төрлийн гэмт хэрэгт орон сууц худалдан авч буй иргэд, санхүүгийн байгууллагууд, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-д хохирогч болсон байна.

Орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан, мэхлэх гэмт хэргийн арга, үйлдэл улам нарийсаж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсныг Санхүүгийн зохицуулах хороо иргэд, санхүүгийн байгууллагуудад сэрэмжлүүлэв.

Гэмт этгээдүүд,

  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний үнэт цаасыг ашиглан эзэмшигчийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн хаяг байршил, гэрчилгээний Ү дугаар, улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдэг зэргийг өөрчлөн хуурамчаар бичих;
  • Цахим ТҮЦ машины үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг хуурамчаар үйлдэж ашиглах;
  • Хуурамчаар үйлдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, цахим ТҮЦ машины лавлагааг ашиглан арилжааны банк, ББСБ, ХЗХ-ноос үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан их хэмжээний зээл авах;
  • Арилжааны банк, ББСБ-ын зээлийн мэргэжилтэн судалгаа хийж барьцаанд тавьж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хаягаар очиж шалгах үед тухайн орон сууцыг урьдчилан түрээсэлж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр тохижуулан танилцуулах байдлаар зээлийн эдийн засагчийн итгэл үнэмшлийг олох;
  • Барьцаа, зээлийн гэрээнүүдийг байгуулсны дараа Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэж, материалыг зээлийн эдийн засагчид өгөх;
  • Арилжааны банк, ББСБ-аас зээл авах сонирхолтой иргэдэд хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, цахим ТҮЦ машины лавлагаа зэргийг өгөх, зээлийн гэрээ, барьцааны гэрээнд улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдгийг дуурайлган үйлдэх зэргээр гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдэж байна.

Иймд иргэд, олон нийт болон банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, барьцаалан зээл олгохдоо тухайн эд хөрөнгийн эзэмшигчийн мэдээллийг бүртгэлийн байгууллагаас авах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа дүүрэг, хорооноос шаардлагатай лавлагаа, мэдээллийг албан ёсоор гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нууцлалыг сайтар шалгах зэргээр гэмт хэрэг, луйвраас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ.

Автобусны хянагч нар шалгалт хийж эхэллээ

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлээс өчигдрөөс эхлэн хянагч шалгагч нарыг шалгалтанд гаргаж эхэлсэн байна. Тухайлбал,  автобусны зогсоол болгон дээр 3-4 хянагч үйлчлүүлэгчид хяналт хийж, шаардлага тавих юм байна. Шалгалч нар бэлэн мөнгөтэй иргэдийг автобус руу оруулахгүй байх, зартаа цэнэглэж, эсвэл цахим карт заавал авахуулж, үйлчлүүлэх  зэрэгт хяналт шаардлага тавьж ажиллах юм байна.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийг шинээр томилогдсон шүүгч шүүнэ

Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан хоригдож байгаа Ерөнхий сайд асан Ё.Баяр, Ч. Сайханбилэг нарыг батлан даалтанд гаргах шийдвэр гаргасан шүүгч солигджээ. Тодруулбал, прокурор нь С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан шүүгч н.Батжаргалаас татгалзсан байна. Улмаар С.Баяр, Ч.Сайханбилэг нарын шалгагдаж буй хэрэгт өөр шүүгч томилогдсон гэнэ.

Ингэснээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарын асуудлыг хэлэлцэх дараагийн шүүх хурлыг шинэ шүүгч шүүх юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр одоогоор хэргийн шүүх хурлын тов гаргаагүй байгаа аж.

Прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргажээ

 С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргажээ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад ТЕГ-ын дарга Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хорих тавьсан. Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болсон. Хоригдох хугацаа дуусч байгаа тул прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. 

ГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж шалгаж байгаа билээ.

Г.Даваа: 2030 он гэхэд Нийслэл рүү чиглэсэн нүүдэл хөдөлгөөн ихэсвэл усны асуудал хүндрэнэ

Монгол орны усны нөөцийн талаар Ус цаг уур орны шинжилгээний хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч, доктор Г.Даваатай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд усны нөөц багассан, усны хомстолд орно гэсэн мэдээлэл их гарах болсон. Тэгвэл манай улсын хувьд цэвэр усны нөөц хэр байна вэ?

-Манай улс  бол усны бага нөөцтэй орон. 1996 оноос хойш харьцангуй бага татруу устай үе үргэлжилж байна. Гэхдээ Монгол улсын гол мөрний усны нөөц 18-34 км куб ус жилдээ бүрэлдэж байна. Энийг ус ашиглалт хэрэглээтэй харьцуулахад харьцангуй их ус. Усны горим нөөцийг хамгаалахын тулд экосистем гол мөрний тэтгэх, урсацыг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. 34,6 км куб усны 10 хүрэхгүй хувийг буюу 3,4 км куб усыг жилдээ ашиглах боломжтой. Тэгэхээр үүнээс долоо дахь усны нөөц байна гэсэн үг. Хэрвээ бид дэд бүтцээ зөв ашиглах юм бол усны нөөц хангалттай байна. Энэ усны нөөц дээр 19,4 км куб мөсөн голын нөөц, 500 км куб нуурын усны нөөц байна.

"2050 ОНД ХАРХИРАА ГОЛЫН САВ ГАЗРЫН МӨСӨН ГОЛЫН ХЭМЖЭЭ 3-5 ДАХИН БАГАСНА ГЭСЭН ТООЦОО ГАРСАН"

-Сэлэнгэ мөрөн бохирдож, усны урсац багассан гэсэн мэдээлэл гарч байгаа. Сэлэнгэ мөрний усны нөөц хэр байна вэ?

-Сэлэнгэ мөрний усны нөөцийн 10 хувийг ашиглахад 90% нь экосистемийг тэтгэх урсац болж урсана л даа. 10% нь хэд юм бэ гээд тооцоод үзэхээр 30 орчим метр сек усыг ашиглах боломжтой гэсэн үг. Энэ бол асар их нөөц.  Тийм учраас томоохон голуудын сав газар, усны нөөцийн хуримтлал бий болгох, усан цахилгаан станцуудыг байгуулах, цөөрөм байгуулах зэрэг ус  хуримтлал бий болгох хэрэгтэй. Мөн сүүлийн үед өндөр уулын бүсэд  мөнх цас мөс хайлаад байгаа учраас 19,4 км куб усыг хуримтлуулан авах шаардлагатай. Бид нарын тооцоогоор уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2050 онд Хархираа голын сав газрын мөсөн голын хэмжээ 3-5 дахин багасна гэсэн тооцоо гарсан. Тийм учраас эртнээс  усны нөөц бий болгох хэрэгтэй.

-Голын урсацад тохируулга хийж говийн бүсийг усаар хангах боломжтой юу?

-Боломжтой. Гагцхүү говь руу ус хүргэхдээ экосистемийг нь тэтгэхүйц урсацыг нь үлдээх хэрэгтэй. Ингэж ашиглавал болохгүй зүйлгүй. Урсацын тохируулга хийхээр олон усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн. Ялангуяа, Сэлэнгэ мөрний сав газарт барина. Гэхдээ шууд барчихгүй нь ойлгомжтой. Нарийвчилсан судалгаа хийж, яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй байна. 

-Улаанбаатар хотын хэмжээд цэвэр усны нөөц хэр байна. Мөн үүнээс гадна бидний хэрэглэж байгаа ус цэвэр аюулгүй байж чадах уу?

-Нийслэлийн хүн ам Туул голын хөрсний усыг доороос нь соруулж хэрэглэж байна. Аюулгүй байдлаа хангах юм бол хамгийн цэвэр ус нь Туул голын ус. Туул голын усыг иргэд бид өөрсдөө бохирдуулахгүй бол бурхнаас заяасан хамгийн сайхан чанартай ус гэж хэлж болно. Усыг ашиглахдаа сүлжээгээр хүргэх явцдаа сүлжээний хуучирсан, зэвэрсэн байдлаас болж зэврэлт үүсэж усны чанар бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай.  Туул голын усны нөөц өнөөгийн байдлаар хаврын улиралд усны нөөц багасаж байгаа боловч усан хангамжийг хүндрүүлэх, хүндрэлтэй байдалд хүрсэн ийм тохиолдол байхгүй байна. 2030-аад онд усны нөөцийг нэмэгдүүлэх, унды эх үүсвэрийг бий болгох шаардлагатай.

Хэдэн он хүртэл цэвэр усны нөөц хангалттай байна гэж үзэж байгаа вэ. Энэ талаар судалгаа хийсэн үү?

-Одоогийн байдлаар хэрэгцээгээ хангаж байна. 2030 он гэхэд нийслэл рүү чиглэсэн нүүдэл хөдөлгөөн ихсээд ирвэл усны асуудал хүндрэх төлөвтэй байна. Үүнтэй уялуудан судалгаагаа өнөө маргаашгүй эхлээд энэ хүндрэлтэй байдлаас гарах нөөцөө бүрдүүлээд явах ажил үргэлжлээд явж байна. Тийм учраас хэдэн он гэхэд  усны нөөц бүрэн дуусна гэж хэлэх бололцоогүй.

-Хүний буруутай үйл ажиллагаанаас гадна уул уурхайн ашиглалтаас болж гол мөрөн их ширгэж байна. Үүнд судалгаа хийгээд яг уул уурхайгаас болоод ширгэсэн гэсэн дүгнэлт гарсан гол мөрөн байдаг уу?

-1996 оноос хойш 23 дахь жил бага устай үе үргэлжилж байна. Энэ үед нь зарим хариуцлагагүй уул уурхайгаас болж гол мөрний эхийг бохирдуулах тохиолдол гарч л байх шиг байна. Ийм бага устай үед хамгийн зөв ашиглалтыг явуулахгүй бол хамгаалж авч үлдэх хүнд байна. Ус бүрдэх эхийг улсын тусгай хамгаалалтад байлгах яамны бодлого явж байна. Энгийн хамгаалалтын бүс, онцгой хамгаалалтын бүсэд бол бохирдол, хомстуулах үйл ажиллагаа явуулахгүй байх хэрэгтэй.

Яармагийн гүүр хүртэлх замын нэг урсгалыг 2 сарын хугацаатайгаар хаана

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд 2018 оны 05 сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 сарын 15-ны хооронд хийгдэх юм байна. Уг ажлын хүрээд Чингисийн өргөн чөлөөнөөс Яармагийн гүүр хүртэлх замын хойд урсгалын 570 метр газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах аж.  Тиймээс жолооч нар тус зорчих хэсгээр замын хөдөлгөөнд оролцохдоо урд урсгалаар сөрөг хөдөлгөөнд оролцохыг анхаарна уу. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл